Баасан гариг буюу Улаанбаатарын шөнө

2010/02/01
Share |
Хүмүүс:
Баасан гариг буюу Улаанбаатарын шөнө

Нийслэлийн шөнийн амьдрал эхэлж буй бололтой. Хэдий цаг орой болсон ч хөл хөдөлгөөн татрах шинжгүй. Учир нь өнөөдөр баасан гариг.

Бусад өдрүүдийг бодвол энэ өдөр Улаанбаатарын гудамжинд хөл хөдөлгөөн харьцангуй ихэсдэг. Хэсэг хэсгээрээ баар цэнгээний газрын үүдэнд бөөгнөрч хэрхэн зугаацахаа шийдэж ядах мэт хошуурцгаах аж.

Манай сурвалжлах хэсэг Дэнжийн мянгын гэр хороолол дундуур явлаа. Энд өөр нэгэн амьдрал буцалж байв. Нүд ам хамар хорсгосон утаан дунд хүмүүс амьдралаа залгуулах гэж жижиглэнгээр мод, нүүрс, тамхи, чихэр, бохь зарж сууна. Ийм орой хүн юм авдаг юм болов уу гэсэн бодол удсангүй замхрав. Учир нь усны тэрэг түрсэн жаал нүүрс, мод аваад эргэлээ. Гэрэлтүүлэг байхгүй харанхуй гудамжаар явна гэдэг амаргүй даваа. Гэтэл зарим нь харанхуйг далимдуулан бусдын хашааны буланд бие засч байх юм. Энэ нь Улаанбаатарчуудын амьдралын нэгээхэн хэсэг.

Цагдаагийн биед халдав

Бид иргэдийн гомдол дуудлага тасардаггүй хамгийн ачаалалтай ажилладаг Сонгинохайрхан дүүргийн Их наран дахь хөдөлгөөнт эргүүлийн 445 дугаар чиглэлийн эргүүлийнхнийг дагав. Мэдээлэл шуурхай удирлагын төвөөс Баганарангийн … тоотод гэртээ агсам тавиад байна гэсэн анхны дуудлага 21 цаг 15 минутад ирэв. Эргүүлийнхэн дуудлага ирсэн даруйд хүлээн авснаа мэдэгдэж уг айл руу яаравчлав. Энэ айлын гэрийн эзэн болох 40 гаран насны нэгэн эр эхнэр хүүхдээ бүлтэлзүүлэн агсамнаж байв. Өнөөх гэрийн эзэн ухаан санаагаа самууртал тийм их хэмжээний согтолттой гэвэл үгүй бололтой. Тэгсэн атал ажил үүргийн дагуу шаардлага тавьсан цагдаа нарыг хэл амаар баахан доромжилж дөвчигнөв. Ийш тийшээ цамнаж тайван байлгах шинж алга. Гэрийнхэн нь түүнийг эрүүлжүүлсэн нь дээр гэж үзэв. Ингээд эрүүлжүүлэх байр руу авч явах гэтэл цагдаагийн ажилтны нүүрэн тус газар нь цохичихоод зугтав. Ингээд хэрэг дууссангүй машин дотор орж ирмэгцээ нөгөө согтуу хараал урсгаж, хэл амаар дайрсаар эрүүлжүүлэх байранд хүргэгдлээ. Сонгинохайрхан дүүргийн Эрүүлжүүлэх байр 26 хүнтэй байлаа. Биднийг тэнд байх хугацаанд хөдөлгөөнт эргүүлийн хэд хэдэн машин зэрэг шахам ирж, согтуу хүмүүс нэмэгдсээр байв. Тус эрүүлжүүлэх байрны цагдаа нар “Одоо жаахан завсарлага аваач ээ. Нэг ч минут амраахгүй юм аа” хэмээн хошигнож байсан юм. Нөгөө талд согтуучууд “Би эхнэртэй, чи эхнэргүй” гэгчлэн хоорондоо маргалдах аж.

Хамгийн эмгэнэлтэй нь тэнд арван хэдхэн настай болов уу гэмээр хүүхдүүд эрүүлжүүлэгдэж байв.
Хоёр дахь дуудлага мөн л гэр бүлдээ агсам тавьжээ. Өмнөх айлаас ялгаатай нь уг айлынхан согтуу хүнээ эрүүлжүүлэх байр руу явуулахаас татгалзав. Бараг л цагдаагаар айлгасан ухааны юм ярьж суух нь тэр.

Согтуугаар амиа хорлоно хэмээн хутга бариад гарсан, 60 настай эмэгтэй цонх хагалаад гараа гэмтээсэн, хөлөндөө хутгалуулсан хүн ухаангүй байна зэрэг дуудлага хөвөрсөөр нэг мэдэхэд 01 цаг болж байв. Бид Эргүүл хамгаалалтын газрынхан дээрмийн хэрэг илрүүлсэнтэй таарав. Хэргийн газар очиход толгой нь хагарч, цус гоожуулсан халамцуу хохирогч хэрэг үйлдсэн этгээдүүд болох гурван хүнтэй хамт байв. Хохирогч 120 мянган төгрөг, гар утсаа дээрэмдүүлж, 5-6 хүнд зодуулсан хэмээн мэдүүлж байв. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст уг хэрэгт сэжиглэгдэж буй гурван хүнийг саатуулав. Цагдаа нар хэрэгт холбогдогчдын биеийг нэгжиж, үзлэгийн бүртгэл хийв. Гэтэл дээрэмдүүлсэн гэх утас саатуулагдсан гурвын нэгээс гарч ирэв. Харин запас зай нь өөр нэгээс нь олдов. Гэсэн ч тэд хэргээ хүлээлгүй хохирогч “Бид нар танилууд цуг архи уух гэж байсан юм. Бид нараас салж яваад өөр хүмүүст зодуулчихаад гүтгэж байна” хэмээн гүрийсээр байв. Харин хохирогч би тэдний нэгийг зүс танихаас өөрөөр ямар ч холбоогүй гэсээр байсан юм. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс ямар нэгэн гэмт хэргийн хань хамсаатан, гэрч, хохирогч гээд яг л өдөр мэт хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Сархад савнаасаа бусдыг дийлдэг

Мэдээлэл шуурхай удирдлагын төвд тасралтгүй ирэх дуудлагууд дандаа архидан согтуурахтай холбоотой байв. Гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулаад зогсохгүй. Хүний амь нас хохирох хүртэл хэргүүд савнаасаа бусдыг дийлдэг сархадыг хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэлтэй нь эмгэнэлтэй. Архийг огт хэрэглэх хэрэггүй хэмээн шаардах нь өрөөсгөл. Харин тохируулж хэрэглэх соёл бараг л алга. Хэрэв энэ шөнө архи уусан нь тохируулан соёлтой хэрэглэсэн бол арай цөөн дуудлага ирэх байсан биз.

Т.Сэлэнгэ, Ж.Тагтаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.