Ц.Элбэгдорж ерөнхийлөгч 6 сарын хугацаанд юу амжуулсан бэ?

2010/02/02
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ц.Элбэгдорж ерөнхийлөгч 6 сарын хугацаанд юу амжуулсан бэ?

Авилгатай тууштай тэмцэж, шүүх хуулийн тогтолцоог шинэчилнэ гэдгээ амалсан ерөнхийлөгч Элбэгдорж өнгөрсөн хагас жилийн хугацаанд ачаалал ихтэй ажилласан гэсэн үгийг Тамгын газрын дарга нь хэлж байна. Ерөнхийлөгч ажлаа авснаас хойш анхаарал татсан зарим асуудлуудад тайлбар өгөхөөс хэтрээгүй. Хэвлэл мэдээллийнхэнд зориулж цаг зав гарган, нээлттэй, илэн далангүй ярилцаагүй байна. Тиймээс ЕТГ-ынхан төрийн тэргүүний хагас жилийн ажлын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд нээлттэй хариулахаар өнөөдрийн уулзалтыг зохион байгуулжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн гол амлалтуудын нэг болсон шүүх, хуулийн байгууллагын шинэчлэлийг гэхэд ямар хүрээнд, яаж эхлүүлэх, юу хийхээ төлөвлөсөн.

Өөрөөр хэлбэл хийх ажлаа тодорхой болгож, газрын зургаа гаргасан гэж Дорлигжав дарга баталж байна. Гэхдээ энэ ажил дардан замаар явж чадахгүй бололтой. Улс төр, эдийн засаг бизнесийнхэн гээд олон хүний ашиг сонирхлыг хөндөж байгаа болохоор саад болох зүйл их байна гэж тэрээр хэллээ. Тиймээс хуулийн байгууллагуудын шинэчлэлийн асуудлыг эхлээд ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-өөр хэлэлцүүлж, зөвлөмж гаргуулах бодолтой байна. Авилгатай тэмцэхээр амлалт өгсөн ерөнхийлөгч Элбэгдорж болон түүний багийнхныг АТГ-ын даргатай тэмцээд байгаа юм биш биз гэсэн үгийг олон хүн хэлж шүүмжилдэг. Ерөнхийлөгчийг АТГ-аар очсонгүй хэмээн үг чулуудаж, тамгын газрын даргад нь ажлаа тайлагнах ёсгүй хэмээн томорсон Сангарагчаа дарга, түүний тэргүүлдэг байгууллагынн тухайд Дорлигжав дарга ийм байр суурьтай байна.

Ерөнхийлөгч Элбэгдоржийн хамгийн эхний санаачилсан хууль нь өршөөл үзүүлэх тухай байсан. Ерөнхийлөгчийн анхны хуулийн төслийг УИХ дэмжиж баталснаар хэдэн зуун хоригдол нарсны амьдралаа нарныхаар сольж, зарим нэгийх нь ял багассан. Мөрдөгдөж шалгагдаж байсан хүмүүс ч өршөөлд хамрагдан гэм зэмгүй үлдсэн юм. Гэхдээ өршөөлийн хуулиар суллагдсан зарим хүн дахин хэрэг үйлдсэн. Бүр олныг цочроосон хэрэг үйлдсэн нь ч бий. Тэр бүхний бурууг өршөөлийн хуулийн төслийг санаачилсан ерөнхийлөгчид тохож, шүүмжлэх хандлага нийгэмд цухалздаг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн дахин хэрэг үйлдсэн ганц нэг хүнээс болж өршөөлийн хуулийн үр дүн, утга агуулгыг сөргөөр ойлгож болохгүй. Өмнөх өршөөл үзүүлсэн тохиолдлуудтай харьцуулбал энэ удаагийн өршөөлөөр суллагдсан хүмүүс дахин хэрэг хийсэн тохиолдол тун бага байгаа юм байна.

Өршөөлийн хуулиас гадна цаазаар авах ялаас татгалзах санаачилгыг ерөнхийлөгч гаргасан. Гэхдээ цаазаар авах ялыг өөрчиллөө гэхэд бүгдийг нь хавтгайруулаад гучин жил гянданд хорих ялаар солиод байх уу, эсвэл хийсэн хэргээс нь хамаарч өөр өөр байх уу гэсэн асуудлыг судалж байгаа юм байна. Хууль шүүхийн байгууллагад зайлшгүй шинэчлэл хийх ёстой гэж үздэгийнхээ адил 7-р сарын нэгний үймээнээр 5 иргэн амь насаа алдсан хэрэг явдлын талаар ерөнхийлөгч Элбэгдорж хатуу байр суурь баримталж байгааг тамгын газрын дарга нь хэллээ. Сүүлийн үед прокурорын байгууллага, цагдөагийн дарга нарт албан тушаалдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэж, энэ зүйл анги нь өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болж байгаа.

Дарга нарынхаа зөвшөөрөлгүйгээр хүн буудсан цагдаа нар нь ч бас гэм зэмгүй хоцрох хуулийн боломж бий. Тавын таван хүний амь нас хохирсон энэ хэргийг албан тушаалын гэсэн зүйл ангид хамруулах ёсгүй. Хүн амины хэрэг гэдгээр шалгах ёстой гэж ерөнхийлөгч үзэж байгааг Дорлигжав дарга хэллээ. Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн явц ямар шатанд байгаа, ерөнхийлөгч энэ асуудалд хэрхэн анхаарч байгаа, төрд хавтгайрсан авилгалыг яаж цэгцлэх вэ гээд олон асуултанд ЕТГ-ын дарга төрийн тэргүүнийг төлөөлж байр сууриа илэрхийллээ.

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.