"ХААН" банк малаа ав

2010/02/04
Share |
Хүмүүс:

Зуд турханд малчид маань нэрвэгдэж хэцүүдлээ гэнэ. Үнэн чанартаа малчид биш хөөрхий ХААН банк цаана чинь хэцүүдэж байна. Хаа сайгүй “ХААН” банкны “ялтай” мал үхэж үрэгдээд, банкны малчид үгээ хэлж байгаа дуулдана.

Малчиддаа туслах аян өрнөж Засгийн газар 3.7 тэрбум төгрөг гаргахаар шийджээ. Хойд, урд хөрш орнуудаас малчдын малыг аврах тусламжийн бараа хүртэл цувж байна. За тэгээд хувийн болоод төрийн байгууллагын хамт олон нэг өдрийн цалингаа малчиддаа хандивлах болов. Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам гээд төсөв бүрдүүлэгч томоохон саалийн үнэнүүд ч сая саяар нь хандивын мөнгө цуглуулсан дуулдана. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалнаас тэвдэж явахад тэмээгээр тусла гэгч тэр дээ.

Харин хамгийн олон салбартай “ХААН” банк байдаггүй ээ, таг чиг. Хэдэн муу малыг минь онд оруулах гээд халуунд халж хүйтэнд хөрч яваа хэдэн малчид маань цас шуурганд нэрвэгдээд ядаж явна гээд сэтэрхий тэвнэ сэмэрхий самбай сарвайж чаддаггүй хуншгүй банк гэдгээ тэд харуулав. Гэтэл “Худалдаа хөгжил” хэмээн өрсөлдөгч банк нь 50 сая төгрөг бариад гүйж явна. Бодоод байсан чинь ХААН банк аргагүй юм. Энэ банкны малчид малынх нь тоо, толгойг өдөр өдрөөр цөөлж байхад алдагдал дээрээ хандив гэж зарлага гаргах санхүүгийн байгууллага гэж хаана байх билээ.

Ер нь бид чинь малчиддаа туслаад байгаа гэсэн чинь “ХААН” банкинд хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна шүү дээ. Бодоод байх нь ээ, тэр их мөнгө, хандив, тусламж “ХААН” банкны малыг онд мэнд оруулахын тулд цуглаж байгаа юм байна гэдгийг сая л ойлголоо.

Малчид нь малаа алдаад дуусчихвал “ХААН” банкны үйл ажиллагаа доголдож мэднэ. Тиймээс “ХААН” банк амьжиргааны хэдэн малтайгаа үлдчихээсэй гэсэндээ төр засгаас эхлээд түмэн олон тав, арван цаасаа илүүчилж суугаа нь тэр. Малаа алдаад хэцүүхэн байгаа “”ХААН” банк “Танд ойрхон түмэнд итгэлтэй” гэгддэг лоозонгоо ч өөрчлөх хэрэгтэй болж байна шүү.

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж сайхан үг бий. Байгалийн гамшиг нүүрлэсэн энэ мөчид малчид хамгийн түрүүнд “ХААН” банкнаас тус, дэм горьдож суулаа. Зээлийн хүүгээ бууруулах болов уу, мал нь маниас шалтгаалахгүйгээр үхээд байгаа юм хойно харж үзэх байгаа даа гэсэн найдлага хэн хүнгүй төрж байгаа байх. “Надаас хол, түмнээс зайдуу” болж байгаа энэ банкинд 60 мянга гаруй малчны мал барьцаалагдсан юм гэнэ лээ. Гэтэл банкныхан зудтай энэ үед “өрөө төл” гэж шахахаа түр азная, зуд дуусахаар мөнгө, зээлийн хүүгээ боддогоороо бодож авна шүү гэсэн шигээ сууна. Том банк гэсэндээ том харж үзэж байгаа нь энэ.

Өрөндөө дарагдсан малчид хандив ирэхээр өвсөө авах уу, өрнөөсөө хугаслах уу хэмээн толгой гашилгаж байна гэсэн. Үнэндээ малчдын нэр дээр очсон хандив, мөнгө банкинд өгсөн өгөөгүй банкных. Таны мал барьцаалагдсан л бол чухамдаа банкны малаа онд оруулах гэж тэгтлээ зүдрэх хэрэг байна уу. Малчид минь малаа нүд анихаас нь өмнө “ХААН” банкинд нь тушааж өрнөөсөө салвал яасан юм бэ. Алийн болгон төр засгаа мөлжих вэ. Банкны малыг банкинд нь өгүүлчихээд төр засаг малчидаа дааж авбал ямар вэ. Эзэн нь хөрөнгөндөө санаа тавихгүй байхад бид сэтгэл чилээж юу хийхэв. Хандиваар цугласан хүнс, барааг нь “Цагаан сараа сайхан угтаарай” гэж тарааж өгчихөөд мөнгөн тусламжаар нь нь зуд өнгөрч, цаг наашилсан хойно малжуулах төсөл хэрэгжүүлбэл малчдад жинхэнэ бодит тусламж болж мэднэ.

Б.Алтантуул /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.