Ерөнхийлөгч "Шударга байя" гэсэн биз дээ

2010/02/06
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ерөнхийлөгч

ММСУХ энэ жилийнхээ шилдэг уяачдад цол олгох ээлжит “Ажиллагаа”-гаа маш шударга хийж байгаа гэсэн тайлбар өгч байна. Гэтэл “Арвагар хээр” холбооноос санаачлан “Хурдан морьдоо хайрлан хамгаалья” сэдэвт уралдаанд “МОНЦАМЭ мэдээ” сонины сурвалжлагч, сэтгүүлч Ж.Батсайханы дэвшүүлэн тавьсан морь уяачдад буруу замаар цол олгож, жинхэнэ хөлс хүчээ дайчилсан энгийн уяач хохирдог дутагдлыг бас л хуучнаараа давтаж байгаа нь илт.

Өнөөх л өөрсдөд талтай, хуулийн шинэчилсэн заалтыг гуйвуулан боссууд цол авдаг, мөнгөтэйд нь үйлчилдэг хэвээр, булхайтай тодорхойлолтоо Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариад байна.

Шинэ цол шагнахаар тодорхойлсон  хүмүүст хуулийнхаа заалтыг биелүүлээгүй нэг бус нөхөр байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан болон шагнал хариуцсан нөхөд анхаарна биз ээ. Монголчууд мэдээллийг цаг алдалгүй авдаг болсны ачаар наадмаар болон бүсийн уралдаануудад хэний ямар морь нь хаана яаж уралдсаныг бараг цээжээрээ мэдэж байна. Тэгсээр байтал  энэ жилийн уяачдын цол олголт мөн л маапаантай болох нь байна.

Тод манлай уяачаар тодорсон Л. Цандэлэг, Алдарт уяачаар тодорсон Л.Батмөнх, Хишиг жаргал, Б. Энхболд нарын гаргасан амжилт бол хуулийн болзлыг биелүүлсэн тул маргах юмгүй.

Харин “Тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр Ухны Эрдэнэбилэг гэдэг уяачид алдарт цол олгохоор шийдвэрлэсэн нь нэг л оносонгүй.

Улсын баяр наадмын 100 жилийн цуваа болон сүүлийн мэдээллүүдээс харъя.

Ухна гуай 2003 онд Манлай уяач цол авсан. Түүнээс хойш аав,хүү, ах дүү гурвын амжилтыг тооцьё.

2003 онд Хэнтий аймгийн 80 жилд Гансүхийн нэр дээр Хязаалан, шүдлэн хоёр түрүүлсэн. Эрдэнэбилэгийн нэр дээр азарга айргийн тавд хурдалсан.
2003 онд Боржигон бүсийн уралдаанд соёолон нь Ухна гуайн нар дээр түрүүлсэн
2003 онд Данзанравжаагийн 200 жилд Ухна гуайн нэр дээр хязаалан, шүдлэн хоёр түрүүлсэн.
2004 онд Алтан овоонд Ухна гуайн нэр дээр даага нь аман хүзүүнд хурдалсан
2009 онд Гансүхийн нэр дээр зээрд азарга нь айргийн гуравт хурдалсан.
Шүдлэн нь Эрдэнэбилэгийн нэр дээр айрагдсан амжилтууд харагдаж байна.

Үүнийг харахад Эрдэнэбилэгийн нэр дээр нөгөөх хуульд заасан  найман айраг нь алга. За яахав, айраг түрүү авсныг нь нийлүүллээ чиг амжилтын тоо нь дээд насны 50 хувьд арай чүү хүрч байна. Хуульд бол нийцэхгүй байна.

Бас нэг жишээ.  Манлай уяач цолд  нэр дэвшигч Д. Жаргалын төрсөн дүү нь Монгол Улсын Манлай уяач Д. Чулуунбат. Тэгэхдээ тэрбээр 2003 оноос хойш морио ах  Жаргалаар уяулж,  2006 онд уг цолыг авсан.

2006 онд Очирвааний хурд бүсэд зээрд хязаалан түрүү, Буган хүрэн азарга айргийн дөрөвт, бүгд Чулуунбатын нэр дээр давхисан ба Жаргалын нэр дээр 2009 онд Очирвааний хурд бүсэд бор хязаалан аман хүзүүнд орсон баримт байна. Гэтэл 2007 онд урьд нь Чулуунбатын нэр дээр тооцогдсон амжилтаар алдарт уяач цол өгсөн бол энэ жил бүр Манлай уяач болгохоор оруулж иржээ. Нөгөөх 12 айраг болон өөрийн нэр дээр байх хуулийн заалтууд хаачив аа?.  Ах дүү хүмүүст “Найраа” байж болдог гэсэн хуучин арга уу, энэ чинь.

Ийм л жишигтэй юм бол Манлай уяач Г. Батхүүд энэ жил хоёр дүүгийнх нь амжилтыг тооцоод Тод манлай, эсвэл хоёр дүүгийнх нь амжилтыг хооронд нь хольж бантагнуулаад аль нэгэнд нь Алдарт уяач цол өгчих л дөө. /Эдгээр баримтыг Баярмагнайгийн гаргасан “Зуун жилийн цуваа” ном, сэтгүүлээс авсан болно/

Дээрх  хүмүүсинй мууг үзэх гэсэн юм биш шүү, хууль завхруулж хуйвалддагаа болиоч гэснийх.  Зөвөөр ойлгоорой. Монгол Улсын хурдан морины хөгжил хаашаа яваад байгааг ойлгохгүй байна. Уяачдын цолыг эхлээд  хэн дуртайд нь өгдөг байсан, дараа нь хуультай болсон ч мөнгөтэй уяачид хуулиа өөрчлөөд зөвхөн морины эздэд олгодог зарчимд шилжсэн.  Тэгээд тогтох нь уу гэтэл хуулиа зөрчдөгөөрөө зөрчөөд булхайдаа  Ерөнхийлөгчийг  татан оруулах гээд байна шүү дээ.

Уяачдын холбооныхон тэр тэр уяач ийм амжилт гаргасан тул бид тийм  цол өгөхөөр нэр дэвшүүлж байна гээд л ил тод мэдээлэл өгчихөөч. Юундаа ичээд байдаг юм. Хурдан мориныхоо хөгжлийг зөв авч явцгаая гэвэл цолоо шударга олгодог болцгооё. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та “Шударга байцгаая” гэж уриалдаг. Уяачдад цол олгох зарлиг дээр гарын үсгээ зурахдаа хууль зөрчсөн хуйвалдааны эздэд бүү завшуулаарай

МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.