Цагдаагийн дарга нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2010/02/08
Share |
Хүмүүс:
Цагдаагийн дарга нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр албан тушаалаа урвуулан ашиглаж, энгийн иргэд рүү галт зэвсэг чиглүүлэх үүрэг даалгавар өгсөн гэх хэргээр шалгагдаж байсан цагдаагийн дарга нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Одоогоор ямар шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлэл алга байна. Холбогдох газруудаас тодруулсан боловч энэ талаар албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн юм. Ямар ч байсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга асан, дэд хурандаа Г.Ганбаатар, Нийслэлийн Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 263.2, 272.2 дугаарт заасан үндэслэлээр хэрэг үүсгээд байсан билээ. Түүнчлэн Эргүүл, хамгаалалтын газрын долоон албан хаагч энэ хэрэгт гэрчээр татагдаж, байцаалт өгч байсан. Тус бүр 250 хуудастай 30 хавтаст багтсан энэ хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн жилийн найман сард дууссан ч хохирогч нар тэдний хавтаст хэрэгтэй танилцаж, оны өмнө Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжээд байсан.

Уг нь тэдний зүйл ангид Эрүүгийн хуулийн 263.2-т “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан, энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Харин 272.2 дугаарт “Албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүрээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Ямар шалтгаанаар хэрэг нь цагаадсан талаар бид бүхэн дараагийн дугаартаа мэдээлэх болно.

Э.Баатар /Нийгмйн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.