Малчдад даахгүй ачаа үүрүүлчихээд зүгээр хараад сууж болохгүй

2010/02/10
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
Малчдад даахгүй ачаа үүрүүлчихээд зүгээр хараад сууж болохгүй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн Н.Энхбаяр Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгийг зорьж, өвөлжилтийн байдалтай танилцсан юм. Малчдын тухай байр, суурийг сонирхлоо.

-Өвөлжилт хүндэрч, зарим аймагт гамшгийн байдалд хүрлээ. Төрийн бодлогыг зангидаж явсан, одоо “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байгаа хүний хувьд зудад сөхөрсөн малчдын амьдралтай биечлэн танилцаж,  ямар дүгнэлтэд хүрэв? 
-Монгол даяар, ихэнх нутгаар цасан бүрхүүл үүсч, олон аймаг, сумын нутгаар зудтай, зарим нь гамшгийн байдалтай байна. Энэ үед малчдад туслахаар “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ байгуулсан юм. Байгууллагынхаа шугамаар малчдын ахуй амьдралтай танилцаж,  тулгамдсан асуудлыг нь шийдэх талаар төр, засагт хүргэх үгийг нь дамжуулж, бага ч гэсэн тусламжийн бараа хүргэхийг зорилоо. Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн нутгаар явж  малчидтай уулзлаа.  Зарим суманд байдал маш хүнд байна. Зуданд малаа алдаж, сэтгэл санааны хямралд орсон малчин олон таарсан. Зарим газраар цаг агаар тогтвортой, сайхан өвөл болж байна. Гэхдээ л одоогийн байдлаар  хорогдсон малын тоо Өвөрхангай аймагт 400 мянга, Архангайд 230-240 мянга, Хөвсгөлд  85 орчим мянгад хүрч, нийт сая орчим толгой малын хохирол үзчихээд  байгаа юм байна. Энэ бол малчин хүнд том цохилт.

Банкнаас авсан зээлээ хавар яаж төлөх вэ, дарамтаас яаж гарах вэ, төр засгаас хөнгөлж өгөх болов уу гэсэн бодолтой байгаа юм  шиг байна. Төр, засаг  малчдын авсан зээлийг судалж хөнгөлж өгөх талаас, санхүүгийн тодорхой дэмжлэг, туслалцаа үзүүлэх ёстой болов уу. Нөгөө  талаар малчид оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадах болов уу, үгүй болов уу гэсэн эргэлзээтэй байна. Төрөөс ирэх намар  малчдын хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөд дэмжлэг үзүүлэх ёстой болов уу. Малаа алдаж үхүүлж байгаа нь үнэхээр хүнд байна. Гэтэл  цаг болоогүй, малчдын хэлж байгаагаар дахиад 90 хоног. Энэ хугацаанд яажшуу малаа үхүүлчихгүй байх вэ. Сэтгэл зүйн болон ахуй амьдралын талаас  нь малчдаа хэрхэн дэмжих вэ гэдгийг төр засаг бодох хэрэгтэй. Энэ бүхнийг очоод албан захидал болон, бусад аргаар төр засгийн сонорт хүргүүлнэ. Ард түмэндээ хандаж, малчдад тусалж, дэмжихийг уриална. Мал зөвхөн малчдын хөрөнгө биш, Монголын ард түмний баялаг хорогдож, багасч байхад зүгээр сууж болохгүй.

-Зудын хажуугаар өвчин эмгэг их байна. Энэ үед мал эмнэлэгийнхэн туслах байтал хувьчлагдсан нэрээр үйлчилгээ үзүүлэхгүй байгааг малчид хэллээ. Мал эмнэлгийг малчдад ойртуулахын тулд  бодлогын ямар арга хэмжээ авах ёстой бол?
-1997-1998 онд  мал эмнэлгийг хувьчилсан нь маш том алдаа байсан. Мал эмнэлгийг хувьчилснаас хойш малын чанар, чансаа эрс  муудсан. Үүнээс үүдэн зарим үед  мал даагаад гарч болох хүйтэнд  амархан сөхөрч байна гэж хашир туршлагатай малчид ярьж байна. Тэгэхээр мал эмнэлгийг төрөөс шинээр байгуулах нь зүйтэй болов уу. Тэгж байж Үндсэн хууль дахь мал төрийн хамгаалалтад байна гэсэн заалт жинхэнэ ёсоор хэрэгжинэ. Мал хувьд байж болох ч малын удмын санг сайжруулах, чанаржуулах, эрүүлжүүлэх, үржүүлэх талаар төр туслалцаа, дэмжлэг үзүүлэх учиртай.

-Боловсролын асуудал, оюутны сургалтын  төлбөрийн асуудлаар  нэг бус удаа ярьж байсан. Малчдын хүүхдийн боловсролын  тухайд ямар байр, суурьтай байна?
-Нийт малчдын авч байгаа зээлийн 60 хувь нь оюутны сургалтын төлбөр байдаг. Зуун төгрөг зээллээ гэхэд 60 нь оюутны сургалтын төлбөрт, үлдсэн нь бусад зүйлд зарцуулагддаг. Сургалтын төлбөр малчин хүний нуруун дээрх хамгийн том ачаа болж байна. Ялангуяа 2-3  хүүхдээ их, дээд сургуульд зэрэг сургаж байгаа малчин хүн асар их ачаалалтай байгаа юм. Тиймээс сургалтын төлбөрийг хөнгөлөх, яваандаа чөлөөлөх саналыг дэвшүүлж байсан. Одоо ч гэсэн энэ ажлыг судалж байна. Хэлж, хийж байсан хүн нь ажил төрлөө өгчихсөн гэлгүй энэ асуудлыг төр засаг анхааралдаа авч, нийт малчдын хүзүүн дээр очсон ачаанаас салгах хэрэгтэй. Малчдад даахгүй ачаа үүрүүлчихээд зүгээр хараад сууж болохгүй. Малчид сургал­тын төлбөрт дарамтлуулж байна. Гэхдээ сургалтын төлбөр төлж чадахгүй юм чинь гээд хүүхдээ  сургуульд явуулахгүй байх ухамсар малчин хүнд алга. Хүүхдээ заавал боловсролтой болгох юм сан гэж хичээж байна.

Туршлагатай малчид янз бүрээр боддог шиг байна. Зургаан настай хүүхдүүдийг гэр сургалтад хамруулах төсөл боловсруулж, цагаан толгой заах, эхний мэдлэг өгөх талаас оролдоод үзвэл яасан юм гэсэн санал хэлж байна лээ. БСШУЯ  энэ талаар судлаад үзвэл ямар нэгэн шийдэл гарч магадгүй юм.

-Малчдын эрүүл мэндийн байдал санаа зовоож байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Цусны даралт нэмэгдэхээс эхлэн өвчлөл байна. Бид эмчтэй явсан. Эмч  “Яг энэ үед өвчин илрэхгүй. Яагаад гэвэл, малаа зуданд алдчихгүйн тулд зүтгээд өөрийгөө тийш нь чиглүүлчихсэн байгаа тул хүн өөрийгөө, өвчин зовиураа сонсч чадахгүй явж байна. Дулаарах үед биед нуугдаж байсан гэх юм уу, сэтгэлдээ дарж байсан өвчин зовиур илрэх магадлалтай”-г хэлж байна. Энэ чиглэлд төр засгаас мөн анхаарах хэрэгтэй.

-Засгийн газраас бэлчээрийг бүлэгт эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ талаар ямар бодолтой байна?
-Бэлчээрийг эзэмшүүлэх тухайд аль болох зөв шийдвэр гаргах ёстой. Бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, сүргийнхээ бүтцийг зөв тогтоож, мал эмнэлгээ төрөөс дахин шинээр байгуулж, жинхэнэ ёсоор ажиллуулж, малаа эрүүлжүүлж, зудын урьдчилсан арга хэмжээг авах байдлаар ажиллавал дээр үед “Зуд гэж байхгүй, хариуцлагын зуд л гэж бий” гэж малчид ярьдаг байсан шиг болох байх. Арчаатай малчдаар ороход тэгж хэлж байна. Тухайлбал, зуд зүгээр байж байгаад гэнэт орж ирдэггүй, зундаа өвс нь ургахгүй байгаа газар өвөлдөө зуд болж л таарна. Тиймээс өвс ургаагүй тэр газар урьдчилсан судалгаа хийж, зуд болох нь гэсэн таамгийг намарт нь хэлж, өвлийг давахгүй малыг нядалж, төрд тушаадаг. Тэрийг нь ямар нэгэн байдлаар борлуулдаг, мөнгөөр нь ирэх жил зуд болоогүй газраас мал худалдаж авч өгөх маягаар бие биедээ тусалж, бодлоготой ажиллаж болно шүү дээ гэж малчид ярьсан. Тэрний цаана төрийн санаачилга дутдаг байх. Малчдын сонор сэрэмж, аваалж самбаа дутдаг тал бас бий. Монгол даяараа ийм зохион байгуулалт хиймээр, ганц ганцаар ажиллаж байгаа юм шиг байж таарахгүй. Нийтээрээ амьдарч байгаа юм чинь нэг нэгэндээ яаж туслах вэ гэдгээ бодож, хаа хаанаа ажлаа зохицуулбал зудыг давах бололцоо бий

Ч.Үл-олдох

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.