Монголын хуульд захирагддаггүй “Мон Уран”-ы Б.Наранхүү та өрөө төл

2010/02/18
Share |
Хүмүүс: Б Наранхүү | 
Монголын хуульд захирагддаггүй “Мон Уран”-ы Б.Наранхүү та өрөө төл

Газрын наймаа, мөрийтэй тоглоом, банк дампууруулагч гээд болж бүтэхгүй зүйлд нэр нь холбогддог хүн бол “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү.

Энэ нөхрийг цагийн аясыг цаг алдалгүй налдаг овсгоотой эр гэх юм билээ. Их сургуулийн математикийн ангийг дүүргэсэн гэдэг ч угтаа бол МУИС-ийн лицейг төгсөлгүй, наймаа хөөгөөд алга болжээ.

2002 онд гадаад, дотоод худалдаа, барилгын угсралтын “Мон Уран” компаниа байгуулж, “Бөмбөгөр” худалдааны төв, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн хойд хэсэг, ДСНК-ийн урд талбай гээд хотын төвийн хамгийн ашигтай гэсэн газруудад газрын зөвшөөрөл авч, тэр бүхнээ Г.Алтан хатагтайгаас эхлээд олон хүнд зарж мөнгийг ёстой л багц багцаар нь хүүдийлж эхэлсэн гэдэг.

Энэ ч үүднээс газрын наймааг жинхэнэ утгаар нь цэцэглүүлсэн аавын хүү. “Газар авах гэж байгаа бол Б.Наранхүүтэй ярь” гэх хэлц үг тухайн үед гарч байв. Энэ нь ирээдүйн тэрбумтны замыг засаад өгчихсөн. Их хотын газрыг хотын дарга нартай нийлж гадныханд хамаа замбараагүй зарж, хөлжсөн мөнгөө казино, хүүхэнд зориулж, хэтэвчээ нимгэлсээр “Уран ган” ломбарданд унаа тэргээ ээлж дараалан барьцаалах болсныг тэр үеийн хэвлэлүүд онцолж байлаа.

Дараахан нь Г.Алтангайн экс нөхөр Б.Жамьянсүрэн 'Эхнэртэй минь сүжирч, уналтад ороод байсан бизнесээ цэцэглүүлсэн хогийн залуу, хотын газрыг М.Энхболд нартайгаа нийлж хувааж идсэн өөдгүй хүн" гэдгийг нь олон нийтэд дэлгэж орхисон. Энэ үг ор үндэсгүй зүйл биш байв. Б.Наранхүү газрын наймаагаар гаршиж эхэлснийг Б.Жамъянсүрэн баримттай ярьдаг.

"Мон-Уран" компанийнхаа нэрээр Нийслэлийн тусгай хамгаалалтын бүсэд 30 га газар авч, түүнээсээ "Шилмэл шилтгээн", "Монгол гранд", "Дунд мандал", "Сүрэг агт", "Визамар", "БНЧ" зэрэг голдуу Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад таслан өгч ирсэн, компанийнхаа нэрийг сольж "Инвекс" нэрээр 2007 онд Баянзүрх дүүрэгт 127.05 га газрыг авсан баримт нь хотын удирдлагууд газрын бизнесээ Б.Наранхүүгээр дамжуулан хийдэг гэдгийг дахин нотлов.

Угтаа бол Б.Наранхүү экс хотын мээр М.Энхболдод учиргүй тоогдсон цаад учир нь тодорхойгүй, тэднийг зөвхөн газрын наймаа холбож өгсөн нь илт байдаг.

Б.Наранхүү газрын наймааг өөгшүүлсний тод жишээ нь "Үндэсний соёл амралтын хүрээлэн" буюу хүүхдийн паркийн газар юм. Үүнийг шинэчилж, суурин дээр нь "Монгол Диснейлэнд" байгуулна гэж гурван жилийн өмнөөс ярьсан ч өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй. Японы "Иточү" корпорациас 30 сая ам.долларын хөрөнгө оруулж, Монголын багачуудыг баярлуулах парк хэзээ нээгдэхийг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ерөнхий инженер Л.Болдоос тодруулахад "Паркийн хашааг чөлөөлж эхэлсэн. Гэвч газрын асуудал бүрэн шийдэгдээгүй байна.

"Мон-Уран" компани хойд талбайг чөлөөлж өгөөгүй. Энэ байгууллага газрыг хэзээ чөлөөлж өгөхийг газрын албаныхан л мэдэж байгаа" гэх хариу өгдөг. Тэгэхээр паркийн газраас хувьдаа авч, хүүхдийн баяр баясгаланг хугаслаж яваа Б.Наранхүү хотын "уушги" болсон ногоон байгууламжийг устгахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын жирийн иргэн хувьдаа ногдох 0.07 га газраа ч авч чадахгүй хороо, дүүргийнхээ хаалттай хаалга, хүнд сурталд сөхөрч байхад Б.Наранхүү мэтийн авлигачид цэлийсэн талбайтай төв паркийн газрыг хувьдаа авч, хэдэн байрны дундах хүүхдийн саад мэт болгох гаж байгааг ойлгоход бэрх.
 
Залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байдаггүй цорын ганц улсад бид өнөөдөр амьдарч байгаа. Б.Наранхүү тэргүүтнүүд ард түмний газрыг авсан шигээ буцаагаад өгчихдөг болчихвол ирээдүй хойчид маань хэрэгтэй юм даа.

Банк дампууруулагч
Манай улсын арилжааны таван том банкны нэгд зүй ёсоор тооцогдож байсан "Анод" банкийг тойрсон дуулиан намжаагүй. Энэ банк тогтвортой үйл ажиллагаа явуулж байхдаа 52 мянган хадгаламж эзэмшигчийн 156 тэрбум төгрөгийг эргэлтэнд оруулсан мэдээ бий.

"Анод"-оос тэрбумаас дээш төгрөгийн зээл авсан зээлдэгчид өнөөдрийг хүртэл өрөө төлөөгүй. Тэднийг Б.Наранхүү тэргүүлнэ. Газрын наймаачин Б.Наранхүү "Анод" банкинд 22 тэрбумын өртэй. Гэвч зээлээ хугацаанд нь төлж хүчрэхгүй болсноор "Чингис" зочид буудлын баруун хойно оршдог Г.Алтан болоод өөрийнхөө хувь нийлүүлсэн барилгадаа "Анод" банкыг түрээсээр оруулж байв.

22 тэрбум төгрөгийн зээлийн хүүг төлөхгүй болно гэдэг банкинд томоохон эрсдэлийн сан үүсгэж буй хэрэг. Үүний цаана олон мянган хувьцаа эзэмшигч хохироод үлдсэн. Нийгэмд бүтээсэн зүйлгүй, бусдын бүтээснийг бусниулж явдаг Б.Наранхүү шиг нөхдийн хөрөнгийг битүүмжилж, төрийн хуулиар шударгаар шийтгэж, хариуцлага хүлээлгэхийг шударга иргэд шаардаж байна.

Дашийн шог болсон "Дүнжингарав төсөл"
Үнэндээ Монголчууд бид Б.Наранхүүгийн үйлдвэрлэсэн гэх ганц бүтээгдэхүүний нэрийг дуулаагүй. Харин хууль бус газар, хулхи зах, олимпийн аваргуудад сая сая доллар амладаг хохируулагч гэдгээр нь сайн мэдэх болсон. Олон улсын чанар стандартын дагуу хамгийн сүүлийн үеийн дизайнаар баригдах "Дүнжингарав" захыг 2008 оны наймдугаар сарын 08-нд ашиглалтанд өгнө гэж сурталчилсан ч энэ байгууламж хаалгаа нээх нь бүү хэл барилгын ажил нь зогсчихоод байгаа.

Б.Наранхүү ажилчдынхаа цалинг өнөөдрийг хүртэл өгөөгүйгээр барахгүй Улаанбаатар хотын цэвэр усны эх ундарга дээр хар захаа барьж чадсанд олон хүн эгдүүцэж байна. Зах барих газар замаар нэг байхад заавал цэвэр усны нөөцийг ухаж сэндийчэх болсон нь гайхалтай. Хүн ямар ч бизнес хийж болно. Гэвч улс орон, ард түмнээ гэх сэтгэл бас байх хэрэгтэй. Өнөөдөр Монголын ард түмэн эрээвэр хураавар эрээний хогоор дүүрсэн байшингаар чандмань эрдэнэ болсон уух усаа солихгүй. Бүтэн хоёр жилийн турш өөрийгөө рекламдахаас өөр ажил хийгээгүй Б.Наранхүү "Дүнжингарав төсөл"-өө "Анод"-ын араас дашийн шог болгож орхисон нь энэ юм.

Түүний сүүлийн реклам нь олимпийн аваргуудад сая, сая ам.доллар aмлacaн явдaл. Алт авсан тамирчдад тус бүрт нь нэг сая ам.доллар, мөнгөн медальтнуудад 500 мянган ам.доллар өгнө гэсэн ч зүгээр л нэг шоу болоод өнгөрсөн. Өгч чадахгүй бол амлах хэрэг юун. Өнөөх олимпийн аваргууд маань бүр арга ядчихсан "Амласан мөнгийг нь аваад өгчихвөл арван хувийг нь өгье" гэчихсэн сууна лээ. Тив дэлхийн аваргуудыг тэгтэл нь чилээх хэрэг юу байна.

Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг байх аа.

Хээгээ барсан Б.Наранхүүгийн хийрхэл
Саяхан даа, Хүнс хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунайгийн бага охин Солонгос хүнтэй гэрлэж "Sunjin grand" зочид буудалд бизнес, улс төрийнхөн цугласан хөлтэй найр болж билээ. Тэр үеэр мань Б.Наранхүү Ланд 200 машины түлхүүрийг залуу хосод атгуулж бэлтэй гэдгээ харуулаад авсан. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэгчээр бизнесийнх нь хамтрагч Т.Бадамжунай болохыг баталсан.

Энэ тухай хэвлэлүүд мэдээлээд зогсохгүй мисс, мөнгөтэй амрагуудынх нь талаар олонтаа нийтэлж байв. Олны нүдэнд тэр бүр ил гараад байдаггүй Б.Наранхүү "Дүнжингарав" төслөө эхлүүлсний дараахнаас хурдан моринд мөнгө хаяж эхэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жилийн наадмаар Б.Наранхүүгийн уяагаар зочилж, домогт шарга азаргад нүд унагаад явсан. 30 тэрбумын өртэй атлаа орчин үеийн хөрөнгөтнүүдийн тоглоом болох хурдан мориор нэр алдраа чимсэн түүнд "Дүнжингарав" худалдааны төвийн түрээслэгчид, "Анод"-ын хохирогчид төдийгүй манай сонины хамт олон ч тун ихээр эгдүүцэж байгаагаа энэ дашрамд хэлье. Б.Наранхүү өнгөрсөн жилүүдэд манай сонинд байгууллагынхаа сурталчилгааг удаа дараалан нийтлүүлж, сонины зай, талбай эзэлж байсан атлаа бизнесийн ёс зүйг уландаа гишгэж манайд төлөх ёстой гурван сая төгрөгөө өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Чингис хаан "өрийг төлж, өстнийг дар" гэх зарчим баримталдаг байв. Өртэй хүн өөдөлдөггүй гэж монголчууд ярьдаг. Иймд хээгээ барсан Б.Наранхүү та хэвлэлийнхнийг үл хүндэтгэдэг байдлаа зогсоож, өрөө төлнө үү. Бид эрхэм таныг бүтэн жил гаруй хүлээсний эцэст энэ удаад сонингынхоо зай талбайг баран байж өрөө төлөхийг шаардаж байна. Хөрөнгө бэлтэй гадныханд газраа худалдаж, олимпийн аваргуудаар од болон тодорч, хүүхдийн паркийн газарт эзэн сууж, банк дампууруулж, хүн амынхаа цэвэр усны ундарга болсон газарт барилга барьж суудаг, Монголын хуульд захирагддаггүй "Мон Уран"-ы Б.Наранхүү та өрөө төл!!!

Д.Ариунаа ariuka-enh@zmail.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hhh Ugaasaa shal hudalch har gichii shde
IP:106.181.15.27  2016-06-20 17:02:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.