Улаанбаатар хотод газар хөдлөх үү?

2010/02/19
Share |
Хүмүүс:
Улаанбаатар хотод газар хөдлөх үү?

Сүүлийн үед удаа дараалан газар хөдөлсөнтэй холбогдуулан Геологи, эрдэс судлалын ухааны /Ph/ доктор Л.Мөнхтогоотой уулзаж ярилцлаа.

-Геологийн чиглэлийн асуудлууд гарахаар хамгийн эхлээд танилын хувьд та л санаанд орох юм. Энэ удаагийн ярилцлагыг газар хөдлөх сэдвээр хийе. Дэлхийн хэмжээнд гэвэл Гайтид том аюул болжээ. Манайд ч он гараад 2 ч удаа газар хөдөллөө. Улаанбаатар хотод ойрын үед газар хөдлөх болов уу?
-Улаанбаатар газар хөдлөх магадлалтай бүсэд ордог юм. Харин газар хэзээ хөдлөхийг урьдчилан таамаглах арга одоогоор шинжлэх ухаанд нээгдээгүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа боловч геологич хүний хувьд ямар төсөөлөлтэй явдгийг асуулаа гэж үзэн зөвхөн өөрийнхөө бодлыг л хэлье. Миний ажиглалтаар бол, урьд нь хөдөлсөн ул мөртэй газарт л газар хөдөлдөг бололтой. Тухайлбал “Дэрэнгийн” гэж нэрлэгдээд байгаа газар хөдлөлт болсон газар, дээр үед газар хөдөлж байсны ул мөр, зүүн тал нь сууж, баруун тал нь овойж өргөгдснөөс үүссэн 10 м хүртэл өндөр, зүүн урдаас баруун хойш чиглэсэн Тохой хэрэм, Өндөр хэрэм, Чулуут хэрэм гэж нэрлэгдсэн мөрөгцөг 30-аад км үргэлжилдэг. Энэ хагарал 1998 оны намар сэргэснээс хойш 12 жилийн дараа энэ оны 1 дүгээр сарын 9-нд ахиж хөдөллөө. “Хустай” гэж нэрлэгдэх бас нэг голомт байдаг. Улаанбаатарт хамгийн ойр орших энэ хоёр голомт хөдөлсөн ч Улаанбаатарт аюул учруулаагүйг бид мэднэ. Энэ үндэслэлээр би Улаанбаатарт гамшгийн хэмжээний газар хөдлөхгүй гэж хэлэх байна.

-Ойрмогхон телевизээр цагаан сарын дараа газар хөдлөнө гэж нэг зурхайч ярьж байсан...
-Миний бодлоор зурхайчид од эрхсийн тохиолыг сайн тооцоолдог. Харин газар хөдлөлийн талаар зурхайн аргаар тооцоолох боломжгүй.

-2012 онд газар хөдлөнө, дэлхий сөнөнө. Үгүйдээ л галав юүлнэ гэж зурхайч, үзмэрчид яриад байх юм. Бүр сар өдрийг нь хүртэл хэлдэг боллоо...
-Нэг биш олон хүн хэлээд байгаа болохоор 2012 онд болох ямар нэгэн сүйрлийг зөгнөөд байж магадгүй. Миний таамаглалаар бол, байгалийн аюул сүйрэл гайгүй болов уу. Монголд нийгмийн талаасаа гай зовлон тохиолдож магадгүй. Үндэслэл нь: 2012 он сонгуулийн жил. Сонгууль болгоны дараагаар үймээн тэмцэл гарах боллоо. 2004 оны сонгуулийн дараа Телевизийн байрны хаалга үүдийг яйруулсан. 2008 онд галдан шатааж, олон хүн, эрүүл мэнд амь насаараа хохирлоо. Энэ нь сонгууль луйвартай болдгийг харуулж байна. Уул нь олон талын төлөөллийн хяналтад нүдний өмнө болж байгаа сонгуульд булхай орох зай баймгүй. Гэхдээ ор үндэсгүй юманд энэ олон хүн амь насаа үл хайрлан тэмцээгүй болов уу? Миний бодож байгаагаар, сонгуульд “илбэ” ороод байна уу даа.  Цирк дүүрэн хүн ганц илбэчинд хууртдаг шиг сонгогчийг хуурах ямар нэгэн арга олсон байвал яахав? Саналаа луйвардуулсан олон түмэн тэмцэлд босч магадгүй. Гадаад улсуудын жишээ байгаа шүү дээ.

-Дэлхийн дулаарлаас гадна хүйтрэл гэж байдаг. Энэ цаг үеийг геологийн хэллэгээр “мөстлөг” гэдэг гэж та “БНХАУ-ын хөгжлийн гарц “Нээлттэй хаалганы бодлого”-доо байдаг” гэсэн ярилцлагадаа ярьсныг энэ өвөл байн байн бодлоо. Хүн бүхэн дулаарлын тухай ярьж байхад мөстлөгийг сануулсан чинь энэ өвлийг хэлсэн шиг санагдсан болохоор чинь “дэмий юм” яриагүй юм байна гэж боддог юм. Мэргэжлийн тань чиглэлээр ахиад нэг юм асууя. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай дуулдах юм. Энэ талаар таны санал юу байна?
-Газрын тосны тухай одоогийн хуулийг сайн хууль, муу хууль гэж хэлж мэдэхгүй. Одоогийн мөрдөгдөж байгаа хууль гарснаас хойш газрын тосны нэг ч орд нээгдсэнгүй. Хуульдаа байдаг болов уу? Иймээс шүүмжлэлтэй хандахаас өөр аргагүй болж байгаа юм. Газрын тос байж болох талбайг хэдхэн хувааж тус бүрийг нь нэг компанид ашиглуулахаар зохицуулсныг харж байхад тэр том талбайг бүгдийг нь нэг компани судалж чадаж байгаа ч юм уу, үгүй ч юм уу? Тэр талбайд ашигт малтмалын хуулиар хайгуулын талбай бас олгож байгаа. Хайгуулын лицензээр ажиллаж байгаа геологичид газрын тосны судалгааг орхиод явах уу? Хэрэв геологичид бусад ашигт малтмал хайх явцдаа газрын тос олбол яаж зохицуулах вэ? Газрын тосны хуулиар бүтээгдэхүүн хуваах гэрээгээр талбай эзэмшсэн боловч юу ч хийгээгүй компанийн аз болох уу? Нүүрсний ордод байдаг метаны хийг Газрын тосны тухай хуулиар авч үзвэл газрын тосны төрөлд багтдаг. Нүүрсний ордын хайгуул хийж байгаа геологичид ордын метаны хийг судлалгүй орхих уу? Эсвэл метанаа судлахын тулд хайгуулын лиценз дээрээ нэмж Бүтээгдэхүүн хуваах гэрээ хийх үү? гэх мэтийн олон цоорхой бий. Газрын тосны тухай хуулийг өөрчлөх цаг болсон.

-Оюу толгойн гэрээ ид хийгдэж байхад та Оюу толгойн 51хувь байтугай 30 хувийг авах нь буруу. Монголын тал татвараа бүрэн аваад явахад л болно гэж ярьж байсан. Нэгэнт гэрээ батлагдсаны дараа харж байхад таны ярьж байсан зөв болох нь мэдрэгдэх боллоо. Саяхан Монгол Улсын анхны ерөнхийлөгч, уул уурхайн том мэргэжилтэн П.Очирбат гуайн гаргасан дүгнэлттэй таны санаа таарч байна. Одоо Таван толгойн тухай ид яригдаж байна. Энэ сэдвээр дараа тусдаа ярилцлага хийе.
-Нүүрсний ордын эрэл хайгуул бол миний мэргэжил, миний сэдэв тул дуртай ярилцлана аа. Таван толгойн талаар С.Батболдын Засгийн газрын явуулж байгаа чиг бодлого санаанд маш нийцэж байгаа.

Таван толгойн ордыг улсын мэдэлд байлгана гэсэн чинь бүх ард түмний мэдэлд байна гэсэн үг. Улсын мэдэлд байх хэсэгт “Алтан хувьцаа” гаргах хэрэгтэй. “Алтан хувьцаа” нь Монгол оронд хүн болж төрсөн азтай иргэн бүрт хүртэх бөгөөд арилжаалагдахгүй дархан эрхтэй байгаасай гэсэн саналтай байна. Хэрэв арилжаалагдвал нөгөө л цэнхэр, ягаан тасалбар шиг, мөнгөтэй нь хамж авчихаад ядуурал хэвээр байх болно. “Сонгуулын амлалтын” бусад тэтгэлгийг устгамаар юм.

П.Шагдар /МОНЦАМЭ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.