Эрүүл мэндийн салбарын эгдүүцэм гажиг

2010/02/24
Share |
Хүмүүс:
Эрүүл мэндийн салбарын эгдүүцэм гажиг

Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт хөл толгой нь олдохгүй үйл явдлууд ээлж дараалан гарсаар байгаа. Эргээд хариуцлага тооцох гэхээр хүлээлгэх хүн байдаггүй. Энэ асуудал зөвхөн эрүүл мэндийн салбарт гарч байгаа хэрэг биш. Хүний амь яригдаж байгаа болохоор эрүүл мэндийн салбарын ажлын механизмын гажиг ихээр илэрч байна гэж болно. Нэгдүгээр төрөхийн асуудал шийдэгдээгүй байтал Хоёрдугаар төрхөд асуудал үүсч эхэллээ.

Энэ асуудлын гол шалтгаан нь төрөхийн удирдлага болон Барилга хот байгуулалтын газартай шууд холбоотой. Учир нь Барилга хот байгуулалтын газрын байцаат өнгөрсөн намар Хоёрдугаар төрөхийн засварыг хийж байхад, барилгын чанарыг хариуцлагагүй шалгасаны хар гай. Энэ үүргийг н.Алтантуяа гэх байцаагч гүйцэтгэж байсан санагдана. Харин засварын мөнгийг Нийслэлийн ЭМГ-ын зүгээс хүсэлт гаргаж хөөцөлдсөний үндсэн дээр Эрүүл мэндийн сайдын багцаас 150 сая төгрөг төсөвлөжээ. Барилга хот байгуулалтын газар энэхүү мөнгөний хоёр хувийг байгууллагадаа авах ёстой байдаг. Түүнийгээ ч авсан. Гэтэл тэд төрийн мөнгийг авсан шигээ ажилдаа хариуцлагатай хандаж чадаагүй нь эндээс харагдаж байна.

Үүнээс гадна гахайн томуу гарч улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байхад Хоёрдугаар төрөхийн дарга Б.Оюунханд тасгийн даргатайгаа засварын мөнгөөрөө Хятад улсад аялсан байгаа юм. Хувь хувьсгалын ажлаа манай дарга нар нэлээд хольж, хутгаад сурчихсаны балаг гарч байгаа нь энэ. Олон эх болон нялх үрсийг өвчлүүлж болзошгүй байдалд хүргэсэн дарга Б.Оюунхандыг ажлаас нь халах хэрэгтэй баймаар. Гэтэл энэ асуудал холбогдох байгууллагуудаар яригдсаны эцэст халахгүй гэсэн шийдвэр гарсан гэнэ. Одоо тэдэнд эргээд ямар хариуцлага тооцож байгаа нь бас л тодорхойгүй. Хүний амь нас, эрүүл мэндийн салбарын сайдад асуудал биш болсон бололтой. Эрүүл мэндийн сайд, "Яамны зүгээс хоёрдугаар төрөхийн засварын ажилд шаардлагатай төсөв мөнгийг нь батлаад Хотын захиргаанд шилжүүлсэн. Бидэнд энэ асуудал хамаагүй" гэж мэдэгдсэн.

Одоогоор тус төрөхөд хагалгаа хийлгэсэн, хүндрэлтэй төрсөн эхчүүд гээд 10 гаруй хүн байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 25 хорооны эхчүүдэд хоёрдугаар төрөх эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс 15 хорооны иргэдийг "Таны төлөө бид" эмнэлэгт, дөрвөн хороог гуравдугаар төрөхөд, зургаан хороог нэгдүгээр төрөх буюу "Ачтан" эмнэлэгт тус тус байрлуулахаар болжээ. Нэг сарын дотор засварыг нь хийж дуусгана гэж байгаа ч энэ хугацаанд амжих эсэхээ тооцоолоогүй л байна. Засварын ажлыг хариуцаж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Цогзолмаа даргаар ахлуулсан ажлын хэсгийг өчигдөр гаргалаа. Хоёрдугаар төрөхийн барилга 1959 онд баригдсан. Хуучны барилга гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Гэтэл засвар хийсэн компани үүнийг нь анзаараагүй байна гэж байхгүй. "Сутайн До" гэх компани засварын ажлыг гүйцэтгэсэн. Тиймээс энэ компанийг дахин засвар хийж, бүх зардлыг нь компаниасаа гаргаж улсыг хохиролгүй болгох үүрэг тэдэнд ногдож байна.

Халдварт өвчин ихээр гарч, энд тэндгүй эмнэлгүүдийн ачаалал ихсэж байхад Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хамаг хариуцлагыг тохчихоод байна. Ийм хүнд үед л Нийслэлийн Эрүүл мэндийн хүрээлэн гээд боломжтой байгууллагууд нь хамтраад ажиллаад өгөөсэй. Энэ асуудалд нэг байгууллагадаа хариуцлага тохохгүй баймаарсан.

Ж.Солонго /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.