Хоёрхон сартай хүүг насан туршийн өвчтэй болгожээ

2010/02/24
Share |
Хүмүүс:
Хоёрхон сартай хүүг насан туршийн өвчтэй болгожээ

Клиникийн нэгдүгээр төрөх багажгүйгээс хүүд эмчилгээ хийгээгүй байна. Клиникийн нэгдүгээр  амаржих газарт эмч, удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болж нэгэн нярай өвчинд шаналах болжээ.

Хүүгийн ээж болох Н.Эрдэнэчимэг "Би жирэмсэн байхдаа эмчийн хяналтанд байдаг байсан. Миний хүү өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын арваннайманд төрсөн. Анх төрөхөд эрүүл саруул гэж эмч хэлж байсан. Зарим хүүхэд төрөхдөө бие нь шар өнгөтэй төрдөг гэсэн. Хүүгийн маань биеийн шарлалт нь гүнзгийрсний улмаас тархиндаа гэмтэл авч ер нь тэгээд эмчилгээгүй, хүн болвол байнгын асаргаатай хүн болно гэсэн онош тавьсан.

Нэгдүгээр төрөх долоо хонуулаад гаргасан. Нярайн эмч н.Оюунцэцэгээс "Яагаад энэ шарлалтыг эмчлэхгүй байгаа юм бэ" гэж асуусан чинь хүүхдээс шинжилгээ авах гэсэн боловч цус гарахгүй байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ гараад 24 цаг болоогүй буцаад Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд ирж хэвтсэн. Одоо шөнөжингөө уйлаад унтахгүй. Нойрсуулах эм, тариа хийж байж л жаахан амрааж байна. Өчигдөр би н.Оюунцэцэг эмчтэй утсаар холбогдож "Одоо бид яах вэ таны хариуцлагагүйгээс болж бид хэцүү байна гэж хэлсэн. Гэтэл Оюунцэцэг эмч "Би таньдаг эмч дээрээ аваачиж тархины компьютерт харуулаад өгье" гэж хэлсэн боловч өнөөг хүртэл утасдахаар утсаа авахгүй зугтаагаад байх юм. Хүүгээ бүтэн хоёр cap эмчлүүлж байна. Эмчилгээ байхгүй гэсэн" гэв.

Энэ талаар хүүг эмчилж байсан нэгдүгээр төрөхийн нярайн эмч н.Оюунцэцэгээс тодруулахад "Тухайн үед манай төрөх шинжилгээний аппарат, уусмалгүй байсан. Удаа дараа хурал дээр би энэ тухай дарга нартаа хэлдэг байсан. Тэр үед төрсөн хүүхдүүдэд шинжилгээ хийгдээгүй нь үнэн. Хууль хяналтын байгууллагад хандана биз.

Нярай хүүхдээс хоёр мл цус авах ёстой. Цус нь бүлэгнээд авч болохгүй тохиолдол байдаг. Хоёрын хоёр эмч зүгээр гээд гаргаж байхад гэртээ очоод асаргаа муу байсан юм байлгүй. Манай эмнэлгийн удирдлагуудтай уулзаж байж наад асуудлаа бичээрэй дээ" гэв.

Эх хүү хоёрыг гэртээ гараад удаагүй байтал орой нь хүү таталт өгч бие нь муудсанаар дуудлага өгч ЭНЭШТ-д хэвтсэн байна. Хүү ямар оноштой ирж хэвтсэн талаар Эх нялхсын эмч н.Алтантуяагаас тодруулах гэсэн боловч ширээгээ цохиж хашгичин "Сэтгүүлч минь янз бүрийн юманд оров доо. Би юу ч хэлэхгүй. Та нар юу гэж үүгээр яваад байгаа юм бэ. Зураг ав гэж хэн хэлэв хэмээн утсаа шүүрэн авч танай төрөхийн том Оюунаа юм уу, жижиг нь юм уу, энд сэтгүүлч гээд нэг юм ирчихсэн байна" хэмээн хээвнэг ярьж байсан юм. "Цагаан нөмрөгтнүүдэд" тухайн өвчтөний биеийн байдлыг хянаж, эмчилгээ хийх энэ талаар ар гэрийнхэнтэй нь уулзаж байх шаардлагатай болохоос ширээгээ цохиж хүн загнаж суух ажил биш баймаарсан.

Хүүгийн аав Ц.Гансүх "Миний хүү өвдөөд хоёр cap болж байна. Нугасны ус 4-5 удаа авахуулсан. Өдөрт 20-иод мянган төгрөгний эм тариа гаднаас авч хэрэглэдэг. Оросоос хүртэл ширхэг нь 8000 төгрөгний үнэтэй тариа 20-н ширхэгийг авчруулж хийлгэсэн. Ядарсан бидэнд хэцүүл юм. Тухайн үед н.Оюунцэцэг эмч шинжилгээ авч биеийн шарлалтыг эмчилсэн бол өнөөдөр миний хүү бусад хүүхдийн адил эмчлэгдээд гарах байсан. н.Оюунцэцэг эмч рүү ярьж "Одоо бид яах вэ таниас болоод их хохирч байна" гэж ярьсан чинь "55,000 төгрөг гаргаад тархийг нь компьютерт харуулаад өгье" гэсэн боловч одоо болтол алга. Хөдөөнийх юм чинь эд нар яаж ч чадахгүй гэж бодсон юм байлгүй дээ. Хүүгээ харахаар эцэг хүний хувьд гол зүсэх шиг л болох юм. Хажууд нь байхад би ингэж яс хавталзаж өвдөж байгаа юм чинь нялх үр минь яаж өвдөж байгаа бол гэхээс хэлэх ч үг олдохгүй байна" гэв.

Хууль хяналтын байгууллага нь үнэнийг нь гаргаад ирэх ч эмч нарын хариуцлагагүйгээс болж хүү хэдий хэрийн хугацаанд өвчиндөө шаналахыг хэлж мэдэхгүй.

Хүүгийн нагац эгч Э.Солонго "Ах эгч хоёр маань ханилаад арван жил болж байж сая нэг хүүтэй болсон. Гэтэл хүсэн хүлээсэн хүү нь насан туршийн тахир дутуу болно гэхээр харамсалтай байна. Цагаан сараар эмч рүү нь утасдаж хүүхэд ямар ч чөлөө өгөхгүй уйлаад байна, одоо яах вэ гээд ярьсан чинь "Баяр ёслолоор уулзах хэрэг байхгүй. Хэрэлдмээргүй байна. Ядаргаатай юм" гээд утсаа тасалчихсан. Одоо бидний утасны дугаарыг бүгдийг мэдчихээд залгахаар авдаггүй юм. Бид эмчдээ юм өгч чадаагүй. Өгөх гээд ч бидэнд мөнгөний байхгүй ядарсан улсууд. Тэгээд л гарыг нь хүндрүүлээгүй болохоор ажлаа дутуу дулимаг хийсэн юм байлгүй дээ. Угаасаа эмнэлэг арын хаалгатай, мөнгөтэй нэгэнд үйлчилдэг болсон шүү Дээ. Хүүг ер нь амьдрах найдлага бага гэж хэлсэн. Ах эгч хоёр маань ядарсан амьдралтай болохоор энэ хүүгээрээ хүн хийгээд авах юм бол хэрэгтэй байна даа. Үнэхээр гомдолтой байна" гэв.

Энхийн манаанд зогссон "цагаан нөмрөгтнүүд" нэгэн гэр бүлийн амьдралд хар толбо үлдээчхээд түүнийгээ юман чинээ санахгүй "багаж төхөөрөмж байгаагүй, бид буруугүй" гэхээс өөр тайлбар хийсэнгүй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.