5,5 тэрбум төгрөгийг үхсэн малд өгөх үү, эсвэл амьд хүндээ өгөх үү

2010/02/25
Share |
Хүмүүс:
5,5 тэрбум төгрөгийг үхсэн малд өгөх үү, эсвэл амьд хүндээ өгөх үү

Гамшгийн улмаас хорогдсон малын сэг зэмийг устгахад 5,5 тэрбум төгрөгийг зарцуулахаар засгийн газрын саяхны хуралдаанаар баталчихлаа. Дээрх мөнгө нь устгал, ариутгал, халдваргүйжүүлэлтэд л зарцуулагдах юм байна.

Устгал, ариутгалыг хоёр шаттай явуулах аж. Эхний шат 3 дугаар сарын 20-ны дотор, дараагийн шатыг 4 дүгээр сард багтаан хийж дуусгахаар төлөвлөжээ. Малын сэг зэмийг устгахад зарцуулж байгаа энэ хөрөнгө хэрэг дээрээ салхинд хийсгэж байгаагаас өөрцгүй мэт санагдана. Энэ бол малчдын өөрсдийн хийх ажил. Малчид зуданд нэрвэгдэж хорогдсон малаа газарт, жалганд булж, устгасаар ирсэн. Тэгээд ч зуднаар үхсэн мал болохоос халдварт өвчнөөр мал үхээгүй. Чоно нохой, шувуу зооглоод дуусна. Эсвэл байгальдаа шингээд хөрсөө бордоод дуусна.

Гэтэл зудаар далимдуулаад дээрх ажилд баахан машин техник, бодис, хүн хүч хэрэгтэй гэсээр төсвөөс 5,5 тэрбум төгрөг гаргуулах шийдвэр гаргуулчихлаа. Энэ мөнгийг өөр үр ашигтай бүтээн байгуулалтад зориулах боломж бий. 5,5 тэрбум төгрөгөөр томоохон биш юм аа гэхэд дунд хэрийн хүчин чадалтай цахилгаан станц барьж болно. Энэ бол манай улсын шийдвэл зохих томоохон асуудлуудын нэг. Өөр юу хийж болох вэ? Гахайн ханиадны хоёр дахь шатны дэгдэлт эхэлчихээд нийслэлийн хүүхдийн эмнэлэгүүд хүрэлцэхгүй сандарч байна. Өнөөдөр манай улсын эмнэлэг хүчин чадлаасаа даруй гурав дахин олон хүнийг хүлээн авч байна. Ханиадны дэгдэлтийн уршгаар эмнэлгийн нэг оронд гурван хүүхэд ногдож байгааг мэргэжилтнүүд нотолжээ. Энэ бол дайны үе биш. Магадгүй дайны үед л ийм ачаалалтай ажиллах байх.

Нийслэлийн төрөх газрууд хэрэг дээрээ хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа. Нэг, хоёрдугаар төрөх газар хувийн эмнэлгийг байранд амиа түр аргацааж байна. 5,5 тэрбум төгрөгөөр хоёр ч төрөх газар байгуулж болно. Бодит байдал ийм байхад үхсэн малын сэг зэмийн төлөө хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө зарцуулах гэж байгаа нь хэр оновчтой шийдэл вэ? Амьд хүндээ санаа тавьж хөрөнгө зарцуулахын оронд үхсэн малд ийн хөрөнгө хаяхын учир юу билээ. Гарз дээр гарз нэмэхээс цаашгүй байх. Эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж эдгэж чадаагүйн улмаас таалал төгссөн хүний араас төр ингэтлээ санаа тавьж байсныг санахгүй л юм байна. Улс орны амин сүнс иргэн та малын амьнаас дор гэж үү? Ядаж тэр их мөнгийг зүгээр л газарт булаал хаяж байхын оронд 200,000 мянган төлөг худалдаж авч болно. Тэгээд малгүй хоцорсон иргэдээ малжуулж болно шүү дээ. Монгол улс байгалийн баялгаараа ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж байгаа. Гэтэл олсон баялгаа энэ мэтээр салхинд цацаад байвал Монгол улс эцэстээ баялаг ч үгүй, хэтэвч хоосон хоцорч мэднэ.

5,5 тэрбум төгрөг зүгээр л малын сэг зэмийг устгахад зориулж жалганд хаяж, булж байгаа нь даанч хайран. Улсынхаа ирээдүй болсон 600,000 гаруй хүүхдэд 10,000 төгрөгийг нь нэг cap ч байтугай өгч болох л байлаа.

5,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ҮХСЭН МАЛД ӨГӨХ ҮҮ АМЬД ХҮНДЭЭ ӨГӨХ ҮҮ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.