Бүрэнхааны ордын лицензийг УИХ-ын гишүүн Батж.Батбаяр дарамталж авсан түүх

2010/02/25
Share |
Бүрэнхааны ордын лицензийг УИХ-ын гишүүн Батж.Батбаяр дарамталж авсан түүх

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дахь Бүрэнхааны фосфоритын ордод тодорхой тооны лицензийг УИХ-ын гишүүн, “молекул” хэмээх Батж.Батбаяр эрх мэдлээ ашиглан хүүдээ авч өгсөн талаарх шинэ баримт бидэнд олдлоо. Түүгээр ч зогсохгүй төрийн өмчөөр хайгуул хийсэн газарт хайгуулын лиценз авч, улмаар зургаахан сарын дотор ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож өөрчлүүлсэн байх юм. Энэ асуудлыг АТГ-аас шалгасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсанаар өдгөө хавтаст хэрэг нь Нийслэлийн прокурорын газрын архивт хадгалагдаж байгаа юм.

Эрхэм гишүүн тухайн үед АМГТХЭГ-ын Геологи, уул уурхай, кадастрын албаны даргаар ажиллаж байсан С.Ганбаатарыг дарамталж “Салбарын дэд сайд, Байгаль орчны яамныхан, газрын дарга тань зөвшөөрчихөөд байхад яагаад удаад байгаа юм бэ. Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг хурдан шийдэж, олгож өг” хэмээн омогдож байжээ.

 

УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Б.Батхишигийн нэр дээр байх “Талстмаргад” компани Бүрэнхааны фосфоритын орд буюу цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурын орчимд фосфорын хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй. Улмаар “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллага болон орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Тус төрийн бус байгууллагаас УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд стратегийн ач холбогдол бүхий Бүрэнхааны фосфоритын орд газрын лицензийн асуудлыг хянан, шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл тус байнгын хорооны дарга Батж.Батбаяр хууль журам зөрчин “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярмаагийн гарын үсэгтэй албан тоотыг нуун дарагдуулсаар өдийг хүртэл гүрийсээр байгаа билээ.

Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын лиценз авч болох хэдий ч “Талстмаргад” компани Монголын онгон дагшин байгаль, цэнгэг усны эх булагт халдахыг санаархсан, авсан тусгай зөвшөөрөл нь хууль, журмыг зөрчсөн, дээрх үйлдлүүдийг компанийн эзэн Б.Батхишигийн аав Батж. Батбаяр УИХ-ын гишүүн, Байнгын хорооны даргын албан тушаал, эрх мэдлээ ашиглан өмгөөлөн, хамгаалж байгаад хэргийн учир байгаа юм.

Зөвшөөрлийг Батж.Батбаяр УИХ-ын гишүүний нэр, сүрээ ашиглан төрийн жинхэнэ алба хаагчдыг дарамталж байж авчээ. Тэрбээр тухайн үед Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Болдтой уулзаж тохиролцон, тусгай зөвшөөрөл авах замаа зассан бололтой.

Батж.Батбаяр “Бүрэнхааны фосфоритын ордыг авч ашиглахаар хятадууд хөөцөлдөөд байна. “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэдэг дээ. Хятадуудад өгч байхаар монголчууд ашигласан нь дээр шүү дээ. Манай хүүгийн нэр дээр байдаг “Талстмаргад” компанид Бүрэнхааны фосфоритын ордын тусгай зөвшөөрлийг олгочих” гэж байсан нь хавтаст хэрэгт тэмдэглэгдэж.

Энэ тухай түүний хүү, “Талстмаргад” компанийн захирал Б.Батхишиг АТГын Мөрдөн шалгах хэлтсийн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Болд ахтай аав уулзаад Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордын 12633х, 12634х, 12635х, 12636х, 12637х, 13638х гэсэн тусгай зөвшөөрлийг авахаар болсон” гэж мэдүүлжээ.

Батж.Батбаяр Л.Болдоос гадна Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд болон Байгаль орчны яамны албаны хүмүүстэй мөн л ярьж тохиролцсоноор тусгай зөвшөөрлийг “Талстмаргад” компанийн нэр дээр авахаар болсон байна. Яриа хэлцэл нь ийнхүү санаснаар бүтэж байсан хэдий ч АМГТХЭГ-ынхан түүнд тусгай зөвшөөрлийг нь олгохгүй уджээ. Тиймээс эрхэм гишүүн тухайн үед АМГТХЭГ-ын Геологи, уул уурхай, кадастрын албаны даргаар ажиллаж байсан С.Ганбаатарыг дарамталж “Салбарын дэд сайд, Байгаль орчны яамныхан, газрын дарга тань зөвшөөрчихөөд байхад яагаад удаад байгаа юм бэ. Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг хурдан шийдэж, олгож өг” хэмээн омогдож байжээ. Энэ тухай тэр үед ГУУКА-ны даргаар ажиллаж байсан С.Ганбаатарын өгсөн тайлбар дээр өгүүлсэн хавтаст хэрэгт тодхон байна. Ийнхүү тохиролцоо, дарамтыг хослуулан зүтгэсэн Батж.Батбаяр хүүгийнхээ “Талстмаргад” компанийн нэр дээр хайгуулын 12633- 12638 хүртэлх дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны наймдугаар сарын 14-нд авч чаджээ.

СТРАТЕГИЙН ОРДТОЙ ДАВХАЦСАН БАЙСНЫГ ДАВХЦАЛГҮЙ БОЛГОЖ ӨӨРЧИЛСӨН НЬ

Хөвсгөл аймгийн Бүрэнхааны орд газрыг 1980 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоожээ. Улмаар 2007 оны хоёрдугаар сарын 6-нд 27 тоот тогтоолоор стратегийн ач холбогдолтой орд газарт багтаасан байна. Үүнтэй холбоотойгоор АМГТХЭГ-ынхан Батж.Батбаярт Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг хууль зөрчин олгосон нь тодорхой болж байгаа юм. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн гуравт “Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлно”, дөрөвт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, зургаад “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэж заасан заалтуудыг тус тус зөрчжээ.

“Талстмаргад” компанийнхан болон УИХ-ын гишүүн Батж.Батбаяр 2007 оны наймдугаар сарын 14-нд хууль зөрчин авсан хайгуулын тусгай зөвшөөрлөө зургаахан сарын дараа буюу 2008 оны хоёрдугаар сард ашиглалтынх болгон өөрчлүүлжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ асуудлыг шалгаад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэн, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсан байна.

Бас нэг ноцтой баримт бол Хөвсгөлийн төр, захиргааны байгууллага Бүрэнхааны фосфоритын ордыг орон нутгийн тусгай хэрэгцээт газарт оруулсан байснаа гэнэтхэн чөлөөлчихөж. Эрхэм гишүүн үүнд нөлөөлсөн гэж шууд дүгнэж болохгүй ч энд хэн нэгний ашиг сонирхол үйлчилжээ гэсэн таамаг төрж байгаа юм.

Мөн “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж дээрх хуульд заасныг зөрчин Батж. Батбаяр гишүүний дарамт шахалтаар сонгон шалгаруулалт явуулалгүй олгосон гэх мэдүүлэг ч байдаг юм билээ.
Түүнчлэн “Стратегийн орд газартай давхацсан байна” гэсэн хяналтын хуудсыг 2008 оны тавдугаар сарын 30-нд сольж “12633х, 12634х, 12635х, 12636х, 12637х, 13638х гэсэн талбай нь стратегийн орд газартай давхцалгүй” болгон өөрчлүүлсэн байх юм. Энэ хууль бус үйлдлийг АМГТХЭГын мэргэжилтэн Э.Заяабат, Г.Өнөрсайхан, Б.Ялалт нар үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Ийнхүү хууль зөрчин авсан тусгай зөвшөөрлөө Батж. Батбаяр гишүүн 2007 оны арваннэгдүгээр сард “Голомт” банкинд 235 мянган долларын барьцаанд хүртэл тавьж байжээ.

Эрхэм гишүүн Батж. Батбаяр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын албан тушаалаа ашиглан, лиценз олголтод хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг нуун дарагдуулж, өө сэвгүй хүн болж харагдах гэж жүжиглээд байгаагийн нэг гол шалтгаан энэ баримтаас ил болж байна бус уу.

Г.РАВЖАА цаг.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.