Хүмүүс: |
Хүүхдийн их эмч Ч.Цэцэгээ: В вирүсээр 0-5 насныхан их өвчилж байна
Cap шинээс хойш хүүхдүүд томуугийн В вирүсээр өвчлөх нь ихэслээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн Хүүхдийн их эмч Ч.Цэцэгээтэй ярилцлаа.
-Сүүлийн үед хүүхдүүд томуугийн В хүрээний вирүсээр өвчлөх нь ихэслээ гэж ярих болжээ. Энэ вирус нь А хүрээний вирүсээс ямар ялгаатай юм бэ?
-Томуугийн А хүрээнээс ялгаатай нь удаан хугацаагаар үргэлжилж, нян бактераар хүндэрч уушигны үрэвсэлд хүргэх тохиолдол бий. Одоо гарч байгаа вирус нь төвөнх, мөгөөрсөн хоолой бачуурч, хордлогын хам шинжээр хүндэрч байна.
-Яагаад 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилж байна вэ?
-Хүүхдийн дархлаа суларсан, хотын хүн ам олширч агаарын бохирдол их байгаагаас шалтгаалан 0-5 насны хүүхдийн амьсгалын замын онцлогоос хамаарч байна.
-Энэ вирүсээр өвчилсөн хүүхэд удаан хугацаагаар өндөр халуурч, таталт өгч байна гэсэн?
-Зарим тохиолдолд өндөр халуурснаас хүүхэд татаж болно. Мөн тархины суурь эмгэг, тархины хүчилтөрөгчийн дутмагшилтай хүүхдэд вирүсийн халдварын улмаас таталт өгдөг.
-Ямар шинж тэмдгээр илэрдэг юм бол?
-Бусад томуугийн адил нус гоожих, халуурах, бие арзайх зэрэг анхны шинж тэмдгээр илэрнэ.
-В вирүсээс урьдчилан сэргийлж болох уу?
-Одоогоор манай улсад В вирүсээс урьдчилан сэргийлэх өвөрмөц вакцин байхгүй.
-Танай эмнэлэгт эм, тариа хангалттай байгаа юу?
-Хангалтгай.
-Өнөөдрийн байдлаар танай эмнэлэгт хэдэн насны хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 0-5 насны 170 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
-Зарим эмнэлгийн нэг орон дээр 2-3 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Танай хүүхдийн тасаг хэдэн ортой, хэр ачаалалтай ажиллаж байна вэ?
-Манай хүүхдийн тасаг үндсэн 70 ортой. Зохицуулалт хийж том хүн хэвтэн эмчлүүлдэг дотрын тасгийг чөлөөлж хүүхэд авч байгаа.
-Эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед гэрээр ямар эмчилгээ хийж болох вэ?
-Гэртээ цэвэр агаар оруулж чийгтэй цэвэрлэгээ хийж, хүүхдийн ам, хамрыг сайн цэвэрлэж шингэн сайн уулгах, витаминжуулах, гарыг тогтмол савандаж угаалгаж хэвших хэрэгтэй. Мөн эмчийн өгсөн зааврын дагуу ханиадны эсрэг эм уулгаж, халууныг бууруулж, дааруулахгүй дулаан хувцаслах хэрэгтэй.
-Эцэг, эхчүүдэд хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Хүүхдээ халуурсан тохиолдолд халууныг хэмжиж үзэлгүйгээр халуун бууруулах эмийг дур мэдэн хэрэглэхээс татгалзах, эмийг эмчийн зааврын дагуу өгөх, хүүхдэд тавих анхаарал халамж, асаргаа сувилгааг сайжруулах, эрүүл ахуйн дэглэмийг баримтлан, шим тэжээлтэй витаминлаг хоол, ундаар хүүхдийг зөв хооллож, дааруулахгүй байх хэрэгтэй.
-Энэ вирүсээс яаж сэргийлэх вэ?
-В хүрээний томуугийн вирүсийн халдвар нь улирлын чанартай дэгдэж байна Агаар дуслын замаар халдварлаж, бага насны хүүхдийг илүү хамарч байгаа учраас ард иргэд, эцэг эхчүүд энэ халдвараас сэргийлэх шаардлагатай байна. Үүний тулд гэрийн нөхцөлд 1- 2 хувийн содын уусмалаар хоолой, амны хөндийг 5-6 удаа зайлах, хамрын хөндийд дусаах мөн халуун аарц, хярам, буцалсан ус сайн уулгах, илчлэг чанартай витаминлаг хоол тэжээл хэрэглээрэй. Мөн ханиаж найтаах үедээ ам, хамрын алчуур, сальфетка, амны хаалтыг зөв хэрэглэх зэргээр урьдчилан сэргийлэх шаардлагатай. Хэрвээ хүүхэд 38 хэмээс дээш халуурч амьсгаадах, цээж нь шуугиж хэржигнэх, огиулах, бөөлжих, шээс нь ховордох шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хавдах хэрэгтэй.
Р.Оюун