Ажилаа дуусахаар намайг хайрлаарай

2010/02/27
Share |
Хүмүүс:
Ажилаа дуусахаар намайг хайрлаарай

Ээжийгээ гаднаас орж ирэв үү үгүй бяцхан хүү баярлан:
- Ээжээ өнөөдөр манай цэцэрлэг дээр юу болсон гэж бодож байна?
- Утсаар ярьж байгааг минь харахгүй байна уу?
Ээж нь утсаар ярих дуртай, аав нь машинд дуртай. Утас, машины тухай яриа гараад эхлэхэд бүх ажлыг хойшлуулдаг байлаа. Бас гэрт зочин ирэх болоход хүүг хэн ч тоодоггүй. Яалтай ч билээ.
Ээж нь утсаа хаалаа. Гал зуухнаас сав суулга, халбага сэрээний чимээ хангинаж эхлэхэд хүү ээжийнхээ дэргэд гүйж очоод хайр хүргэм царай гарган
- Ээжээ туслах уу? гэхэд ээж нь их л нухацтай харснаа
- За хө, чи чинь ямар хэрэг мандуулчихаад ийм сайхан царай гаргаад байна? Одоо чамтай зууралдаж байх цаг алга. Ядарч уналаа.
Ядрах гэж юу юм бэ? Заримдаа тоглож байгаад унтчихад нь эмээ нь гараас нь тоглоомыг эвтэйхэн аваад тэврэн оронд нь оруулахдаа
- Миний хонгор үр ямар их ядраа вэ. Амтат сайхан зүүд зүүдлээрэй гэж хэлэн үнсдэг. Хэрэв ядрах нь амтат сайхан зүүд зүүдлэхийг хэлж байгаа юм бол яагаад ээж ядарснаа хэлэхдээ ийм уцаартай хэлж байгаа юм бол?
- Ээжээ, хүн ядрахдаа амтат сайхан зүүд зүүдэлдэг гэсэн. Эмээ тэгж хэлсэн.
- Нам унтаж л байвал тэр амтат зүүд ч яамай. Ядарч үхлээ.
- Ээжээ, таныг ядраахгүй гэсэндээ л би танд тус...
- Заза дараа ярья. Өнөөдөр үйлчлүүлэгч ихтэй байсан учраас ажлаа дуусгаж чадсангүй. Аавыг чинь ирэхээс өмнө хоолоо хийх хэрэгтэй байна. Миний хүү явж тогло.
-Ээжээ та ядарсан гээ биз дээ.
- Тэгээд?
- Би ч гэсэн тоглосоор байгаад ядарчихлаа.
- Тэгээд яах вэ?
- Мэдэхгүй.


Гэтэл гэнэт тог тасарчихав. Ээж:
- Одоо лаа хаанаас олноо гэж ууртай үглэсээр шүүгээ сав онгичиж эхлэв. Жаал хүү буйдан дээр хэвтэн эмээгийнхээ тосгоныг бодож эхлэв. Хийн дэнлүүний гэрэлд галзуу туулайн үлгэрийг яриулж байснаа санан ханан дээр тусах гэрэлд эмээгээ дууриан гараараа туулайн дүрс гаргахыг хичээж байв. Туулайгаа ийш тийш зугаалуулан гүйлгэж, хананаас хананд харайлгаж байлаа. Гэвч хүү ядарчээ. Булцгар зөөлөн гараа ч татах чадалгүй болтлоо нойронд дарагджээ. Хүүгийн гар буйдан даган уналаа.
Тог ирлээ. Ээж нь хүүгээ чимээгүй болсныг анзааран яаран том өрөөндөө ортол жаалхүү бяцхан өвдгөө элгэндээ тэврээд нам унтсан байлаа. Эхийн сэтгэл гэнэт тавгүйтэн ширээн дээрх данс, тооцоогоо дургүйцсэн нүдээр харав. Нүдэнд нь харуусал, хайр, өрөвдөл илэрч байв. Хүүгээ сэрээхээс эмээн духан дээр нь үнслээ. Хүү эхийнхээ хайр дүүрэн үнсэлтийг хүлээж байсан юм шиг
- Ээжээ, ажлаа дуусахаар намайг хайрлаарай за? гэв
Өөрийгөө хайрлуулахын тулд "цаг авч" байгаа хүүгээ хараад ээж өглөө болтол мэгшин уйлав.

 Инфо сэтгүүлээс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.