Араатныг торноос сулласан юм биш үү

2010/02/27
Share |
Хүмүүс:
Араатныг торноос сулласан юм биш үү

Одоогоор 500 орчим нь “Аавын хаалга” татаад байна

“Махан толгой” хочит Тулгаа нь өнгөрсөн оны наймдугаар сард Булган аймгийн Тэшиг суманд 13 настай охиныг гэртээ ганцаараа байхад хаалгыг нь эвдэн орж, хээр аваачин хүчирхийлж, олон удаа заазуурдан амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарав, Мөн Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт хүний толгойг хэрцгийгээр тасдаж, их биеийг нь муу усны нүхэнд хийж, толгойг нь гудамжинд хаясан аймшигт аллага гарлаа. Уг хэргийг Увс аймгийн харъяат А.Энхээ гэгч үйлдэж олон түмнийг цочроогоод удаагүй байтал мөн л тус дүүргийг нутаг дэвсгэрт амьдардаг эхнэр, нөхөр хоёрыг тамлаж гэртэй нь шатаасан хэрэг гарчээ. Хэргийг Дорнод аймгийн харьяат, Улаанбаатар хотод түр оршин сууж байсан 18 настай Д.Цэрэндорж гэгч үйлдсэн болохыг тогтоосон. Дээрх хэргийг үйлдсэн гэмт этгээдүүд бүгд өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн зарлигаар Өршөөлийн хуульд хамрагдсан хоригдлууд байсан байна. Гэвч тэд түмний итгэл даасангүй. Нийт таван мянга гаруй хоригдол өршөөлийн хуульд хамрагдсан байдаг.
Харамсалтай нь араатныг торноос гаргасантай адил зүйл болсныг дээрх жишээнүүд харуулж байна. Наранд гарсан тэднээс ердөө хоёрхон сарын дотор 267 хүн эргээд “Аавын хаалга” татсан гэх жихүүцмээр тоо байна. Харин оны өмнө гарсан судалгаагаар дээрх тоо нэг дахин нэмэгдэж 500 хүрээд байгаа гэнэ. Төр тэдэнд уучлал үзүүлснийхээ төлөө энгийн иргэд биднийг хохироож, бүр хороож байна.

Хэрэв тэд зохих ялаа бүрэн эдэлж, шорондоо байсан бол гэр бүлийн хоёр амь насаа алдаж, 13 настай охин заазуурдуулж нас барахгүй байсан нь ойлгомжтой. Тэдний гэмт хэрэг хийсэн байдлыг судалж үзэхэд ихэнх нь хулгай, дээрмийн шинжтэй аж. Мөн олны хөл холхисон “Нарантуул” зах дээр өршөөлийн хуулиар гарсан бүлэг этгээдүүд дээрэм хийдэг талаар эх сурвалж өгүүлж байлаа. Энэ талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболдоос тодруулахад “Өршөөлийн хуулиар гарсан хүмүүс эмэгтэйчүүд рүү халдах нь элбэг байна. Өнгөрсөн оны наймдугаар сарын 15-ны өдөр Ботаникийн цэцэрлэгт нэгэн эмэгтэйг хүчиндсэн жишээг дурьдаж болно. Тэр ч байтугай өршөөлийн хуулиар хорих ангиас суллагдаад харих мөнгөгүйн улмаас ахин хулгай хийсэн нэгэн залуу олон нийтийн хэрэгслээр ярихдаа “Би тэгээд харих мөнгөгүй яах байсан юм бэ. Ахиад тэнд чинь очоод өгье” гээд хээв нэг ярьж байсан. Үүнээс тэдний сэтгэхүй ямар байгаа нь харагдаж байна” гэв.

Э.Хүрэлбаатар /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.