Би ямар хар амиа бодсон юм уу

2010/02/27
Share |
Хүмүүс: Самбуу Ламбаа | 
Би ямар хар амиа бодсон юм уу

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа эрүүл мэндийн байдлын улмаас эгзэгтэй үед эх нутагтнуудынхаа эрүүлийг сахин маналгүй хар амиа бодон АНУ-г зорьжээ гэх мэдээлэл нэг үе түгсэн. Түүнийг тийнхүү аминчхан загнасанд дургүйцсэн, эсвэл байхгүй хойгуур нь зөөлөн сэнтийгээс нь унагаад авахыг санаархсан олон хүн “Ажлаа мэдэхгүй байж амиа боддог хөгийн эрийг албан тушаалаас нь огцруулъя” гэлцэж байсан билээ.

Харин өдгөө тэрбээр эх орондоо ирчихсэн. Ирээд л эрүүл мэндийн салбарын эцэс төгсгөлгүй ажилдаа унаж үхтлээ зүтгэж яваа гэх. Гэхдээ тэрбээр их ажлынхаа хажуугаар өөрийгөө өмгөөлж хаацайлахаа ч бас мартаагүй аж. Ямартаа л “Миний эрүүл мэндийн хувьд жаахан асуудал байсан. Гэхдээ ажлаасаа чөлөө авч шинжилгээ өгч явахдаа албаны ажлаа ч амжуулж явсан шүү дээ. Худлаа гэвэл БНСУ-ын Эрүүл мэндийн яамныхнаас лавлахгүй юу” гэж гоморхохоо мартаагүй. Үнэндээ ч мань хүн биеэ үзүүлэнгээ тус улсын эрүүл мэндийнхэн салбарынхантай уулзаж,эх орныхоо нийслэд дэлхийн хэмжээний эмчилгээ, оношлогооны төв бариулах тухай ярилцаад нааштай хариу авсан нь үнэн юм шиг байна лээ.

Ойлгохгүй болохоор мэддэг хүнд нь шилжүүлчихсэн
Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэг үеэ бодвол улстөрч болчихжээ. Саяхан тэрбээр “Манай байнгын хороо намрын чуулганаар хэлэлцэх асуудлаа бүрэн шийдвэрлэсэн. Зарим нэг хуулийн төсөл хаврын чуулган руу шилжсэн байгаа. Бас ирэх хаврын чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Энэ олон ажлын хажуугаар хуулийг сурталчлах,хэрэгжилтэд нь хяналт тавих шаардлага ч их гарах юм. Харин хаалттай хэлэлцээд байсан Харилцаа холбооны тухай хуулийг мэддэг чаддагаар нь Хууль зүйн яаманд хүргүүлэхээр болж байна” гэж ярьжээ.

Түүний ийнхүү ярихыг сонссон олонх хүн “Мань эр ч аргагүй уснаас хуурай гарах чадварт сайн суралцаж дээ. Мэддэг чаддагаар нь гэж байгаад Ц.Нямдоржид хамаг лайг нь дайчихаж” хэмээн шивэр авир ярилцах болсныг сонссоноо дамжууллаа.

H1N1 вирусын халдвар гарсныг нууж байжээ
Н хүрээний Н1N1 хүрээний вирусын халдвар манай улсад илэрч, дээр дооргүй сандралдан гүйлдсэн. Сураг сонсох нь ээ, эл гайтай золиг гэнэт гараад ирсэн юм биш билээ. Эх сурвалжийн өгүүлснээр бол уг дамшиг аль эрт буюу тодруулбал өнгөрсөн хавар илэрсэн ч манай улсад намдуу байхаар нь хав дарж, нам нуусан гэнэ шүү.

Тэгээд бас болоогүй ээ, мах иддэг манай монголчууд дархлаа сайтай, бараг л нэг их дарлаж чадахгүй биз дээ ухааны юм ярьж, хий хөөрч суусан гэх. Үнэндээ бол манай улсын эрүүл мэндийн салбарынхан иргэддээ молиго үмхүүлж, өвчин гарсан мэдээллийг хав дараад хэвтээд байсан үг. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан “Ичээч, иргэдээ ингэж молигдож байгаад элдэв асуудал гүнзгийрвэл яана” гэж шахаад байхаар нь гэнэт илрүүлсэн болж жүжиглэсэн гэнэ шүү. Хэрвээ ингэж хав дарж, нам нуулгүй цаг тухайд нь мэдээллийг түгээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ эртнээс авсан бол хэдэн хүнээ алдаж, хар толгойгоо шаахгүй л байх байсан даа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.