Нийслэлийн засаг дарга чармайж ажиллахаа амлав

2010/03/01
Share |
Хүмүүс:
Нийслэлийн засаг дарга чармайж ажиллахаа амлав

Өнгөрөгч баасан гаригт Нийслэлийн хангарьд ордонд “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалт ярилцлага боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ арга хэмжээнд хэвлэл мэдээллийнхэн өргөнөөр оролцсон. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өнгөрөгч онд Нийслэлд хийгдсэн ажлуудыг танилцуулснаар уулзалт ярилцлага эхэлсэн.

Хотын дарга өнгөрөгч оныг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын шинэ удирдлага өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын гарааны жил хэмээн тодорхойлов. Мөн Нийслэлийн 370 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар илтгэл тавьсан. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр «Нийслэл хотын хөгжилд хэвлэл мэдээллийнхэн чухал оролцоотой. Улаанбаатарт шинээр хийх ёстой, хийгдсэн ажлын хөрөнгө, санхүүжилтэд хяналт тавих явдал зөвхөн хэвлэлийнхэнд байдаг. Тиймдээ ч бидний ажилд түлхэц болдог» хэмээсэн юм.

Нийслэлийн Засаг даргыг илтгэл тавьж дууссаны дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариу авсан. Нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, дүүргийн дарга нарын ажлын хариуцлага, хамтын ажиллагаа, газар олголт гээд цаг үеийн олон чухал асуултад хариулт өгсөн. Мөн энэ онд нийслэлд хийгдэх ажлуудын талаар танилцуулсан. Улаанбаатар хотын удирдлага, НИТХ бодлогоо жижиг дунд үйлдвэрийг дэм жих чиглэлд зориулсан тухайгаа ярьж байсан. Тиймээс энэ жил жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор таван тэрбум төгрөгийн зээл өгөхөөр болжээ. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр шинэ ажлын байр барихаар болсон байна. Иргэд зээл авах гээд банканд очиход барьцаа хөрөнгө шаарддаг. Тиймээс ажил хийж чаддаг хүмүүст зориулсан нэгэн ажил эхлүүлэх гэж байгаа нь шинэ ажлын байр юм. Тус ажлын байранд түрээс төлөхгүй, цахилгаан, дулаан, ус ашиглалтынхаа зардлыг үйл ажиллагаа явуулж байгаа жижиг үйлдвэр эрхлэгчид гаргах юм байна. УИХ дээр «Шинэ Улаанбаатар хөтөлбөр» дэд хороо байгуулагдаж байгаа нь нийслэлийнхэнд их чухал. Түүнчлэн энэ онд гадаадын хөрөнгө оруулалтаар хоёр томоохон ажил хийгдэхээр болжээ. Япон улсын хөрөнгө оруулалтаар Энгелсийн гүүрэн гарц, Гачууртад шинээр 21 гүний худаг барихаар төлөвлөөд бэлтгэл ажилдаа орчихсон байгаа аж.

Өнгөрөгч онд Нийслэл нэг сая 106 мянган хүн амтай болсон. Үүнийг өмнөх онтой нь харьцуулбал 49.4 мянгаар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн НИТХ-аас 2009 онд нийслэлийн эдийн засаг, нийгмийн 74 зорилт дэвшүүлэн ажилласан байна. Мөн 2009 оны төсөвт 132.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн. Түүнчлэн 61.3 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийгджээ.Улсад 62.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан. Мөн өнгөрөгч онд Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, Нийслэлийн хөрөнгөөр 50.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна.

Нийслэлийн өөрийнх нь шууд төсөв 7.3 тэрбум төгрөгөөр даваад байгаа юм. Давсан төсвийн мөнгийг түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төсөвлөх аж. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил хийхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн Засаг дарга нийслэлийн төсвийг чадалтайхан компаний хөрөнгөд нь хүрэхгүй байна. Гэхдээ бүх хүчээ дайчлан чармайж ажиллана гэдгээ амласан. Иргэд олон нийтийн үйл ажиллагааг ч дэмжиж ажиллахаа мэдэгдсэн.

Хотын даргын танилцуултын дараагаар сэтгүүлчид хот төлөвлөлттэй танилцсан юм. Барихаар төлөвлөгдсөн барилгуудын макетыг хийж, шинээр барих цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны барилгуудыг харуулсан үзэсгэлэн гаргасан байлаа.

Хот төлөвлөлттэй танилцсаны дараа спорт зааланд гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, дардас, буудлагын тэмцээн болсон. Гар бөмбөгийн тэмцээнд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр дасгалжуулагчтай баг, Нийслэлийн Засаг даргын орлогч Мөнхбаатар дасгалжуулагчтай багууд өрсөлдсөн. Хоёр баг хайнцсан учир найман тоогоор дахин өрсөлдсөн юм. Ингээд Б.Мөнхбаатар дасгалжуулагчтай баг түрүүлсэн. Хоёр багт нэг нэг эмэгтэй байсан нь Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нар байв. Эрчүүдтэй мөр зэрэгцэн тоглож байсан бүсгүйчүүд спортоор хэнийг ч дагуулахгүй гэдгээ харуулсан.

Харин хамгийн үнэнч тоглогчоор Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд тодорсон. Тэрээр үнэн сэтгэлээсээ тоглож, хэд хэдэн удаа газар унаж, бөмбөг авч харагдсан. Сагсан бөмбөгийн тэмцээн мөн л хоёр багийн хооронд өрнөсөн. Нийслэлийн Засаг дарга сагсан бөмбөгийг сайн тоглодог гэдгээ батлан харуулж байлаа. Залуучуудтай мөр зэрэгцэн гүйж, бөмбөг таслан, сайн довтлогч болохоо харуулсан. Нийслэлийн удирдлагууд энэ өдөр спортод сайн гэдгээ харуулсан юм.

Харин сэтгүүлчдийн тухайд буудлага, дардасны тэмцээнд түлхүү орсон. Буудлага, дардасны тэмцээний эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлүүдэд ихэвчлэн сэтгүүлчид байр эзэлж байв. Тэмцээнд идэвхтэй оролцсон багууд, хувь хүмүүсээ шагнаж урамшуулсны дараа оройн зоогондоо орохоор нийслэлийнхэн, сэтгүүлчидтэй «Хаадын өргөө» рестораныг зорив. Нийслэлийн Соёл урлагийн газрынхан концерт тоглож, оройн зоогт хачир нэмж байлаа.

Ж.Тагтаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.