Солонгост суугаа миний аавд

2010/03/02
Share |
Хүмүүс:
Солонгост суугаа миний аавд

Саяхны нэгэн дулаахан өдөр танилаа хүлээж цөөнгүй минутыг байрны гадаах сандалд сууж өнгөрөөв. Энд хүлээж байгаарай гэсэн хүн маань очиж явна л гээд байдаг байдаггүй шүү.

Гэнэт ард хүүхэд дуугарлаа. Эргээд харсан хоёр орчим ойтой болов уу гэмээр хүүхэд тэвэрчихсэн бүсгүй миний эсрэг талын сандал руу ирж явна. Бүсгүйн насыг барагцаалбал хорь жаахан гарсан болов уу гэмээр.

Бүсгүй хүүхэд тэвэрч чилсэн гараа түр амраах гэж энд сууж буй бололтой. Хүү нь ээжийнхээ гараас сулармагц ийш тийш сэлгүүцэхийг завдав. Урьд нь хэн нэгэн жаал тоглож байгаад гээсэн бололтой шороонд булагдаж өгөршсөн тоглоомыг жаал хүү авахаар сарвайлаа. Ээж нь муухай хэмээн юунд ч үл хүргэв.

Ээжийн гараас мултарч эрх чөлөө эдлэхийг хүссэн хүү авах гэсэн зүйлийг нь хориглосон ээждээ тунирхаж явъя явъя хэмээн аашилж эхлэв. Харин ээж нь хүүгээ саатуулах аргаа олсон бололтой. За одоохон миний хүү гого юм үзүүлье хэмээн цүнхээ ухав. Чихэр, жигнэмэг, тоглоом гарч ирэх юм байх гэж бодсон түрийвч гарч ирж харагдав. Түрийвчин дэх зургаа гаргаж миний хүү энэ хэн билээ хэмээн зураг үзүүлэв.

Уйлагнаж байсан хүү тэр дороо болив. Ээж нь хүүгээ даарна хэмээн болгоомжилсон уу их л олон давхар хувцас өмсгөж ёстой л бандайтал зузаалжээ. Малгайн дээрээсээ гадуур хүрэмнийхээ юүдэнг өмссөн хүү нэлээн халууцаж олон давхар хувцсандаа түүртсэн бололтой.

Бээлий зүүсэн жаахан гараараа юүдэнгээ хойшлуулж орхиод өнөөх зураг руу анхаарлаа хандуулав. Зургийг хараад бяцхан хүү баярлаж байгаа бололтой. Энэ манай аав, тиймээ хэмээнэ. Ээж нь тиймээ миний хүүгийн аав. Хэзээ ирэх билээ гэж асууна. Миний аав Наранбат. Удахгүй онгоцоор Солонгосоос ирнэ.

Надад дандаа гоё тоглоомууд явуулдаг тийм ээ ээжээ хэмээн над руу харан хэлэв. Ханийнхаа зургийг хараад түүнийгээ санасан уу бүсгүйн сэтгэл нэг л тогтворгүй болсон мэт нэг хэсэгтээ нэг л хайхрамжгүй болчихов. Ийнхүү ээж хүү хоёр элдвийг хөөрөн шулганалдсаар.

Эл бүсгүйн нөхөр харийн оронд ажиллаж амьдардаг бололтой. Энэ мэт залуухан бүсгүйчүүд харьд амьдрах нөхрөөсөө эд материал хангалттай авч идэх уухаар бусдын дор орохгүй ч нялх үр нь эцгээ танихгүй шахам торниж, гэргий нь ханийн халамж хайраар дутаж сууна.

Заримдаа нөхөртэй ч юм шиг мөддөө уулзаж, хамт амьдардаггүйг нь бодохоор өрх толгойлсон эмэгтэй, хагас өнчин хүүхэд өсгөж буй мэт дүр зураг өнөөгийн нийгмийн нэлээдгүй хэсгийг эзэлнэ.

Уг дүр зургаас тэртээ 1961 онд бүтээгдсэн Зохиолч Д.Дожоодорж, Н.Надмид нарын зохиолоор Д.Жигжид гуайн найруулсан "Улаанбаатарт байгаа миний аавд" хэмээх кино санаанд оров. Тухайн үед аав ээж хоёрынхоо салалтаас зовж шаналсан хөдөөний бяцхан хүү нийслэлд суугаа аавыгаа санагалзан Улаанбаатарт суугаа миний аавд гэсэн захидал хаягладаг байсан бол өдгөө Монголын үрс хэдэн мянгаараа харийн хил дамнуулан ийм захидал илгээдэг болж. Удаан хол амьдарч асуудал үүссэн гэр бүлийн дунд хүүхдүүд хэлмэгдэнэ. Бие холдвол сэтгэл холдоно гэгчээр тусдаа амьдрагчдын ихэнх нь цаанаа хамтран амьдрагч авах нь олонтаа. Гадаадад амьдардаг гэр бүлтэй иргэдийн 85 хувь нь салдаг гэсэн тоо баримт бий.

Салаагүй юмаа гэхэд амьдралд нь ямар нэгэн хэмжээгээр "хар толбо" үлддэг байна.

Иймээс гадаадад амьдарч буй иргэдээ болж өгвөл хараар ажиллуулахгүй, удаан хугацаагаар явж буйг нь гэр бүлийнхэнтэй нь явуулах бодлогыг олон талаас нь судалж оновчтойгоор шийдэх арга сүвэгчлэх цаг болсон мэт. Гэвч гадаадад ажиллах, сурахыг хүссэн иргэдийн тоо буурах төлөвгүй байгаа нь ажиглагддаг. Нэг талаараа эцэг эхээ дагаж гарсан хүүхдүүд хэт харийн иргэн болж харьших асуудал үүсч буй гэх. Ойролцоогоор 100 мянга гаруй монголчууд гадаадад сурч, ажиллаж, амьдардаг гэсэн гэсэн тоо бий. Түүнчлэн амьдрал эрэн гадаадад буй Монголчуудын 70 гаруй хувь нь 18-35 насны залуус байдаг ажээ.

Гадаадад буй Монголчууд маань байр сууриа олохын хэрээр суугуул нутгийнхаа амьдралын хэв маягт дасч нутаг буцах бодлоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулсаар байна. Гадаадад суурин амьдардаг Монголчуудын тоо ойрын жилүүдэд нийт хүн амын дөрөв орчим хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. "Замдаан" интернет сэтгүүлийн нүүрэнд "Хэрвээ та гадаадад суугаа бол эх орон руугаа хэзээ буцах гэж байна" гэсэн интернэт судалгааны хариулт гарчээ.

Судалгаанд хандсан 115 хүний 74 нь буцах бодолгүй, нэг хэсэгтээ баймаар байна гэсэн байв. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол иргэд бүгдээрээ гэр бүлтэйгээ хамт амьдарч буй гэсэн ямар ч баталгаа байхгүй. Тэгэхээр уг санал асуулгад оролцсон мөддөө эх орондоо ирж чадахгүй хүмүүсийн хувьд гэр бүлээ алдах магадлал их байна гэсэн үг.

Өнөөх байрны гадаах сүүдрэвчинд хөгшчүүд олшров. Хэсэг зуур ханиссан танихгүй танилууд болох ээж хүү бид гурав сандлаасаа бараг л зэрэг шахам босов. Тэр хоёр элдвийг шулганан ярилцсаар явж одлоо. Миний уулзах ёстой хүн ч ирж яваа харагдав. Энэ хүү мөд удахгүй "Солонгост суугаа аавдаа" хэмээн электрон шуудан бичиж суух байх даа. Монгол  хүн уг нь амны билгээр гэдэг. Хэдий муу амлахыг хүсээгүй ч өнөөдөр бодит амьдрал ийм л байна.

Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley WitBrg http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.24  2015-08-08 19:50:37
chaba Wqim9u http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.13  2016-10-15 11:57:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.