"Би ирж ч магадгүй, ирэхгүй ч байж магадгүй" гээд аавдаа үнсүүлээд гарч билээ

2010/03/04
Share |
Хүмүүс:

Монгол улсад улс төрийн өлсгөлөн зарласны 20 жилд

Эдүгээгээс 20 жилийн өмнөх гуравдугаар сарын 4-ний өдөр Ардчилсан дөрвөн хүчний хамтарсан жагсаал Ялалтын талбай дээр болж байжээ. Уг жагсаал Монголд ардчилсан хувьсгал ялахад томоохон түлхэц болсон аж.

Ардчилсан холбооны "амьд архив" хэмээн нөхдөдөө үнэлэгддэг "Сорлог сүрэг" компаний захирал Б.Батцэнгэлтэй хөөрөлдлөө.

-Өнөөдөр гуравдугаар сарын 4-ний өдөр. 20 жилийн тэртээх энэ өдрийг эргэн дурсаач?
-1990 оны гуравдугаар сарын 4-нд Ялалт кино театрын өмнөх талбай дээр Оюутны холбоо, Шинэ дэвшилтэт холбоо, Ардчилсан социалист холбоо, Монголын ардчилсан холбооныхон нэгдэж жагсаал хийж байсан өдөр. Энэ жагсаал Монголын ардчилсан хувьсгал ялахад хамгийн ихээр нөлөөлсөн юм. Тиймдээ ч ардчиллынхны хувьд нэгэн түүхэн тэмдэглэлт өдөр нь юм. Ялалтын талбай дээрх цуглаан холбоодын дарга нар тугаа барин алхаж, хажууд нь Буянгийн Жагаагийн хар 24 дээр Ц.Элбэгдорж зогсчихсон микрофонаар үг хэлж байсан. Тэр машины арын суудал дээр би сууж, Ц.Элбэгдоржид микрофоныг нь барьж өгч байлаа. Явж байгаа машин дээр зогсоно гэдэг хэцүү шүү дээ. Уначих гээд. Би зарим үед цонхоор нь гарч ирэн Ц.Элбэгдоржийн хормойноос нь барьж байсан. Тэр цуглаанаас тулган шаардах бичиг гаргаж, Намын төв хороонд хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг гуравдугаар сарын 6-ны өдөр ирүүлэхийг шаардаж байсан юм.

-Тэр өдөр хариу ирээгүйгээс Монгол улсад анх удаа улс төрийн өлсгөлөн зарлагдсан байх аа?
-Тийм ээ. Гуравдугаар сарын 6-ны өдөр бидэнд шаардах хуудасны хариу ирээгүй. Ер нь бол Ардчилсан холбооныхон гуравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаан дээр л маргааш хариу ирүүлэхгүй бол яах вэ гэдгээ ярилцаж эхэлсэн. Ингээд 6-ны өдөр Ардчилсан холбооны удирдах зөвлөлийн 35 гишүүн цугларч хурал хийсэн. Энэ хурал дээр Хадбаатар өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрийг сонговол яасан юм бэ гэсэн санаа гаргасан. Ардчилсан холбооныхон маань шийдвэр гаргахын тулд их идэвхитэй "чи би"-дээ тултлаа хэрэлдэж, маргалдах ч удаа байсан л даа. Ингэж байж олонхийн саналаар гаргасан шийдвэрийг харин бүгд үг дуугүй биелүүлдэг байлаа. Ардчилсан холбоо хүчтэй байсны гол үндэс нь тэр л байсан.

Улс төрийн өлсгөлөн зарлахад юуны төлөө тэмцэж байгаагаа ойлгосон, тууштай, хэчнээн ч хоног өлссөн даах чадвартай, бие эрүүл хүмүүс орох ёстой гэсэн яриа гарсан. Зарим хүмүүс "Би бие муутай учир ар талд нь ажиллая" гэсэн санал ч гаргаж байлаа. Харин би чадна гэсэн итгэлтэй байсан учир энэ өлсгөлөнд оролцсон юм.

-Анхны өлсгөлөнд яг хэдэн хүн оролцож байсан юм бэ?
-Анх өлсгөлөнд орох хүмүүсийг бүртгэхэд арван хэдэн хүн байсан. Харин эцсийн хувилбараар өлсгөлөнд 10 хүн оролцсон. Өлсгөлөн зарласан хүмүүсийн зургуудыг нь тавьж, харалдаа ард нь “Монголын ард түмэнд сонордуулга гээд удаа дараагийн тавьсан шаардлагыг ямарваа нэгэн байдлаар хариу өгөхгүй байгаа учир Монголын ардчилсан холбооны Ерөнхий зохицуулах зөвлөлийн нэр бүхий 10 гишүүн улс төрийн өлсгөлөн зарлаж тэмцэж байгаагаа мэдэгдэж байна” гэсэн бичиг үйлдсэн. Тэр үед канон ховор. Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр ганцхан канон ажилладаг байв. Бүх юм “Цагаан толгой”-н үсгийн дарааллаар явагддаг байлаа. Тэгээд Д.Батбилигт, Э.Бат-Үүл, Бошигт, Б.Галсандорж, Дорлигжав, И.Жавхлант, Нинж, З.Энхбаатар бид нарын нэрсийг цувуулан бичсэн юм.

-Өлсгөлөн зарлах нь нэгэнт тодорхой боллоо. Бие, сэтгэлийн хувьд хэр бэлтгэлтэй байв?
-Тэр үед манай идэвхтэн гишүүн Баярсайхан гэдэг залуу эмч хүн байсан. Өлсгөлөн зарлах 10 хүн гуравдугаар сарын 6-ны орой Ардчилсан холбооны идэвхтэн гишүүн Батсүхийнд очиж, Баярсайхнаар глизим тавиулдаг юм байна. Түүнээс шантарч өлсгөлөнд оролцохоо больж байсан ч хүн бий. Ингээд 6-ны орой хоолоо хорьж, өлсгөлөн зарлахад биеэ бэлдсэн. Би тэр үед хоёр хүүхэдтэй. 1989 онд том хүүхэд маань сургуульд орчихсон, бага маань жаахан юм байсан. Манай эхнэр ЗХУ-д сургуулиа дүүргэхээр эзгүй байсан юм. Би хоёр хүүхдээ Төв аймагт байдаг хадам аав ээж хоёртоо хүргэж өгчхөөд ирсэн. Ар гэр маань иймэрхүү байдалтай байхад орхиод явна гэдэг надад хэцүү байсан л даа. Юу ч болж болох л байсан. Гэхдээ нэгэнт шийдсэн асуудлаас эргэх хүсэл надад байгаагүй ээ.

Өлсгөлөн зарлаж байхад “Улаан загалмай”-н нийгэмлэгээс эмч нар ирж, хүмүүсийн даралтыг үзэж, дархлаа сэргээх зориулалтын витаминжуулсан ус өгсөн. Үүнийг эхний өдөр л уусан санагдана.

-Өлсгөлөн хэд хоног үргэлжлэв?
-Өлсгөлөн гуравдугаар сарын 7-ны 14 цагаас 9-ний оройн 22 цаг хүртэл үргэлжилсэн. Өлсгөлөн зарлахаар хамгийн түрүүнд Б.Галсандорж, Д.Дорлигжав, Д.Батбилигт бид хэд талбай дээр очсон юм. Хүмүүс биднийг тойроод зогсчихсон “Яахаараа өлсгөлөн зарлаж байгаа юм, Ямар хаашаа юм” гээд загнаж байсан. Зарим нь “Зөв шүү дээ. Өөр яах юм бэ” гээд дэмжиж байлаа. Гуравдугаар сарын 8-ны өдрийн 17 цагаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг өлсгөлөнг шууд цацаж эхэлсэн. Ингэж монголын ард түмэн юу болоод байгааг нүдээрээ харцгаасан. “Эмэгтэйчүүдийн баяраар өлсгөлөн зарлалаа” гэж олон ч хүмүүс бидэн рүү давшилж байлаа. Бүр халамцуу хүүхнүүд ирээд “Та нар эхээс төрсөн байж, бид нарын ганц баяраар өлсгөлөн зарлалаа” гээд загнах тохиолдол ч гарч байв. Тэр үед микрофон барьчихсан “Эмэгтэйчүүдийн баяраар, эхчүүдээ хүндлэлгүй” гээд л гүйж явсан хүн өнөөдөр ардчиллын ач буянаар гээд яриад явж байгаа харагддаг л даа. Тэднийг харахаар дэндүү өрөвдөлтэй санагддаг. Яахав цаг үеийг мэдэрч хожмоо ухаарсан байж болох л доо. Өлсгөлөн зарлахаар ирж байсан хүмүүс маш олон. Тэр үед өлсгөлөнд нэгдэхээр нэг жаахан хүү ирж байсан нь одоогийн УИХ-ын гишүүн сүмо Д.Батбаяр юм. Түүнийг ирэхэд нь Э.Бат-Үүл нарын хэсэг нөхөд хүүхэд өлсгөлөнд оруулахгүй гээд буцааж байж билээ.

Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх радио, телевизээр “МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна. Монголын ард түмэн эв нэгдэлтэй байх ёстой. Асуудлыг залуучуудын тавьж буй хэмжээнд ойлгож, энэ асуудлыг тайван замаар шийдвэрлэж, ширээний ард хэлэлцээрт орох хэрэгтэй” хэмээн шийдвэрээ шууд цацсан. Энэ үед хөөрч баярласан хүмүүс ч байсан. Ер нь янз бүр л хүлээж авсан даа. Яаж худлаа ярьж байгаа бол, ийм хурдан шийдчих байсан юм уу, заавал ийм болтол нь явуулж байж шийдээд байхдаа яадаг байна аа гэж бодогдож байсан даа.

-Өлсгөлөнг хэр олон сэтгүүлч сурвалжилж байв?
-Маш олон сурвалжлагч ирсэн. Өлсгөлөнд суух хүмүүс нэмэгдсээр 30 хэдэн хүн болсон. Олон сурвалжлагч биднээс ярилцлага авсан. Харин тэдгээрийн аль нь ч сонин, телевизээр цацагдаагүй. Би түүнийг тухайн үед засгийг удирдаж байсан хүмүүс радио, телевизийн сурвалжлагчид, эсвэл өөрийнхөө ажилчдыг ашиглаж, бид нарын санаа бодолд юу байна вэ, тууштай байна уу, үгүй юу, ямар нэгэн байдлаар хуураад зогсоох арга тал байна уу гэж нэлээн том судалгаа явуулсан гэж боддог. Надаас дөрөв, таван хүн ярилцлага авсан ч нэг ч олон түмэнд хүрээгүй. Сүүлдээ ярилцлага өгөхөөс залхаж эхэлсэн. Гадаадын сурвалжлагчид байсан.

-Ар гэрийнхэн тань таны энэ алхмыг хэрхэн хүлээж авав?
-Намайг хорьж цагдаад байсан юм ерөөсөө байгаагүй ээ. Миний аав, хадам ээж, аав маань ч надад юм хэлээгүй. Өлсгөлөн зарлахаар гэрээс гарахдаа өөрийнхөө аавд “Хүү нь улс төрийн хамгийн хүнд шалгуур болсон өлсгөлөнгийн тэмцэлд оролцож байна. Тийм учраас би ирэхгүй ч байж магадгүй, ирж ч магадгүй” гэж хэлээд ямар ч байсан таньд нэг үнсүүлье гээд үнэрлүүлээд гарч байлаа. Аав минь намайг боль гэж хориогүй, ухаантай, шударга байгаарай гэж урьдын хэлдэг үгээ хэлээд хоцорч билээ.

-Ер нь та яаж яваад ардчилсан холбооныхонтой зам нийлэх болов?
-Би ЗХУ-ын Ленинград хотод сургууль төгссөн. Намайг нэгдүгээр курст байхад Л.И.Брежнев хоёрдугаар курст байхад Ю.Андрапов, гуравдугаар курст байхад Н.Черненко нас барлаа. Ер нь бол М.С.Горбачевын эрэн үе эхлэх гээд бэлтгэл нь явагдаж эхэлж байсан үе. Тэр хооронд улс удирдлагагүй, нэг үгээр хэлбэл эрх чөлөөтэй болж эхэлсэн л дээ. Оросын ард түмэн дотроо бодож явсан юмаа гал тогоондоо ярьж, гудамжинд ярьдаг байсан зүйлээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацдаг болов. Тэр үед би ахлах курст байсан. ЗХУ-ын өөрчлөн байгуулалтын давлагаан дотор буцалж гарч ирсэн гэж болно. Ингээд 1988 онд сургуулиа төгсөөд эх орондоо ирж Дархан хотын Политехникийн их сургуульд багшаар ажиллаж эхэлсэн.

Тэгээд их гайхсан л даа. Монголын нэр хүндтэй сургууль хагас цэрэгжилтийн байдалтай, костьюм пиджак, өмсөөгүй эрэгтэй оюутныг, өмд өмссөн эмэгтэй оюутныг сургуулиас хөөдөг байсан нь таалагдаагүй. Багшийн хэлсэн ярьсан бүхнийг тоть шиг давтсан хүүхэд онц сурдаг, өөрийн үзэл бодол, оюутны бүтээлч сэтгэлгээ гэдэг ойлголтгүй, багш нь дектатур маягтай, оюутнууд нь хамжлага ч юм шиг их л сонин байсан. Энэ бүхэнтэй тэмцэж, сургууль дээрээ “Залуу багш нарын бригад” гэж байгуулаад энэ болохгүй байна, үүнийг өөрчлөе гэсэн санаа гаргасан. Сургуулийн захиргаанаас энэ бүхнийг эрс эсэргүүцэн учраас ямар сайндаа нэг жил багшлаад Дарханаас шилжихээс өөр аргагүй байдалд хүрч байх вэ дээ. Улаанбаатар хотод орж ирэнгүүтээ л ангийн анд С.Зориг дээр явж очоод учир байдлаа хэлсэн. С.Зориг надад “Чиний тэмцлийн арга буруу байна. Үүнийг зохион байгуулалтай, үзэл бодлоо нэгтгэж, баримт бичгийн хэлбэрт орж байж эхлүүлэх учиртай” гэсэн. Эхний үед энэ бүхэн надад бүтэшгүй санагдаж байсан ч бид чадсан юм. Ер нь ардчилсан хувьсгал сэхээтэн залуусын санаачилгаар анх үүсээд Монголын ард түмний дэмжлэгтэйгээр хийгдсэн.

-Заавал өлсгөлөнд оролцох хэрэг байсан юм уу. Эхнэрээ эзгүйд хүүхдүүдээ орхиод гарахдаа айж байв уу. Хэрэггүй л алхам хийчихлээ гэж эргэлзэж байсан үе бий юу?
-Айгаагүй гэж худлаа хэлэхгүй ээ. Өрхийн тэргүүн, хоёр хүүхдийн аав, хүний хань учраас надад үүрэх үүрэг хариуцлага их байсан. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд буцах зам байгаагүй. Ардчиллын төлөө нэгдсэн нөхөд маань надад их урам зориг, итгэл, эрч хүч өгч байлаа.

-Тантай мөр зэрэгцэж явсан нөхөд тань таныг ардчилсан холбооны “амьд архив” гэдэг юм билээ?
-Энэ миний хийж байсан ажилтай холбоотой л доо. Ардчилсан холбооны бүхий л бичиг баримтыг би цэгцэлж, янзалдаг байсан. Тэр үедээ бичгийн машин дээр хамгийн хурдан цохидог байсан нь би байсан юм шиг байгаа юм. Бүх бичиг баримтыг мэддэг байсан болохоор ардчилсан холбооны түүхийг ер нь бол гадарлана шүү.

-Хувьсгал ялснаас хойш та Төв аймагт ажиллаж байсан гэсэн. Хувьсгалын үйл хэрэгт оролцсон хэвээр байв уу?
-Аймгууд дээр Ардчилсан холбооны салбар зөвлөл байгуулах явдал чухал байлаа. Шинээр салбар зөвлөл байгуулж байгаа газар арга зүйн зөвлөгөө өгч, наад зах нь бичиг баримттай танилцах хэрэгтэй байсан. Тиймээс Ерөнхий зохицуулах хороо хуралдаж, хөдөө орон нутгаар томилолтоор явуулж байсан юм. Миний хувьд Тэрэлж, Налайхад очиж ажиллаж байлаа. Сүүлд Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурлаас өмнөхөн Хөвсгөл аймагт хамгийн анхны ардчилсан холбооны салбар зөвлөлийг байгуулж байсан юм. Төв аймагт ч энэ ажлаа хийж байсан.

-Таныг “Ардын эрх” сонины Москва дахь сурвалжлагч хийж байсан гэж сонссон?
-Тийм ээ. 1996-1997 оны хооронд “Ардын эрх” сонины тусгай сурвалжлагчаар ажиллах санал ирсэн юм. Би тэр үед нэг л зүйлийг бодож байсан. Чечень явж монголын ард түмэнд халуун цэг дээрээс нь хамгийн сүүлийн үеийн, үнэн бодит мэдээллийг өгөх гэж зүтгэсэн л дээ. Гэхдээ ОХУ-ын гадаад яамнаас зөвшөөрөл авч чадаагүй юм. Нууцаар явах боломж байсан ч би хүсээгүй учраас энэ сурвалжилгыг л хийж чадаагүй. Харин олон хүнээс ярилцлага авч байсан.

-Өнөөдөр Монголд ардчилал, эрх чөлөө хэр байна вэ?
-Бүх зүйлийг хуулийн дагуу хийж байж, тэр нь ардчилал болно. Гэтэл одоо авлига хээл хахууль, ёс суртахууны доголдол их байна. Тэр нь шинэ үеийн залуусыг баллаж байна. Бүхнийг мөнгөөр худалдан авч болно гэсэн бодолтой хүмүүс олон болжээ. Энэ бүхнийг зүй зохист нь оруулах үүднээс оюуны хувьсгал хийх хэрэгтэй байна. Үүнийг жинхэнэ залуус л хийж чадна.

Ж.Тагтаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.