Одноо бол өөрийн гэсэн ертөнцтэй дуучин

2010/03/05
Share |
Хүмүүс:
Одноо бол өөрийн гэсэн ертөнцтэй дуучин

Энэ удаагийн “Шинэ танил” буландаа “Ариун нандин” дуугаараа олонд танигдаж яваа дуучин Ч.Одонцэцэгийг урилаа. “Ариун нандин” хэмээх дуу нь “Хэцүү анги” киноны дуу шүү дээ. Тэрбээр Урлаг судлаач мэргэжилтэй ч “Натур саунд” дуулаачийн курсыг амжилттай төгссөнөөр уран бүтээлийнхээ гарааг эхэлжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Нэлээд завгүй байгаа бололтой. Ямар ажил хийгээд  байна вэ?
-Уг нь он гаргаад хоёр дахь цомгийнхоо ажлыг эхэлчихсэн байсан юм. Гэтэл дундуур нь кинонд тоглох болж цомгийнхоо ажлаа түр хойш нь тавьчихсан. Нэгэнт өөр ажил эхэлчихсэн болохоор түүндээ өөрийгөө бүрэн зориулъя гэж бодож байна. Миний анхны цомог “Би сэрээнэ” гэдэг нэртэйгээр өнгөрсөн жилийн тавдугаар сард гарч байсан   Есөн дуутай. Анхны уран бүтээл гэдэг утгаараа есөн өөр төрлийн дуу гаргахыг хичээсэн. Харин хоёр дахь уран бүтээлдээ нэр өгч амжаагүй байна. Гэхдээ киноныхоо ажлаа дуусгачихаад цомгийнхоо ажилд шаргуу орно.

-Тоглож байгаа киноныхоо талаар сонирхуулаач? Гол дүрд нь тоглож байгаа гэж сонссон?
-“SBN” телевизийнхний хийж байгаа олон ангит кино. 30 ангитай. Гансүх ах намайг проб өгөөд үзээч гэсэн санал тавьсан юм. Багаасаа л мөрөөддөг байсан болохоор их сонирхолтой санагдсан. Анхны кино учраас их хүнд байна. Гэхдээ жүжигчин Бямбацогт, ерөнхий найруулагч Гансүх гээд том, том уран бүтээлчид их дэм өгч байгаа. Дүрийнхээ талаар нэг их тодорхой яримааргүй байна. Товчхон хэлэхэд баян айлын ухаалаг охины дүр л дээ. Энэ охины амьдрал янз бүрийн үйл явдлуудаар дүүрэн. Киноны зохиол нь надад маш их таалагдсан.

-Дүрдээ хэр орж байна. Загнуулж байна уу?
-/инээв/ Гайгүй ээ. Үүнд туршлагатай уран бүтээлчдийн нөлөө байгаа л даа. Түүнээс биш миний жүжиглэх гэж юу байхав. Клипэн дээр жүжиглэх, кинон дээр ярьж жүжиглэх хоёр тэнгэр газар шиг ялгаатай юм байна. Тийм болохоор  их хичээж байгаа. Тэгээд ч миний хувьд олон ангит кинонд гол дүр бүтээнэ гэдэг маш том хүндэтгэл, бас хариуцлага.

-“Ариун нандин” дууны талаар ярихгүй өнгөрч болохгүй нь?
-Тийм шүү. Өнгөрсөн зун энэ дууг бичүүлж байлаа. “Гайз” хамтлагийн Төгсөө ах “Надад ийм дуу байна. Гэхдээ чиний дуулдаг стилиэс өөр, киноны уран бүтээл” гэсэн л дээ. Би чинь дуучин хүн юм чинь ямар ч төрөлд хүчээ үзэх ёстой гэж бодоод дуулсан. Энэ дуу маань ч амжилттай болж, илүү их хүрээг хамарсан юм шиг байгаа юм.

-Киног нь хэр их үзэж байв?
-Эхэндээ нэг их үзэж чаддаггүй байсан. Харин сүүлдээ маш их дурлаж үзсэн шүү. Яг л арван жилийн, шилжилтийн насны хүүхдүүдийн амьдралыг харуулсан байсан.

-Энэ киноноос хойш киноны уран бүтээлд түлхүү ордог болоо юу даа. Сүүлд “Ах дүүс” киноны дууг дуулсан байсан?
-Төгсөө ах тэр киноны ерөнхий найруулагчаар ажилласан юм. Тэгээд л дуулсан хэрэг. Хоёр ч дууг нь дуулсан. Кино нь ч гэсэн нэгийг бодууштай кино байна лээ. Хүмүүс киноны дуу дуулж гарч ирчихээд дараа нь дахиад киноны дуу дуулаад байна гээд бизнес тал руугаа бодоод байх шиг. Харин би бол уран бүтээл гэдэг талаас нь хүлээж авсан. Хүнд хүрсэн цаг хугацаа нь их ойрхон таарсан болохоор ингэж ойлгоод байгаа байх л даа.

-Чи бол альтернатив чиглэлээр дуулдаг. Энэ чиглэлээр дуулахад хэр хүнд байна вэ?
-Манай аав хуучны рок хөгжмүүдийг сонсдог байсан. Тийм болохоор ч тэр үү, би рок хөгжимд өөрийн эрхгүй татагдсан. Ер нь хүүхэд болгон би дуучин, жүжигчин болно гэж мөрөөддөг байх. Би ч гэсэн тийм байсан. Гэхдээ энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд маш их хүсч, дурлаж, мөрөөдөж, хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгож, ухамсарладаг.

-Одноо ер нь ямар дуучин бэ? Өөрийгөө нэг өгүүлбэрээр тодорхойлооч?
-Одноо бол өөрийн гэсэн ертөнцтэй л дуучин. Бодож, санадаг зүйлээ өөрийнхөө уран бүтээлээр илэрхийлэхийг боддог. Яагаад гэвэл би хайрыг “Би чамд хайртай” гэж дуулахыг хүсдэггүй. Хайрыг чинь өөрөөр дуулж болно шүү дээ. Яагаад заавал гэгээлэг зүйл дуулах ёстой гэж. Яагаад хэцүү амьдралыг дуулж болохгүй гэж. Би өөрийнхөө мэдрэмжээ дуугаараа илэрхийлдэг.

-Тэгвэл чиний хувьд хайр гэж юу вэ?
-Хайр гэж нэрлэсэн л болохоос биш үгээр хэлж боломгүй агуу зүйл шүү дээ. Ялангуяа аав, ээжийн хайр бол үнэхээр агуу. Харин хосуудын хайрын хойно дурлал гэдэг үг байнга хослож явах болов уу гэж боддог.

-Урлагийн ертөнцөд дөнгөж хөл тавьж байгаагийн хувьд энэ ертөнцөөс хамгийн түрүүнд юу олж авахыг хүсч байна?
-Олж авахыг хүсч байна гэхээсээ илүү, юу хийхийг хүсч байна гэвэл илүү зохих байх. Маш чанартай олон уран бүтээл хийхийг хүсч байна. Мэдээж цаашдаа хэцүү зүйл их тохиолдоно. Тэр болгоныг даван туулахыг хүсч байна. Бас тодорхой хэмжээгээр ард түмэн намайг хүлээж аваасай гэж хүсч байна. Гэхдээ би өөрийнхөө ертөнцийг, мэдрэмжийг дуугаараа илэрхийлж байгаа болохоор хүн  болгонд таалагдах албагүй л дээ.

-Чиний хувьд өрсөлдөгч гэж хэн бэ?
-Би ер нь юмыг өрсөлдөгч гэж хүлээж авдаггүй л дээ. Яагаад гэвэл хүн болгон өөр өөр зүйл хийдэг. Бас тэд өөрсдийн гэсэн онцлогтой. Би ч гэсэн өөрийн гэсэн онцлогтой. Тийм болохоор аливаа юмнаас өрсөлдөөн гэдэг зүйлийг олж хардаггүй.

-Дууныхаа ая, үгийг өөрөө зохиодог гэсэн байх аа?
-Өөрийнхөө хэмжээнд л банзан гитараа “нүдэж” байгаад дуугаа зохиочихдог. Би анх гитар тоглодог гээд аймаар том юм ярьдаг байлаа. Одоо больчихсон/инээв/. Хааяа “Хурд” хамтлагийн студи дээр очиж бэлтгэл хийдэг юм. Тийм мундаг хүмүүсийн дэргэд байхдаа өөрийгөө өчүүхэн гэдгийг мэдэрдэг юм билээ.

Б.Өрнөхзаяа /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Lmwgxxfv , https://carolromine.com/profil es/blogs/mp3 ادم_ياغرامي_Mp3, http://coghillthecon.ning.com/ profiles/blogs/1131957:BlogPos t:20918 موقع_زواج_زفافنا _:_بنت_الاشراف, http://bricolocal.com/profiles /blogs/6432025:BlogPost:405781 بكم_موقع_في_زواج_ مجاني_مصرى_مرحبا _عربي_بالصور,
IP:5.62.152.12  2018-12-16 10:29:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.