Уул уурхайн бизнес эрхлэхээр зэхэж буй Асашёорюү Д.Дагвадорж Нью-Йоркийн хөрөнгийн биржээр орж үнэт цаасны арилжаа сонирхжээ

2010/03/06
Share |
Уул уурхайн бизнес эрхлэхээр зэхэж буй Асашёорюү Д.Дагвадорж Нью-Йоркийн хөрөнгийн биржээр орж үнэт цаасны арилжаа сонирхжээ

Зодог тайлаад удаагүй байгаа их аварга Асашёорюү Д.Дагвадорж Нью-Йоркод ирсэн тухай Японы спортын "Чүничи Спортс" сонин өнгөрсөн Лхагва гарагт мэдээлсэнийг "Bloomberg" иш татав. Гурван долоо хоногийн өмнө зодог тайлсан даруйдаа АНУ-д ирсэн их аварга Хавайд арваад хоног амарч, тэндээсээ Лос-Анжелест очиж гурав хоноод Нью-Йоркод ирсэн нь энэ юм. Их аварга энд хоёр өдөр болохдоо дэлхийн ажил хэрэг бизнесийн нэг гол төв гэгддэг Уолл Стрийтээр оржээ.

Чухам ямар хэргээр хэнтэй уулзсаныг нь Японы сонин олж мэдээгүй боловч, "Ямар ч байсан ажил хэргийн уулзалтууд хийсэн" гэсэн байна. Уолл Стрийт гудамжинд Америкийн хөрөнгийн бирж, Нью-Йоркийн хөрөнгийн бирж, Нью-Йоркийн металлын бирж, NASDAQ үнэт цаасны зах зэрэг бизнесийн аварга байгууллагууд байдаг бөгөөд 22-ны Даваа гарагт их аварга Нью-Йоркийн хөрөнгийн биржээр орж үнэт цаасны арилжаа сонирхжээ.

Түүний ажил хэрэгч маягийн хар өнгийн костюм зангиатай явсаныг "Чүничи Спортс" сонин онцлон дурьдсан байна. Д.Дагвадоржийн гэр бүлийнхэн Монголдоо банк, хөрөнгө оруулалтын чиглэлээр бизнес эрхэлж байгааг сонин мөн дурьджээ.

Гэхдээ тэдний гэр бүлийнхэний бизнесийн талаар Японы сонин мэдээлэл муутай байгаа бололтой. Д.Дагвадоржийн ах Д.Сумъяабазарын саяхан мэдэгдсэнээр тэд уул уурхайн салбарт хүчээ сорих бодолтой байгаа бөгөөд үүнийг нь бататгах мэт нэгэн үйл явдал өчигдөр ШУТИС дээр болсон юм. Юу гэвэл "АСА" группын ерөнхийлөгч Д.Сэржбүдээ, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нар Пүрэв гарагт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний зорилго нь "АСА" групп тус сургуульд амжилттай суралцаж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох, дадлага хийлгэх, ажлын байраар хангах, гадаадад мэргэжил дээшлүүлэх, шинжлэх ухааны шинэ мэдээ мэдээлэл солилцох зэрэг олон талаар туслах гэнэ. "Хөдөлмөрийн зах зээлд зам тээвэр, барилга байгууламж, уул уурхайн дээд мэргэжилтэй боловсон хүчин чухал учир "АСА" группынхан тус сургуультай хамтарч ажиллахаар болсон" хэмээн талууд албан ёсоор мэдэгджээ.

Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэдэг Монголын цорын ганц сургуультай ийнхүү хамтран ажиллах болсон нь Д.Дагвадоржийн гэр бүлийнхэн ирээдүйн бизнесийнхээ тулгын нэг чулууг тавьж байна гэдэг бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.

Нью-Йоркоос их аварга Лхагва гарагт шууд нислэгээр Токиод ирсэн байна. Наритагийн онгоцны буудалд хүлээж байсан сэтгүүлчид түүнийг наранд нэлээд борлосон, хөнгөн шингэн байсныг тэмдэглэжээ. Тэрбээр үсээ сүлжиж ардаа боосон, цагаан хүрээтэй ганган шил, хар цамцтай явахаас гадна бие хамгаалагчийн хамтаар онгоцноос буусан бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариулалгүй тэдний зүг гар даллан мэндчилээд, инээмсэглэсээр машинд сууж одсон гэнэ.

Японы хэвлэлүүдийн мэдээлсэнээр, Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн нэгдүгээр сарын башёгийн өмнө цэнгээний газар хүн зодсон асуудлаар мэдүүлэг өгч магадгүй гэнэ. Гэхдээ энэ нь сайн дурын асуудал бөгөөд өөрөө мэдүүлэг өгөхгүй гэвэл цагдаагийнхан түүнийг өг гэж шаардах боломжгүй аж.

Их аваргыг зодог тайлсаны дараа түүнтэй шууд бус ч гэсэн холбоотой байж мэдэх үйл явдал сүмогийн ертөнцөд өрнөж байна. Өнгөрсөн Мягмар гарагт Японы Сүмо бөхийн холбоо хуралдаж гадаадын харъяат нарыг сүмод элсүүлэх журмыг эрс чангалсан шийдвэр гаргажээ. Өмнө нь гадаадын иргэдийг дэвжээндээ элсүүлсэн ояката нарыг дахин гаднын харъяат авахыг хориглосон байна. Зарим ояката дэвжээндээ элсүүлээд удсан гадаадын иргэнийг хөөцөлдөж байж Японы иргэн болгоод, гарсан ор дээр нь гаднын хүн авах явдал цөөнгүй байсан юм. Тухайлбал, Тацүнами дэвжээнд ийм маягаар гурван монгол "шингэсэн" байна. Холбооны шинэ шийдвэр энэ хаврын элсэлтийн дараагаас хүчин төгөлдөр үйлчлэх ажээ.

ТЭРГYYН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Майский купить Лирика 300мг (Прегаба
IP:193.32.95.12  2018-07-29 17:12:02
jaoiopmser Купить Гашиш ПолярныРµ Зори Москва ТропарёР²Ð¾-НикулÐ
IP:193.32.94.122  2018-09-02 18:24:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.