Чилийн газар хөдлөлт дэлхийн газар зүйд нөлөөлжээ

2010/03/11
Share |
Хүмүүс:
Чилийн газар хөдлөлт дэлхийн газар зүйд нөлөөлжээ

2010 он гарснаас хойш дэлхий дахинд хүчтэй газар хөдлөлт гурван удаа боллоо. Өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд Гаитид рихтерийн шаталбараар долоон магнитутын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 220 мянган, хоёрдугаар сарын 27-нд Чилид болсон 8,8 баллын хүчтэй газар хөдлөлтөд 800 гаруй, Тайваньд болсон 6,4 баллын газар хөдлөлтөд хоёр мянга гаруй хүн тус тус амиа алдсан юм. Энэ бүх аюулын чимээ намжаагүй байхад өөр бусад орнуудад ч их бага хэмжээгээр газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсээр байна. Чилид болсон газар хөдлөлт дэлхийн тэнхлэгийг өөрчилсөн тухай Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу НАСА мэдээлсэн юм. Эрдэмтэд дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн шалтгааныг нарийн тогтоогоогүй ч энэ өөрчлөлт өдрийн үргэлжлэх хугацааг богиносгосныг мэдэгджээ.

Дэлхийн эргэлтийг хурдасгахад нөлөөлсөн Чилийн сүйрэл түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой хэмээн НАСА-гийн албан ёсны цахим мэдээнд бичсэн байна. Чилийн газар хөдлөлт дэлхийн өдрийн уртыг 1,26 микросекундээр богиносгосон тооцоог Америкийн геофизикч Ричард Гросс гаргажээ. Микросекунд нь нэг секундийг сая хуваасны нэгтэй тэнцэнэ. Дэлхийн бөмбөрцөгийн хэмжээтэй харьцуулахад найман сантиметрийн өөрчлөлт ямар уршиг тарихыг одоогоор эрдэмтэд судлаж байгаа юм. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хөнөөлтэй цунами үүсгэсэн, 2004 онд Суматрийн аралд болсон газар хөдлөлт өдрийн уртыг 6,8 микросекундээр богиносгож, дэлхийн тэнхлэгийг долоо орчим сантиметрээр хөдөлгөж байжээ.

2004 оны газар хөдлөлт дэлхийн тэнхлэгт арай бага нөлөө үзүүлсэн нь уг чичирхийлэл эквадорт харьцангуй ойр байсан, бас голомт нь гадаргад дөт байсантай холбоотой хэмээн эрдэмтэн Гросс онцлон тэмдэглэсэн байна. АНУ-ын Огайо мужийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан тооцоогоор Аргентины нийслэл Буэнос-Айресын газар нутгийг баруун зүг рүү 2,5 сантиметр нүүхэд нөлөөлжээ. Мөн Чилийн Саньтяго хот нь байсан сууринаасаа 28 сантиметрээр нүүсэн байна. Чилийн газар хөдлөлт нь хүн төрөлхтний түүхэнд дэлхийн газар зүйд нөлөөлсөн тав дахь хүчтэй газар хөдлөлт байжээ. Өнөөдрийг хүртэл Гаити улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж үргэлжилсээр байгаа юм. Газар хөдлөлтөд нурсан тус улсын Ерөнхийлөгчийн ордны өмнө энэ долоо хоногийн мягмар гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Гаитийн Ерөнхийлөгч Рене Преваль нэгэн мэдэгдэл хийжээ.

Тэрбээр олон улсын байгууллагаас ирүүлж буй хүнсний тусламжийг авахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Преваль "Бид энэхүү тусламжийг авсаар байвал манай үйлдвэр, худалдаа дампуурахад хүрнэ. Тиймээс ард түмнээ ажлын байраар хангахын тулд дотоодынхоо зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Бидний гол зорилго хүмүүсээ ажлаар хангах явдал. Гадны тусламж нь үүнд саад болж байна" гэдгийг мэдэгдэлдээ онцлон тэмдэглэв. АНУ болон олон улсын байгууллагууд гаитчуудад гамшгийг даван туулахад тусламж үзүүлж байгаад мөн талархлаа илэрхийлсэн байна.

Ирэх зургадугаар сард Гаитид хар салхины улирал болох тул аюулгүй байдлаа хангах бэлтгэлээ базаах хэрэгтэйг онцолж байлаа. Харин НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн асуудал хариуцсан төлөөлөгч Стив Рожер энэ талаар "Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст тycлaмжaa үргэлжлүүлэн хүргэх хэрэгтэй. Тэдэнд хүнсээ авах мөнгө байхгүй. Тиймээс бид хүнс болон усны хэрэгцээг нь хангах тал дээр илүү ихийг хийх болно" гэжээ. Харин Улаан загалмайн нийгэмлэгээс орон гэргүй болсон гаитчуудыг ирэх тавдугаар cap хүртэл майхнаар хангахаа мэдэгдэв.

Э.Оджаргал /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.