Сурталчилгаанд учир бий

2010/03/12
Share |
Хүмүүс:
Сурталчилгаанд учир бий

Усны хувцастай бүсгүй бассейнээс гарч ирэхэд хоёр залуу гартаа барьсан шар айрагныхаа шилээр даллан удирдана. Нүцгэн шахуу бүсгүйгээр имижээ хийсэн шар айрагны энэ мэт сурталчилгааг бид хүүхэдтэйгээ зэрэгцэн орой бүр телевизээр үздэг. Энэчлэн угаалгын нунтаг, ариун цэврийн хэрэглэл, живх, сүү, жүүс, архи, тамхи, эм гээд тасралтгүй үргэлжлэх бараа бүтээгдэхүүн бүр янз бүрийн дүр байдал, үг хэллэгтэйгээр хөвөрнө. Олны танил эрхмүүд архи ундаа уугаад л, балчир хүүхдүүд баталгаатай баталгаагүй нь үл мэдэгдэх эм залгилаад л эсэн бусын сурталчилгаа ямар хяналт дор гардгийг тааж мэдэхэд бэрхшээлтэй…

Уг нь одооны манай нөхцөлд иргэдэд бараа бүтээгдэхүүний танин мэдэхүйн сурталчилгаа хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн өрсөлдөөнд бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл чухал болсон цаг үе. Шударга бус өрсөлдөөний хэв шинж нь шударга бус сурталчилгаа юм. Иймээс сурталчилгааг хуулиар зохицуулах шаардлагатай болдог. Манай оронд 2002 онд Зар сурталчилгааны хуулийг баталжээ. Өрсөлдөөн бол зах зээлийн хөдөлгүүр. Энэ хөдөлгүүрийг хөдөлгөгч хүч нь сурталчилгаа гэж болно. Тиймээс бид сурталчилгааны хуульд ихээхэн ултай хандах ёстой юм. Монгол Улс хүүхэд залуучуудын орон учраас тэдний нийгмийн байдлыг дээд зэргээр бодолцсон заалтуудыг хуульдаа тусгах хэрэгтэй байна.

Дэлхийн улс орнууд ч энэ асуудалд ихэд анхаардаг. Жишээлбэл, Бельгид хүүхдэд зориулсан аливаа сурталчилгаа хориотой. Австрид хүүхэд рүү шууд хандсан сурталчилгааны үг, Италид хүүхдийг хоол идэж байгаагаар үзүүлэхийг, Шведэд хүүхдийг аюултай байдалд байгаагаар сурталчилгаанд үзүүлэхийг тус тус хориглодог аж. Мөн Шведэд цэрэг дайны шинжтэй тоглоомын суралчилгаа хязгаартай.

Мөн зар сурталчилгааны хуульд иргэдийнхээ эрүүл мэнд эрх ашгийг хамгаалсан заалтуудыг голлон оруулсан байдаг ажээ. Тухайлбал, олон оронд тамхи болон спиртийн зүйл хориотой юмуу хязгаарлагдсан байдаг. Англид “баталж байна, баталгаа өгч байңа” гэсэн үгийг сурталчилгаанд хэрэглэхийг хориглодог бөгөөд Франц, Герман, Швед, Англид харьцуулсан сурталчилгаа хориотой, Шведэд эмчийн жороор олгодог эмийн сурталчилгаа хязгаартай. Австри, Франц, Италид эмийн зүйлийг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авмны үндсэн дээр сурталчилна.

Сурталчилгаа бол зах зээлийн өрсөлдөөний илрэл. Өрсөлдөөнд хүчтэй ухаантай нь ялдаг жамтай учир зах зээл дээр тэдгээр компанийн монополь тогтох магадлал өндар байдаг учир хязгаарлалт тогтоох нь зүй юм. Мөн Италид үндэсний өнга буюу цагаан ногоон өнга хослосон сурталчилгаа, Бразилд төрийн сүлд бүхий дүрслэлтэй сурталчилгаа хориотой. Хэд хэдэн оронд сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэхийг хязгаарлажээ. Тухайлбал, Шведэд телевиз болон радиогоор сурталчилгаа явуулах нь хориотой. Швейцарь, Финляндад сурталчилгааг радиогоор нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд Финляндад тогтсон өдөр л зурагтаар нэвтрүүлдэг байна.

Тэгвэл Германд телевизийн сурталчилгаа бямбаас бусад гарагт 18.00-20.00 цагт л нэвтэрнэ, Итали, Швейцарьт нэг бүтээгдэхүүнийг долоо хоногт хоёроос олонгүй удаа нэвтрүүлдэг. Мөн нэлээд орон бүтээгдэхүүндээ урамшуулал, шагнал, эрхийн бичиг дагалдуулсан сурталчилгааг хориглодог, тэр атугай “нэгийн үнээр хоёрыг” гэсэн үгийг хориглож байна. Үндэснийхээ хүндэтгэлийг ч сурталчилгааны хуульдаа тусгажээ. Жишээлбэл Итали Улс үндэснийхээ өнгө буюу цагаан, ногоон өнгөний хослолыг сурталчилгаанд тусгахыг хориглодог байхад Бразил төрийн сүлдээ сурталчилгаанд хэрэглэхийг хориглодог. Тэгвэл манайд? Байдал ямрыг иргэд сайн мэдэх учир харьцуулсангүй. Харин дурдахгүй өнгөрч болохгүй зүйл бий. Учир нь манай Зар сурталчилгааны тухай хууль тун ерөнхий, тунхаг шинжтэй байна. Уг нь Сурталчилгааны хуульд бүгдийг нарийвчлан тусгах ёстой болов уу.

Жишээ нь,
- насанд хүрээгүйчүүдийн эрх ашгийг сурталчилгаанд хамгаалах
- сурталчилж болохгүй бараа бүтээгдэхүүн
- зайны борлуулалтын барааны сурталчилгаа
- шагнал урамшуулалт арга хэмжээний сурталчилгаа
- сурталчилгааны барааны үйлчлэх хүчинтэй хугацаа
- сурталчилгааны барааны хадгалах хугацаа
- сурталчилгааны хэрэгсэл
- телевиз, телевизийн нэвтрүүлгээр явуулах сурталчилгаа
- радио, радиогийн нэвтрүүлгээр явуулах сурталчилгаа
- хэвлэлээр нийтлэх сурталчилгаа
- кино, видео үйлчилгээгээр явуулах сурталчилгаа
- цахим шуудангаар явуулах сурталчилгаа гэхчилэн маш олон заалт манай хуульд үгүйлэгдэж байна. Ер нь нийгмийн харилцааны аливаа асуудлыг, ялангуяа хуулийг явцуу гэлтгүй ач холбогдлыг нь бага гаптгүйгээр өргөн хүрээнд, үндэснийхээ онцлог, эрх ашгийг бодолцож боловсруулах хэрэгтэй санагдана. Бидний үлгэрлэх дуртай гадаадын орнууд зах зээлийн өрсөлдөөн гэдгийг, сурталчилгаа гэдгийг ямар өргөн хүрээнд, ямар ул суурьтай боловсруулж байгааг товчхон хөндөхөд ийм байна.

Л.Эрдэнэмаа Цаг.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.