Амиа хорлосон гэх байлдагчийн ээж Ё.Энхтуяа

2010/03/15
Share |
Хүмүүс:
Амиа хорлосон гэх байлдагчийн ээж Ё.Энхтуяа

Сүү шиг цагаан, бүр хэтэрхий гэмээр зөөлөн сэтгэл зөвхөн эх хүнд л бий. Тэгсэн хэрнээ чулуу шиг хатуу, бүр төсөөлж ч боломгүй өшөө хорслыг тээх зүрх, зориг бас л эх хүнд байдаг аж. Тэс өөр энэ хоёр араншингийн аль, аль нь хайраас эхтэй. Үрээ хайрласан эхийн сэтгэл ямар ч харыг цагаанаар будах шидтэй гэдэг. Харин хагацал үзэж, үрийнхээ араас халагласан ээжийн шаналал сүү шиг сэтгэлийг нь мөс шиг хүйтэн, хад шиг хатуу болгож орхидог аж.

Ийм нэгэн ээжийн хөндүүр сэтгэлийг эрээ цээргүй онгичсондоо хүлцэл өчье. Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан байлдагч найз охиндоо хаягдсанаас болоод амиа хорлолоо гэсэн мэдээлэл одоогоос 20 гаруй хоногийн өмнө хэвлэлүүдэд гарсан.

“Зүгээр л шар айраг уумаар санагдахаараа дарга нараа буудаад хөнөөчихдөг, найз охиндоо хаягдлаа гээд л амиа хорлочихдог” хэмээн монгол цэргийн тэнэг бас “хэврэг” болсныг гайхаж, шогширсон хүн энэ үед олон байсан юм. Амиа хорлосон гэх байлдагч А-ийн ээж Ё.Энхтуяа харин үүнтэй санал нийлэхгүй байна. Төрсөн өдөр нь гуравхан хоногийн дараа болж, 23 нас хүрэх байсан хүү нь юунаас болж амиа алдсан юм бол? Талийгаачийн ээжтэй энэ талаар ярилцлаа. Гандантэгчинлэн хийдийн зүүн хаалганы харалдаа суудаг үзмэрч нарын нэг нь тэр. 50 гаруй насны энэ эмэгтэй хүүгийнхээ тухай ярихдаа яг л эр хүн шиг сөөнгө хоолойгоор хэнгэнэтэл уйлах аж. Тэгээд л таван минут хүрэхгүй хугацаанд тамхи татах нь өөрийгөө тайтгаруулах гэснийх биз.

-Таны хүүг найз охиноосоо болж амиа хорлосон тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хэрэв эмэгтэй хүнээс болж амиа хорлох байсан бол миний хүү бүр хоёр жилийн өмнө үхэх байсан юм. Тэр үед найзалж байсан бүсгүй нь хүүг маань хөдөө ажилд яваад ирэх хооронд найзтай нь суучихсан. Тийм л эмзэг турьхан сэтгэлтэй байсан бол миний хүү тэр үед амиа хорлох нь яагаав. Тэрнээс хойш хүү маань найз охинтой болоогүй. Хэрэв байсан бол бидэнд хэлнэ. Их нээлттэй, сэргэлэн залуу байсан юм. Эмэгтэй хүнээс болж амиа хорлоогүйг нь би  баттай хэлж чадна. Миний хүүд ямар ч найз эмэгтэй байгаагүй.

-Тэгвэл хүүг чинь амиа алдахад хүргэсэн өөр ямар шалтгаан байж болох вэ. Танд ямар нэг таамаг байна уу?
- Миний хүү амиа хорлоогүй. Хоолойгоо боогоогүй. Харин хүнд алуулсан. Тэрэнд маань амиа хорлох ямар ч шалтгаан байгаагүй. Хар багаасаа зовлон үзэж, хүнд хүчир ажил хийж  үзсэн хүү. Өөрөө дурлаж байж цэрэгт явсан юм шүү дээ. Хавар цэрэг татлагад ороод тэнцээгүй. Намар нь дахиад шалгуулж тэнцээд явсан. “Ээж ээ, хүү нь эр хүн болоод ирнэ” гээд явсан түүнийг маань эрлэг рүү явуулчихлаа/уйлав/.

Эгч нь таван сайхан хүүтэй, хоёр охинтой өрх толгойлсон эмэгтэй. Талийгаач хүү маань миний гурав дахь хүүхэд. Энэ гэрийн сор нь байлаа. Цэргээс ирээд цагдаагийн сургуульд орно гэж ярьдаг байсан. Нас барсан өдрөөс нь гурав хоногийн дараа талийгаачийн төрсөн өдөр болсон. “Төрсөн өдрөөрөө чөлөө аваад гэртээ очино оо, ээжээ надад 1000 төгрөг л байхад хүрээд оччихно” гэж байсан юм шүү дээ. Үхнэ гэж бодож байсан хүн тийм юм ярих уу даа энэ чинь.

-Цагдаа нар энэ хэргийг шалгаж байгаа юу. Хүүг чинь амиа хорлосон уу, эсвэл хүний гарт алуулсан уу гэдгийг шүүх эмнэлэг тогтооно шүү дээ?
-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахгүй 21 хонож байна. Яагаад ингэж удаад байгааг нь ойлгохгүй юм. Цагдаагийнхан тэр дүгнэлтийг нь хүлээж байгаа л гэх юм. Боож үхээгүй нь харваас илт байтал миний хүүтэй тэр өдөр харуулд гарч байсан цэргүүдийг нь яагаад байцааж, шалгахгүй байгааг ойлгохгүй байна.

-Хүү чинь нас барсныг танд хэн, хэзээ анх дуулгасан бэ. Цогцсыг нь харахад хоолойгоо боосон шинж тэмдэг байгаагүй юм уу?
- Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өглөө 06:30 цагийн үед миний хүү өнгөрсөн гэсэн. Хоёр цагийн дараа над руу ангийн дарга нь утасдсан. “Хүүд чинь золгүй явдал тохиолдлоо” гэхээр нь хөл, гараа гэмтээчихсэн юм байх даа гэж бодоод, “Яасан юм бэ?” гэтэл “Амиа хорлосон” гэсэн. Тэрнээс хойш үнэндээ ухаан санаа орж гараад 05 дугаар анги хүрэх замд болсон зарим зүйлийг эгч нь санадаггүй юм. Ах нарыг нь дагуулаад  цэргийн ангид очиход цогцсыг нь шүүх эмнэлэг аваад явчихсан байсан. Тэгээд бид тэндээс гарч шүүх эмнэлэг рүү очтол аль хэдийнэ задлан хийчихсэн байсан. Цогцсыг нь хартал хүзүүнийх нь баруун хэсэг, чихнийх нь харалдаа доор хэсэг газар гүвдрүүтээд, улаан нялга болж, цус шүүрчихсэн байсан. Биеийнх нь өөр аль ч хэсэгт ямар ч гэмтэл, шарх байгаагүй. Хоолой нь боосон хүний хүзүү, царай нь тэр чигээрээ хөхөрч, боолтны ул мөр үлдэх ёстой биз дээ. Ямар нэг зүйлээр хүчтэй цохьсон байх гэмээр тэр шархнаас өөр ямар ч ул мөр, шарх байгаагүй учраас би хүүгээ хүний гарт амиа алдсанд нь ийм итгэлтэй байгаа юм.

-Хүүд чинь хэн нэг хүн дарамт үзүүлдэг байсан уу. Гэрийнхэндээ тийм зүйл ярьж байсан уу?
-Миний хүү цэрэгт яваад гурван сар ч болоогүй байсан. Тэр хугацаанд бид нийтдээ таван удаа эргэсэн. Эхлээд, цэрэгт очсоныхоо дараахан бичгийн цагаан цаас, өөр юу ч гэлээ дээ, баахан юм захиад байхаар би тэрийг нь аваад ахаар нь өгч явуулсан юм. Дараа нь ах нь тангаргийн баяраар нь очсон. Тэгэхэд миний хүү ахдаа, цаашаа хараад зогсож байсан  нэг туранхайдуу залууг заагаад “Энэ “А” дарга намайг зодоод байгаа” гэж хэлсэн гэсэн. Ах нь тэгэхэд тоогоогүй. Дүүгээ жаахан шантраа биз гэж бодсон гэсэн. Тэр өдөр ахаасаа 10 мянган төгрөг нэхсээр байгаад авсан байсан. “Манай нэг даргын эхнэр төрөөд, бид нарыг хүүхдийн тэрэг авч өг гээд байна” гэхээр нь ах нь тэр мөнгийг өгсөн юм билээ. Ангаахай шиг хүний гар хараад хоол идэж байгаа цэргүүдээс хэн гэдэг даварсан новш нь хүүхдийнхээ түрдэг тэрэгний мөнгийг гаргуулж байгаа юм бэ. Энэ дарамт биш үү?/уйлав/

Тэрнээс хойш миний хүү долоо хонохгүй л юм нэхдэг болсон. “Ээж ээ, 4000 төгрөг. Ээж ээ, 5000 төгрөг явуул. Ээж ээ, ариун цэврийн цаас, саван, угаалгын нунтаг, захны даавуу, оймс” гээд л. Тэр болгоныг нь би чадлаараа л өгч явуулдаг байсан. Тэр нь л буруу болчихсон юм шиг байна. Өгөөд байдаг болохоор цаадуул нь давраад байсан юм шиг байна. Хамгийн сүүлд, нас барахаас нь хоёр хоногийн өмнө эмэгтэй дүү нь гурван ширхэг барааны саван аваад эргэж очсон. Ахыгаа гараад ирэхээр нь дүү нь тоглоод  “Шар чичүүл /гэрийнхэн нь А-г тэгж дууддаг байжээ/ над дээр!” гэхэд өмнө ёслоод л инээгээд зогсож байсан гэнэ билээ. “Ах нь төрсөн өдрөөрөө чөлөө аваад очино” гээд ярьж байтал анги дотор нь байдаг станцаар нэг хүн “Байлдагч А, сагсны бооцоотой тэнмцээн болно. 2000 төгрөг өгөөрэй” гэсэн байгаа юм. Тэгээд дүү нь тэр мөнгийг өгсөн байсан. 

-Яагаад үргэлж юм нэхдэг байсныг ангийнх нь удирдлагуудаас асуусан уу?
-Хүүгээ өнгөрсний дараа очихдоо асуусан. Яагаад танай анги долоо хоноогүй байхад угаалгын нунтаг, саван нэхдэг юм. Танайхаас хангаж өгдөггүй юм уу, эсвэл миний хүү сугаалгын нунтаг ууж, саван байдаг байсан хэрэг үү. Сагсны тэмцээн болоход цэргүүдээс мөнгө авах ёстой юм уу гэсэн. Дарга нь нярваа дуудаж ирээд бидэнд тайлбар өгсөн л дөө. Ариун цэврийн хэрэгслийг нь бид долоо хоног тутамд хангалттай өгдөг, тэгж гэрээсээ нэхэх үндэс байхгүй. Сагсны тэмцээний бооцооны мөнгийг ангиас гаргадаг учраас цэргүүдээс авах шаардлага байхгүй гэж дарга нь хэлсэн. Гэтэл миний хүү яагаад долоо хоноогүй юм нэхдэг байсан байх вэ? Энийг л ойлгохгүй байна. 

 -Хүүтэй чинь хамт харуулд гарч байсан цэргүүд тэр өглөө болсон явдлын талаар танд юм ярьсан уу?
-Тэр өглөө миний хүү 00:06 цагт харуулд гараад 08:00 цагт буух ёстой байсан. Харуулд гарснаасаа хойш 20-30 гаруй минутын дараа л өнгөрсөн юм шиг байна лээ. 170 см-ийн өндөртэй, их биерхүү. Гэтэл миний хүүг харуулын бүхээгийн хашлагаас дүүжилж үхсэн гэж байгаа юм. Тэр хашлага нь 50 см хүрэхгүй өндөртэй гээд бод доо. Тэгээд тухайн үед харуулд гарч байсан цэргүүдийн зарим нь миний хүүг үхснийхээ дараа хагас суугаа байдалтай байсан гэсэн бол нөгөө хэсэг нь хэвтээ байсан гээд л ам нь зөрж байгаа. Зүгээр л эрүүл ухаанаар бодоод үзэхэд тийм өндөр хүн намхан хашлаганаас өөрийгөө боомилох гээд газар хэвтэж, хүзүүгээрээ чангааж байх уу. Тэгж л амиа хорломоор байсан юм бол өөртөө байсан 60 сумтай буугаар тархи руугаа нэг буудсан нь илүү хурдан үхүүлнэ биз дээ. Хэн нэг нь миний хүүгийн хүзүүг бууны бөгсөөр цохиж унагаад сэрэхгүй болохоор нь хоолойгоо боосон болгочихсон байх гэж би бодож байгаа. Ангийнх нь дарга хүртэл гайхаад “Танай хүү амиа хорлох хүн биш” гэж байсан. Тэр ангид дарамт байдаг, урьд нь хоёр ч цэрэг оргосон тухай тэд өөрсдөө бидэнд ам алдсан. Тэнд байсан нэг цэрэг миний хүүд амаараа нь амьсгал хийсэн гэсэн. Би тэрнээс “Тэгэхэд талийгаачийн хоолойноос эвгүй дуу гарсан уу” гэхэд үгүй гэсэн. Боож үхсэн хүний хоолойноос заавал эвгүй дуу чимээ гардгийг би мэднэ шүү дээ.

“Цэргийн ангиудад дарамт байхгүй” гээд л байдаг. Энэ худлаа. Өчнөөн л сайхан хүний үрс цэрэгт яваад үхлээ. Эцэг эхчүүд нь тэднийхээ ясыг өндөлзүүлэхгүй гэсэндээ дуугүй өнгөрдөг байхгүй юу. Би бол тэгж яасан ч чадахгүй. Өнөөдөр би тэнэгтээ, эсвэл зориг¬тойдоо ч юм уу энэ бүхнийг ярихыг хүссэн юм. Цэрэг, цагдаа, шүүх эм¬нэлгийнхэн хоорондоо цус ойрт¬сон, ямар ч хэргийг хэрэг биш бол-гож чаддаг гэж хүмүүс ярьдаг юм билээ. Үнэн болоод миний хүүгийн зад¬лан шинжилгээний хариу гарах¬гүй ингэж удаж байгаа юм байлгүй. Миний хүүд задлан шинжилгээ хийж, шүүх эмнэлгийн дүгнэлт гар¬гаж байгаа эмч нь Туяа гэж хүн байгаа гэсэн. Би тэр хүнд зориуд хэлье. Та биднийг тэнэг гэж л бодоогүй бол миний хүүг амиа хорлосон гэсэн дүгнэлт гаргах ёсгүй, бид харсан. Хүмүүс ярьдаг юм байна лээ. “Хараал хийж ална” гэж. Хэрэв миний хүүг алсан алуурчныг олж өгөхгүйгээр хэрэгтнийг хаацайлах юм бол цэрэг, цагдаа, шүүх эмнэлгийнхэн гээд хэнд нь ч байсан чадлаараа хатуурхана. Ийм хүмүүс сайнаа үзэхгүй.

Тэр ингэж хэлээд хэсэг хуга¬цаанд зогсолтгүй уйлав. Тэгээд тайв¬ширч, өмнөө байсан ширээн дээрх ширдэг дороос хүүгийнхээ зургийг гаргаж хараад өмөлзлөө. Өндөр нуруутай, өтгөн хөмсөгтэй, онигор шар залуу цэргийн хувцсаа өмсөөд инээмсэглэн зогсож байна. “Эгч нь хүүгийнхээ зургийг сонинд тавиулахгүй ээ” гэж хэлээд зургийг буцаагаад далд хийчихэв

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda ÐÐ¼Ð¸Ñ‚Ñ€Ð¸Ð¿Ñ ‚илин без рецептоР² купить стаф в Усть-Лаб
IP:95.181.176.246  2018-03-04 19:23:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.