ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг баривчлан авчирч ганц худагт хорилоо

2010/03/15
Share |
Хүмүүс:
ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг баривчлан авчирч ганц худагт хорилоо

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан, ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг Австри улсад нуугдаж байхад нь олж баривчлан, өнгөрсөн бямба гаригт буюу гуравдугаар сарын 13-нд Монголд авчирлаа. Дөрвөн жил оргон зайлсан Д.Сүрэнхорыг Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот”-ын онгоцоор харгалзан авчирсан байна. Цагдаагийнхан түүнийг “Чингис хаан” нисэх буудлаас шууд Ганцхудагт хүргэн хорьж эхэлжээ. Эд хөрөнгө шамшигдуулсан, залилан мэхлэхдээ их хэмжээний хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн 148, 150 дугаар зүйлийн 3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Аль аль заалт нь таваас дээш арван жил хүртэл хугацаа-гаар хорих ялтай хүнд гэмт хэрэгт тооцогдоно.

Өршөөлийн тухай хуулинд хамрагдахгүй бөгөөд  мөрдөн байцаалтаас дөрвөн жил шахам хугацаанд оргон зайлсан нь ч хэргийг хүндрүүлэх шалтгаан болох юм.

Д.Сүрэнхор ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа мөрийтэй тоглоомонд толгой мэдүүлэн, албаны унаа машин, ажилтнуудын цалин хөлсөөр тоглож, 180 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна. Украйн-Польшийн хил дээр хар тамхины хэрэгт холбогдлоо гэх зэргээр шуугиулж байгаад хэсэг сураг алдарсан Д.Сүрэнхорын нэр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ахин дуулианы бай болсон юм. Олон улсын цагдаад мөшгигдөж байгаа гэмт хэрэгтэн Д.Сүрэнхор Швейцарийн “Swiss Credit” гэх банкинд тэргүүн хатагтай О.Цолмонгийн 1,3 тэрбум доллартай данс байгааг “нээн илрүүлсэн” захидлын эзэн болж,  АН-ын хар пиарын кампанит ажилд нэр холбогдсон билээ. “Swiss Credit” гэдэг нэртэй банк огт байдаггүй. Харин дэлхийд алдартай “Credit Swiss” банкны албан ёсны нэрийг хоёр үгийн байрлалыг сольж, төсөөтэй сонсогдон, андуурагдахаар бодож төлөвлөсөн хар пиар буюу түүний нэрээр тараасан захидлыг анхлан интернэтээр цацсан билээ. Хүнд гэмт хэргийн яллагдагч, мөрдөн байцаалтаас оргон зайлж, хил дамнан эрэн сурвалжлагдагч Д.Сүрэнхор гавъяа байгуулсан юм шиг “Монголчууддаа хүргэх үг” хэмээх том гарчигтай, “Эх орон нь хүүгээ дуудаж байна” гэсэн утга учиргүй уриатай, уянгын халилтай, уран найруулгатай захидал илгээгч болсон юм. Ц.Элбэгдоржийг сонгогдсоны маргааш эх орон, элгэн садандаа очно оо гэж “амалсан” байсан билээ. Д.Сүрэнхорын бичсэн гэх захидлаас хойш жил шахам хугацаа өнгөрч, тэрбээр өөрийн сайн дураар биш, гавъяа байгуулсан ч бус  гартаа гавтай, хажуудаа цагдаатай, гэмтний ёсоор баривчлагдаж ирлээ. 

Захидал тойрсон хэл амны үеэр ээж Ж.Рэнцэндулам нь  “Зовж зүдэрч, зугатаж зайлж яваа миний хүүгийн нэрийг хуурамчаар ашиглаж, гүтгэлэг тараасан АН-ынханд гомдож байна. Ийм гүтгэлэг тараах нь байтугай эх орондоо ирэх нүүргүй зовж яваа хүн шүү дээ. Миний хүү над руу утсаар ярьсан. Би өөрөө зовж яваа хүн юу гэж захидал бичих вэ, ээж ээ. Захидал бичих нь битгий хэл эх орноосоо зугатаж яваа миний нэрийг барьж гүтгэх ч гэж дээ. Миний зовлонгоор гараа угааж, гэмгүй хүмүүсийг гүтгэж байна гэсээн” хэмээн нулимс асгаруулан ярилцлага өгч байлаа.

Д.Сүрэнхор 1974 онд Төв аймгийн Лүн суманд төрсөн. ШУТИС-ийг инженер, МУИС-ийн хуулийн ангийг төгсөж, Энэтхэгт эдийн засгийн бакалавр, Америкт мастер хамгаалсан. МАСЗХ-ны нийтлэг дүр төрх, бодитой төлөөллийн нэг энэ залуу МАХН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2003-2005 оны төгсгөл хүртэл ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдож, 2006 оны гуравдугаар сард 20646050 тоот хавтаст хэргийн эзэн болсон юм. Эхнэр хоёр, хүүхэдтэй. Баянгол дүүрэг, гуравдугаар хорооллын 19 дүгээр байрны 48 тоотын эхнэрийнхээ нэр дээрх орон сууцыг ч мөрийнд тавьж алдан, гэр бүлээ гудамжинд хаяад зугтсан “шилдэг” өрхийн тэргүүн, сайн эцэг, сайхан хань юм. 

Барууны ертөнцөд “Батсайхан” болж нуугдан, дөрвөн жил тойрон “Гүрсэд”-ийн толгойг аргалсан Д.Сүрэнхор баривчлагдсанаар хаврын улс төрийн хавсаргад салхи шуурга нэмэх нь тодорхой боллоо

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.