Хууль зөрчин тухалсан томчуудын хаусыг нураах эрх хэнд ч байхгүй гэж үү

2010/03/16
Share |
Хүмүүс:
Хууль зөрчин тухалсан томчуудын хаусыг нураах эрх хэнд ч байхгүй гэж үү

Байгаль орчны сайдын зөөлөн сандалд суугаад нөхдүүд ухаан санаа нь самуурч, тэнэг болдог бололтой. Тэдний санаанд яаж хотын төвөөс 10 хүрэхгүй километр зайтай Зайсан толгойн аманд 300 гаруй аялал жуучлалын бүс байж болно гэж толгойд нь буудаг байна аа. Гайхаад барахгүй юм. Хэдийгээр яг авч өгснийг нь хараагүй ч гэсэн цаана нь авилга хээл хахуул мөнгө л харагдаад байна.

Манай улс Байгаль орчны тухай хуульд 1993 онд өөрчлөлт оруулж, төрийн тусгай хамгаалалтай газар нутагт иргэн болон аж, ахуйн нэгжид газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгохгүй болсон. Зөвхөн байгаль орчин хамгаалах, аялал жуучлалын бүс байгуулбал, газар түр ашиглах зөвшөөрөл өгнө хэмээн заасан байдаг. Энэ хууль тэдэнд боломж олгосон гэхэд болно. Учир нь аялал жуучлалын бүс байгуулах нэрийдлээр зөвшөөрөл өгч, хуулийн цоорхой ашиглан газар заржээ. Хан-Уул дүүргийн XIV хороо, Зайсан толгойн амны газрыг худалдаж дуусгасан гэхэд болно.

Баримт дэлгэхэд, сайд асан У.Барсболд дээрх газар 100 гаруй зөвшөөрөл өгсөн бол Н.Эрдэнэбат сайд асан 85 жилий зөвшөөрөл өгсөн байх аж. Мөн байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн даргын албыг олон жил хашсан Н.Адъяа л гэхэд 150 гаруй газар ашиглах зөвшөөрөл өгчээ. УИХ-ын гишүүн асан Г.Шийлэгдамба гэхэд дээрх газар болон бусад төрийн тусгай хамгаалалтай газар нутагт мөн л 100 давсан зөвшөөрөл өгсөн байх юм.

Эдгээр зөвшөөрөл бүгд "Аялал жуулчлалын бүс байгуулна" хэмээн газрын зөвшөөрөл авсан байна. Тухайн үед тэднийг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж суухад Хууль хяналтынхан юу ч болоогүй юм шиг хараад л сууж байсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл Зайсангийн амны газрыг сайдууд зараад хэтэвчээ түнтийлгэн, өндөр барилга тэр хавьд олноор босч байхад энэ талаар ам нээх хүн олдохгүй олон жил болсон.

Үүнийг эсэргүүцэн өөрсдийн газраа хууль бусаар эрх мэдэлтнүүдэд булаалгаж эхэлсэн нутгийн иргэд эсэргүүцэн энэ талаар үг дуугарч, эхлэхэд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэнэт сэхээ авсан мэт Зайсангийн аманд газрын зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжид гэнэтийн шалгалт хийсэн. Дээрх шалгалтаар нийт 290 гаруй тусгай зөвшөөрөл олгогдсон байгаагаас 250 газар ашиглах зөвшөөрлийг цуцдах шийд гаргасан юм.

Мөн эрх мэдлээ ашиглан хууль зөрчин газар олгосон сайдуудад арга хэмжээ авах талаар Цагдаагийн ерөнхий газарт мэдэгдээд байгаа гэдгийг МХЕГ-ын дарга Я.Содбаатар онцлон хэлж байсан. Ихэнх газрын зөвшөөрлийг цуцалж байгаа гэх сайн мэдээ байгаа ч гэсэн үнэтэй хаус барин тухалсан төрийн түшээдийн газрын зөвшөөрлийг цуцалж чадаагүй гэдгийг эх сурвалж хэлж байлаа. Тухайлбал, Богдхан уулын баруун суга болох Бугын сангийн аж, ахуйд байгаль судлах газар барьж буй гэх томоохон эзэмшилд халдах эрх мэдэлтэн алга байна. Г.Шийлэгдамба сайд асан тухайн үед газар ашиглах зөвшөөрөл өгч байхдаа Кувейтын ханхүүд Богдхан ууланд томоохон эдлэн газар олгох болсон шалтгааныг нь олоход хялбар.

Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Кувейтын ханхүү бараалхаж, уулзалтын үеэр Засгийн газрын шинэ ордон барих 12 тэрбум төгрөг бэлэг болгон өгсөн юм. Үүний хариуд бэлэг өгдөг хүнийг хоосон буцаадаггүй монгол заншлаа одсон yy. Их мөнгөнд бантсан уу альныг нь сайн мэдэхгүй ч, Богдхан уулын бүхэл бүтэн амыг бэлэг болгон өгсөн. Одоо дээрх эдлэн газарт нь энгийн иргэд ойртох эрхгүй хоёр давхар хамгаалалттай юм билээ. Цас орсон үед нутгаасаа хааяа ирж, Кувейтын ханхүү дээрх эдлэн газартаа амардаг гэх яриаг тэр хавийн иргэд хэлж байсан.

Дараагийн газар гэвэл УИХ-ын гишүүдийн газар юм. Л.Гүндалай гишүүний газар гэнэ. Түүний ах Л.Баяндалай ирж, газраа үзээд явдаг гэдгийг хажууханд нь амьдардаг иргэд ярьж байна лээ. Тэрбээр согтуу ирж тэр хавийн иргэдэд агсам тавьсан удаа ч байгаа аж. Хоёр дахь газар бол манайхны томчуудын хүүхдүүд явдаг Амеркийн сургууль. Гадны хүүхэд ойртох ч эрхгүй дээрх газрын зөвшөөрлийг цуцлаагүй үлдээжээ. Өөрөөр хэлбэл, дээрх газар нь анх аялал жуучлалын бүс барина хэмээн га-зар ашиглах зөвшөөрөл авсан байх гом.

Харин одоо манай улсад байхгүй сургууль болон босчихсон байгаа. Мөн Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын эзэмшлийн эдлэн газар болон хаус бий. Тус газарт өндөр хашаа барьж, дотор нь гурван хаус барьсан харагдсан. Дээрх газрын зөвшөөрлийг мөн л цуцдаагүй үлдээсэн аж. Иргэн С.Энхтайван гэх хүний нэр дээр авсан "Эко констракшны" орон сууцны барилга байна. Мөн л аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн газар ашиглах зөвшөөрөл авч байсан түүхтэй.

Одоо 10 гаруй давхар хэд хэдэн орон сууц барих ажил ид явагдаж байна. Зайсангийн аманд УИХ-ын гишүүн Д.Арвин Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нар хөрш амьдардаг гэдгийг тэр хавийн иргэд гэрчилж байсан. Хоёр давхар дээрх хоёр хаустай хашааны газар ашиглах зөвшөөрлийг мөн л хүчингүй болгож чадахгүй хэвээр байгаа гэнэ. Эрх мэдэлтнүүдийн газрын зөвшөөрлийг цуцлах эрх мэдэл хэнд ч байхгүй гэж үү.

Э.Хүрэлбаатар /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.