Н.Энхбаяр, С.Баяр нарт хариуцлага тооцох уу

2010/03/17
Share |
Хүмүүс:
Н.Энхбаяр, С.Баяр нарт хариуцлага тооцох уу

Энэ хоёрын хэрүүл Ч.Сайханбаяр, С.Баярт нарынхтай л адил

МАХН-ын хяналтын хорооны дарга тэргүүтэй нөхөд уржигдар хэвлэлийн бага хурал хийлгэв. Л.Дондог дарга нь намын нэр хүндийг унагасан Сонгинохайрхан дүүргийн экс удирдлагуудад улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан. Мөн намын дотоод эв нэгдлийг хангах бус хагаралдуулсан Г.Бямбасүрэнг намаас гарсанд тооцсон гэдгийг дуулгалаа.

Дүүргийн намын хорооны хэдэн гишүүн нь албан тушаал, энэ тэрээсээ болж намаас гарах дээрээ тулсанд ингэж сүр дуулиан болж байгааг харахад нэг л сонин. Саяхан экс намын дарга Н.Энхбаяр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоогийн намын дарга С.Баярыгаа газар доор ортол шүүмжилж, намаа мууллаа шүү дээ. Намын дарга С.Баяр нь сонгуулийн дараа "Бид буруу хүнээ дэвшүүлээд ялагдлаа, нам сайн ажилласан. Даанч нэр дэвшигч маань сэвтсэн нэртэй муу хүн байсан" гэх зэргээр ярилцлага өгч байсныг өнөө хүртэл тэрбээр мартаагүй гэх.

Энэ нам, намын дарга нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан, сонгуулийг наймаалцаж, луйвар хийсэн гэдгийг мөн хэлсэн. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд томоохон албан тушаал хашиж явсан, тус намын лидер нь байсан хүн тэгж хэлэхийг нь иргэд нүдээрээ харж, чихээрээ сонссон. Сүүлдээ өөрийн гэгдэх хэвлэлд хүртэл ярилцлага өгсөн. Н.Энхбаяр гэж намынх нь гишүүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр намын дарга руугаа, нам руугаа дайрч давшилж байхад тэд яагаад юу ч хэлж чадахгүй байна вэ.

Дээрх хэвлэлийн бага хурал хийлгэсэн нөхдийн хэлснээр намын нэр хүндийг унагаж, хагаран бутаргах санаа агуулсан ярилцлагыг гишүүн Н.Энхбаяр нь өгөөд байгаа бус уу. Өөрөөр хэлбэл, энэ намын шинэ, хуучин хоёр даргын хооронд хэвлэлээр намаа, нэг нэгнээ муулсан хэрүүл явагдаад байгаа юм. Гэтэл тус намын Удирдах зөвлөл болон Хяналтын хороо нь юу ч болоогүй мэт таг чиг.

Энэ бүхнээс харахад дээдэст ээлтэй, доодост халтай нам болох нь харагдаж байна. Юу гэх гээд байна гэхлээр Н.Энхбаяр, С.Баяр хоёрын хэрүүлийг хэлэлцэж шийдвэрлэж чадахгүй шинжтэй. Харин тэр доор
байгаа С.Баярт, Ч.Сайханбаяр, Г.Бямбасүрэн нарын асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэж байдаг. Дээд хоёрын хэрүүл нь намын эв нэгдэл, хагарал бутралд нөлөө үзүүлэхгүй, доод хэдийнх нь үзүүлэх юм байна л даа. Дүүргийн албан тушаал булаацалдсан    хэдийн хэрүүлийн үр дүнд 17 гишүүн намаасаа гарах байх.

Харин Н.Энхбаяр, С.Баяр нарын хэрүүлийн үр дүнд УИХ-ын 17 гишүүнийг нь дагалдах нөхөдтэйгөө Н.Энхбаярыгаа дагаад явчихаж магадгүй. Тэгэхлээр аль нь илүү намын эв нэгдэл, нийтлэг эрх ашигт нь харшлаж байна гэдгийг тус намынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Учир нь тус нам нь аялдан дагалдагч, долдойгоор дүүрсэн тул дээд хоёрын хэн нь энэ тэмцэлд ялах вэ гэдгийг л хүлээгээд харзнаад байх шиг. Хоёр нөхрийн тулаанд хэн нь ялна тийшээ гүйнэ гээд л хүлээж буй.

МАХН долдой нараар дүүрсэн гэдгийг тус намын нарийн бичгийн дарга Сүхбаатарын ярианаас харж болно. Саяхан тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа "Н.Энхбаяр дарга тийм зүйл ярих гээгүй байлгүй. Түүний ойр дотны хүмүүс л хатгаж тийм ярилцлага өгүүлсэн байх. Хажуу дахь хүмүүс нь хэлүүлсэн" гэж ирээд л ярьжээ. Үнэхээр улаан долдой. Аль ч талд нь орохгүйгээр амиа аваад гарсан ярилцлага өгчээ. Нэг иймэрхүү долдойнууд тус намд олноор бий.

Ийм учраас л дээд хоёрыг бус доод хэдээ авч хэлэлцээд, хөөж хасаад л байгаа биз. Уг нь Сонгинохайрханы Ч.Сайханбаяр, С.Баярт болон С.Баяр, Н.Энхбаяр нарын хэрүүл тэмцэл дүндээ дүн, яг адилхан. Нэг зүйлийн төлөө бие биенээ, намаа муу хэлсэн хэрэг. Харин тэдэнд хариуцлага тооцох эсэх нь өөр байх шинжтэй. Уг нь аливаа нам байтугай иргэн бүр тэгш эрхтэй гэдэггүйсэн билүү. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гээд бүгд адилхан эрхтэй гээд Үндсэн хуульдаа тусгасан байдаг.

Гэтэл МАХН-д бол эсрэгээр. Дарга даамал байсан бол өөр, жирийн гишүүн бол хариуцлага тооцож, хасаад л. Эцэст нь хэлэхэд, экс дарга Н.Энхбаярыгаа өөрөө хэлээгүй, тойрон хүрээлэгчид нь хэлүүлсэн гэдгийг юу гэж ойлгох болж байна. Манай төрийн тэргүүн байсан хүн өөрийн гэсэн толгойгүй, бусдын хэл гэснийг л хэлээд явж байсан болж таарч байна уу. Бид чинь сүүлийн хэдэн жил бусдын үгээр үг хийсэн, утсан хүүхэлдэйгээр улс орноо удирдуулаад, хамгийн том албан тушаалд ээлж дараалуулан суулгаад байсан байх нь. МАХН-ын нарийн бичгийн дарга Сүхбаатарын хэлснээр тэгж таарлаа

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.