Д.Сүрэнхор сүйрэв үү, Сүрэнхорыг сүйрүүлэв үү?

2010/03/17
Share |
Хүмүүс:
Д.Сүрэнхор сүйрэв үү, Сүрэнхорыг сүйрүүлэв үү?

 Улс төр залуусыг амьдаар нь хайрцаглаж байна

Хаврын салхитай зэрэгцэн улс төрийн шуурга хуйсагнаж эхэллээ. Нэгэн үе МАХН-ын шилдэг залуусын тоонд багтаж явсан Д.Сүрэнхор өнгөрсөн долоон хоногт баривчлагдсан нь энэ хаврын дуулианыг хөллөлөө.

200 орчим сая төгрөг зувчуулан зугатаасан гэдгээр Д.Сүрэнхорын хэрэг хүндрэх магадлалтай байгаа аж. Уг нь интерполоор хар тамхины хэрэгтэнг л хайдаг баймаарсан. Гэтэл нэг машин, нэг байрны үнэ цохисон нөхрийг юунд интерполоор сурвалжлан барих дээрээ тулав. Дөрвөн жил интерполоор сурвалжлаад олдоогүй Д.Сүрэнхор яагаад гэңэт баригдав гээд улс төрийн хүрээнд шинэ сэдэл өрнөж эхэллээ.

Үнэндээ МАХН-аас улс төрд ахиухан гишгэсэн залуус хол явсангүй. Нэгэн үе үсээ гельдэж, үнэтэй костьюмоор имижээ бүрдүүлэн гүйлдсэн тэдгээр залуус улс төр лүү л шургалж байвал амьдрал нь тэр чигээрээ цэцэглэчих юм шиг гэнэнээр сэтгэж, жаахан сурсан мэдсэнээрээ бус өнгө, мөнгөний занганд орж, эцэстээ хэн ч биш болон үлдсэн энэ эмгэнэлт явдал нийгэмд сэрэмжлүүлэг болон үлдлээ.

Үеийн нөхдөөсөө түрүүлэн залуугаараа өндөр сэнтийд заларсан залуус яагаад өөдөлсөнгүй вэ гэдэгт уншигч Та задаргаа хийж үзсэн үү. Тэд улс төрийн тоглоомын нарийн учгийг ухаж ойлгоогүйдээ алдав уу. Эсвэл тийм ёс суртахуунгүй байв уу.

Үнэхээр тэд албан тушаалд очихдоо гэмтэн болж буруудна гэж төсөөлөөгүй нь лавтайяа. Гэтэл хожим хойно улс төр гэгч бохир тоглоомын бай болсноо ухаарсан ч галт тэрэг нэгэнтээ хөдөлсөн болохоор гэмтэн гэдэг нэр зүүж бүхий л амьдралаа баллах тэр агшныг тэд хүлээгээгүй нь мэдээж. Эсвэл энэ эмгэнэл улс төрд шургасан бэл бэнчингүй залууст тулгараад байна уу гээд нийгэмд эргэлзээ төрүүлж эхэллээ.

Өнөөдөр яагаад улс төрийг бэл бэнчинтэй хүмүүс сонирхох болов. Үнэхээр тэд эх орондоо сайн сайхныг бүтээх гээд байгаа юм уу. Эсвэл олсон хэдээ үржүүлэх гээд байна уу гэдгийг тунгаавал “Эрх мэдэл ээжийн сүүнээс үнэтэй болсон” гэдэг л оновчтой хариулт болох юм. Харин жаахан боловсрол эзэмшсэн залуус улс төрийн хүнд араанд хэрчүүлэхээ үл мэдэн эцэстээ амь нас, амьдралаа алдаж байгаагийн жишээ бол Ц.Түмэнгэрэл, Ц.Чимэдцэрэн, Д.Сүрэнхор нар юм. Яагаад Ц.Чимэдцэрэн, Д.Сүрэнхор нар тэгтлээ казинод донтох болов. Үнэхээр тэд боловсролтой байсан юм бол энэ хар тоглоом руу улангасах хэрэг байсан юм гэж үү. Тэгэхээр энд гаргалгаа хийвэл гайт тэр тоглоом руу бас бүгдийг нь чихэж боломгүй юм. Харин ч эсрэгээрээ энэ нөхөр яагаад тоглоомчин болов гэдгээс л эхлэх ёстой. Хэн ч байсан казиногоос яаж мөнгө олох вэ гэж тоглохоос биш баян тансагтаа зугаагаа гаргах гэж түүгээр наадахгүй нь мэдээж. Мөнгөтэй хүн байсан ч мөнгөө өсгөх л гэж тоглоно шүү дээ. Тэгэхээр Ц.Чимэдцэрэн, Д.Сүрэнхор нар мөнгө олох гэж л тоглосон нь ойлгомжтой.

Хоёр их хүчин УИХ-д нэр дэвшүүлэхдээ лидерүүдээсээ 10-20 сая төгрөг намдаа өргө хэмээн хандив нэхдэг. Үүнээс үзэхэд өндөр албан тушаалд очиход бас л мөнгө дагах нь нууц биш юм. Хур баяны л хүүхэд биш бол дөнгөж өдөлж байгаа залууд ямар юмных нь мөнгө байх билээ. Ингээд л хайрт намдаа өрөө төлөх гээд мөнгөний аянд мордоно биз дээ. Нэг хожлоо, өшөө илүүг олохын төлөө хорхойсоно. Дахиад тоглолоо мөнгөө алдана. Тэгээд даагаа нэхнэ биз дээ. Ийн явсаар бүх юмаа алдаж эцэстээ донтон болж бүр цагаандаа гарах ийм нэгэн үлгэр л улс төрийн тогоонд өрнөөд байх шиг ээ. Нөгөөтэйгүүр зүгээ мэдэхгүй, амбицтай залуусаар өгөөш хийн өндөр тушаалд томилон бурхиуд элдэв тендер гэсэн нэрийн дор бизнес яаж цэцэглүүлэхийг чиглүүлж, мөнгө босгон ирэх сонгуульдаа төсөв гаргах хөшигний цаадах нууц ажиллагааг ард түмэн нэгэнтээ гадарлах болсон.

Эцэстээ өгөөш болсон тэр залуугийн амьдрал нийгмээс арчигдаж хэн ч биш луйварчин, гэмт хэрэгтэн болоод харин түүнийг өдөөсөн өдөөгчид амирлангуй суух улс төрийн энэ дүр зураг нэг л биш ээ. Харин энэ луйврын тоглоомд багтаж хөлжих гэж ар араасаа жагсаж буй залууст хэлэхэд өөрийгөө улс төрд бус нийгэмд үнэлж чадамжаараа гарч ирэхийг цаг хугацаа шаардаж байна.

Б.Аяз /Нийслэл таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.