Ж.Цолмон: Би биеэ буруу авч явдаггүй болохоор...

2010/03/18
Share |
Хүмүүс: Ж.Цолмон | 
Ж.Цолмон: Би биеэ буруу авч явдаггүй болохоор...

-Бүсгүй хүний шинж чанарыг Та хэрхэн дүгнэдэг вэ. Бас манай улстөрч бүсгүйчүүд гадаадын бусад орны улстөрч эмэгтэйчүүдээс юугаараа давуу юм бол?

-Эмэгтэй хүн нэг талаас маш эмзэг, нөгөө талаар маш хатуу зан чанартай. Уян зөөлөн сэтгэл, хайр элбэрэл эмэгтэй хүнд л байдаг. Бас асуудлыг шийдэхэд тууштай ханддаг, хатуу чанар ч бий. Монгол эмэгтэйчүүд холч хараатай, аливаа асуудлыг ул суурьтай судалж, ойлгож байж тактикаа боловсруулдгаараа гадны улстөрч бүсгүйчүүдээс давуу гэж боддог. Аливаад чин сэтгэлээсээ ханддаг, шударга, тууштай чанар нь төрийн алба хашихад, эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэмцэхэд түшиг болдог.

-Тэгвэл Та өөрөө ямархуу зан чанартай хүн бэ?

-Би нэлээд хатуу зантай. Асуудалд зарчимтай ханддаг, элдэв зүйлд автагддаггүй, түүх хаашаа явж байна, түүний зөв талд зогсохыг эрмэлздэг хүн.

-Гэхдээ бүсгүй хүний уян хатан зангаа гаргах үе байна биз?

-Байлгүй яах вэ. Эмэгтэй хүнд байгалиас заяасан энэ зан чанар байнга байна.

-Хэдийгээр улс төрд хөл тавьж, төрийн алба үүрч яваа ч гэсэн бүсгүй хүн л болсон хойно гоо сайхандаа анхаарах хэрэгтэй. Таныг сайхан бүсгүй гэдэг. Үүний нууц юунд байна вэ, гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Үнэнийг хэлэхэд гоо сайхандаа анхаарч чаддаггүй. Өглөө 07.50 цагт гэрээсээ гараад л орой 23.00 цаг гээд харьдаг болохоор тийм цаг зав гарахгүй юм. Ээж, ааваас заяасан ухаан байгаад баярладаг. Хүн бүрт олон авьяас заяадаг ч хүн байх чанар тэр бүр байдаггүй. Би гоо сайхандаа анхаарах гэхээсээ хүн байхыг л эрхэмлэдэг. Гэхдээ орой гэртээ хариад ядаргаагаа тайлж, хэдэн минут халуун ваннанд ордог. Энэ л одоо миний өөртөө, гоо сайхандаа зориулдаг цаг минь шүү дээ. Гэхдээ өөртөө цаг гаргахыг хичээнэ ээ. Тэгэхгүй бол болохгүй юм билээ.

-Загварын сонголтын тухайд юу хэлэх бол?

-Даруухан, сонгодог загвараар хувцасладаг. Тийм болохоор миний хувцаснууд загвар дагаад шинэчлэгдээд байдаггүй юм. Олон жилийн өмнө өмсөж байсан хувцас маань одоо ч гологддоггүй шүү дээ. Гэртээ амрах үедээ л гэхээс биш бусад газар чөлөөтэй хувцаслах цаг гардаггүй юм аа.

-Гоёл чимэглэл, ээмэг зүүлтний цуглуулга хэр их байдаг вэ?

-Ээжээс минь өвлүүлсэн, хань маань бэлэглэсэн, би өөрөө авсан гоо сайхны эдлэл, хэрэглэл байлгүй яах вэ. Багаасаа эд мөнгө хэрэглэж сурсан. Тиймээс аль болох чанартай зүйл хэрэглэхийг хүсдэг.

-Нөхрөөсөө хамгийн сүүлд ямар бэлэг авав?

-Олон бэлэг авдаг. Гол нь намайг ойлгож, хүндэтгэж, дэмжихэд бэлэн сэтгэл нь хамгийн сайхан бэлэг байдаг. Тэр бэлэг нь өдөр бүр өөр. Тухайн өдөр, асуудал бүрт ханиасаа дэмжлэг авах нь үргэлж шинэ бэлэг болдог.

-Сайхан бүсгүйчүүдийг хэл ам тойрдоггүй. Таны тухай элдэв мэдээлэл гарах юм. Тэр бүхэнд хэрхэн ханддаг вэ?

-Би тоодоггүй шүү дээ. Тоогоод байх зав ч байхгүй юм. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана гэдэг үг бий. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, манай эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг иргэд, сэтгүүлчид яаж дүгнэж байгааг бол сонин хэвлэлээс сонирхож уншдаг. Яамны коллегийнхонтойгоо ярилцдаг. Ажлаас бусад асуудлыг бол анхаарч ханддаггүй. Хүмүүс чамайг тэгээд биччихэж гээд хэлдэг л дээ. Надад хийсэн буруу хэрэг, биеэ буруу авч явсан удаа байхгүй. Гэхдээ надтай үг сольж ч үзээгүй байж элдвээр бичихэд нь жаахан гайхдаг. Сайн юманд садаа их шүү дээ.

-Улс төрийг хар бараан, хатуу ертөнц гэдэг. Энэ ертөнцөд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллахаар хааяа шантрах үе гардаг уу?

-Шантрахгүй ээ. Энэ бол зөвхөн миний хэрэг биш, би монгол эмэгтэйчүүдээ тө лөөлж байгаа. Тиймээс надад хүлээлгэсэн үүрэг, хариуцлагыг биелүүлэх юмсан гэж хичээж ажилладаг. Том хариуцлага хүлээсэн учир шантрах учиргүй.

Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.