10.000 ХЯТАДЫГ 400 МОНГОЛ ЯЛЖ ЧАДНА...

2010/03/18
Share |
Хүмүүс:
10.000 ХЯТАДЫГ 400 МОНГОЛ ЯЛЖ ЧАДНА...

Хиагтад байрласан хятадын цэргийн хүчин дээр Баронд цохигдон хүрээнээс ухарсан 6000 цэрэг нэмж очсоноор 10.000 орчим цэрэг лавтай байжээ. Энэ бол сүр сүлд нь үхсэн эмх цэгцгүй, хүний нутагт хашигдсан арми байлаа. Хиагтын тулааныг Монголчууд 3 дугаар сарын дундуур бага хүчээр эхлүүлсэн нь хүйтэн хахир цаг өнгөрөхөөс урьтаж ялах гэж яарсных. Нөгөө талаас Бароны дайралтаас амжих гэсэн хэрэг байх. Гитлерийн армийн ялагдлын шалтгааныг Оросын хахир өвөл гэж олон эрдэмтэн үздэгтэй адил Оросоос ч хатуу хахир Монголын өвөл хавар гамингуудыг бүрмөсөн зутраажээ. Харин Монголчуудын хувьд хавар цаг бол эх нутгийн нь нэг л улирал билээ. 3 дугаар сарын 18-ны үүрээс авахуулж давшсан Монголчууд харуй бүрий болоход хятадын армийг бүрмөсөн бут цохиод Хиагтаас хөөсөн байв.

Хятадын армийн үзэл суртал, цэргүийн сэтгэл санаа авах юмгүй байсан нь ойлгомжтой. Хүрээнд 10 дахин бага хүчтэй Баронд ховх цохиулсан энэ армийн үлдэгдэл урагш бус хойшоо зугтсан нь гайхалтай. 10.000 орчим мянган хүнтэй арми байсны нотолгоо нь Ардын журамт цэрэгт цохиулсан гамингууд хүчээ бөөгнүүлж байгаад Хүрээний баруун талаар дайрч гарахыг оролджээ.

Генерал Рекухин тэднийг тосч байлдахад Барон Унгерн цахар цэргүүдээр хүч нэмж, эцэст нь өөрөө цэрэг аван байлджээ. 3 дугаар сарын 24-нд Барон ялж, генерал Жа У тэргүүтэй 4000 гаминг олзолжээ. Энэ тулаанд 5000 гамин алуулсан гэсэн мэдээ байдаг ба 8000 винтов өдий төдий сум олзолсон байна. Ингээд тооцвол Хиагтаас 9000 гамин, 8000 орчим винтовтой зохион байгуулалттай ухрах оролдлого хийжээ. Их буу, пулемётаа хаясан бололтой.

Яаж ч бодсон Хиагтад Монголчууд ялсан нь маргаангүй юм. Энэ бол бараг сүүлийн 70 жилд Монголчуудыг зоригжуулж байсан ба хятадтай байлдвал бид гарцаагүй ялна гэсэн итгэлийг хадгалж ирсэн юм. Монголчууд Хятадыг дорд үзэж байхад харин Хятадууд хүч чадалтай, зэрлэг дайчин Монголчуудаас эмээсээр иржээ.

Бүр 1455 онд Монголын Эсэн хааны 40.000 цэрэг авч давшаад Хятадын хагас сая цэргийг дийлж, эзэн хааныг нь олзолж ирсэн түүх бий. Үүний түүхэнд Түмогийн хэрэг гэдэг. Монголчууд дайтах чадвараа хадгалж ирсэн бөгөөд ХХ зуунд ч хэвээрээ л байсан юм.

Зэвсэглэл харьцангуй ойролцоо нөхцөлд Монголчууд илэрхий аархаж ялалт байгуулж байжээ. Байлдааны тактик, цэргийн үзэл суртал зэрэгцэн сэргэж байв. Монголчууд аймшигтай харгис хэрцгий байсан тухай Хятадын түүхчид бичдэг нь ч бас худал биш. Олзны хүнээр туг тахих, чойжин буух зэрэг ёслолууд нь Хятадын цэргүүдийг их айлгадаг байжээ. Харин энэ бол харгислал биш ердөө л уламжлал байжээ.

Сүүлийн үед зөвхөн МАХН-ыг муучлах зорилгоор Хиагтын тулалдааны яруу алдарт эргэлзэх болсон нь тийм ч сайн юм биш. Үнэндээ Хиагтыг чөлөөлсөн олон Монголчууд коммунист хувьсгалын төлөө тулалдаагүй бөгөөд эх орноо харийнхнаас чөлөөлөх л хүсэлтэй байжээ. Сүхбаатарын болон Магсаржавын цэрэгт байлдсан дайчдаас хожим ердөө 15 хүн л МАХН-д элсэж байжээ. Тиймээс МАХН-ыг муучлах гээд бүх түүхээ муучилж болохгүй нь.

Коммунист засаглал хожим 1929 онд зүүнтнүүд төрийн эрхэнд гарснаар бодат байдал болсон юм. Энэ гуравдугаар сарын 18-нд Хиагтын алдарт тулааны ой, Монголын Ардын армийн 86 жилийн ой болно.

Дашрамд хэлэхэд Монголын арми ХХ зуунд нэг ч ялагдаагүй билээ. Харин армийнхаа ойг 11 жилээр урагшлуулж, Богд хаант Монгол Улсын арми байгуулагдсан өдрөөр тогтоовол зүйтэй мэт санагддаг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.