АН ТОМ ДУУТАЙ ГИШҮҮДЭЭ ҮЗХ-НООС ШАХЖЭЭ

2010/03/22
Share |
Хүмүүс:
АН ТОМ ДУУТАЙ ГИШҮҮДЭЭ ҮЗХ-НООС ШАХЖЭЭ

АН-ын ротаци, МАХН-ын Бага хурлаас Монголын улс төрийн салхи хаашаа эргэх нь шалтгаална. МАХН-ын дарга С.Баяр ирэх пүрэв гаригт эх орондоо ирснээр Бага хурлын тов тодорно гэж байгаа бол АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо  мөн хуралдана. АН-ын орон нутаг дахь ротаци өчигдрөөс дуусгавар болж ҮЗХ-ны  шинэ бүрэлдэхүүн тодорч дууслаа. Гишүүдийнх нь  үзэж буйгаар ротаци нь фракцуудын хооронд ширүүхэн дайн  өрнүүлж  залуучууд хөлд нь үрэгдсэн үзэгдэл болж хувирчээ.  Улс төрийн өндөрлөгт гарсан  хуучуул нэр хүнд, албан тушаалтайгаа үлдэхийн төлөө  ротацид их л ач холбогдол өгч мөнгөөр бүхнийг шийддэг зуршлаа хэрэгжүүлсэн байна. Энэ нь залуучуудад таалагдаагүй учраас нам дотроо өрнөж буй булхайг ил тод хэлж намаа эрүүлжүүлэх, шинэчлэх тухай ярихад хүргэсэн юм. “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэгчээр хүнээс үг сонсч  сураагүй томчууд “том, том” юм ярьсан залуусыг тойргийн гадна үлдээх  нууцхан үүргийг  гар хөл бологсдодоо өгсөн байна. Үүрэг авсан гүйцэтгэгчид тоглоомын дүрмийг өөрийн хүссэнээр өөрчилж том толгойтой, том юм ярьдаг нөхдийг өчиггүй шахав. Баянгол дүүргийнхэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд нүүр өгөлгүй хамгийн бага хувийн санал авсан гэх үндэслэлээр ҮЗХ-ны гадна үлдээхээр болж. Үүнд хотын намын хорооны дарга С.Эрдэнийн оролцоо их байсан гэнэ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн АН-ын дарга  “казино” хочит Д.Баттулга  Лу.Гантөмөр тэргүүтэй “Нэг ардчилал клуб”-ын залуусыг шахаанд оруулж суудалгүй үлдээхээр зүтгэжээ. Үүнээс болж ширүүхэн тэмцэл өрнөж хоорондоо гар зөрүүлэх дөхсөн байна.  Мөн Дархан-Уул аймгийн АН-ын зарим нөхөд амбицдаа хөтлөгдсөн хоёр даргынхаа хэнийг нь дагахаа мэдэхээ байж. Ямар арга ядахдаа энэ асуудлыг хэлэлцэж нэг тийш нь шийдэж өгөхийг хүссэн албан бичгийг генсекдээ илгээхэв. Энэ мэтчилэн хоёр даргатай АН-ын намын хороо нэлээд хэд болоод байгаа ажээ. Энэ бүхэн ардчилсан гэх тодотголтой энэ намд ямар ч ардчилал байхгүйг харууллаа гэж хэлж болохоор.  О.Магнай, О.Цэлмэг  тэргүүтэй залуучууд намын удирдах дээд байгууллага ҮЗХ-д орж ирсэн гэж байгаа ч үнэндээ тэд  өнөөгийн удирдлага, хүчирхэг байгаа фракцын гар хөл бологчид гэдэгтэй маргахгүй. ҮЗХ-г бүрдүүлэхэд ийм их мөнгө, цаг зарцуулсан юм чинь  намын удирдлагуудыг сонгоход юу болох нь ойлгомжтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.