Мөрийтэй тоглоомын улс төр-2

2010/03/23
Share |
Хүмүүс:
Мөрийтэй тоглоомын улс төр-2

Улс төрчид ууртай байна. Ууртай байхаар барахгүй зарим нь бүр дэлбэрэх гэж  байгаа бололтой. “...Улс төрчид, төрийн хариуцлагатай албан тушаалтнууд спиртээр биш спортоор хичээллэж, зугаа цэнгээнээс  хол байх үүрэгтэй гэж боддог. Томоохон асуудлуудаар төрийн болон намын шийдвэр гаргахаар уулзаж, учрахдаа архи дарс хэрэглэлгүй эрүүл саруул ярьж байгаач  гэж захидаг. Согтуу хүн машин барьж болдоггүйтэй адил ард түмэн, улс орны хувь заяаг согтуу ярьж болохгүй” гэсэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үг тэднийг  бухимдуулсан нь энэ.
 Уг нь уурлаж байхаар санаа  авмаар,  ажил болгож хэрэгжүүлмээр, тухайлбал зудаас гарзгүй гарах, хотоо харлуулсан малчдад хэрхэн туслах вэ, малчдын хүүхдийн сургалтын төлбөрийг төр  даах ёстой, Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай олон зарчмыг үндэслэж хийх ёстой гээд хэрэгтэй  зүйл олныг  тэр хэлсэн. Хэрэгжүүлдэггүй юм аа гэхэд санаа авахын оронд  уурлан  бухимдаж,  Н.Энхбаяр улс төрд эргэж ирээд, бужигнуулах нь гэсэн айдас давамгайлж,  улмаар хардаж сэрдэж  эхэлсэн нь  энэ улс төрийн өнгийг тодорхойлж байх шиг. Ууртай, согтуу бас мөрийтэй тоглоомын улс төрд эрүүл саруул үг яриа, ажил хэрэгч санал  огтхон ч нийцэхгүй нь.
Өнөөдөр Ерөнхий  сайд байсан хүн покер тоглож, түүнийгээ “Миний чөлөөт цагаа өнгө-рүүлдэг хобби тэр шүү дээ” хэмээн  сурталчилж байна. Тэр бүү хэл Ерөнхийлөгч хүртэл покер тоглож, монголын мөрийтэй  тоглоомын төв болсон  “Кекшюү цамхаг” руу  томчуудын хүүхдүүд бэлчиж байна. Покерийн ширээний ард    архи дарс, охид хүүхэн чимэг болж, улс төр өрнөж,  тэр бүү хэл бүхэл бүтэн сонгуулийг хүртэл тохирч орхидог болсныг үгүйсгэхгүй.
Мөрийтэй тоглоомоор томчууд л нааддаг. Хальсан мөнгөө шингээх газар нь тэр. Гэтэл иргэд 70 мянгаа авахаар урт дараалалд өдөржин зогсч, нэгийгээ дарж алах дөхөж байхад төрийн томчууд “Казино гээч чинь эр хүн ороод л гардаг газар, ганц, хоёр зуун ам.доллар алдаа л биз юун сүртэй юм бэ” хэмээн  хээв нэг ярьж суугаа юм.  Улс төрчдийн ярьж буйгаас  казинод наад зах нь  180 сая ам.доллар алдах юу ч биш энүүхэндийн асуудал гэнэ лээ.
Манай улс мөрийтэй тоглохыг хуулиар хориглсон. Гэтэл УИХ-ын гишүүд тоглох эрхтэй байна. Тэдний эрх, үүргийг тодорхойлж, хаанаас орж ирсэн ямар эх үүсвэрээр мөрийтэй тоглож байгааг нь тогтоодог, хариуцлага тооцдог болох учиртай. Гэвч парламентын төвшинд казино байгуулах асуудал байсхийгээд л сөхөгддөг. Өнөөдөр ч    Д.Загджав тэргүүтэй  нэр бүхий гишүүд  Солонгосын  “Seven luck” казинод туршлага судалж ирчихээд хуулийн төсөл боловсруулан УИХ-ын даргад  өргөн барьсан. Тэд зүгээр ч явалгүй тэнд мөрийтэй тоглож, зарим нь 15 сая ам.доллар алдаж, үг сөргөөцөлдсөн гэсэн мэдээлэл ч  хэвлэлээр гарсан.  Монголд казино үнэхээр  хэрэгтэй байсан юм бол 1990-ээд онд Д.Баттулга, Д.Эрдэнэбаатар, н.Батчулуун  нарыг  яах гэж өмдний тэлээ, зангианы хэрэгт орооцолдуулан “Ганц худаг” руу ачсан юм бэ, амь насыг нь хохироож, нэр хүндийг нь сэвтүүлсэн юм бэ гэдэг асуудал тавигдаж л таарна.
У.Хүрэлсүх, Ц.Чимэдцэрэн  нарын “Хадгаламж” банкны 14 тэрбумаар тоглож алдсан Со-лонгосын “Seven luck”  монголчуудад  дуртай, хайртай гэлцдэг юм билээ. Очиход нь лиму-зингээр угтаж, таван одтой зочид буудалд үнэгүй байрлуулж, эхний удаа урамшуулах зо-рилгоор мөнгөө алдаж, харин буцаад очиход нь юу ч үлдээлгүй  сэгсэрдэг гэж байгаа. Казинод амтшиж, байдгаа алдсан залуус  олон. Төрийн мөнгөөр  тоглож алдаад бултаж зугтсан  нь цөөнгүй. Тэдний  нэг Д.Сүрэнхор баривчлагдаж ирээд “Ганц худаг”-т байцаагдаж эхэлсэн. Казино тоглогчид бүгд  эрх баригч намынх. Мөрийтэй тоглоомчдын бүхэл бүтэн үе  МАХН-д бий. Дүү нараа сурган хүмүүжүүлж, тоглоомд багшилж, төлөвшүүлсэн ах нар уснаас  хуурай гарахдаа дүү нараа золиосолж орхидог гэмтэй. Д.Сүрэнхорыг  гэхэд л Д.Идэвхтэн улс төрд хөтөлж, улмаар албан тушаалд хүргэж өгсөн бол Д.Загджав ах нь мөрийтэй тоглоомд  уруу татаж, У.Хүрэлсүх, Ц.Чимэдцэрэн нарын нөхөд нь нэг гар болон тоглож, шавхайд хутгаад хаячихлаа. Гэвч МАХН гашуун сургамжаас салах болоогүй, бохир тоглоом согтуу  хөлчүү  тохиролцооноос ангижирч  чадахгүй нь. Загас толгойноосоо эхэлж өтдөг гэгчээр ах нар нь мөрийтэй тоглоомчин байхад дүү нар нь яаж зүгээр байхав. Согтуу хүнд эрүүл нь  солиотой харагддаг болохоор  мөрийтэй тоглоомын улс төрд согтуу тоглоомчин хэрэгтэй болохоос  эрүүл улс төрч хэрэггүй бололтой.

Л.ХЭРЛЭН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.