Төрөх эмнэлэг хэрэгтэй юу төрийн ордон хэрэгтэй юу

2010/03/25
Share |
Хүмүүс:
Төрөх эмнэлэг хэрэгтэй юу төрийн ордон хэрэгтэй юу

Манай сонин энэ асуултыг өнөөгийн олигархи хэмээн цээжээ дэлдсэн эрх дархтнуудын сонорт дугаараас дугаарынхаа хооронд өртөөлөн хүргэж буй билээ. Учир нь Монголын төр засаг ирээдүйгээ хайхрахгүй, иргэнээ анхаарч үзэхгүй, тэдний төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа учраас бид иргэдийнхээ дуу хоолой болох үүргээ биелүүлэхээр энэхүү сэдвийг хөндсөн юм.  Яг өнөөдрийн бодит байд­лаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эх, үрс эсэн мэнд амар­жи­на гэдэг нь ёстой л амь дүйсэн үйлдэл гэмээр болж.  Тодруулж хэлбэл, нийс­лэлчүүд техник, технологийн дэвшил­тэт ХХI зууны шинэ өглөөг төрөхийн эндэгдэл, хүйн халд­вар ­эсвэл энэ дэлхийд мэнд­лээд нүдээ бүрэн ч нээж ам­жаа­­гүй бяцхан үр хорвоо­гийн мөнх бусыг үзсэн гэх айм­шигт мэдээтэй угтсаар нэлээд хэ­дэн өдрийг ардаа орхилоо.

Хорвоод хүн мэндлэх нь гайхамшиг

Энэ хорвоод нэгэн шинэ хүнийг тосон авах нь хэн бүхэнд сайхан хэрэг би­лээ. Тийм ч учраас өвөг дээдэс минь үртэй хүн жаргадаг, үндэстэй мод найгадаг хэмээн сургаж үлдээсэн биз. Сүү­лийн жилүүдэд тө­рөлт нэмэг­дэж байгаа нь баяр­ламаар мэ­дээ юм. Хүүхэд гэр бүлдээ аз жар­гал авчирч байна. Цаашлаад улс ор­ныхоо хөгжил дэв­шилд нэгэн ши­нэ хүч болж байна. Учир нь суд­лаачид мон­­голд төрөлт нэмэгдэж бай­гаа нь сайн хэрэг. Энэ нь эдийн зас­гийн өсөл­тийг авчир­на хэмээн зөв­лөж байгаа. Хэрэв төрөлт буу­раад байвал хөдөл­мөрийн насны хүн ам багасч, нийг­мийн халамжид хамраг­дах хүний тоо нэмэгдэх аж. Яг л хөгшин Европ шиг болно гэсэн үг. Тийм ч учраас одоо­гийн төрөлтийн тоог бууруулж болох­гүй хэмээн эрдэмтэн судлаачид зөвлөсөн.

Харин айл гэрт аз жаргал, улс оронд хөгжил авчирах бяцхан үрсээ бид эрүүл, аюулгүй орчинд тосон авч чадаж байна уу. Хэн ч “тийм” гэж ит­гэл­тэйгээр хэлж чадахгүй. Ялан­гуяа, сүү­лийн саруудад уг салбарт тохиол­доод байгаа элдэв бэрхшээл нь ингэж хэлэхээс зүрхшээхэд хүргэж байна. Өнөөдөр улсын ямар ч төрөх эмнэлэгт ороод ачаалал нь хэд дахин нэмэгд­сэний улмаас олон хүн хөлхөх кори­дорт тогоо шиг гэдэстэй эмэг­­тэйчүүд ор тавин хэвтэж байгааг харж болно.

Нийслэлийн хүн амын нягтралтай холбоо­той­гоор 1997-1998 оноос ний­гэмд нэн шаард­лагатай үйлчилгээний байгууллагуудын ачаа­лал нэмэгдэж эхэлсэн юм билээ. Энэ дундаас хү­ний эрүүл мэнд, амь настай холбоотой төрөх эм­нэлгийн асуудал онцгойлон тавигдаж эхэл­сэн байдаг. Тухайлбал, 1997 онд төрөх насны эмэгтэй­чүү­дийн тоо 185 мянга орчим байсан бол 11 жилийн дараа энэ нь 400 мянга болон өс­чээ. Гэтэл нийслэлийн хэм­жээн дэх гурван амар­жих газар болон ЭНЭШТ-д нийт 489 төрөх ор бий. Дээ­рээс нь III амаржих газар хагас зуун жилийн өмнө ашиглалтад орсон зо­риу­лалтын бус байранд байдаг. Ха­рин II амаржих газрын өв­гөн барил­гын хана нь цуурч, мөөгөн­цөртчээ. Мөн нөгөө л хүйн халдвар тараасан магист­рал шугам цооролт­той хэвээр байгаа. Энэ бүхэн нь төрөх эмнэлэг шинээр барих зайлшгүй шалтгаан болж байна. Ер нь төрөх эмнэлэгт халдвар тар­хаж буй гол шалт­гаан нь ачаалал эрс өссөнтэй хол­­боотой хэ­мээн мэргэжлийн хүн хэлэв. Өөрөөр хэлбэл, олон жирэмсэн эх нэг дор бөөг­нөрс­нөөр нэгэндээ элдэв халдвар тараах нөхцөл үүсдэг байна.

 Улстөрчид гар татаж байна

Олон хүний мөрөөдөл болоод байгаа шинэ төрөх эмнэлэг барих асуу­дал гурван жилийн өм­нөөс яриг­даж эхэлсэн. Анх төрөх эмнэлэг ба­рих саналыг тойрогтоо ажиллаж байсан УИХ-ын гишүүдэд иргэд хэлсэн юм билээ. IV төрөх эм­нэл­­гийг барихад 19 тэрбум төгрөг шаардлага­тай аж. Энэ нь төрийн ордон барихад зарцуулах гэж буй мөнгөнөөс нэг тэрбумаар бага юм. Одоогийн байд­лаар төрөх эмнэлгийн зураг төсөл хийгдэж дуусаад санхүүжилт байвал ажлаа эх­лэхэд бэлэн болжээ. Өмнө нь хаана барих та­лаар нэлээн маргаан­тай байсан боловч 300 ор­той төрөхийг Яармагийн орчим барихаар төлөв­лөсөн аж. Орчин үеийн төрөх эмнэл­гийн бүх шаардлагыг хангасан, цогц үйлчилгээ үзүүлэх түв­шинд төлөвлө­сөн юм байна. Нэг үгээр хэл­бэл, төрөхөд гарах бүхий л хүндрэлийн үед авах арга хэмжээг нэг дор төвлөрүүл­сэн гэж ойлгож болно. Гэвч зураг тө­сөл нь бэлэн болж, бодит бие­лэлээ олохоор дуншиж байгаа уг төрөх эм­нэл­­гийн санхүүжилтэд эрхэм түшээд гар та­таж сууна. Албаны хүний мэ­дээлж буйгаар энэ онд IV төрөх эмнэл­гийн ажлыг эхлүүлэхэд зо­риулж 740 сая төгрөг төсөвт суул­гаж өгчээ. Энэ нь нийт санхүүжил­тийн ердөө тав орчим хувь юм. Хэрэв жил бүр ийм хэм­жээний мөнгө төсөв­лөнө гэвэл ойрын арван гаруй жилд төрөх эмнэ­лэг­тэй болох талаар мө­рөө­­дөөд ч хэрэггүй. Иймд тө­сөвт суулгасан мөнгийг эрс нэмэгдүү­лэх шаард­лага­тай хэмээн салбарынхан үзэж бай­на. Ер нь манай улс эрүүл мэндийн сал­бар­таа туйлын бага хө­рөнгө оруу­лалт хийдэг байна. Дэл­хийн эрүүл мэндийн байгуул­лагын зөвлөж буй­гаар манай улс дотоодын нийт бүтээг­дэхүүн (ДНБ)-ийнхээ дор хаяж таван хувьтай тэнцэх хэмжээ­ний мөнгийг эрүүл мэндийн салбарт оруулах ёстой аж. Гэ­тэл өнгөрсөн жилийн байд­лаар ДНБ-ний ердөө 3.2 хувьтай тэнцэх мөнгийг уг салбарт оруулсан байна. Энэ нь төр засагт хүн амын эрүүл мэнд, эсэн мэнд амаржих явдалд ан­хаа­­рал сул хандуулж буйн илрэл юм. Дээрээс нь IV төрөх ба­рихад ху­сам хүр­тээх мэт хэдхэн төг­рөг өгсөн нь олон хүний урмыг ху­галж байна. Мэдээж төсөв хүнд байгаа гэх тайлбар хийх л байх. Тэгвэл хялбархан шийдэх нэг бо­ломж бий. Энэ нь төрийн ордон ба­рих 20 тэр­бумаа төрөх эм­нэлэгт хан­див­лах явдал юм. Ги­шүүд хичнээн ядарч зүдэр­лээ ч төрөх гэж байгаа эх­чүү­­дийн энд хүрэхгүй байлгүй дээ. Мөн коридорт хэвтэж бай­гаа эхчүүд­тэй харьцуу­лахад гишүүдийн одоо­гийн сууж буй өрөө нь заал л гэсэн үг. Иймээс гишүүд ямбаа түр орхиод тө­рөх эмнэ­лэгт хөрөнгө оруулах эр зориг гаргана гэдэгт иргэд найдаж байна.

Санал байна

Санхүүжилт шийдэгдсэн тохиол­долд төрөх эмнэлэг барихад дор хаяж хоёр жил шаардлага­тай. Тэр том барил­гуудыг нэг зуны дотор сүндэр­лүүлэхэд хүнд. Тэгвэл төрөх эмнэлэг баригдтал богино хугацаанд ямар арга хэмжээ авч болох та­лаар саналаа нэмэрлэе. Юуны өмнө жирэм­сэн эх бүр нийслэлийн хэмжээнд байгаа гурав­хан амаржих газарт заавал төрөх шаард­лагагүй. Өөрөөр хэлбэл, хүндрэлгүй, хэвийн төрөх бо­ломжтой эхчүүдэд зориулж дүүрэг бүрт жи­рийн төрөх тасгууд нээх бололцоотой юм. Дээр үеэс л монгол эхчүүд араг тэв­­рээд төрж бай­сан түүх бий. Тий­мээс улбаалаад дүүрэг бүрийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэл­гүү­дэд 20-30 ор­той төрөх тасгууд бай­гуулъя. Энэ саналыг Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалт­нуу­дад тавьж үзсэн. Тэд “Дүүрэг, нийс­лэ­лийн удирд­лагууд тодорхой зохи­цуу­лалт хийж дүүр­гийнхээ Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэл­гүү­дэд төрөх тасаг байгуулах өрөө суллан өгч бол­но. Тэдгээр тасагт хүндрэлгүй төрөх эхчүү­дийг амар­жуу­лах болол­цоо­той” гэв. Нэгэнт яамны холбогдох албан тушаалтан “болол­цоо­­той” хэ­мээн үзэж байгаа юм бол нийс­лэл, дүүр­гийн удирдлагууд харьяа эмнэл­гүүддээ хэдэн өрөө суллаж төрөх тасаг байгуулъя. Уг тасагт хүнд­рэлгүй төрөх эхчүүдээ амаржуулж байя. Харин хүнд­рэлтэй төрөх магадлалтай эхчүү­дээ нийс­лэлийн гурван амаржих газарт хэв­түүлж болно. Ингэвэл төрөх эмнэл­­гүүдийн ачаалал тодорхой хэмжээнд багасах боломж бүрдэх юм.

Үүнээс гадна 1990-ээд оны эхээр төрөлт бага байх үед улсын чанартай эмнэлгүүдийн барил­гуудын заримыг нь хувьчилсан. Гэтэл одоо тө­рөлт нэ­мэгдэж эмнэлгийг өргөжүүлэх шаард­­лага үүсэхэд барилгын ихэнх хэсэгт хувийн бай­гууллагууд үйл ажиллагаа явуулж байх жишээ­тэй. Өөрөөр хэл­бэл, эмнэлгийн байрыг хувьчил­сан тө­рийн алдаатай бод­логын хор уршиг одоо гарч байна. Иймд боломж байвал хуу­чин эмнэл­гийн байр байсан хэс­гүүдийг эргүү­лэн авахад анхаар­вал сайн­сан. Уг нь энэ чиглэлд нийс­лэлээс анхаарч эхэлсэн юм билээ. Тэд I тө­рөхийн байранд байсан хувийн байгуул­лагуу­дыг нүүлгэн байрыг чө­лөөлж 50 ортой төрөх тасаг бай­гуулахаар бол­сон аж. Энэ бүхэн нь шинэ төрөх­тэй болтол богино хуга­цаанд үр дүн­гээ өгөх юм. Харин яам ши­нэ төрөхтэй бол­тол түр хугацаанд төрөх тасгийг нэмэгдүүлэх чиг­лэлээр зарим бодлого барих болжээ. Тэд хувийн хэвшлийн жижиг эмнэлгүү­дийг бод­логоор дэм­жиж төрөхийн чиглэлээр ажиллаач хэмээн санал тавьж байгаа гэсэн.

Ард түмэн хүсвэл юуг ч өөрчилж чадна

Гуйгаад өгөхгүй бол гуядаад авъя гэх тэрслүү гэмээр бодол төрөв. Учир нь Монгол Улсын Үнд­сэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна хэмээн тунхагласан. Энэ нь улс­төр­чид хэчнээн гэдийж байсан ч ард түмэн хүсвэл ямар ч шийд­вэрийг өөрчилж болно гэсэн үг. Ту­хайлбал, УИХ-ын гишүүд сүрлэг сайхан ордон барина хэмээн хөөрцөг­лөж байна. Харин ард түмэнд төрөх эмнэлэг илүү хэрэг­тэй байгаа юм. Та доорх “speak out”-ыг уншаарай. Олон хүнээс саналыг нь асуухад бүгд нэгэн зэрэг төрөх эм­нэлэг барихыг дэмжиж байв.  Энэ нь ард түмэн 76 гишүүний төрийн ордон барих шийд­вэрийн эсрэг зогсож байна гэсэн үг. Үүгээр үнэхээр л Мон­голд ардчилал гэж бай­даг юм бол төрөх эмнэ­лэг барих шийд­вэрийг ямар ч саад тотгор­гүй гаргуу­лах боломжтой гэсэн үг. Ард түмэн тө­рийн ордон бус төрөх эмнэлгийг илүүд үзэж байна хэмээн дуу нэгтэй хэлэхэд хангалт­тай. Мэдээж ир­гэдийн гарын үсгийг цуглуулах зэр­гээр зохион байгуулалтын багахан ажил орох юм. Үүнийг хийх хүн захаас аваад бий гэдэгт найд­нам. Ма­най улс чинь иргэнээ өмгөөлсөн уриатай иргэний нийгэм, төрийн бус байгуул­лагуудаар баян бус уу.

Энэ бол яах аргагүй үндэс­ний эм­гэнэл. Харин энэ бүгд­тэй зэ­рэг­цээд төрийн тү­шээд одоо­гийн тухалж буй шар­гал ор­дон­д­оо багтаж, шингэ­хээ больж гэнэ. Сав л хийвэл бул­таа­раа нийлж, хурал хуй бо­лоод шинэ өр­гөөнийхөө ажлыг хэ­­зээ эхлүү­­лэхээ хэлцдэг болжээ.

Түүнчлэн олигархиуд шинэ ордон барихаар зэхэж байсан газраа хэн нэгэн эрх мэдэлтэнд сэм луйвардуулж, харин одоо газрын их аянд мордоод байгаа гэнэ. Уг нь аль хэзээнээс л одоо­гийн Засгийн газрын орд­ны зүүн гар талд байрлаж буй хуу­чин хэвлэх үйлдвэрийн суу­рин дээр шинэ өргөө сүндэр­лүү­лэх талаар түшээд нэг хэсэг нэлээд даацтай ярьж байсан. Гэтэл эрх баригчид нэг л өглөө төрийн данс­тай шинэ ордны газраа зөв­шөөрлийнх нь хамт хувьч­лал гээч юманд алдсан гэд­­гээ мэдсэн юм байх. Харин энэ бүх­ний цаана экс Ерөн­хий­­лөгч Н.Энхбаярын нэр дуул­­­­­­­дах боллоо. Гэхдээ хачир­халтай нь энэ талаар холбогдох ал­баны хү­мүүсээс тодруу­лахад, тодор­хой хариулт хэлэх хүн байсан­гүй. Тэгэхээр удах­гүй нэг л өглөө төрийн ордон ч гэ­сэн хувьч­лагдах юм байна л даа...

Нэгэнт шинэ ор­дон барих га­заргүй болсон оли­гархиуд одоо­гийн төрийн орд­ны хойд талд байрлах нийс­лэлд үлдсэн цорын ганц гэж хэлж бо­лох ногоон байгуу­лам­жаа устгах төлөвлөгөө боловс­руу­лаад сууж байна. Өөрөөр хэл­бэл, цөөн хэсэг албан ту­шаалт­­ны эрх ямбын төлөө ирээ­дүй­гээсээ урвасан үйл­дэлд тэд ха­маг оюунаа чилээх боллоо. Наа­­надаж, нийслэл рүү чиглэ­сэн хүн амын төвлөрөл өдрөөс өдөрт нэмэгдэж буй ийм үед цэцэр­лэгт хүрээлэн­гээ уст­гах нь ха­рал­ган бөгөөд цөөн хэсэг албан тушаалтны эрх ям­бын төлөө олон ний­тийн эрх ашгаас урва­сан үйл­дэл билээ. Тэгээд ч энэ хэм­жээний но­гоон бай­­гуу­­лам­жийг дахин цогц­­лооход наад зах нь 50-70 жил хэ­рэгтэй гэдгийг эрх дархт­нууд мэд­мээр юмсан. Цааш­лаад, агаа­рын бо­хирдол гамшгийн хэм­жээнд хүрч, эрх мэдэлтнүүд өөрс­дөө ч яах ийхээ мэдэхгүй бол­­чихоод байгаа энэ цагт байгаа ганц ногоон байгуу­ламжаа сө­нөөж, бусниулах нь зүйд нийцэхгүй.

Ер нь бодоод байх нь ээ, хав­рын урь орсонтой зэрэгцээд эрх дархтнууд байшин савны асууд­­лаа нэлээд хөндөх боллоо шүү. Тухайлбал, МАХН шатсан байрныхаа буурин дээр 12 дав­хар ордон, харин Ардчил­сан нам яаж дутахав шатаагүй ч го­логдоод буй байрныхаа дэр­гэд 20 давхар өргөө сүндэр­лүүлэх гээд аль хэдийнэ ажил­даа ор­жээ. Харин парламен­тын шинэ ордны зураг төслийг хийж бай­гаа ажлын хэсгийн­хэн гишүү­дийн тушаалаар ажил­даа хан­цуй шамлан орсон аж.

Энд нэг зүйлийг тодруу­лахад, УИХ шинэ ордонтой бо­лоход Кувейтын Засгийн газар 12 сая ам.долларын бу­цалт­гүй тусламж үзүүлэхээ аль 2006 онд мэдэгдсэн. Гэвч ордон барих газраа хулгайд алдсан хөөрхий түшээд эх орныхоо 1.5 сая кв.км нутаг дэвсгэрээс ганц байшин босгох зай олох­гүй бүхэл бүтэн гур­ван жил нү­дээ чилтэл ха­руул­даж суу­сан юм байх. Гэхдээ асуудлын гол нь эрхэм түшээд шинэ орд­ноо нийслэлдээ, тэгэх­дээ бүр заа­вал хотын төвд, одоо байгаа ордныхоо ойр орчимд залгуулж ба­рих гэж зүтгэсэнд байгаа юм. Түүнчлэн сар гаруйх­ны өмнө ажлын хэсэг шинэ өргөө барих газраа тогтжээ. Тод­руул­­бал, одоогийн шаргал орд­ны гурав, дөрөвдүгээр давхраар хол­богдох уг 14 давхар шинэ харшийн олон улсын тен­дерийг зургадугаар сард зар­лаж, найм­дугаар сараас барил­гын аж­лыг эхлүүлэхээр төлөв­лө­сөн байна. Гэхдээ энэ ордонг бос­гоход 20 орчим сая ам.дол­лар шаардаг­дах учир дутаж буй найман сая ам.долларын асууд­­лыг дахин Кувейтын тал­тай ярихаар бол­жээ. Тий­мээс энэ асуудал үтэр түргэн ший­­дэгд­вэл 2012 он гэхэд одоо­гийн төрийн ордны ард буюу төр нийгмийн нэрт зүт­гэлтэн Ж.Самбуу агс­ны нойр­сож бай­сан цэцэрлэгт хүрээ­лэн­гийн оронд тус онд сонгог­дох шинэ гишүүд, шинэ ордонд тухлах юм гэнэ.

Эцэст нь хэлэхэд, иргэн байх гэ­мээнэ төр бий гэдгийг өнөө­гийн төр барилцаж буй нөхөд ойлгохгүй ч юм уу, эсвэл ойлгохыг хүсэхгүй бай­гаа нь хамгийн том гажуудал. Тэгээд ч та бидний ирээдүй бол­сон үр хүүхэд маань эсэн мэнд төрж чадахгүй элдэв өвчин шаналалд баригдан хүн болж, шороо хөдөлгөх хувь заяа нь ангалын эрмэгт тулчихаад байхад эрх мэдэлтнүүд цоо шинэ төрийн ордон мөрөөдөж суугаа нь энэ нийгмийн эрүүл үзэгдэл мөн үү. Уг нь хүн бай­тугай амьтан хүртэл үр удмаа эрүүл энх бойжуулан асран хам­гаалж, аливаа эрс­дэлээс өөрийн амь биеийг үл хайрлан хамгаалдаг билээ. Харам­сал­тай нь өнөөдөр олигархиуд цаг алдахгүй хойч үе, ирээдүйнхээ эрүүл амьдрах, өсч бойжих, хүмүүн болох баталгааг “там­галах”-ын оронд өөрсдийн эрх ямбын төлөө ингэж их зүтгэж байгаа нь эмгэнэлтэй. Уг нь ойрын хэдэн жилдээ ши­нэ ордон барихгүй бол төрийн ажил зогсчих гээд байгаа биш. Төр засгийн өндөр­­­лөг, УИХ, Зас­­гийн газ­рын гишүүд болоод бусад албаны хүмүүс одоо­гийн­­хоо сууж буй албан өрөөнд ажлаа үргэлжлүүлэн хий­хэд болох­гүй зүйл үгүй шүү дээ.

Гэхдээ бид энэ сэдвийг хөндөхдөө парламентад тө­рийн ордон огт хэрэггүй гэж хэлэх гэсэнгүй. Харин төр за­саг хойч үеэ эсэн мэнд ба­тал­гаатай хүлээж авах нөх­цөл байдлыг бий болгочихоод ши­нэ ордонтой болох ажлаа гүй­цэлдүүлвэл бодит байдалд нийц­нэ гэдгийг сануулах гэ­сэн юм. Түүнчлэн сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон орчин үеийн стандартад нийцсэн амаржих газар барихад 19 сая ам.доллар шаардлагатай.  Харин төрийн ордон барихад 20 сая ам.дол­лар хэрэгтэй. Тэгэхээр төрөх эмнэлэг барих амин чухал, “хоолойд тулсан” энэ асууд­лыг нэгд тавибал, ирээдүйн эх орны эзэд маань түмэн үеэрээ энэ цагийн эрх мэдэлтнүү­дийг дурсах нь дамжиггүй.

О.СЭЛЭНГЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.