Дуулиантай захидлыг Японы интернэт кафегаас бичжээ

2010/03/26
Share |
Хүмүүс:
Дуулиантай захидлыг Японы интернэт кафегаас бичжээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цахим хуудсаар тархсан нэгэн захидал багагүй шуугиан дэгдээж байв. Захидлын эзэн нь Монгол Улсын Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, мөрийтэй тоглоомчин Д.Сүрэнхор гэгч байсан болохоор олны анхаарлыг татсан хэрэг.

Д.Сүрэнхорын хувьд МАХН-ын итгэл авсан, залуу гишүүдийн нэг. Түүнийг МАХН-д татан оруулж, албан тушаалын амтат бялууг харамгүй амтлуулсан нөлөө бүхий хүмүүс нь тус намын лидерүүд байсан болохоор Д.Сүрэнхор гэдэг нэр олон хүний анхаарлыг татаж байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.

Харамсалтай нь намынхаа төдийгүй, өнөө хэр нөлөө нь байсаар байгаа эрхэм гишүүдийн итгэлийг хугалж, албан тушаалаа ашиглан төрийн мөнгийг их хэмжээгээр завшиж, мөрийтэй тоглож алдсан.

Түүгээр зогсохгүй оргон зайлж, Австралийн цагаачлалын албанд хандаж, тус улсын Засгийн газраас улс төрийн орогнол хүссэн гэх мэтээр дуулиан нь тасардаггүй Д.Сүрэнхорыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг "их тулаан"-ы өмнө Монголын ард түмэнд хандаж, захиа бичиж, том зориг гаргасан нь улс төрчдийн төдийгүй, олон нийтийн анхаарлыг татсан билээ.

Тэгвэл энэ хэрэг өнөөдөр нэг тийш шийдэгдсэн гэнэ. Хамгийн гол нь захидал бичсэн эзнийг нь өнөө хэр нарийн тогтоож чадаагүй ч Д.Сүрэнхор бичээгүй гэдгийг эцсийн байдлаар бүрэн тогтоожээ. Учир нь өнгөрсөн оны зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг сарын өмнө тавдугаар сард уг захидлыг Японы нэгэн интернэт кафегаас анх бичиж, дэлхий нийтэд цацсан болохыг тогтоожээ. Тухайн үед Д.Сүрэнхор Австралид байсан нь мөн нотлогдсон байна. Хэдийгээр уг захидлыг Японд бичсэнийг нь мөрдөгчид бүхий л нотлох баримтаар тогтоосон ч гэсэн хаана байдаг, ямар кафегаас, хэдэн цагийн орчимд, хэн гэдэг этгээд бичсэнийг нь илрүүлэх боломжгүй гэсэн. Түүнчлэн уг захидлыг бичээгүй гэдгээ Д.Сүрэнхор өнгөрсөн хугацаанд мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ мөн өгүүлсэн байна.

Дашрамд дурдахад өчигдөр ЦЕГ-аас Д.Сүрэнхорд холбогдох хэргийн талаар болон эдүгээ үүсээд байгаа асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тус газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Д.Сүрэнхорын хорих хугацааг сунгаж, хэрэгт яллагдагчаар татсан гэж сонслоо. Энэ үнэн үү?
-Үнэн. Д.Сүрэнхор Ганцхудаг дахь цагдан хорих төвд хоригдож байгаа. Түүнд холбогдох хэрэгт яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих хугацааг нь 14 хоногоор сунгасан.

-Д.Сүрэнхортой гэр бүлийнхэн нь уулзаж байгаа юу. Түүнийг шөнийн цагаар хотоор сул сэлгүүцэж байна. Нэр бүхий улстөрчидтэй уулзсан гэдэг мэдээлэл цацагдсан?
-Д.Сүрэнхор гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй байгаа. Баригдаж ирсэн өдөр ээж нь нисэх онгоцны буудал дээр тосч уулзсан. Түүнээс өөр гэр бүлийнхэн нь уулзаагүй байгаа.

Зарим сонин хэвлэлээр Д.Сүрэнхор гадуур сул явж байна. Нэр бүхий улсөрчидтэй уулзсан гэдэг мэдээлэл цацагдсан нь ор үндэсгүй зүйл юм. Гэмт хэрэгт сэжиглэгдэн, яллагдагчаар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, саатуулсан тохиолдолд хэн ч байсан дээр дурдагдсан үйлдлүүдийг хийх боломжгүй. Тиймээс хэвлэлээр цацагдсан дээрх мэдээлэл ор үндэсгүй зүйл болохыг мэдэгдэж байна.

-Ганцхудагийн хоолноос идэхгүй байгаа. Өлсгөлөн зарласан гэдэг мэдээлэл байна?
-Д.Сүрэнхор өлсгөлөн зарлаагүй. Харин мөрдөн байцаагчид өмгөөлөгчтэйгээр мэдүүлэг өгч эхэлсэн.

-Улсын өмчийн Ланд круйзер 105 маркын машиныг өөр хүнд дамжуулан худалдсан гэдэг мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
-Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албаны машиныг дур мэдэн бусдад дамжуулан худалдсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Ланд круйзер 105 маркын машиныг улсад буцааж өгсөн юм билээ. Тэгэхээр учруулсан хохирлоосоо тодорхой хэмжээгээр барагдуулж байгаа гэж ойлгож болно.

Х.Ган-Ялалт Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.