Үнэндээ монголчууд гадныхны хогон дээр ажиллаад байна шүү дээ

2010/03/26
Share |
Хүмүүс: Алтан Ураг | 
Үнэндээ монголчууд гадныхны хогон дээр ажиллаад байна шүү дээ

Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан гэж хэлж болох цөөн хамтлагуудын нэг “Алтан ураг”-ийн ахлагч Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Саяхан Сэлэнгэ аймаг яваад ирсэн. Аяны богцоо задалж амжсан уу?

-Ардын уран зохиолч Б.Лхагва­сүрэнгийн номын хурим болсон юм. Манай хамт­лагийг байнга дэмжиж, тусалж байдаг л даа. Тэгээд бид очиж тоглолтоороо мялаасан. Нэ­гэнт ардын урлаг руу хальтир­чихсан болохоор  явсан газар орныхоо язгуур урлагийг байнга судалж шинэ соргог зүйлийг эрэлхийлж байдаг. Энэ удаа ч бас хоосон­гүй ирсэн.

-Одоогоор ямар уран бү­тээл дээр ажиллаж байгаа вэ?

-Энэ жил таван цомог гар­гахаар төлөвлөсөн. Үүнээс хоёрыг нь гаргасан.  Тун удах­гүй “Эрт урьдын цагт”, “Мон­гол үндэстэн”, “Монгол кино­ны хөгжим” гэсэн цомгуудаа гаргана.

-Ойрын үед томоохон тоглолт хийх үү?

-Яг товлочихсон зүйл алга. Гэхдээ он дуусахаас өмнө том хэмжээний, урьд хожид бай­гаагүй тоглолт хийнэ ээ. Одоо­ноос ярьж байна. Зун хийж  арай л амжихгүй байх. Намар л тодорхой болно доо.

-Энэ жилд гадаадад  ур­лаг, соёлын наадамд орол­цохоор явах уу?

-Ирэх тавдугаар сараас эхлээд гадаадад болох наад­муу­дад оролцоно. Эхний ээл­жинд Хонконг, Франц, Англид болох урлагийн наадамд орол­цооч гэсэн  урилга ирээд байгаа.

-”Алтан Ураг” хамтлаг ур­лагийн олон наадамд оролц­­сон. Гадаадын продюссерүүд танай хамт­лагтай хамтарч ажиллах санал тавьж байсан уу?

-Одоогоор ийм санал ирээ­гүй. Таны асуусан асуулт бол бидний зорилго гэж хэл болно. Гадны продюссерүүдтэй ажил­лана гэдэг чинь ардын  урлагаа сурталчилж байна гэсэн үг шүү дээ. Бид үүний төлөө л ажил­лаж байна. Энэ сүлжээнд баг­таж өөрсдийгөө таниулна гэ­дэг амаргүй. Улс бүр өөр өөрийн онцлогоо харуулж, ялгарах гэж хичээдэг. Сэтгэ­хүй, амьдарч буй орчин гээд олон зүйлээрээ адилгүй шүү дээ. Бидэнд хийх зүйл их байна.

-”Алтан ураг” мон­голын шилдэг хамтлагийн нэг гэдгийг гадаадынхан мэд­дэг болсон. Үүнээс үүдээд сонир­­хох хандлага нь нэмэг­дэж  байгаа байх?

-Манай үндэсний соёл ур­лаг үнэхээр гайхамшиг­тай. Тийм болохоор гадаадын хүнд их өөр, өвөрмөц харагддаг. Тэд бидний хөгжим, хэрэг­лэлүү­дийг үзээд яаж бүтээсэн бо­лоод ингэж дуугардаг байна аа гэсэн янзтай байдаг юм.

-Бусад хамтлаг нүсэр бүрэлдэхүүнтэй байдаг. Ма­най орны хамтлагууд ингэж ажиллаж чадаж байгаа юу?

-Яахав, нэг үеийг бодвол га­даадын төвшинд ажиллах гэж хичээж байгаа нь харагдаж бай­на. Урлаг гэдэг бизнес хэл­бэр рүү орохоор л улам илүү хөгж­дөг. Хамгийн гол нь манай ор­ны зах зээл дэндүү жижиг­хэн.

-Тэгвэл манай хамтлаг, дуучид гадаадын урлаг, соёлын наадамд оролцож өөрсдийгөө таниулахаас гадна өөр ямар арга зам байгаа вэ?

-Ингэж бодож л байгаа бол гадны хамтлаг, дуучдын уран бүтээлийг битгий хулгайл. Гадаа­дынхан чинь шинэ зүйл хай­гаад л байна шүү дээ. Жишээл­­бэл, Америкийн нэгэн рэппэр ма­най ардын дууны нэг хэс­гийг аваад, жаахан өөрч­лөөд л дуулчихсан байна лээ. Тэгтэл манайхан тэдний ашиг­лаад хаясан ая, дуун дээр ажил­лаад сууж байдаг. Үнэндээ монгол­чууд гадных­ны хогон дээр ажил­лаад байна шүү дээ. Ийм байдлаар удаан явж болох­гүй л дээ.

-Манай хамтлаг дуучид маань уран бүтээлээ телевиз, FM, радиогоор улиг болтол нь цацуулахдаа  мөнгө өгдөг. Энэ тал дээр таны бодол?

-Манайхан л дэврүүлээд байдаг болохоос энэ чинь дэл­хийн шоу ертөнцөд байдаг л зарчим. Хамтлаг, дуучид олон дуу гаргаж байгаа. Тийм бо­лохоор тэр дундаас дуугаа сонсогчдод хүргэх гэж нэр хүндээ ашиглаж ийм зарчим явагддаг. Ер нь дуу хит болох уу үгүй юу гэдгийг сонсогчийн чих л мэднэ ш дээ. Мөн сон­согч өөрсдийгөө цэнэглэх хэрэг­­тэй. Энэ уран бүтээл хэр зэрэг сайн болсоныг  сонсоод мэддэг байвал энэ асуудал мартагдана.

-”Алтан ураг” хамтлагийн уран бүтээлийг ойлгохгүй байна гэдэг яриа байдаг. Үүнд та ямар хариулт хэлэх бол?

-Хүмүүс хэтэрхий ойлгомж­той зүйлийг сонсож байна. Үг, утга нь хялбархан. Жишээлбэл би чамд хайртай гээд л яг цаад утга санаа нь хомс дуунд амар­хан татагддаг. Манай хамт­лагийн дуунуудын утга санаа, юу хэлэх гээд байгааг шимтэн сонсдог, ойлгодог хүмүүс олон бий. Тэгэхээр л сонсогчдын төвшин харагдаж байгаа  биз.  Бид дунд сургуулийн сурагч­дад зориулж тоглож байсан. Тэгэхэд үндэсний урлагаа ойл­гуулж мэдрүүлэхийн сацуу энэ дуу юу өгүүлээд байгааг ухаа­руу­лахыг хичээсэн. Ер нь хүүх­дэд багаас нь дуунаас гадна бусад зүйл дээр ч сайн, чанар­тай зүйлийг ойлгуулж мэд­рүүлж байх нь чухал.

-Монгол хөөмий Хя­тадынх боллоо, алдагдлаа гээд байгаа. Энэ талаар таны бодол?

-Алдагдахын хувьд алдагд­чих­сан. Хятадад очоод “Та нар хөөмийлхөө боль” гэж хэлж чадахгүйгээс хойш одоо яахав дээ.  Харин хэн нь илүү чадаж байна вэ гэдгээрээ л дэлхийд өрсөлдөх боломж  бидэнд бий. Үүний тулд манай төр, яам тамгын газарт сууж байгаа дээд хүмүүс ардын урлагаа иргэд­дээ сурталчлах, мэдрүү­лэх ажлыг хийх хэрэгтэй. Мөн залуучууд ухамсраараа шим­тэн сонсох, ойлгож мэдрэх хэ­рэгтэй. Ингэснээр урлаг хаа­наас үүсэлтэй гэдэг нь аяндаа  тодроод ирнэ.

 Д.ТҮВШИНТӨР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bernardo What are the hours of work? buy nizagara canadian pgaThe settlement with the SEC notably does not suspend the firms from practicing as accountants for China-based firms listed in U.S
IP:5.188.211.72  2019-12-07 03:16:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.