Ам барьсан хурал болдгоороо болж, удирдлагууд нь гишүүдээ хүчээр гар өргүүлнэ

2010/04/02
Share |
Хүмүүс:
Ам барьсан хурал болдгоороо болж, удирдлагууд нь гишүүдээ хүчээр гар өргүүлнэ

МАХН-ын удирдах зөвлөл хуралдаж байж  бага хурлаа товлодог ч хар зураг нь хэдийнэ гарчих-сан гишүүдийн ширээг дамжиж явна. Ерөнхий нарийн бичгийн дарга нь “Манай намын  Их хурал намар хуралдана шүү дээ” хэмээн ярьж явсантай агаар нэгэн сонсогдож байгаа биз.


Удирдлагууд нь  ирэх намар хуралдах их хурлынхаа  байтугай  одоо дуншиж буй бага хурлын тө-лөвлөгөөг хэдийнэ гаргачихсан. Түүнд хэнээр үг хэлүүлж, хэний амыг барих, санал хураах комиссын даргаар гарынхаа  хүмүүсийг тавих гэхчлэн олон зүйлийг багтаажээ.


Хурлын сценарыг С.Баяр хэлж өгч, бусад нь ба, бэ-гүй тэмдэглэн авч, хэрэгжүүлэх, хэлцэх, то-хиролцох ажил ар, араасаа ундарч, намын даргын нэрийн өмнөөс уулзах, тохиролцох, цонхны цаанаас мөсөн чихэр долоолгох ажилд нарийн бичгийн дарга нар нь дайчлагдан тал бүр тийш гарсан. Гол ажлыг У.Хүрэлсүх зангидаж, заримыг нь аргадаж,  заримд нь нударгаа харуулж  байгаа сурагтай.


Ярилцаж тохирсноороо бол МАХН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Бага хурлаа товлох, хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргах ёстой. Гэвч Оюутолгойн асуудал эцэслэгдээгүй, жагсаал, цуг-лаан зохион байгуулагчдаас ирж буй дохио, Тавантолгой руу чиглэсэн МАХН-ын мөрийн хөтөлбөр гээд олон асуудал чөдөр болж, хойшлуулах санал гарч буйг албаны эх сурвалж хэллээ.


У.Хүрэлсүхийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд Бага хурлаар 2008, 2009 оны сонгуулийн хө-төлбөр, биелэлттэй холбоотой эдийн засгийн асуудал, гишүүдийн ёс зүйтэй холбоотой намын дотоод дүрмийг өөрчлөх төсөл, УИХ-ын болон нөхөн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гом-дол, саналыг удтал хэлэлцээгүй ч энэ удаа нэлээн дэлгэрэнгүй ярилцах  бололтой. Эргэж харах, эсвэл шийтгэл, хариуцлага тооцох асуудалд СХД-ийн намын хороонд өрнөсөн үйл явдал багтжээ.


Хамтарсан Засгийн газрын үед гишүүд үг хэлээ хамжааргатай байлгах тухай өмнө нь гарсан Бага хурлын тогтоол хүчинтэй байгаа. Тиймээс  Оюутолгойн гэрээ олон алдаатай болсныг  мэдээ ч үгүй юм шиг өнгөрүүлэх ёстой байтал зарим гишүүн  шүүмжилж, сонин хэвлэлд ярилцлага өгснөөр намаасаа хөөгдөх, хариуцлага тооцуулахад хүрч буй бололтой. Ингэснээр ард түмний эрх ашгийг хамгаална хэмээн ам өчгөө өгч сонгогдсон гишүүд  шударга байсныхаа төлөө намынхаа  өмнө хариуцлага хүлээх болсон  гэж болох юм. МАХН ч яахав гишүүддээ хариуцлага тооцдог байж, харин АН Оюутолгойг шүүмжилсэн гишүүдээ хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. 
 

МАХН сүүлийн үед анхан шатаа сонсохгүй,  тэдний  өмнөөс удирдлагууд нь шийдвэр гаргаж байгааг жирийн гишүүд нь шүүмжилж, тэр байтугай гишүүнчлэлээсээ татгалзахад хүрээд буй. Энэ байдлыг нуусан удирдлагууд нь “Манай нам олон мянган гишүүнтэй. 900 гаруй гишүүн батлахаа өгөөд гарна гэж хаа байхав. Ганц нэг хүн ийм юм ярьж байгаа. Тэднээр дутахгүй” гэхчлэн тайлбар-ласан.  Энэ удаа ч гэсэн намаа шинэчлэх гэсэн жигүүрийнхний илтгэл, санал гомдол  Бага хурал дээр хаалттай сэдвийн нэг байх бололтой.  Тэднээр үг хэлүүлэхгүй байх, ам өчгийг авах үүрэг даалгавар өгөгдсөн  хэмээн жирийн гишүүд  жиг, жуг хийж эхэлжээ. 


Бага хурлаас хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах томоохон сэдвийн нэг нь намын даргын асуудал. С.Баяр Ерөнхий сайдын албаа өгөхдөө  намын даргын суудлыг авч үлдсэн. Сонгуульд нэр дэвшүүлэхээс эхлэн улс төрийн томилгоонуудыг намын дарга мэддэг болсноор сонгуульт ажлаа  албан тушаал мэтээр бодчихоод тийм ч амархан тавьж өгөхгүй байх магадлал бий. Нөгөө талаас суудалд санаархсан мөнгөтэй бүлэглэл, фракцуудтай тохиролцож болзошгүй гэсэн яриа, хөөрөө өрнөж  байна. Гэхдээ эр хүний цээжинд эмээл хазаартай морь гэгчээр  С.Баярын дотор  хаашаа  л бол хаашаа хэлснээр нь  ханарч байх   нэр бүхий утсан хүүхэлдэйнүүд  зэхээстэй. Намын дүрэм, өмнөх их хурлын тогтоолоор бол намын дарга, Ерөнхий  сайд байх ёстой. Сү.Батболдод Ерөнхий сайдын албаа шилжүүлсэн ч намын даргын албаа авч үлдсэн нь  ашигт малтмалын томоохон ордууд дээр түүний гараар могой бариулах тактик ч байж болох. Гэхдээ үнэхээр намаа аварч, эрүүлжүүлье гэсэн тал нь дийлбэл  МАХН их, бага хурлаараа 2012 оны сонгуульд намаа ялуулах гарцыг хайж таарна. Эс бөгөөс өөрийгөө булшлах, бусад улс төрийн хүчинд гар өргөлгүйгээр бууж өгөх л үлдэж.

Ч.Үл-Олдох

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.