Амлалт нэхэх ард түмний холбооны дэд тэргүүн Г.Уянга:

2010/04/02
Share |
Хүмүүс: Г Уянга | 
Амлалт нэхэх ард түмний холбооны дэд тэргүүн Г.Уянга:

Амлалт нэхэх ард түмний холбооны дэд тэргүүн Г.Уянгатай ярилцлаа.

-Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн цуглаанаас иргэд үр дүн хүлээж байгаа  бол  улс төрийн хүрээнийхэн айдас, түгшүүрт автжээ. Амлалт нэхэх ард  түмний холбооны хувьд ямар өдөр байх бол?
-Энэ өдөр их утга учиртай өдөр байх болно. Дөрөвдүгээр сарын 5-нд ханш нээгдэж, хаврын урин цаг ирсэн сайхан өдөр байдаг. Энэ өдөр улс орон даяараа нэг л шаардлага тавьж УИХ-ыг тараана. УИХ-ыг тараах шаардлагад өнөөгийн нийгмийн бүхий л проблем багтаж байгаа. Дараа нь өнөөгийн тогтолцоог өөрчлөх, ямар бүтцээр ажиллах, Үндсэн хуулийг яаж өөрчлөх зэрэг суурь асуудлыг ярилц-ах түр бүтэц байгуулна. Үүнийгээ Ард түмний онц их хурал гэж нэрлэх үү, Онц зөвлөл гэж нэрлэх үү гэдгээ тухайн үедээ шийднэ. Энэ бүтэц улс орныг эмх цэгцэд нь оруулах ажлыг гардан хийнэ. Ер нь дөрөвдүгээр сарын 5-нд ямар нэг үймээн самуун болохгүй. Иргэд үгээ хэлсэн тайван цуглаан болж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлагаа өргөн барина. Шаардлагынхаа хариуг авч үр дүнд хүртлээ суулт үргэлжилнэ. Үүнээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 3-нд цуглан  УИХ тарсны дараа яаж ажиллах тухайгаа ярилцан бичиг баримтаа эцэслэхээр төлөвлөсөн. Хамгийн гол нь иргэд эрх ашгийнхаа төлөө тэмцэлд  идэвхтэй оролцох хэрэгтэй.

-УИХ-ыг тараах суултад  ирж амжаагүй орон нутгийнхан, үйлдвэр аж ахуйнхан яаж оролцох вэ?
-Тайван цуглаан, суулт орон даяар болох бөгөөд аймаг, сумын төв, албан газар, үйлдвэр аж ахуйн газартаа суулт хийх юм. Нэгэнт эсэргүүцлийн томоохон ажиллагаа эхлүүлсэн  болохоор үр дүнд хүрч байж дуусна. Хэр тэвчээртэй, зохион байгуулалт сайтай байгаагаас үр дүн шалтгаална. Манай холбоо орон даяар ажиллах салбар хороодоо байгуулж, удирдамж өгсөн байгаа. Сүхбаатарын талбай дээр ирж цуглаанд оролцож чадахгүй иргэд орон нутаг дахь салбар хороодын зохион байгуулж байгаа  тэмцэлд нэгдэж болно.

-УИХ тарлаа гэхэд дараагийн зохион байгуулалтаа яаж хийхээр төлөвлөгөө боловсруулсан гэж хэлж болох уу?
-Хамгийн түрүүнд  улс төрийн хүчин, нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг оролцсон томоохон зөвшилцөл болно. Бид энд Ард түмний онц их хурлыг байгуулах хувилбар ч байгаа. Ард түмний  онц их хурал байгуулагдсаны дараа Үндсэн хууль, Сонгуулийн болон улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулна. Сонгуулийн ерөнхий хорооны бүтцийг өөрчилнө. Шинэ батлагдсан Үндсэн хууль, Сонгуулийн болон улс төрийн намуудын тухай хуулийн дагуу дараагийн сонгуулийг явуулна. Шинээр байгуулагдсан парламентад Ард түмний онц их хурал эрхээ шилжүүлээд татан буугдах юм.

 -”Амлалт нэхэх ард түмний холбоо” иргэдийг хувьсгалт тэмцэлд уриалан дуудаад тайван цуглаан хийнэ гэхээр хүмүүс гайхаад байх шиг байна. Хувьсгалт тэмцэл гэснийхээ учрыг тайлбарлахгүй юу?
-Өнөөгийн тогтолцоог өөрчлөхөөр  тэмцэл хийж байна. Түүнээс биш УИХ дахь 76 гишүүнийг өөрчлөөд 76 сайн хүн авчирч тавиад болдог байсан бол бид дараагийн сонгууль буюу ээлжит бус сонгууль явуулахыг шаардах байсан. Систем нь өөрөө болохгүй байгаа болохоор УИХ-ыг тар, тогтолцоог өөрчилье гэсэн  хувьсгалт тэмцэлд уриалаад байгаа юм. Болохгүй байгаа тогтолцоо, бүтцийг  өөрчлөх гэж байгаа учраас хувьсгалт тэмцэл хийхээс өөр аргагүй.

-Танай холбоог  гарч ирэхэд хэн нэгний захиалгатай гэж байсан. Эхэндээ Үндэсний шинэ нам  дараа нь Ерөнхийлөгчийн захиалга гэх боллоо. Танай холбоонд ямар нэг улс төрийн нам, бүлэг-лэлийн нөлөө байна уу?
-Засаглалын хэлбэрийг өөрчлөхийн тулд ард түмнээрээ ярилцдаг. Бид засаглалын хэлбэрийг өөрчлөхөөс илүүтэй бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа парламентын засаглалын давуу талыг  дахин ашиглах  ёстой гэж үзсэн. Бидний хувьд хоёр танхимтай парламентын систем, Үндсэн хуулийн шинэчилсэн төслийг боловсруулж бэлэн болгочихоод байгаа. Гэхдээ энэ нь зөвшилцлийн ширээний ард суухад гаргаж тавих санал болохоос эцсийн хувилбар биш. Олуулаа ярилцаж байж л Ерөн-хийлөгч, Ерөнхий сайд, парламент ямар үүрэгтэй байх вэ гэдгээ тогтоно. Түүнээс биш бидний тэмцлийн ард хэн нэгэн тоглогч байхгүй. Ард түмэн энэ өөрчлөлтийг хүсч  байгаа. Бидний араас хэн нэгнийг хайж байгаа бол тэр нь олон нийт л байх болно.

-УИХ-ын зарим гишүүд хэн нэгэн хэсэг хүмүүсийг цуглуулаад жагсаал, цуглаан хийгээд парламентыг тараачихгүй. Тарах үгүйг  УИХ өөрөө шийдэх асуудал гэж байна. Хэрвээ УИХ тарахгүй гэвэл яах вэ?
-УИХ тарахыг иргэний хөдөлгөөн биш иргэд шаардвал тарах л ёстой. УИХ-ын  гишүүд тэнгэрээс буусан быус иргэдийн сонголтоор гарч ирсэн. Ард түмний  олонхи нь тарах ёстой гэж үзэж байгаа нөхцөлд тарах л болно. Төр өөрөө эмх замбараагүй байдал, ямар нэгэн муу юм руу турхирахгүй байх гэж бодож байна. Бидний тавьсан шаардлагад хүндэтгэлтэй хандахгүй бол асуудлыг ойлголцлын төвшинд шийдэж чадахгүй бол нөхцөл байдал хүндрэх байх. Энэ тэмцэл амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна.

-2008 оны сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй долдугаар сарын 1-ний үймээн иргэдэд айдас төрүүлсэн. Энэ удаагийн цуглаан ч ийм байдалд хүрэхгүй байгаасай гэж бодож байгаа. Тэгэхээр та нар  цуглааны үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх талаар ямар арга хэмжээ авч байна?
-Нийслэлийн болон дүүргийн Засаг дарга, Нийслэлийн цагдаа, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт хуулийн дагуу зөвшөөрөл хүсч хандсан. Нийслэлийн цагдаагийн газраас зөвшөөрөл олгож, хамгаалалтад хамтарч ажиллах болсон. Мөн манай холбооныхон, иргэд хам-гаалалтад оролцоно. Тиймээс энэ цуглаан эмх замбараагүй байдал үүсгэхгүй, аюулгүй болно гэдэгт итгэлтэй байж болно. Дашрамд дурдахад, лам нар бидэнтэй нэгдэж ном уншина, хадагтай хувьсгал хийнэ. Бид амгалан тайван байж, хэн нэгэн рүү дайрч довтлохгүй, цагдаа иргэдийн хооронд мөргөл-дөөн үүсгэхгүй байх талаар нийгмийн бүхий л салбарт хандаж уриалга гаргасан. Ингэснээр тайван тэмцэл хийх бүхий л зохицуулалтыг хийсэн гэдэгт  итгэж болно.

-УИХ-ыг тараах, амлалт нэхэх холбоонд иргэний хөдөлгөөнүүдээс гадна улс төрийн бусад нам эвслүүд нэгдэж, дэмжиж байгаа гэсэн. Ямар замаар хамтран ажиллах вэ?
-Эгэл жирийн ард иргэдээс гадна иргэний хөдөлгөөнүүд дэмжиж хамтран ажиллах талаар гэрээ байгууллаа. Өчигдөр л гэхэд “Үндэсний соёмбо” хөдөлгөөнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уржигдар 30 гаруй иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага нэгдэн “Тусгаар тогтнол” гэдэг эвслийн гэрээ байгууллаа. Мөн парламентын гаднах улс төрийн бүх намууд дэмжиж байгаа. Төрийн албан хаагч, байгууллагуудын төлөөлөл ч биднийг дэмжиж байгаагаа илэрхийлж ямар ч хэлбэрээр оролцоход бэлэн гэж байна.  Гэхдээ бид улс төрийн намуудыг хамтран зохион байгуулагчаар оролцуулахаас түр түдгэлзэн зөв замаар дэмжихийг санал болгосон. Цаг үеэ харж байгаад  шаард-лагатай гэж үзвэл  зохион байгуулалтад  оролцуулна.  Тогтолцоог өөрчлөх тэмцэлд бүх нийтээрээ бие биедээ итгэх итгэлцэл дээр тулгуурлаж амжилтад хүрнэ. Түүнээс биш “Амлалт нэхэх ард түмний холбоо”,  Уянга, Батцогт нарын хийх ажил биш. Хэвлэл мэдээлэл, парламентын гаднах улс төрийн намуудын дэмжлэг, иргэний хөдөлгөөн гээд бүх  монголчууд оролцож байж төрөө засна. Тэмцэл амжилттай болбол  ард түмний  хүсэл биелэх болно.

-Танай холбооны тэмцлийг дэмжсэн УИХ-ын гишүүд ч байгаа гэсэн. Тэд ямар хэлбэрээр дэмжих вэ?
-Ард түмний дэмжлэг орон нутагт хүчтэй өрнөвөл УИХ-ын гишүүд ч энэ тэмцэлд нэгдэх  байх. Оюутолгойн гэрээнээс өгсүүлээд бидэнтэй нэгдэх сэдэл цөөнгүй  байна гэсэн ойлголт төрсөн. Зарим гишүүд асуудал хүндэрвэл гарч ирээд та бүхэнтэй нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн.

-УИХ-ыг тараах тэмцэл эхлэхээс өмнө  хөрөнгө оруулалтын гэрээгээ амжаад батлуулчихъя. Байдал эвгүйдэхээс өмнө мөнгө, хөрөнгөтэй  холбоотой, суудалтайгаа үлдэх гэсэн оролдлогоо ам-жуулъя гэсэн үзэгдэл ажиглагдаж байна. Уржигдар л гэхэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын  гэрээг гуравдугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр гээд зарлачихлаа?
-Эрх баригчид сандарсандаа ямар ч аргаар хамаагүй амлалтаа өгөх гэж оролдож байна. Дөрөвдүгээр сарын 6-наас хүчин төгөлдөр болох ёстой байсан Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр болгож зарлалаа. Тэгэхээр эд нар ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлдээ үлдэх гэсэн оролдлогуудыг хийж байна. Газар нутгаа зарж байж албан тушаалдаа үлдэх гэсэн ухвар мөчид бодолтой нь харагдлаа. Оюутолгойн гэрээг байгуулахдаа ард түмнээсээ зөвшөөрөл аваагүй. Хэрэв улс төрийн нөхцөл байдал хүндэрвэл энэ гэрээ ч гэсэн хүндэрнэ. Монголын ард түмэн газар нутаг, эрдэс баялагтаа эзэн болно. Ингэснээр бид гэрээ хийхгүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулах гэж байгаа юм биш. Гэрээг дахин харж үзээд ард түмэндээ ашигтай байх хувилбарыг сонгоно. Өнөөдөр эрх баригчид “Айвенхоу майнз” компанид өр тавьж амлалтаа биелүүлэх гэж байна. Хойч үеэ өрөнд унагааж, газар нутаггүй болгон байж  амлалтаа биелүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй.  Уг нь газар доорхи баялгаараа амлалтаа биелүүлэх боломж байгаа. Энэ боломжийг дараагийн УИХ, Ард түмний онц их хурлын зөвшилцлөөр ашиглах болно. Оюутолгойн гэрээ олигархиудын санаанд таарсан боло-хоос ард түмний зөвшөөрсөн гэрээ биш

Ц.УРГАМАЛ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.