Жэссика Биэл: Үзэгчид хэзээ ч миний үнэн төрхийг хараагүй

2010/04/05
Share |
Хүмүүс:
Жэссика Биэл: Үзэгчид хэзээ ч миний үнэн төрхийг хараагүй

Жэссика Биэл гэж хэн бэ? Түүнийг хүн бүр л өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Өсвөр насны охид Биэлийг Жастин Тимберлэйктэй холбон бичсэн шар хэвлэлүүдийн мэдээллээр таньдаг бол 40 хүртэлх насныхан "Чак Ларри, би та хоёрын гэр бүл болсныг баталж байна" киноны задгай амьдралтай, дур булаам эмэгтэйгээр төсөөлдөг. Харин дунд эргэм насныхан "Тэнгэрлэг гэр бүл" цувралын Мэритэй зүйрлэнэ. Эл асуултад бодит хариу олохоор түүнтэй хоёр өдрийг хамт өнгөрүүлсэн "Vanity Fair" сэтгүүлийн сурвалжлагчийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.      Ж.Тимберлэйк Ж.Биэл хоёрын дотно харилцаа 2007 оноос хойш үргэлжилсэн бөгөөд удаан хугацааны турш тэд хамгийн жаргалтай хос хэмээгдэж байв.
      Үзэгчид түүнийг сайн жүжигчин гэдгээр нь андахгүй. Харин би түүнийг сайн жолооч гэж батална. Тэр "Subaru"-гаа унаад, хурдны замаар давхих дуртай. Бидний яриа Ванкуверийг зорьсон аяллынх нь үеэр эхэлсэн юм. Багаасаа сноубордоор хичээллэсэн Биэл Уистлерийн цанын баазыг зорьж яваа нь энэ. "Цасан дунд, хөгжим сонсон, машин бариад л... Энэ бол хамгийн сайхан мөч. Би ийм нөхцөлд л тайван байж чаддаг" хэмээн тэр яриагаа эхэллээ.
      Өөрийн туршлагаар би түүнийг ихэмсэг, бардам нэгэн хэмээн төсөөлж байлаа. Харин энэ бодол минь түүнтэй уулзсан даруй ор үндэсгүй сарнисан юм. Өдөржин түүний дэргэд байсан хэрнээ би өнгөрсөн хоёр хоногт Биэлийн бухимдаж, сэтгэл зовж байхыг нь нэг ч удаа харсангүй. Харин үүнийгээ тэр өссөн орчинтойгоо холбон тайлбарласан. Биэл "Аав, ээж хоёр минь гэртээ бараг л үзэгддэггүй байсан. Амьдралаа бяцхан усан завинаас эхэлсэн гэж дурсдаг. Гэхдээ тэд маш гайхалтай хос" хэмээн сонирхууллаа.
      Түүний аав Жон "General Electric" компанид олон жил ажиллаж байгаад хувиараа бизнес эрхлэхээр ажлаасаа гарсан гэдэг. Энэ тухайд тэрбээр "Аав минь оргилсон их хүсэл тэмүүлэлтэй хүн. Тэр занг нь би дууриасан шиг байгаа юм" гэв.
     Биэл хэрхэн кино урлагт хөл тавьсан тухайгаа "Хиппи эцэг, эхтэй байхын давуу тал нь тэд юу хүссэнээ хийх эрх чөлөө олгодог явдал. Тиймээс би гимнастик, дуу хөгжим, драмын гээд сонирхсон бүхий л дугуйландаа явдаг байлаа. Бүр Лос-Анжелес руу драмын сургуульд явах зөвшөөрөл олгосон. Одоо эргээд бодоход "Бурхан минь, та нар чинь галзуураа юу. 12 настай хүүхдэд юу хүссэнээ хийх зөвшөөрөл олгож болох уу" гэж хэлмээр санагддаг. Тэд миний төлөө бүхнийг хийдэг байлаа" гэж дурсдаг.
Ингээд л тэр 1996 онд "Тэнгэрлэг гэр бүл" цувралын Мэригийн дүрд тогложээ. Энэ үеэс л түүний Холливудын дээд зэрэглэлийн жүжигчин болох зам эхэлсэн байна. Өсвөр насны охинд энэ нь дэндүү том алхам болсон тул алдаж, эндсэн зүйл ч цөөнгүй хэмээн тэр дурсдаг. Тэр дундаа 18 насныхаа төрсөн өдрөөр "Gear" сэтгүүлд нүцгэн зургаа авахуулсандаа хамгийн их харамсдаг гэсэн. Энэ тухайгаа тэр "Би тэр үед коллежид сурахыг маш их хүсдэг байсан. Яг л тэр хүсэлтэй давхцан маш их мөнгө амласан энэ санал ирсэн. Тэгээд зургаа авахуулчихсан. Харин сэтгүүл худалдаанд гарсны дараа би их тэвдсэн. Үүнийхээ төлөө хүн бүрээс тэр дундаа ээж, ааваасаа уучлал гуймаар байна. Энэ алдаа надад хүнд хэрхэн "Үгүй" гэж хэлэх вэ, аливаа зүйлийн хил хязгаар хаана байдаг гэх мэт олон зүйлийг ухааруулсан" гэж тайлбарлав.
Зочид буудалд ирсний дараа бидний яриа оройн хоолны ширээний ард үргэлжиллээ.
    Миний бодлоор түүний хамгийн сайн бүтээл бол "Илбэчин". Харин Биэл уг киногоо "Маш олон хүн "Илбэчин"- г дэлгэцнээ гарахаас нь өмнө "Хамгийн шилдэг кино болно" гэж дүгнэдэг байлаа. Харамсалтай нь бидний уран бүтээл тэдний хэлж байсан шиг амжилт олоогүй. Гэвч энэ кино гарснаас хойш хүмүүс намайг тэс өөрөөр дүгнэдэг болсныг би анзаарсан" хэмээлээ.
Үүнээс хойш түүнд аз тохиогоогүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэр Жэймс Камерон зэрэг хэд хэдэн нэр хүндтэй найруулагчтай хамтран ажилласан боловч төдийлэн амжилт олсонгүй.
Энэ тухайд тэрбээр "Эдийн засгийн хямрал кино ертөнцөд ч нөлөөлсөн. Ялангуяа 2008 он кино урлагийнхны хувьд хүнд жил байсан. Тиймээс хэн ч драмын кино хийхийг хүсээгүй. Үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг аймшиг, инээдэм болон адал явдалт кино эрэлттэй байлаа" хэмээн тайлбарласан. Харин түүний хамгийн сүүлийн уран бүтээл болох "Валентиний өдөр" багагүй ашиг олсон.
      Маргааш өглөө нь нүүр нүдгүй шуурч байсан цасан шуурга бороогоор солигдсон байлаа. Энэ удаад бидний яриа түүний хувийн амьдралын талаар өрнөлөө.
      Ж.Тимберлэйк Ж.Биэл хоёрын дотно харилцаа 2007 оноос хойш үргэлжилсэн бөгөөд удаан хугацааны турш тэд хамгийн жаргалтай хос хэмээгдэж байв. Харин саяхнаас тэдний хувийн амьдрал руу шар хэвлэлийнхэн өнгийх болсон. Энэ тухайд тэрбээр ярихыг хүссээгүй бөгөөд "Миний хувийн амьдралыг шар хэвлэлийнхэн л илүү мэдэх байх. Энэ бол амьдралын минь хамгийн үнэ цэнэтэй зүйл. Тиймээс бусдад дэлгэмээргүй байна. Хэн юу гэж хэлж, бодох нь хамаагүй" гэсэн тайлбар хийсэн юм.
Харин тэр гадаад үзэмж, хувцаслалтынхаа тухайд "Би эмэгтэйлиг байдал, сонгодог загварыг чухалчилдаг. Рианнагийн хувцаслалт таалагддаг учир байнга л түүнийг ямар хувцас өмссөн бол гэж хардаг. Нүүрээ будаж, элдэв загварын хувцсаар гоёсон зургуудаа харахад надад огт танихгүй эмэгтэйг харж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Бүр нүд орой дээрээ гарах дөхдөг шүү. Улаан хивсний ёслолын үеэр ч би Жэссика Биэл биш өөр хэн нэгний дүрд жүжиглэдэг. Эцэст нь нойтон цаасаар уруулын будгаа арчиж, үсээ задгайлан жинхэнэ төрхөндөө хувирдаг. Биед эвтэйхэн байдлыг илүүд үздэг болохоор тэр. Магадгүй үзэгчид хэзээ ч Жэссика Биэлийн үнэн төрхийг хараагүй байх" гэлээ.
      Бидний яриа дууссаны дараа зурагчны ажил ундарлаа. Тэр зураг авахуулах бүртээ "Биэлд зориулсан инээмсэглэл" гэж байлаа. Үүнийхээ учрыг "Эмээг минь мөн л Биэл гэдэг. Хэдэн жилийн өмнө эмээ минь "Жэссика, зурагчдын дуран руу хараад инээмсэглэх чамд огт зохидоггүй юм уу" гэж асууж билээ. Түүнээс хойш зурагчдыг харах бүртээ би "Биэлд зориулан инээмсэглэх хэрэгтэй" гэж боддог болсон" хэмээн тайлбарласан.
      Энэ бүхнээс түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн хүмүүс бол гэр бүлийнхэн нь хэмээн дүгнэж болохоор. Харин туслах нь түүнийг "Хэрэв та түүнтэй зоогийн газар таарбал кино од гэдгийг нь анзаарахгүй. Найзуудынхаа хувьд тэр хамгийн энэрэнгүй, халамжтай, нинжин сэтгэлтэй, хайр булаам, гайхалтай бүсгүй" гэж дүгнэлээ.
Эцэст нь түүний "Мундаг жүжигчдийн амьдрал тун уйтгартай. Тэднийг хаа ч явсан хүмүүс танина. Тиймээс хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээ цэгнэх шаардлагатай болдог. Харин надад тэр нь хамгийн түвэгтэй ажил" гэсэн ишлэлээр нийтлэлээ дуусгая.

Inet.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.