55 мянган оюутан хөнгөлөлт эдлэхгүй

2010/04/05
Share |
Хүмүүс:
55 мянган оюутан хөнгөлөлт эдлэхгүй

Оюутнуудын нийтийн тээврээр зорчих хөнгөлөлтийн билетийг энэ сараас цахим картаар сольж эхэллээ. Сар бүрийн эхэнд олгодог хөнгөлөлтийн билет авах оюутнуудын урт цувааг багасгах, хуурамчаар үйлдвэрлэхийг таслан зогсоох, хөнгөлөлт үзүүлэх зорилготой хэмээн онцолж буй. Гэтэл олгож эхэлснээс хойш оюутнууд эрхийн бичгээ авч чадаагүй, хуурамч карт үйлдвэрлэж байгаа тухай гомдол гаргаж эхэлсэн. Энэ талаар Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлээс тодрууллаа.

-Цахим карт хөнгөлөлтийн билетээс ямар ялгаатай вэ. Давуу тал нь юу вэ?
-Наалтыг эрхийн бичиг болгож сольсон. Энэ эрхийн бичиг хуучин наалтаас өөр, картан дээрээ таних тэмдэгтэй. Тиймээс автобусны кондукторт карт унших гар төхөөрөмж тарааж өгнө. Картыг уншуулахад гурван төрлийн бичиг гарч ирэх юм. Хүчинтэй байна уу, жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг шалгана гэсэн үг. Харин оюутны хуучин хөнгөлөлтийн карт хүчин төгөлдөр үйлчилнэ. Хойшид ч мөрдөгдөнө. Учир нь НИТХ-аас баталсан журман дээр цахим картыг эрхийн үнэмлэх гэж нэрлэсэн. Эрхийн үнэмлэх нь хөнгөлөлтийн карт й байж хүчинтэй. Цахим карт руу шилжсэн мэдээллийн баазыг цуглуулж байгаагаараа давуу талтай.

-Ингэхэд цахим картыг оюутнууд бүрэн авч чадаж байна уу?
-Улсын хэмжээнд 160 гаруй мянган оюутан байгаагаас нийслэлд 135 мянган оюутан суралцдаг. 2010 онд нийслэлийн төсвөөс оюутны цахим картаар 80 мянган оюутан зорчуулахаар төсөвлөсөн. Тиймээс эхний ээлжинд төсөвт багтаах төлөвлөгөөтэй байна.

-Зарим оюутнууд мөнгөө төлчихсөн мөртлөө картаа аваагүй гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Техникийн саатлаас болж долоон хоног хойшилсон. Тиймээс хоёр, гуравдугаар сарын маркаар дөрөвдүгээр сарын 7 хүртэл зорчих эрхтэй. Энэ зааврыг кондукторуудад мэдэгдсэн.

-Хөнгөлөлтийн картанд хамрагдаагүй оюутнууд олон байгаа гэсэн. Эдгээр оюутнуудыг яах ёстой вэ?
-80 мянгад багтаж захиалга өгнө. Харин энэ тоонд багтаж чадаагүй бол бид шийдэх боломжгүй. Цаашдаа төсөв нэмэгдвэл бүх оюутан хамрагдах боломжтой.

-Цахим картыг хаана хийж байгаа вэ. Захиалгийн үнэ хэд вэ?
-Картны үндсэн өртөг 1500 төгрөг. Нэг оюутнаас 2400 төгрөг хурааж байгаа. Улирал бүрийн сунгалт 900 төгрөг. 1500 бол тухайн компанийн санал болгосон үнэ. Хаана хэвлэх асуудлыг олон талаас нь судалж "Эйч-Эм-Ай-Ти" компанийг сонгон хэвлүүлэхээр болсон.

-Энэ карт өмнөх билетээс ялгарах зүйл алга. Оюутны цахим карт бизнес болсон юм биш үү хэмээх хардлага гадуур байна?
-Бидэнд иргэдийн зүгээс янз бүрийн шаардлага ирж байгаа. Энэ тухай сайн мэдэхгүй байна. Дээрээс шийдсэний дагуу л бид ажиллаж байгаа. Алдаа байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид гурван талт гэрээ байгуулан ажиллаж байна.

-Шинэ цахим карт хуурамч билет хийхийг таслан зогсоож зөрчлийг багасгана гэж ойлгож болох уу?
-Оюутнууд зөрчил гаргаж өөр нэгэнд дамжуулж, хуурамч билет үйлдэж байсныг хэд хэдэн удаа илрүүлсэн. Шинэ цахим карт үүнийг таслан зогсооно. Бусдад дамжуулах ямар ч боломжгүй. Гэхдээ хуурамчаар хийхийг үгүйсгэхгүй. Хүн бүрийг шалгаж амжихгүй байж болно. Бас нэг зөрчил үүсгэдэг юм нь тухайн сургуулийн захиргаа оюутны үнэмлэхээ . сунгадаггүй явдал юм. Энэ нь хаана хаанаа чирэгдэл үүсгэдэг. Хөнгөлөлтийн картыг нэг жилээр олгодог. IV курсын оюутан төгсөхөөсөө өмнө картаа гээчихвэл дахин олгохоос өөр аргагүй. Энэ нь сургуулиа төгссөний дараа нь хүчинтэй байх жишээтэй.

-Оюутны хөнгөлөлтийн шар карт ямар ач холбогдолтой юм бэ?
-Олон давуу талтай. Дансаа нээлгэвэл голомт банкнаас мөнгөн гуйвуулга хийх боломжтой. Түүнчлэн үйлчилгээний газруудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй. Энэ төрлийн мэдээлэл оюутнуудад хомс байдгаас тухайн байгууллага гэрээгээ хүчингүй болгох тохиолдол гардаг.

10 автобусанд хоёр уншигч машин оногдоно

Нийтийн тээврээр үнэгүй зорчих цахим картын талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын мэргэжилтэн Б.Баттулгаас дараах асуултад хариулт авсан юм.
-Оюутны цахим карт олгоход Нийслэлийн нийтийн тээврийн газар ямар байдлаар оролцож байгаа вэ?
-Нийтийн тээврийн газар цахим картыг хэвлүүлэх түгээх ажлыг хариуцан ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан журмын дагуу оюутнуудад цахим картыг хуваарилах ажлыг зохион байгуулж байгаа. Дөрөвдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд нэвтэрч эхэллээ. Өнөөдрийн байдлаар 30 мянган оюутан картаа аваад байна.

-Карт авч чадаагүй оюутнууд яах вэ. Энд ямар байдлаар зохицуулалт хийх вэ?
-Одоогийн байдлаар хэвлэгч гурван машин байгаа. Хэт их ачаалал өгснөөс техникийн саатал гарсан. Мөн оюутнууд маань анхдагч анкетаа бөглөхдөө хоцорсон. Өөрөөр хэлбэл Ю гаруй мянган оюутан захиалга дуусахаас долоо хоногийн өмнө анкетаа авчирч өгсөн. Энэ байдал ачаалал үүсгэж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний байдлаар 62 мянган оюутан карт захиалсан. Одоо 18 мянган оюутанд хүлээлт үүсээд байна. Дөрөвдүгээр сарын 6 гэхэд цахим картыг олгож дуусгана.

-Уншигч машинд яаж хяналт тавих вэ? Хэднээс үйлчилгээнд нэвтрэх юм бэ?
-Машины хувьд тод зураг, сургуулийн нэр, хаяг, оюутны өөрийн мэдээллийг багтааснаар онцлогтой. Бүх автобуснуудад хянагчийн багаж суурилуулах боломжгүй. Эхний ээлжинд нэг чиглэлд арван автобусанд хоёр уншигч оногдож байгаа. Ойрын өдрүүдэд хэрэглээнд нэвтэрч эхэлнэ. Зун гэхэд нийт шугамд гарч байгаа 600 гаруй автобусны 50 хувийг нь уншигч багажаар хангана. Энэ багажийн нэг бүрийн үнэ 300 ам. доллар юм.

Б.Рэнцэнханд Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.