Жагсаалын эсрэг "эм" буюу 200+50 саяын өрийн бичиг, бүр биш түр ажлын байр

2010/04/06
Share |
Хүмүүс:
Жагсаалын эсрэг

Өнөөдөр Сангийн сайд С.Баярцогт, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нарын ээлжит өрийн бичигт гарын үсэг зурах өдөр.

“Оюутолгойн гэрээг зурснаар 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авна. Эхний 100 сая ам.долларын гэрээ зурснаас 14 хоногийн дараа орж ирнэ” гэснээр 2009 оны аравдугаар сарын 20-нд Сангийн сайд С.Баярцогт, УИХ дахь Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нар батламжид гарын үсэг зурж, долларын дүрс бүхий зурагт хуудасны хоёр талд зогсон хөөр баяртайгаар патиараа татуулж байв.

Тэгвэл өнөөдөр өндөр хүүтэй урьдчилсан зээлийн үлдэгдлийг авахаар 50 сая ам.долларын өрийн бичигт үргэлжлүүлэн гарын үсэг зурах юм.

Дарж барахгүй өрийн хар дансанд орохоос Монголчууд хэзээнээс айдаг. Харин С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар нар өрийн бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг баяр ёслолын байдалд зохион байгуулж, мутраа үлдээж байгаа юм. Өрийн гэрээ байгуулах тэдний хувьд ёслол төгөлдөр, хөл газар хүрэхгүй баярлаж баясмаар үйл явдал юм байна л даа. Гэвч тэдний инээд ард түмэнд ажилгүйдэл, ядуурлын “ханиад” авчирч байна.

Хэдийгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Кит Маршалл нар Улаанбаатар хотод ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан ч тэр нь түр ажлын байр бий болгох, нэг үгээр хэлбэл, гал унтраах тохиролцоо гэж болно. Хөрөнгө оруулагч талд түр ажлын байр гаргах бол түр зуурын асуудал. Хамгийн гол нь Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах л чухал. Түр ажлын байртай болсноор ард түмний амьжиргаа дээрдэхгүй.

Дэлхий нийтийн жишгээс үзэхэд Оюутолгой байтугай түүнээс ч бага хэмжээний ашигт малтмалын ордыг эзэмшүүлэхээр гэрээ хийсэн тохиолдолд их хэмжээний урьдчилгаа төлбөр авдаг. Бид ч авах ёстой. Тиймээс урьдчилгаа төлбөр авна гэсэн эрх мэдэлтнүүдийн үгэнд итгэж байлаа. Гэтэл тэр нь 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр бус өндөр хүүтэй урьдчилсан зээл, өр болохыг эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийнхэн асуудал болгон дэвшүүллээ. Бид төлбөр аваагүй, зээл хийсэн. Ямар сайндаа л хэл амтай 70 мянгыг олгож эхлэхэд “Иргэн бүр 70 мянгын өрд уналаа” хэмээн учир мэдэх хүмүүс халаглаж байхав. Гэвч өр үүгээр дуусахгүй. Засагт хамтарсан улс төрийн намууд ашигт малтмалаас олох ашгаас иргэн бүрт 1-1.5 сая төгрөгийн хувь хүртээхээ амлаж байж одоогийн өндөрлөгт хүрсэн. Тэдний жишгээр Ц.Элбэгдорж “Хоёр намын амлалтыг нийлүүлээд 2.5 сая болгож өгүүлнэ” гэснээр төрийн тэргүүний суудалд тухалсан. Төр 2.7 сая иргэнээ, тэр байтугай эхийнхээ хэвлийд байгаа, төрөөгүй хүүхдүүдийн нуруунд өр үүрүүллээ. Өнөөдөр ард түмэн хүүгээс хүүд шилжих, үрээс үрд дамжих их өрийн дарамтад орж байна.

Үнэн үүрдийн, худал нэг өдрийн настай гэгчээр нийслэлийн 3000 иргэнийг түр ажлын байртай болгох санамж бичигт гарын үсэг зурснаас эхлэн 50 сая ам.долларын батламжид сайд, дарга нар мутраа хайрлана гэхчлэн төр, засгийн шийдвэр ар араасаа цочмог хийгдэж байгаа нь гайхал төрүүлж байна.

Энэ бүхэн амлалт нэхсэн иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал, цуглааныг намжаах зорилгоор хийж буй улс төрийн алхам уу, төр иргэдээ хуурдаг шат дараалсан молиго уу, эдийн засгийн тоглолт уу гэдгийг олон нийт хэдийн эргэцүүлсэн биз ээ.

Үйл явдлын эргэн тойронд үүссэн яриа, хөөрөөнөөс үзэхэд 50 саяын өрийн бичиг, түр зуурын ажлын байрны зэрэгцээ долдугаар сарын 1-нийх шиг эмх замбараагүй явдал болох вий гэсэн айдас, болгоомжлол иргэдийн дунд их байна. Тэр бүү хэл, иргэд өөрсдөө цагдаагийн байгууллага руу утас цохиж, янз бүрийн юм гарах нь. Жагсаалыг зориудаар эмх замбараагүй болгох, зорилгыг нь гутаах, удирдан зохион байгуулагчдыг элдэв хэрэгт орооцолдуулан дуудах, баривчлан хорих гэсэн оролдлого гарч болзошгүй гэсэн мэдээллийг өгч байгаа гэсэн сураг дуулдсан. Мөн МАХН-ын дэмжигчид жагсаалыг жагсаалаар дарах, нэг ёсондоо сөрөг жагсаал хийх мэдээлэл гарсныг цагдаагийнхнаас тодруулах гэсэн боловч нуугаад хэлсэнгүй. Жагсагчдын зүгээс харин жагсаалаа замбараагүй болгох вий хэмээн болгоомжилж, өөрсдийн зүгээс авч болох бүхий л арга хэмжээг авч байгаа. 200 хүнд таних тэмдэг бүхий малгай, зүүлт өмсүүлж хамгаалалтад авсан. Үймээн, самуун гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх, хамгаалах үүднээс чөлөөнд байгаа бэлтгэл офицерууд жагсаалд оролцоно гэцгээв. Энэ өгүүллийг бичиж суухад /өчигдрийн 17-18.30 цагийн байдлаар/ “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнйи тэргүүн П.Болд огцорч, тамгаа аваад зугтжээ, Амлалт нэхэх хөдөлгөөний дэд тэргүүн Г.Уянгын бие тааруухан эмнэлэгт хэвтэх боллоо, тэд жагсахгүй гэж мэдэгдлээ гэсэн мэдээлэл интернэтэд “нисч” байлаа. Жагсаал, цуглааныг саармагжуулах, ямар нэгэн байдлаар тараах зорилготой зохион байгуулалттай ажлыг хаанаас хэн хийж байгаа нь харин тодорхойгүй байна.

Ч.Үл-Олдох Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.