"Нисванис"-ын Л.Энх-Амгалан: Ээж минь надаас "ачаа хармаар байна" гэж нэхсэн шүү

2010/04/06
Share |
Хүмүүс: Нисванис | 

-Тантай уулзах гэж багагүй мөшгөлөө. Энд тийм ажил амжуулна, тэнд хүнтэй уулзана гээд тун завгүй хүн юм. Уг нь өнөөдөр инээдмийн баярын өдөр. Ажилдаа түүртээд бухимдаж явна уу, эсвэл зорьсон хэргээ бүтээгээд баяртай байна уу?
-Өө өнөөдөр  ажил үйлс бүтэмжтэй, өөдрөг сайхан байна. Амжуулах ажил ихтэй ч уурлаж, бухимдах асуудал гарсангүй. Тоглолтын тов ойртсон болохоор уран бүтээлийн тухай бодсоор яваад  инээдмийн баярын өдрийг мартчихсан байна шүү дээ. Нээрээ, ингэсгээд ойр дотнынхоо найзууд руу ярьж, хууръя даа байз. Надад сануулсан чинь сайн зүйл боллоо.(инээв)

-Тоглолтынхоо бэлтгэлийг танайхан хэдийнэ базаасан биз дээ?
-Тийм ээ. Ok гэж хэлж болно. Бид стиль имиждээ үнэнч байж, амьд хөгжим насаараа тоглолоо шүү дээ. Анхны тоглолт биш болохоор айх, гайхах зүйл ард хоцорсон байна. Хамтлаг байгуулсан өдрөөрөө тоглолт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ сарын 10-нд  хамтлагийнхаа 14 дэх жилийн ойг өргөн тэмдэглэж, рок дуу дурлаж сонсдог фэнүүдэдээ тоглолтоо толилуулна. Энэ өдрийн 12 цагт  хотын төв гудамжаар төрийн далбаагаа мандуулсан мотоцикльтэй залуус салхи, шуурга мэт давхилдана. Энэ бол бидний фэнүүдэдээ барьж буй сюрпризийн нэг.  “Шөнийн галт тэрэг”, “Мэднесс”, “Лимонс”, “Аясын салхи” хамтлаг тоглолтод оролцож, хүрэлцэн ирсэн залуусын хамт бидний баярыг хуваалцана. Бид энэ удаа өмнө нь өмсөж  байгаагүй рок гоёлоор гангарна. Өнгөрсөн жил тоглолтоо “Нис нис”  хэмээх рок хөгжмийн наадам болгон өргөжүүлсэн. “Play time”, “Coke`n beat” наадмаас танхимд болдгоороо онцлогтой. Дөрөвдүгээр сарын 8-нд C1 телевизийн “Их завсарлага” хөгжмийн нэвтрүүлэгт залуу хамтлаг, дуучид оролцон, бидний уран бүтээлээр бэлэг барих юм.

-Танайхан тоглолт хийсний дараа нэг хэсэг нам жим болчихдог.Сонирхуулж ярих зүйл байна уу?
-Бид гар хумхиж, зүгээр суудаггүй шүү дээ. Одоо ч гэсэн шинэ уран бүтээлийнхээ ажилд шаргуу  орчихсон  байгаа. Ирэх наймдугаар сард өвөрмөц дуутай шинэ цомог хэвлүүлнэ.Тэр үед биднийг хэрхэн хөдөлмөрлөж, ямар уран бүтээл туурвисныг  хараарай.

-Нэг үе хүмүүс “Эмийн сан руу алхсан нь”, “Сургууль нураасай”, “Улаан хэрүүлч” дууг чинь залууст буруу ойлголт төрүүлж байна гээд их шүүмжилсэн дээ?
-Хачин, этгээд дуу дууллаа гэж олны шүүмжлэлд их өртсөн. Манайхаас өөр хамтлаг өмнө нь ийм зүйл зоригтой дуулж байгаагүй болохоор гайхаж, хүндээр хүлээж авсан байх. Гэхдээ хүмүүс аман дээрээ шүүмжилсэн хэрнээ, сонирхож сонсдог л байсан шүү дээ. Дуу хоолойгоо чөлөөтэй хүргэснээрээ рок хөгжмийн ертөнцөд бид үүргээ гүйцэтгэсэн. Амьд хөгжмийн гайхамшиг, рок хамтлаг ямар байдаг вэ гэдгийг харуулж чадсан гэж боддог. Бид уран бүтээлдээ худлаа зүйл өгүүлээгүй, үнэн  бодит амьдралыг  тусгасан.

-Та яарч байгаа болохоор уран бүтээлийн тухай ингэсгээд өндөрлөе. Сэдвээ өөрчлөөд энгийн зүйл ярилцъя. Болох уу?
-Бололгүй яах вэ. Саналыг тань хүлээж авлаа.

-“Нисванис”-ын Амгаа дуулаад л байх юм. Хэзээ гэр бүлийн амьдралд хөл тавих  юм бол гэж залуус боддог байх даа?
-Магадгүй хүмүүс ингэж боддог байж болох л юм. Гэхдээ миний хувийн амьдрал тэдэнд сонирхолтой санагддаг гэж би лав бодохгүй байна.

-Таныг найз бүсгүйтэй гэдгийг мэднэ. Энд тэнд хамтдаа явж  байхыг  чинь нэг бус удаа харсан юм байна?
-Тийм ээ, найз бүсгүйтэй. Түүний ухаалаг, даруу, энгийн, өөрийгөө хүндэлж чаддаг зангаар их бахархдаг.

-Аав, ээж, ойр дотнын найзууд тань таныг гэрлэ гэж ятгаж байгаа биз дээ?
- Гэрлэх нас чинь оройтлоо гээд найзууд байнга хэлнэ. Энэ жилийн цагаан сараар ээждээ очиж золгосон чинь “Одоо хурдан гэрлэж, үр хүүхэдтэй бол. Би ачаа хармаар байна” гэж нэхсэн шүү.(инээв)

-Ээжийнхээ хүслийг хэзээ биелүүлэх гэж байна даа?
-Өө удахгүй байх аа. Олон хүүхэд болно гэж боддог шүү.

-За ямартаа ч фэнүүдэдээ сайхан мэдээ дуулгалаа. Ингэхэд Та олуулаа өссөн гэсэн байх аа?
-Тийм ээ. Манайхан өнөр өтгөн өссөн шүү. Би 10 хүүхэдтэй айлын зургаа дахь нь. Олуулаа байхын сайхныг  байнга мэдэрдэг.

-Таныг рок хөгжим сонирхож, этгээд дуу дуулж эхлэхэд аав ээж тань хэр хүлээж авсан бэ?
-Намайг урлагын зам сонголоо гэж аав ээж минь буруушаагаагүй. Харин ч ойлгож, дэмжин “Хэрвээ чи рок урлагаар гарч ирье гэж бодож байгаа бол хөдөлмөрлө. Сайн  бүтээл хүнд хүргэх хэрэгтэй шүү, хичээж зүтгээрэй” гэж хэлсэн. Манай бага дүү энэ жил Казахстаны соёлын их сургуулийг дүүргэсэн. Дүүгээ урлагийн хүн болж байгаад сэтгэл өндөр байгаа. Ямар ч байсан би гэрийнхнээсээ ганцаараа урлагийн зам туулахгүй боллоо гэж дотроо баярлаж байгаа.

-Та “Элсний нүүдэл” кинод тоглосон. Түүнээс хойш найруулагчдаас киноны санал ирэв үү?
-Одоохондоо үгүй ээ. Кинод тоглох амаргүй юм билээ. Өөрөөсөө өөр хүний дүр бүтээх надад их сонирхолтой санагдсан.

-Энэ киноны дууг  дуучин Б.Баярцэцэгтэй хамтарч дуулсан. Рок дуу дуулдаг хүнд уянгын дуу дуулах их сонин санагдсан байх даа?
-Амьдралдаа анх удаа уянгын дуу дуулсан минь тэр байх шүү. Хүмүүсийн сэтгэлд  Амгаа уянгын дуу дуулна гэж ер багтаагүй байх. Тухайн үед энэ киноны дуу хит болж, харин  хүмүүс намайг гайхаж хүлээж авсныг сайн санаж байна.

-Манай “Өнөөдөр” сонины эрхлэгч Ц.Балдорж агсан Танд гоё цагаан пиджак бэлэглэж байсан. Харин Та өмсөж ер харагдахгүй юм?
-Тийм ээ. Энэ мундаг хүнээр их бахархдаг. Түүний гараас ийм сайхан бэлэг авсандаа бэлгэшээдэг. Бэлгэшээдэг болохоор  гоёл, гангарааныхаа хамгийн дээр “залсан”.  Хэзээ нэгэн цагт  цагаан пиджакаар гоёх боломж надад гаргах байлгүй дээ. Би уран бүтээлийнхээ өнгө аяст тохируулж, энгийн хувцаслах дуртай.

-Та ямар ордонд төрсөн юм бэ?
-Матар. Энэ ордонд төрсөн хүмүүсийг өөдрөг бодолтой, үнэнч шударга, зарчимч гэж бичсэн байдаг юм билээ. Уншаад үзэхэд зан араншинтай минь ойролцоо, тохироод байх шиг санагддаг.

-Өөрийгөө үнэнч, шударга, зарчимч гэж боддог уу?
-Аав маань бидэнд гурван үг хэлдэг байсан. “Үнэнч, шударга, зарчимч бай” гэж. Надад үнэнч, шударга зан бий. Харин  зарчимч гэж худлаа хэлээд яах вэ.

-Нээрээ, таныг төрсөн өдрийн баяраа найзуудтайгаа доргио тэмдэглэсэн гэж сонссон юм байна?
-Би нэгдүгээр сарын 4-нд төрсөн. Миний төрсөн өдрөөр найзууд маань мартахын аргагүй сайхан сюрприз барьсан шүү. Надад зориулж “Лимонс”, “Fire” хамтлаг тоглолтоо толилуулсан нь хамгийн сайхан  бэлэг байлаа.

-Монголдоо амьдрах  нэг бодлын хэцүү санагддаг уу?
-Яалаа гэж дээ. Утаа униар, тоостой ч гэсэн миний төрж, өссөн эх орон минь. Хөгжил дорой, ядуу, муухай гэж Улаанбаатараа голдоггүй. Надад Монголоос минь өөр сайхан нутаг хаана ч байхгүй юм шиг санагддаг. Харийн нутагт боол болж амьдарснаас эх орондоо эзэн нь байж жаргах сайхан биз дээ. Би гадаадад амьдаръя гэж боддоггүй.Үхэн үхтэлээ Монголдоо аж төрнө. Харийнхныг алмайруулан, бишрүүлдэг түүх соёл, өвөг дээдсээрээ бахархдаг. Уран бүтээлийн тоглолтоор Орос, Япон, Солонгос, Украйнд хөл тавьж байсан. Япон уламжлалт ёс заншлаа ихэд дээдэлдэг, бас хэт нямбай цэвэрч улс юм билээ. Явсан орнуудаас Орос илүү таалагдсан. Ярьж, ойлголцоход хэлний бэрхшээл төдийлөн гардаггүй.      

Inet.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.