С.Батсүх: С.Жавхлан миний дууг булааж чадахгүй

2010/04/06
Share |
Хүмүүс: Батсүх | 
С.Батсүх: С.Жавхлан миний дууг булааж чадахгүй

Ард олны дунд “Завханы” гэсэн тодотголтой явдаг, Мон­гол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхтэй  ярилц­лаа. Тэрбээр “Завхан гол”, “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Төөрөг тавилан”, “Тэс мөрөн ээж”, “Монгол бүсгүйн үзэс­гэлэн гоо”, “Хань минь” зэрэг олон дуу дуулсан. Өөрийн гэсэн өвөрмөц, зөөлөн, уянгалаг  өнгөөрөө бусдаас ялгардаг mүүний дуулсан дуу бүхэн хит болон сонсогчдод хүрдэг гэвэл нэг их хилсдэхгүй байх аа.

-Таныг Завхан нутгийнхаа малчдад зориулсан тоглолт хийсэн гэдгийг сонслоо?

-Тийм ээ. Завхан аймгийн Улиастай сумын нутгийн зөвлөл, “Очирваань уул” уран бүтээлчдийн холбоо, Завханы спортын холбоо санаачлан энэхүү хандивын тоглолтыг хийсэн.  Энэ тоглолт маань цас зудтай байгаа хүнд үед нь  аймгийнхаа малчдад жаахан ч болсон сэтгэлийн дэм тус болох болов уу. Манай тоглолтод Завхан аймгаас төрөн гарсан  соёл, урлаг, спортын гавьяатууд, залуу уран бүтээлчид, улстөрч, бизнес­мэнүүд болон улс аймгийн алдар цолтой бөхчүүд маань оролцсон. Ер нь нутгаа гэсэн сэтгэлтэй хүн бүхний хамтарсан тоглолт болсон. Бөхчүүд маань хүртэл дуулна гээд дуулсан. Олон хүний дэм хүч оролцоо шингэсэн сайхан тоглолт болсон.

-Цас, зудтай байгаа нь малчдын буруу биш ч гэсэн. Өөрсдийн хувийн өмч болсон малдаа өвс, хадлан тэжээлээ сайн бэлтгэж базаагаагүй нь тэдний буруу биш гэж үү?

-Мал сүрэг хувийн өмч ч гэсэн хотын биднийг хүнс, улс эх орны маань оршин тогт­нолыг хангах түүхий эд, бая­лаг нь шүү дээ. Мал сүрэг төрийн хамгаалтад байна гээд хуулиар заачихсан. Тэгээд ч дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэсэн үг байдаг. Мөн тэнхлүүн явахад нь тэмээ­гээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусал ч гэдэг. Эх орныхоо эрдэнэт баялаг мал, сүргээ бид хамтын хүчээр хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах юм. Хурдан морь, найр наадам гэж зун, намрын сард цалгар наз­гай явдаг малчдын буруу бий. Байгаль дэлхийтэй зүй бусаар харьцдаг бодлогогүй уул уур­хайг хөг­жүүлж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах болсон. Мөн дэлхийн дулаа­рал, цөлжилт, ган, зуд, мал хэт өсөөд бэлчээрийн даац алдагд­сан гээд сөрөг зүйл олон байгаа. Хавар, зун нь бороо орохгүй ган болохоор намар нь малчид ямар хадлан тэжээл авах билээ. Үүнд л төр засгийн мэргэн бодлого хэрэгтэй. Тэрнээс биш УИХ-ын гишүүд ард түмэндээ 70 мянган төгрөг, өөрсдөө 76 тэрбумыг хувиарлан авах нь эрүүл үзэгдэл биш болов уу. Ер нь ард түмэн бидэнд төрийн мэргэн бодлого тутагдаад байна. Ган, зуд болохоос нь өмнө урьдчилан сэргийлж малчдаа хамгаалж чадахгүй байгаа нь магадгүй төрийн муугийнх байх.

-Хоёулаа ярианыхаа сэд­вийг жаахан өөрчилье. Танай “Очирваань уул” холбо­о­ны­хоо студийн талаар яриач?

- “Очирваань уул” холбоог байгуулж дэргэд нь “Дуулал” гэсэн студийг  байгуулсан. Энэ студид маань залуу дуучид дуугаа бичүүлдэг.  Төр засаг миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж гавьяат гэсэн алдрыг хайрласан. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг чамгүй л хүрт­лээ. “Агтны хариу жилдээ. Аяганы хариу өдөртөө” гэсэн үг байдаг даа. Тийм болохоор хариуг нь бага ч гэсэн хариу­лахгүй бол болохгүй гэж бодоод залуу уран бүтээлчдийг дэм­жих зорилгоор энэ студиэ байгуулсан.

- Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?

-Саяхан  “Таван цаг” гэсэн нэртэй шинэ цомог гаргасан. Одоо “Дөрвөн цаг” нэртэй хоёр дахь цомгийнхоо ажилд ороод явж байна. Яруу найрагчдаас сайхан хэд хэдэн үгтэй дууны шүлэг ирээд байгаа. Зарим нэгэнд нь ая хийгээд эхэлсэн.

-Сүүлийн хоёр цомгоо яагаад таван цаг, дөрвөн цаг гэж нэрлэсэн юм бэ?

-Хүмүүс бас сонирхож асуу­гаад байгаа. Зарим хүн буруу утгаар нь ойлгоод байх шиг. Ямар муухай нэр вэ. Харьж яваа насны цаг хугацаа, бурхны орон руу буцах цаг чинь дөрөв, таван цагаар хорогдож байна гэсэн утга ... гэх мэт. Гэхдээ би зүгээр л ийм нэр өгмөөр санагдаад өгсөн юм. Хүний сонирхол анхаарлыг татсан, этгээд гэхэд хаашаа юм, ийм нэр өгсөндөө харин би баяртай байгаа. Аливаа нэр ямар ч нууц утга санаа агуулж болно шүү дээ.

-Бие даасан тоглолтоо хэзээ хийх гэж байна вэ?

-Уран бүтээлээ үргэлж­лүүлэн хийж хөдөлмөрлөж байгаа шүү гэдгээ олонд харуулж, шинэ уран бүтээлээ танилцуулж тайлагнах зорил­гоор жилд нэг боловч тоглолт хийхийг боддог. Гавьяат Д.Эрдэнэ­бат эмэгтэйчүүддээ зориулан “Мартын 8”-нд хам­тар­сан гоё тоглолт хийе гэж ярьсан. Цаг зав багатай төрийн алба хашдаг болохоор Д.Эрдэнэбат гавьяатын ажлын боломж нь гараагүй. Бид хоёр жил гарны өмнөөс л хамтарсан тоглолт хийх талаар ярилцсан. Чухам хэзээ түүнд цаг зав гарахыг мэдэхгүй.

-Урьд нь та С.Жавхлан­тай тоглолт хийж байсан. Д.Эрдэнэбат гавьяаттай заавал хамтарсан тоглолт хийх шаардлага байгаа юм уу?

-Заавал хамтарсан тоглолт хийх шалтгаан байхгүй. Уран бүтээлч хүн хувийн эрх ашгаа бодож, ашиг харсан нэгэн хэвийн уйтгартай тоглолт хийгээд байвал, ур чадварын хөгжил дэвшил зогсонги байдалд орж мөхдөг. Ашиг биш ард түмнээ л нэгдүгээрт тавих нь зөв. Хүмүүс мөнгөө төлөөд алжаал ядаргаагаа тайлж, сэтгэл санаагаа тайвшруулж, хөгжөөх, эерэг сайхан цэнэг авах гэж ирж байгаа гэдгийг ойлгож ухамсарлах нь зүйтэй. Тийм учраас арай өөр маягаар сонсогчдод дуугаа хүргэхийг боддог. Жавхлан миний дууг, би Жавхлангийн дууг дуулсан нь хүмүүст арай л өөр мэдрэмж түрүүлсэн байх.

-С.Жавхлан хамтарсан тоглолтын дараа таныг олон дууг булааж, цомог гаргаж ашиг олсон нь буруу гэж хүмүүс ярьдаг.  С.Жавхлан таны зөвшөөрөлгүй дуу­нуудыг чинь өөрийн болго­сон юм биш үү?

-С.Жавхлан миний дууг булааж чадахгүй ээ. Хүмүүс миний төлөө санаа зовж, миний дуунуудыг хамгаалж байгаад нь би их баярлаж байна. Ард түмэндээ баярлалаа гэдгээ уламжилъя. Нийтийн дуу гэдэг нийт ард түмний л өмч байх ёстой. Тэрнээс биш хэн нэг нь дангаараа өмчлөх нь буруу гэсэн үзэл бодлыг би баримталдаг. Дуучид “Алгир­маа”, “Хандармаа”, “Аргагүй амраг”, “Хулсан ташуур”, “Ар­ван тавны сар” зэрэг ардын дууг би эхэлж дуулсан, чи дуулах ёсгүй гэж өмчлөөд байдаггүй биз дээ. Надад 300 гаруй дуу бий. Энэ дууг би өмчлөөд бусдад өгөхгүй бол надтай цуг л энэ дуунууд мөхөх болно. Би С.Жавхланд  дуртай 10 дуугаа шилж аваад дуул гэсэн юм. Харин ч би С.Жавх­лан дүүдээ их баярлаж явдаг шүү. Тэр намайг дууриалгүй, өөрийнхөөрөө, өөрийн дуулах чадвар, арга барилаар дуулсан. Ингэж дуулсан нь олонд хүрч чадлаа.

-Таны хоолойны өнгөтэй адилхан өнгөөр дуулдаг хүмүүс байдаг. Танд сонсоход ямар санагддаг вэ?

-Зарим хүн надтай адилхан дуулах гээд байдаг. Дууриамал хиймэл зүйл гэдэг хүний сэт­гэлд хэзээ ч хүрэхгүй. Надтай адилхан дуулж байгаа юм шиг байв ч аялгуу, айзам хэмнэл, өнгө, нугалаа хиймэл, зохиомол байгаа нь харагддаг юм. Дуу­чин хүн бусдыг хуулж дуулах­гүй. Дууг өөрийн болгож сэтгэ­лээсээ дуулбал сонсогчдод илүү хүрдэг. Дуучин Цэрэнчимэдтэй Мөнхбат, гавьяат Банзрагчтай дуучин Л.Банзрагч адилхан дуулж байгаа юм шиг сонсогддог биз.  Тэгвэл тэдэнтэй дуулах өнгө, хэмнэл нь адил боловч Л.Банзрагч, Мөнхбат нар өөрсдийн дуулах ур чадвар, арга барилаар дуулж байгаа нь их өөр. Энэ нь тэдний хөдөлмөрч сайн чанар юм. Дуучид ийм л өөр өөрийн дуулах арга барилтай байвал сайшаалтай санагддаг.

-Шинэ залуу дуучид дуу­лах арга барил, уран бүтээ­лийн зөвлөгөө танаас авъя гэж ханддаг уу?

-Оюут­нууд ханддаг л юм . Шинэ залуу дуучдад болом­жийнхоо хэрээр тус болохыг хичээдэг. Манай дуу бичлэгийн студийн дэргэд гурван ч хамтлаг бий. Ний­тийн дуу, этник урсгалаар дуулдаг, поп чиглэлийн хамт­лаг, мөн хип хопын “Эрх чөлөө” хамтлаг байгаа. Би чинь залуу­даа поп эстрадын дууг илүү  сонирхдог байлаа. Дэлхийд алдартай 1970-аад оны үе эд хүчээ авч байсан “ABBA”, “BONEM”, “SMOKI” хамтлагийн дууг их сонсдог байсан. Үсээ ургуулж, гитар хөгжим тоглож эстрадын дуу дуулдаг байлаа. Ер нь нийтийн дуу дуулна гэж бодож байгаа­гүй шүү. Нэг мэдсэн чинь нийтийн дуу руу орчихсон. Залуу насандаа хийж чадаагүй мөрөөдлөө одоо гүйцээж бие­лүүлье гэж поп болон хип хоп урлагийг сонирхдог залуусаа дэмжиж ажиллаж байгаа.

Н.ОТГОНБААТАР НИЙГМИЙН ТОЛЬ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.