С.БАЯР: ТӨР ЗАСГИЙН УДИРДЛАГУУД НЭГ ТИЙШЭЭ ХАРЖ БУЙ НЬ САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЖ БАЙНА

2010/04/06
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
С.БАЯР: ТӨР ЗАСГИЙН УДИРДЛАГУУД НЭГ ТИЙШЭЭ ХАРЖ БУЙ НЬ САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЖ БАЙНА

УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга С.Баяртай цөөн хором ярилцлаа
Сайн явж ирсэн үү. Таны бие сайн уу?
-Сайн явж ирсэн. Бие сайн байна.
- Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал таатай биш байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ сэдвээр яривал их урт удаан ярих байх даа. Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган эхэлж байна. Хаврын чуулганаар олон чухал асуудлыг шийдэх учиртай. Засгийн газраас сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхтэй хол­боотой төслүүдээ оруулж ирж байна.
Хаврын чуулганы явц буюу наадам хүртэлх хугацаанд Засгийн газар, УИХ 2008 оны сонгуулиар ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэх, стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаа шийдэж чадах юм бол яриад байгаа амлалтаа хэрэгжүүлж чадна. Засгийн газраас яаж хэрэгжүүлэх вэ гэсэн хувилбаруудаа тооцсон. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Ерөнхий сайд С. Батболд дөрвөн том асуудлаар Засгийн газрынхаа байр суурийг илэрхийлсэн.
Үүнийг хийж чадвал Монгол Улсын хөгжил нэг тийшээ явна. Хийж амжихгүй бол байдал хэцүүдэх юм болов уу гэж ойлгож байна. Тиймээс шийдэх гэж байгаа том асуудалтай холбоотойгоор гадаа гудамжинд хувьсгал гэ¬сэн нэрээр нөхцөл байдлыг хөндийрүүлье гэсэн оролдлого гарах боллоо.
Жагсаал цуглааны ард тодорхой сонирхол бүхий улстөрчид, улс төрийн бүлэглэл байгаа шүү дээ. Хэрэв УИХ асуудлаа амжиж оруулчих юм бол тэдэнд ямар нэгэн боломж бололцоо олдохгүй болно гэж амь нь тэмцээд байна уу даа гэж би хувьдаа харж байна. Үүнийг хоёр талтай үзээд байна уу даа. Тэртэй тэргүй хэрэгжүүлэх гэж байгаа амлалтыг нь амжаад нэхчихвэл амлалт хэрэгжсэн цагт бид нэхэж байгаад өгүүлсэн гэх өнгөтэйгөөр хоёр жилийн дараа болох сонгуульд орох гэсэн холын бодолтой байгаа байх. Ямар нэгэн байдлаар амлалтаа хэрэгжүүлэхэд нь саад болчихвол эд нар амласандаа хүрсэнгүй, худлаа зүйл хэллээ. Харин бид чадна гэсэн үгтэй 2012 онд сууж байхаар тооцсон юм болов уу даа гэж харагдахаар байна. Энэ бүх зүйлийн гаргалгаа нь жагсаал цуглаанаар, хэн өндөр дуугаар том том шаардлага тавих нь вэ гэдгээр хэрэгжихгүй. Засгийн газрын тодорхой төсөл, шийдвэр яаж гарснаар л хамаарах болно. Яг л ийм үед байна уу даа.
Гэгээлэг талаас нь амьдралаа авч үзвэл нэг сайхан хавар ирж байна. Бэрхшээл талаас нь харвал энэ хавар хүндхэн хавар болж байна. Байгаль цаг уур хүндэрч байна. Малчид цас зудтай зууралдсаар дөрөв таван сарыг үдэх нь. Мал нэлээн хорогдлоо. Үүнтэй холбоотой малгүй болсон иргэд хаашаа явах вэ. Мэдээж хот бараадна. Хүндрэл их байна. Гэхдээ эдгээр хүндрэлийг ямар нэгэн хувьсгал, жагсаал цуглаанаар хэзээ ч шийдвэрлэж болохгүй. Жагсаал цуглаан нийг­мийн баялгийг бий болгохгүй шүү дээ. Намуудын амлалтыг нэхэх нь зүйтэй. Гэхдээ ажил хийх боломж өгөхгүйгээр нэхэх нь бүтэлгүй л асуудал.
Хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга энэ талаар тоймтой үг хэллээ. Өнгөрсөн долоон хоногт Ерөнхий сайд байр сууриа илэрхийллээ. Тиймээс төр, засгийн удирдлагууд нэг тийш харж, нэгдсэн ойлголттой байна гэсэн сайхан сэтгэгдэл надад төрж байна.
-Энэ пүрэв гарагт МАХН-ын Бага хурал хуралдана. Энэ үеэр намын их хурал хуралдуулах талаар ярих болов уу?
-Миний хувьд намын Их хурал хийх нь зүйтэй гэж бодож байна. Намын Их хурлаа энэ онд багтаж хийх болов уу. Харин хавар, ирэх намар хийхийг ярилцаж байгаад шийдвэрлэх асуудал юм. Намын бага хуралтай холбоотой асуудлыг яримгүй байна. Юутай ч Удирдах зөвлөл товыг тогтоосон. Бага хурлаар юу ярих вэ гэхээр улс төрийн сонгуулийн амлалтаа хэрхэн биелүүлэхээ ярих учиртай. Сонгуулийн мөчлөг яг дундаа орж байна. Амлалтаа хэрэгжүүлэхэд нэг том алхмыг хийх шийдвэрээ УИХ, Засгийн газар гаргасан. Энэ нь өнгөрсөн онд хийсэн Оюу толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ юм. Тавантолгойн ордыг ашиглах бэлтгэл ажлыг маш сайн хийсэн байна. Энэхүү хоёр дахь ордын гэрээгээ хийчихвэл амлалт хэрэгжих бүрэн боломжтой болно. Зөвхөн энэ хоёр ордын төслөө хараад суух биш юм. Бид УИХ болон орон нутгийн сонгуулиар их олон амлалт өгсөн. Цалин тэтгэмж, нийгэм эдийн засагтай холбоотой олон амлалт өгсөн. Үүнийхээ явц, яаж хэрэгжүүлж байна гэдгийг харахын зэрэгцээ намын сахилга хариуцлагыг ч ярих хэрэгтэй. Яагаад гэвэл улс төрийн намууд сонгуульд оролцоод өөрсдийнхөө намын эгнээнээс хүмүүсийг албан тушаалд томилж, сонгодог. Тэр хүмүүс өгсөн амлалтаа хэр хэрэгжүүлж байгааг шат шатандаа дүгнэж, анхаарах хэрэгтэй юм.

МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.