Горьдлого дагуулсан амлалтууд цӨхрӨл гомдол болж, иргэд гудамжинд гарлаа

2010/04/06
Share |
Хүмүүс:
Горьдлого дагуулсан амлалтууд цӨхрӨл гомдол болж, иргэд гудамжинд гарлаа

Өглөөний 09.30-10.00 цаг гэхэд  замын цагдаа нар хотын төв рүү  автомашин орохыг хориглосноор  замын хоёр  талаар  явган зорчигчид “бэлчиж”  эхэлсэн нь өнөөдөр жагсаалтай  өдөр гэсэн сануулгыг өгч байв.


“Улс үндэстнээ аварцгаая” цуглаан Сүхбаатарын талбайд 11.00 цагт эхлэх мэдээлэл тархсан ч албан ёсны нээлт  12.00 цагт гэдгийг  Амлалт нэхэх ард түмний холбооны дэд тэргүүн Г.Уянга өмнөх орой нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Гэхдээ л 11 цаг гэхэд Сүхбаатарын талбайд цөөнгүй хүн цуглаж, жанжны хөшөөг тойрон зогссон байв. Төрийн ордны өргөтгөлөөс нааш ногоон өнгийн олс татаж хөдөлгөөн хязгаарласан харагдана. Удал-гүй талбайн урд талд зассан индрийн орчим хүмүүс бөөгнөрч эхлэв. 11.30 гэхэд туг, лоозон барьсан хөдөө орон нутгаас оролцогчид жагсаалаар ирснээр хөл хөдөлгөөн ихэслээ. Цагдаа нараас гадна, ханцуйндаа “Амлалт нэхэх ард түмний холбоо” гэсэн таних тэмдэг уясан хам-гаалагчид хяналт тавьж, жагсагчдын дундуур  байнга явж байв.

Товлосон цаг болоход цуглаан нээлтээ хийсэнгүй. 30 минутын дараа дуу чангаруулагчаар Г.Уянгын хоолой цацагдаж, өсгөгч, хөгжим  залгах цахилгаан ирээгүйгээс бага зэрэг саатал гарсныг учирлаад Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Д.Батцогтыг цуглааныг нээж үг хэлэхийг хүслээ. Энэ үеэр цуглааныг хамтран зохион байгуулж буй  Тусгаар тогтнол эвсэл, “Миний Монголын газар шороо”, “Үндэсний Соёмбо” хөдөлгөөний тэргүүнүүд тайзан дээр гарч ирэв. 

Д.Батцогт: АН-ЫН АРВАН ЗӨВ БОДЛОГО, МАХН-ЫН ТАВАН ТӨГӨЛДӨРШИЛ АРД ТҮМНЭЭ ХУУРСАН МЭХЛЭЛТ

Д.Батцогт “Би 20 жилийн өмнө энэ талбайд үг  хэлж байлаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд байдал дээрдсэнгүй. Тэгш бус байдал газар авлаа. Өнөөдөр хүн амын 40 хувь нь үгээгүй ядуу, 20 хувь нь гол зогоох төдий амьдарч, хоёр хувь нь нийт баялгийн 90 хувийг эзэмшиж байна. Эрх мэдэлтнүүд хөгжил, дэвшлийг хувийнхаа эрх ашиг болгодог. Үндэснийхээ эрх ашгийг тавиад туучихсныг Оюутолгойн гэрээ харуулж байна. Үүнийг хэрхэвч тэвчиж болохгүй. 1990 оны тэмцлийн үр дүнд  Үндсэн хууль   бий болж, УИХ байгуулагдсан ч хэдэн хүн төрийн эрхэнд гарч ард түмнийг ядууруулав.  2008 онд АН-ын  нэг сая, МАХН-ын  1.5, Ц.Элбэгдоржийн  2.5 саяын горьдлого дагуулсан амлалт  өнөөдөр цөхрөл гомдол болж хувирсан. АН-ын арван зөв бодлого, МАХН-ын таван төгөлдөршил ард түмнээ хуурсан мэхлэлт байв. Цалинг гурав дахин нэмэх, гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд 300 мянга, алдарт эхийн 1.2 дугаар одонтой эхчүүдэд 500 мянгыг олгох амлалт мөн л ээлжит  молигодолт байлаа. УИХ-ын гишүүдийн зарим нь гурван өрөө байр амалж сонгогдсон бол нэр бүхий хүмүүс ямааны ноолуурын үнийг өсгөхөө амалж төрд гарсан бол Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг 20 мянга болгож нэмэгдүүлэхээ амлав.  Бид МАХН, АН, УИХ-ын гишүүдийн амлалтыг сануулж, ард түмнийхээ өмнөөс нэхэхийг үүргээ болгож, төрийн бохир тогтолцоог өөрчлөх зорилго тавьсан. Хоосон ирээдүй амалж, тансагладаг тогтолцоог өөрчилъе. Төрийн тог-толцоог өөрчлөхийн тулд УИХ-ыг тарааж, тусгаар тогтнолоо аврах нь бидний  үүрэг юм” гэхэд жагсагчид хурай хашгиран түрэв.


12.40 цагт  бурхан шашинтны шинэ төвийн лам нар  гарч ирэн жагсаалыг амгалан тайван явуулах үүднээс  мандал өргөж, эв эеийн ном гэгддэг Жанлавцогзол уншаад,  тайван жагсахыг  иргэдэд уриалаад  жагсаалд оролцохгүй, ном айлдах зорилготой ирснээ тайлбарлаад тайзнаас буулаа.


12.55 цагт  чөлөөнд байгаа бэлтгэл офицеруудын “Монгол бидний эх орон” холбооны тэр-гүүн хурандаа Б.Батсайхан “Бид залуу халуун насандаа эх орныхоо төлөө зүтгэж, тангар-гаасаа няцвал хариуцлага хүлээхээ амалж ирсэн. Хилийн цэрэг байгуулагдсан 77 жилийн түү-хэнд эх орныхоо сөөм ч газрыг гадаадынханд алдаагүй, хилээ манаж ирсэн. Цэргийн хүний үг ямагт үнэн байдаг. Монгол орон, тусгаар тогтнол хялбар замаар олдоогүй. Улс төрийн намууд улс орны эрх ашгийг өмчилж болохгүй. Төрд шургалсан гэмт этгээдүүдийн луйвар хэрээс хэтэрлээ. Ийм л байх байсан юм бол бид яах гэж эх орныхоо төлөө  тангараг өргөн зүтгэж ирсэн юм бэ. Үр хүүхэд, амьдралаа орхиод хилээ манаж явсан юм бэ. Бид эх орноо урвагч-даас цэвэрлэх ёстой. Бидэнд чөлөөтэй амьсгалах агаар, гишгэх газартай байж Монголдоо амьдрах ёстой” гэж хэлэв.  Тэрээр чөлөөнд байгаа бэлтгэл офицерууд байна уу гэхэд энд тэндээс “Би”, “Энд байна” гэлцэн гараа өргөж байлаа.


13.00 цагт Хууль зүйн сайд асан Л.Цог “УИХ-ыг тараах уу , тэмцэх үү” хэмээн асуусаар тайзан  дээр гарч ирэхэд жагсагчид нэгэн дуугаар “Тараах ёстой, тэмцэцгээе” хэмээн хашгирав.


Түүний дараа “Миний Монголын газар шороо” хөлөлгөөний тэргүүн П.Болд гарч ирэн “Фрийдланд гэдэг хүн Монголын төрийг утсан хүүхэлдэй шиг удирдаж  байна. Гадны гар хөл бологсдыг төрөөс зайлуулах ёстой.


Өнөөдөр бидний цуглааныг ямар нэгэн аргаар тараах гэсэн явуургүй  аргыг хэрэглэж элдэв цаас, ухуулах хуудас тарааж байна. Энэ бол Ц.Элбэгдоржийн хийж буй явуургүй  арга. “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн жагсаалд оролцохгүй гээд тарсан мэтээр  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж байна. Тэгвэл би энд байна. Бид тараагүй. Манай хөдөлгөөн байгуулагдсан цагаасаа эхлэн  чиг зорилгоосоо нэг ч удаа хазайлгүй тэмцэж ирсэн” хэмээн мэдэгдлээ.


13.05 цагт “Үндэсний Соёмбо”  хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав “Бидний сонгосон төлөө-лөл  УИХ монголчуудын 100 жил идэх ёстой Оюутолгойн гэрээнд нэг ч үг хэлэх эрхгүй болсон байна. Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын эрхийг булаан авч, телевизээр үг хэлэв. 400 тэрбумаар тооцогдох Оюутолгойн ордыг тавхан тэрбумын хөрөнгө оруулалт хийх гэж буй гадаадын компанид яагаад өгөх ёстой гэж. Ингэж бусдын аманд багтаж болох уу” гэхэд иргэд, жагсагчид УИХ-ыг тараая, тэмцэлд нэгдэе хэмээн түрж байв.


УИХ хариу ирүүлэхгүй бол жагсагчид 72 цагийн дараа тэмцлийн өөр хэлбэрийг сонгоно


13.10-13.45  цагт ардчиллын анхдагчдын нэг Л.Нинж 20 жилийн өмнөх ардчилал зүсээ хувиргасныг,  Завхан аймаг дахь ардчиллын анхдагчдын төлөөлөл Л.Дүгэрсүрэн төрд авлигачид бугшсаныг, Баянхонгор аймаг дахь Амлалт  нэхэх ард түмний холбооны төлөөлөл Батсайхан баруун, зүүнээ мэдэхгүй хүн Батлан хамгаалахын, артерын судас хаана байгааг мэддэггүй  хүн Эрүүл мэндийн,  нэгийн ард хэдэн тэг байгааг ялгадаггүй хүн Сангийн сайд болсныг, Дорноговь аймгийн төлөөлөл Буян-Амгалан  арван мянган төгрөг хулгайлсан хүн шоронд орж, банк хулгайлсан нь төрийн өндөр албанд дэвшиж байгааг  тус тус шүүмжлэв. Түүний дараа гавьяат жүжигчин И.Одончимэг индэрт гарч яруу найрагч Эрдэнэсайханы  “Өрлөг түүхээр тоглож явсан монголчууд өнөөдөр тоглуулж байна, төрдөө” гэсэн үгтэй шүлгийг уншиж,  Сүхбаатар аймгийн МАХН-ын хорооны гишүүн, яруу найрагч Ай.Төмөр-Очир индэрт гарч “Би хэдийгээр МАХН-ын гишүүн боловч жагсаалыг дэмжиж, амжилт хүсч байна. Ингэж хэлсний  төлөө намаас хөөвөл ч тэр биз. Та нар МАХН-ын гишүүдийг үзэж чадахгүй юм. Гэтэл энэ намд үнэнч, шударга үзэл бодлыг эрхэмлэдэг мянга, мянган гишүүн бий шүү. Увайгүй үйлдэл хийж байгаа УИХ тарах ёстой.  Энэ УИХ-д миний найз нөхөд, хүнд-элж явдаг олон хүн бий. Гэвч та нарын үйлдэл чинь биш байна гэдгийг хэлье” гэсэн нь хэсэгтээ   шуугиан тариад авсан.


14.00  цагт Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Д.Батцогт,  дэд тэргүүн Г.Уянга нар жаг-сагчдаас УИХ-д хандан   шаардлага гаргасныг дуулгаад уншиж сонордуулав.


Шаардлагад “Үндсэн хуулийн 23.1-д заасанчлан ард түмний элч байх үүрэгтэй  УИХ-ын гишүүд нийт сонгогчдыг төлөөлөх ёс суртахууны эрхгүй болсон төдийгүй улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ямар ч найдваргүй болсон нь ёс суртахууны бо-лон хууль зүйн  үндэслэлээр тайлбарлагдаж байна...үүссэн нөхцөл байдалд ухаалгаар хандаж, өөрсдөө тарах шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Тараах шийдвэр гаргахдаа төрийн үйл ажил-лагааны залгамж чанарыг хадгалах, төр, ард түмний нандин холбоог таслахгүй  байх, шаардлагыг эрхзүйн хүрээнд шийдвэрлэх бололцоог бий болгох, Засгийн газраас батлаад буй Оюутолгой болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон аливаа алхам хийхгүй байхыг дурджээ. Мөн шаард-лагын хариуг 72 цагийн дотор өгөхгүй  бол тэмцлээ бүх хэлбэрээр үргэлжлүүлэхээ мэдэгджээ.


14.10 цагт  Г.Уянга, Д.Батцогт, Б.Лхагважав нарын долоон хүн Төрийн ордонд очиж, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид  шаардлагаа өргөн барив. УИХ албан ёсоор хариу өгтөл жагсагчид 72 цаг суулт зарлах боллоо.
14.30 цагт  Г.Уянга, Д.Батцогт, П.Болд нар нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзоригтой  цуглаан үргэлжлэх хугацааг сунгах, суулт зарлагсдад зориулж гэр, майхан барих, талбайд зассан индэрийг буулгахгүй байх, тог цахилгаанаар хангах  зөвшөөрөл авахаар уулзлаа. Энэ үеэр П.Болд “Бид хууль бус зүйлийн төлөө тэмцэж байгаа. УИХ хууль бус юм хийгээд байна шүү дээ” хэмээн учирлаж байв. Уулзалтаар жагсаалын үргэлжлэх хугацааг сунгаж, индэр, узелийг гэрэл цахилгаанаар хангах,  суулт зарлагсдын харуул хамгаалалтын асуудлыг шийдсэн. Харин суулт зарлагсдыг салхинаас хамгаалах гэр барих  зөвшөөрлийг хараахан шийдээгүй, ярилцаж байж болно гэв.

Хүүхдүүд:
2.5 САЯ ТӨГРӨГӨӨ ӨГЧ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ БИДНИЙ МӨНГИЙГ ХАССАН ЮМ БЭ?
16.40 цаг гэхэд УИХ-аас ч, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзоригоос ч хариу ирээгүй байлаа. Д.Батцогт  дэг журамтай, тайван жагсаал  хийж үлгэр, дууриал болохыг иргэдэд  уриалав. Г.Уянга хүн болгон дор бүрдээ хамгаалагч, зохицуулагч байж жагсаалд соёлтой оролцохыг сануулаад талбайд байрлуулсан ард түмний чөлөөт индэр 72 цагийн турш ажиллана. Хэн ч  гараад үгээ хэлсэн болно хэмээн мэдэгдлээ. Жагсаал эхэлснээс хойш  иргэд ард түмний чөлөөт индэрт гарч хамтарсан Засгийн газар нэрээр хамтарч луйвар хийдэг, УИХ авлигад өртөж байна, улс төрийн намууд амлалтаар хууран мэхэлдэг гэхчлэн  үзэл бодлоо илэрхийлсээр байсан юм. Жагсаалд аав, ээжийгээ дагаж ирсэн хүүхдүүд “2.5 сая төгрөгөө өгч чадахгүй юм бол яаж гэж хүүхдийн мөнгийг өгөхөө больсон юм бэ” гэсэн асуултыг  төрд илгээж байлаа. Жагсаалын үеэр Г.Уянгыг гутаан дором-жилсон сонин  иргэдийн дунд тараагдаж,  хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчдийн дунд “Дэмий  зүйлд  зардлаа үрж иржээ” гэсэн ухуулга хийгдэж буй мэдээлэл гарсан.

20.00 цаг буюу дугаар шилжих мөчид жагсагчдад Хотын захиргаанаас нэг гэр барих эрх өгснөөр  барьж эхэлсэн. Хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөл эсгийгээр хучин гадаа суулт хийгээд эхэлчихсэн байлаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.