Арчлахгүй "цэцэрлэгээ" замаар сольвол дээр биш үү

2010/04/07
Share |
Хүмүүс:
Арчлахгүй

Хатсан саваа утаанаас салгах уу. Дэлхийн хотууд автома­шинаас ялгарах утааг бууруу­лах зорилгоор зам дагуу мод суулгаж, зүлэгжүүлсэн байдаг. Энэ нь хотын өнгө үзэмжийг сайжруулдаг. Тэгвэл манай нийслэлийнхэн энэ жишгээр хоёр урсгалтай замын дундуур саад татсан билээ. Уг нь хоёр талаараа замаар хүрээлэгдсэн уг хашлага дотор зуны улиралд мод найгаж, ногоон зүлгээр хучигдсан байх ёстой. Харам­салтай нь хөгжин цэцэглэж буй гэх нийслэлийн маань автозамын дунд байх “цэцэр­лэг”-үүд цагаан шороогоор хучигдаж, хатаж, ёрдойсон хэдэн саваагаар дүүрчээ. Элдэв өнгийн рекламны самбарыг эс тооцвол замын дунд байх цэ­цэрлэгийг чимэх зүйл үлд­сэнгүй. Ийм дүр зургийг нийс­лэлийн хаанаас ч харж болно. Тухайлбал, III, IV хорооллоос Тасганы овоо хүрэх замын дунд байх “цэцэрлэг”-ийн төмөр хашлагын зарим нь алга болж, эвдэрч тахийжээ. Саадан дотор хэдэн хатсан саваа бий. Мөн өвс ногоо олох нь бүү хэл ул мөр байсан гэх тэмдэг ч алга.   

Жил бүрийн хавар хөрөнгө мөнгө гаргаж зүлэг суулган, мод тарьдаг ч ургасан нь үгүй. Суулгасны дараа хэдэн сар овоо ногоорч байснаа хатаж гандаад эхэлдэг.

Ингээд өвөл өнгөрч, хавар болоход урьдын адил цагаан шороо, хэдэн годгор мод үлддэг. Үүнд нь ч иргэд дассан гэхэд болно. Тарьж л байдаг. Бас хугарч устаж л байдаг.  Тэгвэл мод зүлэг ургах­гүй байгаа нь хоёр шалтгаантай аж. Мэдээж эхний ээлжинд арчилгаа дутаж байна. Хич­нээн сайхан мод тарьлаа ч усалж, арчилдаггүй тул хүний хөл гарт өртөж нэг мэдэхэд устаж алга болдог. Дараагийнх нь манай орны цаг уурын онц­логт таарсан мод сонгож тарьдаггүйтэй холбоотой юм. Дээрх шалтгаануудаас болж мөнгө хий дэмий зарлагдаж, хөлс хүч ч үр дүнгүй урссаар байна. Иймд манай сонин “Нийг­мийн толь”-ийн сэдвээр “Арчилж чадахгүй бол “цэцэр­лэгээ” замаар сольвол дээр биш үү” хэмээн хөндөж байна. Өөрөөр хэлбэл, зүлэг­жүүлэх ёстой юм бол модоо суулгаад үр дүнг нь харъя. Хэрэв чадахгүй бол зам тавьж ний­гэмд хэрэгтэй зүйл болговол дээр биз.


Шороо бужигнасан талбайд зам тавья 

Нэгэнт зүлэг суулгаж, мод тариад түүнийгээ арчилж хам­гаалж чадахгүй юм бол цэцэр­лэгийг замын голд зай талбай эзлүүлэх хэрэг алга. Энэ нь хотын өнгө үзэмжийг гун­даахаас гадна жолооч машиныхаа цонхыг буулгахад шороо тоос хамар, ам руу хийсч харшил үүсгэх нөхцөл бүр­дүүлж байна. Тэгвэл дээрх зай талбайг иргэдэд хэрэгтэй зүйлд ашиглах зарим санал байна. Юуны өмнө нийс­лэ­лийн­хний уур ундууцлыг төрүүлдэг зүйл бол замын бөглөрөл билээ. Ийн бөглөрч буй шалтгааны нэг нь зам нарийхан байгаатай хол­боо­той. Тэгвэл цагаан шороо босгохоос өөр шидгүй “цэцэр­лэг”-ийг тэгшилж замаа өргөн болговол жолооч нарт хэрэг­тэй. Замын цагдаа нарын ажил ч хөнгөрнө. Эсвэл цэцэр­лэг байсан хэсэгт мөн л зам тавьж түүгээр түргэний тэрэг, онцгой байдлын үед ажиллах автомашиныг нэвтрүүлж болох юм. Зам түгжрээтэй үед түр­гэний тэрэг явган хүний замаар явах нь холгүй байдаг. Дохиогоо хичнээн “чар­луу­лаад” ч жолооч нар хөдөлж өгдөггүй гэмтэй. Гэтэл үүний цаана хүний амь насыг аварч, эд хөрөнгийг нь хамгаалах ажил цаг хугацаагаар хэм­жигдэж байдаг. Ер нь дэлхийн том хотуудад түргэний тэрэг, бусад онцгой үед зорчих тээв­рийн хэрэгсэлд зориулсан замын эгнээ бий. Түүгээр ямар ч ачаалалтай үед тээврийн хэрэгсэлтэй энгийн иргэд зорчих эрхгүй байдаг аж.

Хэрэв дээрх бүх зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй, замын дунд мод тарьж, цэцэрлэгжүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байгаа бол уг ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй биз. 

Г.БАТЗОРИГ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.