Цагдаагийнхан Д.Сүрэнхорд "тусгайлан үйлчилсэн"-ээ хүлээн зөвшөөрөв

2010/04/08
Share |
Хүмүүс:
Цагдаагийнхан Д.Сүрэнхорд

Олон улсад эрэн сурвалжилж байж авчирсан сэжигтнийг долоо хоногтоо нэг удаа гадуур гаргаж байгаа нь түүнийг дахин оргож зугтахгүй гэсэн баталгаа мөн үү?
Сэжигтнээс яллагдагчаар татахын тулд хэрэгтэн болгоныг Улсын мөрдөн байцаах газар болон дүүргүүдийн Цагдаагийн хэлтэст авчран, гарын үсэг зуруулдаг уу?
Ямар сэжигтэн, яллагдагч тусгай үйлчилгээ эдэлж, цагдаагийн унаагаар ар гэрийнхэнтэйгээ уулзаж, хувцсаа сольж өмсөх боломжтой байдаг вэ?
Сэжигтнээр татах хугацаа 14 хоног байдаг. Д.Сүрэнхорыг гуравдугаар сарын 13-нд Монголд авчран, сэжигтнээр татан цагдан хорьсон. Энэхүү сэжигтний хугацаа нь өнгөрсөн баасан гаригт дуусгавар болох байсан.  Харин  нэр бүхий цагдаагийн хурандаа яллагдагчаар татах хугацаа болоогүй байхад татсан тухай мэдээлсэн байна. Сэжигтнээр татагдах 14 хоног нь хугацаанаас өмнө дуусгавар болох боломжтой юу?
Д.Сүрэнхорын улсад учруулсан хохирлын хэмжээг өөр өөрөөр мэдээлж байна. Түүний улсад учруулсан хохирол  90 сая төгрөг үү, эсвэл 150, бүр 180 сая  төгрөг юм уу.

Үйлдвэр худалдааны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг Ганц худаг дахь Цагдан хорих төвөөс нэг бус удаа түр чөлөөгөөр гадуур гаргасан тухай манай сонин мэдээлсэн. Тухайн мэдээллийн дараа цагдаагийн байгууллага “Д.Сүрэнхорыг гаргаагүй” хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр няцаалт өгч байсан ч батлан даалтад гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Ингэхдээ ажилчдынхаа цалингаар мөрийтэй тоглосон хэрэгт буруутгагдаж байсан сэжигтэн Д.Сүрэнхорыг яллагдагчаар татахын тулд бусад сэжигтэн, яллагдагчидтай харьцуулбал “тусгайлан” машинаар үйлчилж, ар гэрийнхэнтэй нь уулзуулж, хувцсыг нь сольжээ. Д.Сүрэнхорыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 198.6-т заасанчлан Улсын мөрдөн байцаах газарт авчирч мэдүүлэг авсан аж.  Ганц худаг дахь Цагдан хорих төвөөс мэдүүлэг авахаар авчрахдаа ар гэрийнхэнд нь “Д.Сүрэнхорыг чинь авчирлаа. Та нар уулзаж болно, хувцсыг нь авчраарай. Цаадах чинь УМБГ-т байгаа шүү” гэж урьдчилан мэдэгдсэн гэж эх сурвалж мэдээлэв.  Үүний дараа мөрдөн байцаагч нь уулзах зөвшөөрөл өгсөн бололтой. Ийнхүү Д.Сүрэнхорыг  Ганц худаг дахь Цагдан хорих төвөөс огт гаргаагүй гэсэн няцаалтдаа цагдаагийнхан бүдэрлээ. Түүнд “тусгайлан үйлчилсэн” учрыг асуувал  ЦЕГ-ын УМБГ-ын 2044 тоотод, Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаярын гарын үсэгтэй  дараах хариултыг өгчээ.

Хариулт:
1.2005-2006 онд Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдсэн Д.Сүрэнхорыг долоо хоногт нэг удаа гаргаж байгаа гэдэг нь үндэслэлгүй бөгөөд ажлын шаардлагын дагуу сэжигтэн, яллагдагчид нотлох баримтыг үзүүлж, яллагдагчаар татсан байна. Мөрдөн байцаах газарт мэдүүлэг авахдаа цагдаагийн тусгай харуул хамгаалалттай авчирдаг тул тухайн этгээд оргон зайлах боломжгүй юм.
2.Цагдан хоригдож байгаа яллагдагчийг байгаа газарт нь эсхүл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах газарт ирүүлж байцаана. (Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсгээс) Мөрдөн байцаагчид олгосон эрх үүргийн дагуу хариуцсан даргын зөвшөөрөл хяналтын дор сэжигтэн, яллагдагчийг авчирдаг.

Тухайлбал, тухайн өдөр Д.Сүрэнхороос гадна найман хүнийг ийм журмаар цагдан хорих төвөөс авчирч мэдүүлэг авсан байна.
3. Тусгай үйлчилгээ эдэлдэг нэг ч сэжигтэн, яллагдагч байдаггүй. Мөрдөн байцаагч хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хэлтсийнхээ автомашинаар Д.Сүрэнхорыг Мөрдөн байцаах газар авчирч мэдүүлэг авсан болно. Сонинд ЦЕГ-ын унаагаар гадуур зөөсөн гэдэг нь үндэслэлгүй. Яллагдагч Д.Сүрэнхорыг ар гэрийнхэнтэй нь уулзуулж, хувцсыг нь солихын тулд цагдан хорих төвөөс авчраагүй. Түүнийг Мөрдөн байцаах газарт авчирч мэдүүлэг авах үед өмгөөлөгчийнх нь хүсэлтээр хувцасыг нь солихыг зөвшөөрсөн. Цагдан хоригдож буй хэнтэй ч ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь долоо хоногт нэг удаа уулзахыг зөвшөөрдөг.
4. Сэжигтнээр татах хугацаа 14 хоног байдаггүй. Сэжигтнийг цагдан хорьж мөрдөн хугацаа 14 хүртэл хоног байдаг. (Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгээс) Тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, уг этгээдийг яллагдагчаар татах тогтоол үйлдэнэ. (Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгээс) Д.Сүрэнхорд холбогдох хэрэг дөрвөн жил гаруй хугацаанд шалгагдсан, мөрдөн байцаагч, түүний үйлдсэн хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж, сэжигтнийг цагдан хорих 14 хүртэл хоног дуусахаас өмнө яллагдагчаар татсан нь хууль зөрчөөгүй.
5.Д.Сүрэнхорын гэм буруутай байдал болон иргэд, байгууллагад учруулсан хохирлыг шүүх тогтоодог, иймд шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө хохирлын хэмжээг хэлэх боломжгүй.
Д.СYРЭНХОРЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ ЭРГЭВ

Д.Сүрэнхорыг өчигдөр ээж, эхнэр, болон зарим хамаатан садан нь эргэж тойрчээ. Энэ өдөр нь тус төвд сэжигтэн, яллагдагчтай уулзахыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хуваарьт өдөр юм. Өмнө нь тэрээр хүссэн гаригтаа гадуур түр чөлөөгөөр гардаг байсан бол сүүлийн үед хуульд захирагдаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Батболд

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.