ЖАГСАГЧИД РУУ ДОВТОЛСОН М.МАШБАТ ХЭН БЭ?

2010/04/08
Share |
Хүмүүс:
ЖАГСАГЧИД РУУ ДОВТОЛСОН М.МАШБАТ ХЭН БЭ?

Амлалт нэхэж Сүхбаатарын талбайд суулт зарлагсад руу өчигдөр  “Ланд-80” машинтай этгээд довтлон есөн хүнийг гэмтээснийг цагдаа нар шуурхай баривчилж Баянзүрх дүүргийн иргэн Мөнхбатын Машбат болохыг тогтоожээ.
М.Мөнхбат 1962 онд төрсөн, сэтгэцийн өвчтэй, эмнэлгийн байнгын  хяналтад байдаг гэсэн мэдээллийн дагуу цагдаагийнхан шалгахад “1993 оноос хойш эмчлүүлж байгаа. Жилд 1-2 удаа хэвтэж эмчлүүлдэг. Өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр  эмнэлэгт хэвтээд, энэ сарын 03-ны өдөр эмчдээ гарах хүсэлт тавьсан. Эмчилгээ дуусаагүй байсан тул энэ сарын 05-нд гаргасан “ гэсэн хариуг  “Шар хад”-ны  сэтгэц, мэдрэлийн эмнэлгийнхэн өгсөн байна.  
Цагдаагийн эх сурвалжид тэмдэглэгдсэнээр М.Машбат  шүүхээс 3-4 удаа ял авч шийтгүүлсэн. 1986 онд Эрднэтийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1-ээр ял шийтгүүлсэн. Сүхбаатар дүүргийн шүүхээс 1990 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-аар хоёр жилийн тэнсэн харгалзах ял авсан. Баянзүрх дүүргийн шүүхээс 1999 онд Эрүүгийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-аар дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ.
Хамгийн сүүлд 1997 онд О.Лхагвадорж тэргүүтэй  “Хүний эрх, шударга ёсны төлөө”  жагсаал, цуглаанд оролцож,  түүнийг хутгаар сийчихээр дайрсан хэрэгтээ Чингэлтэй дүүргийн шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон ч хэрэг нь  тэнсэн харгалзах ял болж, тэр үеэс сураг алдарчээ. 
Ар гэрийн амьдралын хувьд   баян тансаг, “Ланд-80” машинаас гадна  “Бенц-500”, жийптэй. Хувьдаа компанитай, захирлаар эхнэр нь ажилладаг. 1992 онд Хувийн өмчтөний нэгдсэн намын тэргүүлэгч, Монголын ардын аж ахуйтны холбооны тэргүүлэгч гишүүн, Хөдөө аж ахуйн биржийн тэргүүлэгч гишүүн байсан. 1992 оны УИХ-ын сонгуульд  Дундговь аймгаас нэр дэвшиж байсан. Одоогоор аль нэг улс төрийн нам хүчинд харъяалагддаггүй аж.
Баримт сөхвөл 1997 онд   “Хүний эрх, шударга ёсны төлөө” жагсаал цуглаан,  Д.Бошигтын хөдөлгөөний үеэр зулын гол болно хэмээн мэдэгдэж байсан Алгаагийн хөдөлгөөн болох үед цагаан цамц, хар зангиатай залуу  ирж  өөрийгөө компанийн захирал хэмээн танилцуулсан нь М.Машбат байсныг таньж мэдэх хүмүүс хэлдэг.   Олон жил жагссан хүмүүс бие биеэ анддаггүй. Тиймээс  тухайн үед  хэн гээч, хаанаас гараад ирэв гэлцэн жиг, жугхийж байсныг эх сурвалж хэлж байна. Хотын захиргаанаас  “Хүний эрх, шударга ёсны төлөө” жагсаал, цуглааныг Сүхбаатарын талбай дээр  хийхийг зөвшөөрөөгүй учраас одоогийн Төрийн ордны баруун талд Үндэсний түүхийн музей /хуучин нэрээр Хувьсгалын музей/-н үүдний довжоон дээр суулт хийсэн. Гэтэл гэнэт гарч ирсэн компанийн захирал залуу жагсаалыг зохион байгуулагч  О.Лхагвадоржийн дэргэд сууж байснаа хутгалахаар довтлоход цагдаа нар харсан ч хараагүй мэт байсныг эх сурвалжууд хэлдэг. Энэ хэрэгт Чингэлтэй дүүргийн шүүхээс хоёр жилийн ял оноосон ч тэнсэн болсноор М.Машбат сураггүй болсон. Одоо жийп, бенц гээд олон машинтай, компанитай, баян тансаг амьдарч яваа юм байна. 

Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Д.Батцогтоос санаа, бодлыг нь сонслоо.
-Сэтгэцийн өвчтэй хүн үүрийн таван жингээр “Ланд-80” машин унаад довтолж орж ирнэ гэдэг  байж боломгүй санагдсан.  Ард нь хэн нэгний захиалга байгаа юм биш биз гэсэн хардлага бидэнд байна.Өмнө үйлдсэн хэд хэдэн  хэргүүдээс ажиглахад сэтгэцийн өвчтэй хүнийг улс төрийн зорилгоор ашиглаж байсан юм биш байгаа гэсэн бодол төрсөн. Цагдаагийнхан энэ  хэргийг шалгаж, тогтоох байх.
-Машинд дайруулсан хүмүүсийн бие, эрүүл мэнд ямар байна?
-Машин маш хурдтай орж ирээд гэрт тулаад зогссон. Лоозонгийн ишнүүд дугуйд  нь тээглэсэн. Есөн хүн өртсөнөөс зарим нь зөөлөн эдийн гэмтэлтэй, гурван хүний бие хүндэвтэр байна. Нэг эмэгтэй хөлөө гипсдүүлсэн. Гэрт байсан хүмүүсийн толгой, тархи нь өвдөж зовиуртай байгаа. Гэмтлийн эмнэлэг манай хүмүүсийг  хэвтүүлж эмчлээгүйг гайхаж байна. Цагдаа, онцгой байдлынхан шуурхай ажиллаж, манай хүмүүст туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлье.

Амлалт нэхэх ард түмний холбооны дэд тэргүүн Г.Уянга ингэж ярьж байна.
-Ард иргэдийнхээ жагсч, цуглах эрхийг хаан боогдуулсан. Жагсч  цугласан иргэдийнхээ  тоог  чамлаж, дэвшүүлсэн асуудлыг үл тоомсорлож буй төрд  харамслаа илэрхийлье.Энэ довтолгоо  долдугаар сарын 1-ний үйл явдалтай агаар нэг юм. “Та нарыг, Г.Уянгыг алах гэж ирсэн” тэр хүн зорилгоо хэлсэн.  Энэ төрийг өөрчлөх ёстой юм байна гэдэг нь өнөөдөр  улам бүр батлагдаж байна. Хөдөө, орон нутгийн иргэд энэ үйл явдлыг телевизээр хараад тэмцэлд нэгдэхээр наашаа гарцгааж байна. Бидэнд тэмцэхээс  өөр сонголт байхгүй. Хүний эрх, чөлөөг хааж боогдуулдаг ардчилсан төр байдаг юм уу. Тэгвэл хүний эрхийг зөрчсөн хуулийг бид зөрчиж болох юм байна. Буруу хуулийг дагаж байгаа нь буруу зүйлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Бид эрх чөлөөнийхөө төлөө л тэмцэх ёстой.

Л.Хэрлэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley 2Z2M5d http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:03:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.