МУГТ Н.Төгсцогт: Гавьяат тамирчин цол авч байхдаа дараа нь хөдөлмөрийн баатар болох ёстой гэж бодсон

2010/04/09
Share |
Хүмүүс: Төгсцогт | 
МУГТ Н.Төгсцогт: Гавьяат тамирчин цол авч байхдаа дараа нь хөдөлмөрийн баатар болох ёстой гэж бодсон

Монголын ширэн бээлийтэнгүүдийн амжилтын буухиа үргэлжилсээр байна. 17 настай Н.Төгсцогт хүү ДАШТ-ний мөнгөн медалийн эзэн болж дэлхийн бокс сонирхогчдын анхаарлыг татсан нь саяхан. Мөн тэрээр Азийн аваргын мөнгөн медалийг нутагтаа авчраад удаагүй байна. Өшөө илүү амжилтад хүрч, улс орныхоо нэрийг дэлхийд гаргахыг зорьж буй түүний амжилтын зам дардан байх нь дамжиггүй биз ээ.-Сая УАШТ-нд алтан медаль авна гэсэн итгэлтэй орсон биз. Тийм ч болоод уйлсан уу. Ер нь ялагдчихаад уйлж байсан удаа өөр бий юу?

-Сая яах аргагүй ялагдсаан. Тэгээд ялагдсандаа харамсаад уйлсан. ДАШТ-нд бас хожигдчихоод уйлж байсан. Ер нь гурван удаа уйлж байсан юм байна. Өмнө нь бас медалийн төлөө тоглоод ялагдаад уйлж байсан. Сая жаахан буруу тактиктай л тоглочих шиг боллоо. Уг нь 3-р раунд дээр 2 оноогоор илүү гарч ирсэн. Өөрийгөө хожиж байна гэж л бодсон. Тэгсэн чинь 1 оноогоор хожигдчихлоо гээд. Бокс юм чинь, яалт ч үгүй хожигдчихсон болохоор өөр юу хэлэх вэ. Би ер нь бол өөртөө их итгэлтэй. Хэнтэй ч тоглож байсан өөртөө итгэлтэй байдаг. Хоёр оноогоор илүү байсан болохоор, арай ч доошоо орчихгүй байх гэж бодоод хойшоо тоглоод байсан юм. Тэр нь буруу болсон юм шиг байна. Гэхдээ одоо өнгөрсөн юм чинь. Нэг л мэдэхэд 2011 он болчихсон дараагийн УАШТ-нд орох гээд зогсож байх биз дээ. Угаасаа нэг л мэдэхэд өнгөрчихдөг юм чинь. Одоо харамсаад яахав. Би ч УАШТ дээр бэртэл, гэмтэл ихтэй байсан. Баруун гарын дунд хуруу хавдчихсан байгаа. /гараа үзүүлэв/.

Тохой, шуу гээд ерөнхийдөө гэмтэлтэй байгаа юм. Сая Азийн аваргад орохдоо мөргүүлээд урд талын гурван шүд бас гэмтсэн байгаа. Мэдээж хүмүүс тэр болгоныг мэдэхгүй л дээ. Гэмтэлтэй байсан болохоор, би өөрийнхөө хувьд бол сайн тоглосоон. Дээд талынхаа жиндээ орсон. Сайн тоглосон л гэж өөрийгеө бодож байгаа.

-Э.Бадар-Ууган, П.Сэрдамба гээд ах нар нь бэртэл гэмтлээ эмчлүүлээд сая оролцоогүй. Өөрөө ч бас тэгж магадгүй байжээ. Мэдээж МУГТ хүнд их хариуцлага бий байх?

-Орох уу, өнжих үү гэж нэлээн бодсон. Тэгээд залуу хүн юм чинь гайгүй байх , өнжөөд яах юм бэ” гэж бодоод орсон. Ямар ч байсан финалдсан. Одоо харамсаад байх юм байхгүй. Тухайн үед хожигдчихоод жаахан харамсаж л байсан. Би ноднин Улсын аварга болоод гадагшаа тэмцээнд явж амжилттай оролцсон. Тэгвэл сая дахиад УАШТ болчихсон хожигдоод зогсож байна шүү дээ. Цаг хугацаа ийм хурдан юм чинь харамсаад яахав. Их хариуцлага ноогдож байгаа гэж боддог. Би саяхан Залуучуудын Азийн аваргад орсон. Тэгэхэд надаар толгойлуулсан баг гээд ярьж байлаа. Тэгээд ганцаараа медаль авсан. Насанд хүрэгчдийн дэлхийн хэмжээний тамирчин болчихсон болохоор, үеийнхээ хүүхдүүдтэй орсон учраас их хариуцлагатай тэмцээн байсан. Мөнгөн медаль авсан. Финалд хожигдчихвол яах вэ гэсэн эмээлт надад байсан. Ер нь бол хожигдох вариант байхгүй. Эрхгүй байгаа учраас маш их хариуцлага ноогдож байсан.

-Ширэн бээлийтэн болоод хэдэн жил болж байна вэ. Багадаа нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэл үү?

-Боксын спортоор хичээллээд дөрөв дэх жилдээ болж байна. Би Шархаданд өссөн. 79-р сургуулийг төгссөн. Намайг таньж мэдэх хүмүүс нь сайн мэдэх байх. Ер нь багаасаа их гайгүй зодолдчихдог хүүхэд байсан. Манай тэнд боксын секцэнд явдаг Ганпүрэв гээд ах байдаг юм. Тэр ах анх боксын бээлийгээ авчраад, хүүхдүүд бид нар бээлийг нь зүүж байгаад тоглодог. Тэр үед би гайгүй тоглочихдог байсан. Тэгээд хамт боксын секцэнд ороод, “Алдар” спорт хороонд А.Гантулга багшдаа шавь орсон. Өнөөдрийг хүртэл багштайгаа явж байгаа. Багш маань надад А үсгийг зааж, намайг хоолонд хүргэсэн хүн юм.

-Санаанаас гардаггүй ямар тэмцээн байдаг вэ?

-Азийн аварга байна. Би хүрэл медалийн төлөө Казакстаны гавьяаттай таарчихсан. Медалийн төлөө тоглолт болохоор их чухал байсан. Тэгээд 10:4 харьцаатай илт давуу хожсон. Гантулга багш маань үзэгчийн суудлаас үзэж байсан. Ялаад аягүй их баярласан. Би бэлтгэл дээр нэг л хэвийн байж байгаад, рингэн дээр бодсон юмаа гаргаж чаддаг. Чөлөөтэй тоглож чаддаг учраас амжилтанд хүрч чадсан юм болов уу гэж бодож байгаа. Цаашид өшөө их амжилт гаргахын тулд бэлтгэлээ сайн хийж байна.

-Бокс бол их мэдрэмж, ухаан шаарддаг спорт гэдэг. Багш нар нь чамайг хэр магтдаг вэ?

-Манай багш нар намайг толгойгоо ажиллуулдаг гэдэг. “Толгой чинь их юм боддог юм байна” гэдэг юм. Манай Бадараа ах эд нарын Ганзориг багш жаахан алиа л даа. Ганзориг багш тоглоод л “Энэ мууг авч явж байгаа юм нь толгой нь л байхгүй юу” гэдэг. Манай багш намайг бярдагч гэж нэрлэдэг. Би ер нь рингэн дээр их боддог. Өрсөлдөгчөө яг юу хийж байгааг мэддэг. Вариант алдахгүй, тоглолтондоо анхаарлаа хандуулчихдаг.

-Дэлхийн хэмжээний рингэн дээр гарахад хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

-Би сүлд хийморийн тарни гээд нэг маани уншчихдаг юм. Тэр маанийг уншаад л гарчихдаг. “Би бол ялна. Энэ бол миний амьдрал” гэсэн үүднээс л боддог. Өөр илүү дутуу юм бодоод байдаггүй. Том рингэн дээр гарахад “Монголчууд маань харж байгаа даа” л гэж боддог. Сая УАШТ-нд уг нь их зорилготой орсон. Даанч мөнгөн медаль авчихсан. Гэхдээ урд нь аварга болчихсон юм чинь яахав дээ.

-Тэр маанийг хэн чамд хэлж өгсөн юм бэ?

-Mobimedia-raac ирэхээр нь утсан дээрээ аваад цээжилчихсэн юм. Сандарсан үедээ хааяа уншчихдаг юм. Ер нь рингэн дээр гарч байгаа үедээ тайван байдаг даа. Гарахын өмнө хүмүүс нүдэнд багтаад л ирдэг юм. Одоо 4-р сарын 20-нд Залуучуудын ДАШТ-нд орно. Бэлтгэл сургуулилтаа хийгээд, бэлдээд байж байна. Гар хөлийн жижиг сажиг бэртлүүд бэлтгэл хийхэд жаахан зовиуртай байгаад байна. Гэсэн ч Олимпийн эрх авах болохоор хариуцлагатай тэмцээн.

-Уг нь бэртэл гэмтлээ сайн эмчлүүлэх нь чухал юм байна даа. Ер нь боскыг тэсвэр хатуужил шаардахын хэрээр их төлөвшүүлдэг спорт гэдэг?

-Зай олдохгүй тэмцээн болж байгаа учраас болохгүй байна л даа. Би гуравдугаар сард хоёр тэмцээнд орсон. Азийн аварга, УАШТ дараалаад болсон. Гэхдээ одоо бэртэл гэмтлээ эмчлүүлэхээр болж байгаа. Ер нь боксын спортод анх орж байхдаа нэг их юм бодож байгаагүй. Жаахан зодолдож сурчихаад больё л гэсэн юм бодож байсан. Харин манай багш намайг өдөр ирэх тусам л хурцалж өгдөг байсан. Дандаа над дээр жишээ аваад “Миний хүү одоо ингэнэ шүү” гэж ярьдаг. Багаас л “Чи одоо ингэнэ шүү, тэгэх ёстой шүү” гээд л тэмцээн болохоос хэдэн сарын өмнөөс л яриад зөвлөөд байдаг байсан. Гантулга багшийгаа их ухаантай хүн гэдгийг ойлгосон. Багшдаа их баярлаж явдаг.

-Гадна дотны цөөнгүй тэмцээнд орж амжилт гаргаж байна. Амжилтаа үнэлүүлээд төр засгаасаа шагнал авахад гоё биз?

-Хамгийн анх Азийн аваргаас медаль аваад. Улсаас мөнгө авахад их гоё байсан. Бас улсаас анх цалин авч байхад гоё байсан. Шигшээ багийн тамирчин болохоор 200 хэдэн мянган төгрөгний цалин аваад л.

-Лондонгийн олимп ойртож байна. Юу бодогдож байна?

-Энэ жил олон тэмцээн байгаа. Тиймээс бэртчихгүйхэн шиг, биеэ их сайн гамнаад дараа жилийн Дэлхийн аваргад л их сайн орохыг бодож байна. 2012 оны Олимпийн бэлтгэлээ эртнээс хангаж байгаад сайн оролцох л зорилготой байна. Мөн сургууль соёлдоо сурч, хэл устай болж мэдлэг боловсролтой болохыг бодож байгаа.

-Хамгийн залуу гавьяат тамирчныг энд тэнд явахад хүмүүс таньж байгаа биз?

-Мэдэх хүмүүс нь мэддэг л байх. Спорт сонирхдог хүмүүс мэддэг л юм шиг байна лээ. Залуучууд боксын спортыг их сонирхдог болчихсон. Бадараа ах эд нарыг “Тэр аймаар гоё тоглодог” гээд л, тоглолтыг нь хүртэл мэддэг юм байна лээ.

-Охидууд өөртэй чинь танилцах санал их тавьдаг байх аа. Мессеж их ирнэ биз?

-Тиймэрхүү санал ирэхийн хувьд ирнэ. Гэхдээ би утас энэ тэрээр охидуудтай харилцаад байдаггүй. Одоо арай л болоогүй байх шиг байна. Охидуудаар ч яахав. Хааяа уур ч хүрэх юм/инээв/.

-Яагаад уур нь хүрээд байдаг юм?

-Зүгээр л, тийм мессеж энэ тэр ирэхээр. Би бас хааяа бэлтгэл сургуулилт болж өгөхгүй болохоор “Яагаад болохгүй байгаа юм бол” гэж бодно. Нэг их сэтгэл санаагаар унах нь хаашаа ч юм. Би ер нь дуугай талдаа. Гэрийнхэнтэйгээ ч гэсэн бүр тэгтлээ их яриад байдаггүй. Ганцаараа л байж байдаг. Ярих юм байвал хааяа боксынхоо ах нартаа ярьчихдаг.

-Нэг дүүтэй байх аа. Дүү нь ахаараа их бахархдаг байх даа?

-Тийм. Нэг эмэгтэй дүүтэй. Манай дүү надаас 3 дүү. Одоо 15 настай. Дүү маань бас даруухан. Надад яг тийм юм ярьдаггүй.

-Ээж тань хүүдээ их л зүйл захиж зөвлөдөг байлгүй? Сонин хэвлэл дээр зарим нэг мэдээлэл гарахад тиймэрхүү л байдаг байх?

-Ээж маань намайг тэмцээнд ороход байнга л “Болгоомжтой байгаарай, миний хүү” гэж хэлдэг. Тэгэхээр нь би “Зүгээр, зүгээр зоволтгүй” л гэдэг юм. Гэхдээ би чинь жаахан шүү дээ. Ганц хоёр удаа сонин мэдээлэл гарсан байсан. Уншаад эмзэглээд сонин л болж байна лээ.

-Жаахан гомдомхой юу?

-Гайгүй л дээ. Би ер нь хурц ааштай. Шийдэмгий. Нэг их уургүй ч, рингэн дээр шийдэмгий байдаг. Зүгээр жирийн үед тоглоом хийгээд, инээгээд явж байдаг юм. Хааяа найзуудтайгаа нийлж сахилгагүйтнэ.

-Манай боксчид дэлхийн рингэн дээр хэн бэ гэдгээ харуулж чадсан. Ер нь манайхнаас жийрхэх хандлага мэдэгдэх юм уу?

-Манайх боксоороо дээгүүрт байгаа. Ер нь аль ч улсад бокс жигд хөгжиж, бүх улсууд л эвгүй болчихсон. Яг тийм хандлага надад бол мэдэгдээгүй. Гэхдээ сая Залуучуудын Азийн аваргад очиход хүмүүс их мэдэж байналээ. “Дэлхийн аваргын финалдсан тамирчин мөн үү” гэж манай багш нараас асуусан байсан. “Мөн” гэсэн чинь “Хөөх” гэж байна гэсэн. Намайг финалд хожигдсон чинь өмнө нь надад ялагдсан Ираны нэг хүүхэд бүр уурласан. Уг нь надад хожигдчихоод өөрөө их баяртай байсан юм билээ. Гэтэл би 1:0-оор хожигдчихсон чинь тэр Ираны тамирчин хүрэл медалиа авахгүй уурлаад байсан.

-Яах аргагүй л чамайг аварга болно гэж харж байж?

-Би өөрөө юу ч болж байгааг ойлгоогүй. 1:0 харьцаагаар хожигдсон байсан. Аягүй хэцүү байгаа юм чинь. Би ч уйлчих гээд, тэсээд өнгөрсөн. Яалт ч үгүй 1:0-оор хожигдоод гарыг нь өргөчихсөн юм чинь. Тухайн үед Казакстаны тамирчин тугтай гараад ирэхгүй юу. Шүүгч нар сандралдаад “Хөөе, хөөе” гэхээр нь би гайхаад тоглолт буцаах гэж байгаа юм байх даа гэж бодсон. Би 3-р раунд дээр хүчтэй цохисон чинь оноо өгөөгүй юм. Тийм болохоор арай миний оноо одоо ороод тоглолт буцааж байгаа юм болов уу гэж хальт баярласан. Дараа нь бичлэгээ үзсэн чинь толгой аягүй хурдан хөдлөөд ийш тийшээ хараад байсан байна лээ. Гэхдээ нэгэнт хожигдчихсон юм чинь, дараагийн тэмцээндээ амжилт гаргана л гэж зорьж байна.

-Хамгийн залуу гавьяат тамирчин болоход юу бодогдож байв?

-За ямар ч байсан МУГТ болчихлоо. Их хариуцлага ирж байна гэж бодсон. Одоо хөдөлмөрийн баатар цолыг авах ёстой гэж бодсон. Тухайн үед “Ямар ч байсан би МУГТ болж байна даа” л гэж мэдсэн. Цаашид илүү их хичээнэ.

-Улсаас өгсөн 1 өрөө байранд ээж дүүтэйгээ амьдардаг гэсэн. Тийм үү?

-Үгүй, тийм юм байхгүй. Улсаас 1 өрөө байр өгөөгүй шүү дээ. Тийм юм байхгүй. Би гэр орныхоо талаар нэг их ярьмааргүй байна. Ямар ч байсан нэг өрөө байранд байдаггүй.

-Нээрээ өөрийг чинь амттанд тун дуртай гэж сонссон. Бараг нэг торт барьж байгаад идчихэж магадгүй гэж?

-Нэг дор нэг торт идэх нь ч хаашаа юм. Гэхдээ тортонд их дуртай. Идэхийг хүссэн үедээ л иддэг. Жингээ барих ёстой учраас хамаагүй идээд байж болохгүй. Тэмцээн дууссаны маргааш нь л сайн иддэг юм/инээв/. Тэгээд хэд хоногоос хэвийн байдалдаа ороод л явна даа.

-Жаахан хүүхдүүд боксоор их хичээллэж байгаа харагдлаа. Тэд бол чамайг их шүтэж үлгэр дуурайл авна даа. Юм хум их асууж шалгаана биз?

-Гайгүй ээ, нэг их асуугаад байхгүй. Хувцасаа солингуут хараад л, шивнэлдээд л байгаа харагддаг юм.

-Мэдээж өөрийн чинь хувьд Бадар-Ууган, Сэрдамба гээд л ах нараасаа их зүйл сурдаг байх?

-Тэгэлгүй яахав. Ах нар маань”Ингэж тэгж тогло” гэж хэлдэг, зөвлөдөг. “Жингээ сайн барьж бай” гэнэ.

-Ингэхэд шагналын мөнгө авахаараа юунд үрчих гээд байдаг вэ?

-Сайн санахгүй байнаа. Нэг их үрээд байх ч хэрэг гарахгүй дээ. Байнга бэлтгэл сургуулилттай байдаг болохоор бэлтгэлээ л хийж байдаг.

-Баярлалаа. Чамд амжилт хүсье.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.