Талийгаачдын сүнсийг амирлуулахуй

2010/04/13
Share |
Хүмүүс:
Талийгаачдын сүнсийг амирлуулахуй

Монголчууд хэзээнээсээ л шүтлэгтэй ард түмэн билээ. Тэр ч утгаараа хөгшчүүл хүн алсан хүний сүнс зайлдаг хэмээн ярьж, иймэрхүү хүмүүсийн салхинаас ч хүртэл хол явахыг захидаг. Тэгээд ч энэ дэлхийд хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр ганцхан ширхэг арвайн буудай тогтохтой дүйх тийм л их хувь заяа гэнэ.

Гэтэл энэ их бурхны хайр хишгийг үгүйрүүлсэн хүн яаж ч хийморь лундаатай, зовхи нь өөдөө явах вэ дээ. Цаанаа л тийм нэг ёозгүй, зүс царай нь гундаад, өвчин эмгэг тусамтгай, ажил үйлс нь ч бүтэлгүйтээд ер нь л өөдийн бараа хардаггүй гэдэг. Гэтэл XXI зууны ардчилсан нийгмийн хөрсөнд таван хүний алтан амийг хэн ч юм нэг нь хүйтэн зэвсгийн үзүүрээр нүд ирмэх зуур булчихлаа. Тийм ээ, энэ бол 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд гарсан үймээний балаг юм.

Үймээн гараад өдгөө хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байхад хүний эрдэнэт амийг хөнөөсөн этгээдүүд хээв нэг гудамжаар алхаж явааг энэ төрийн “цус ойртолт” гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах вэ.

Хууль хяналтынхан ч алуурчдыг олж тогтоосон юмгүй, төрийн цээжинд суугаа эрх мэдэлтнүүд нь ч амаа таглуулаад эцэст нь, Өршөөлийн хууль гээчээр энэ хэрэг замхрах шат руугаа орох шив.

Энд нэг зүйлийг тодруулахад, тухайн үед үймээний галын шугаманд ажиллаж байсан цагдаа нар нь болохоор “Хүн буудах тушаалыг дээрээс өгсөн” хэмээн улайна. Харин эрх баригчид энэ үгний учрыг олж, хужрыг тунгаах нь бүү хэл ганц үг ганхийхгүй байсаар өдийг хүргэсэн. Тэгэхээр “дээрээс” гэдэгтэй холбогдуулан хүн буудаж алах тушаалыг өгсөн байх магадлалтай эрх мэдэлтнүүдийн нэрсийг шулуухан дэлгэхэд, тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг нэрлэж болох юм. Мөн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан генерал Ч.Амарболд, Нийслэлийн ЦГ-ын дарга асан, хурандаа О.Зоригт, Нийслэлийн Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн хэв журмын газрын дарга асан, дэд хурандаа Ганбаатар нарын хэнийг нь ч сэжиглэж болох талтай.

Тэгээд ер нь мэргэн ардынхаа үгнээс улбаалаад бодоод байх нь ээ, иймэрхүү хар хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн амьдрал ахуй, ажил үйлс нь зөнгөөрөө л уруудаж, бүтэлгүйтдэг гэдэг нь үнэний ортой дэг шүү. Тухайлбал, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн тавцангаас арчигдахад тун удахгүй болж. Түүний хувьд, өнгөрсөн жил хэдэн ч шатны сонгуульд хүч үзэв дээ. Даана ч ялсан нь ганц байдаггүй. За яахав, Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга нь эсрэг ажилласан хэмээн шалтаг тоочин уналаа гэж бодоход, намын даргын суудал болоод Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд аз дутсан гэх үү. Улс төрд мөр нь ч гараагүй шахам шалдан бандид далаараа нам тавиулчихаад сайдаас нь Ерөнхийлөгч хүртэлх Монгол Улсын томоохон сэнтийг бүгдийг нь эзэгнэж явлаа гэх энэ хөөрхийлөлтэй хүн өнөөдөр “Би улс төрөөс мордох цаг болоогүй. Дөнгөж 50 хүрч явна” хэмээн зурагтаар л нэг хааяахан бараагаа харуулах юм даа. Харин С.Баярын хувьд, хөөрхий минь бие хаа нь ч өвдөөд нэг л өөдлөх янзгүй. Тив алгасаж, эмч домч залаад ч өөдийн бараагүй турж эцсэн гэж жигтэйхэн. Уг нь таван төгөлдөршил зарлаж гүйгээд, атрын аянд мордоод хэчнээн цог золбоотой сайхан байв. Гэвч өнөөдөр парламентад суудал бөглөхөөс өөр ямар ч гавьяагүй нэгэн болжээ. Түүнчлэн эдний дундаас хамгийн харамсалтай нь Ц.Мөнх-Оргил гишүүн юм уу даа. Ид хийж бүтээх, цэл залуухан насандаа иймэрхүү хэрэгт нэр холбогдож парламентын танхимаас хэтрэхээ байж дээ, хөөрхий. Ядаж л өдрөөс өдөрт санчиганд нь буурал нэмэгдээд их л хөгширсөн харагдах юм. Уг нь энэ эрхмийг Харвардын их сургууль төгссөн овоо толгой МАХН-д ч цахиур хагална даа гэж олон хүн итгэл хүлээлгэдэг байсан цаг саяхан. Жишээ нь гэхэд л, Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхдаа “Марубени корпорацийн нэхэмжлэлтэй Лондонгийн шүүх дээр Монгол Улсын нэрийн өмнөөс ялалт байгуулан хичнээн сайхан гялалзаж явав. Гэвч ирэх сонгуульд нам нь нэрийг нь дэвшүүлэх эсэх нь хүртэл эргэлзээтэй болчихлоо шүү дээ. Уг нь тэрбээр өдийд Сү.Батболдтой намын дарга, Ерөнхий сайдын төлөө эн тэнцүүхэн жинхэнэ өрсөлдөж явах ёстой сийрэг толгой юмсан. Гэтэл өнөөдөр үг дуугарах нь ч цөөрөөд цаанаа л нэг гунигтай ч гэмээр юм уу, дэлхий цөмөрчих вий гэсэн шиг нэг тиймэрхүү байдалтай алхах болж.

Нээрээ саяхан нэгэн хоолны газар Ч.Амарболд генералтай санамсаргүй таарав. Хөөрхий, ганцхан жилийн дотор хичнээн ч их хөгширсөн юм бэ дээ. Гэхдээ яагаад ч юм түүнийг хараад үймээний үеэр амиа алдсан таван залуугийн тухай бодол зурсхийв. Магадгүй тэрбээр энэ хэрэгт харамсаад иймэр­хүү дүр төрхтэй болчихсон юм болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд буусан. Тэгээд ч ер нь хүн гэдэг амьтан сэтгэл санаагаараа л амьдардаг шүү дээ.

Энд нэг зүйлийг тодруулахад, бид Деми Мурын тоглосон “Сүнс” киног сайн мэднэ. Энэ кинонд хууль хяналтынхан хүн алсан гэмтнийг олж чадахгүй өнө удаан энэ тэрүүгээр хайх зуур алуулсан хүний сүнс хэрэгтнийг барьж өгчихөөд, өөрөө очих ёстой амирлангийн орондоо цагаан зам татуулсаар сэтгэл нь тайвшраад хөөрч оддог. Тэгэхээр хийж бүтээх ид насандаа доргиж явсан, цэл залуухан таван аавын хүү буруугүй гэдгээ хэлэх ч завдалгүй, хүйтэн зэвсэгт хөнөөгдөн хорвоог орхисон нь холбогдох эрх мэдэлтнүүдийн зам мөрд нөлөөлөх нь дамжиггүй. Тэгээд ч хамгийн гол нь төр өршөөсөн ч, тэнгэр өршөөдөггүй гэж... ардын үг бий.

О.Мөрөн http://www.niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.