Тэгвэл Америкт очиж амьдарна даа

2010/04/13
Share |
Тэгвэл Америкт очиж амьдарна даа

БНН-ын дарга Б.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Малчид ноолуур 40 мянга давлаа гээд баярлаад байгаа. Харин танай холбооныхон саяхан Ерөнхий сайдтай уулзсан. Энэ уулзалт ноолууранд гаалийн татвар тавихтай холбоотой байсан уу?

-Жил болгон л ноолуурын үнэ 40-45 мянгаас эхэлдэг. Тэгээд түүнийг нь авч дийлэх хүн байхгүй болохоор 20-25 мянга руу ордог. Тийм учраас баярлах эрт байна, ноолуурын ханш нэг их өсөөд байгаа юм байхгүй. Яагаад гэвэл төгрөгийн ханш, доллартай харьцах харьцаа өөрчлөгдөж, түрүү жил 1250 байсан ам.доллар одоо 1350 болчихлоо. Тэр ханшаар нь хөөх юм бол ойролцоо л байгаа. Энэ маань явсаар байгаад тавдугаар сар гараад 30-35 мянга, сүүлдээ 25 мянга болоод дуусдаг. Ер нь бол малчид ч, иргэд ч нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ноолуур амин чухал бүтээгдэхүүн биш. Ноолуургүйгээр хүн амьдарна, ноолуургүй улс орон хөгжинө. Монголын ноолуургүйгээр шүү дээ. Манайхан ноолуур гэхээр л амин чухал гэж боддог. Гэтэл монголчууд бөгөөд гадаадынхны хэрэглээ хөвөн даавуу, ноосон даавуу, синтетик материалууд дээр тогтож байна. Хоёрдугаарт дэлхийн зах зээл дээр ноолууран цамцны үнэ 15-25 ам.доллар байна. Тэгэхээр цамцнаасаа илүү үнэтэй ноолуураар хүн яах вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Яах вэ дээ, Улаанбаатарт хөдөөний залуус олноороо орж ирсэн. Их, дээд сургуульд сурч байгаа нэртэй. Бүгдээрээ л аав ээжийнхээ ноолуурын ченж хийдэг. Тэр байтугай худлаа баахан зарлал гаргадаг. Интернэтээр, телевизээр “ноолуур өндөр үнээр авна” гээд баахан зар явуулдаг. Яваад очихоор юу ч байхгүй. Хиймлээр л их өндөр үнэд барих гээд байна шүү дээ. Өнгөрсөн жил хятадуудын авсан ноолуур бараг 10 мянган тонн нь агуулахдаа байж байна. Үүн дээр энэ жилийн манай ноолуурыг нэмэхээр бараг 20-30 мянган тонн ноолуур илүүдэлтэй байна. Бодит байдал энэ. Зах зээл гэдэг амтай болгон ярьдаг, хүний хүслээр явдаг зүйл биш. Төгрөг хоосорч байгаа хоёр шалтгаан байна. Ам.доллар төгрөгийн харьцаа өөрчлөгдөж, төгрөгийн ханш буух юм бол эдийн засгийн нэг уналт. Дараа нь төгрөг чангараад юмны үнэ өсөөд байвал инфляци маань нэмэгдээд ялгаагүй эдийн засгийн уналт явагдана. Одоо найман хувьд хүрчихээд байна, дахиад юмны үнэ өснө. Хоёр талтай байгаа биз.

-Ерөнхий сайдтай ямар асуудлаар уулзсан юм бэ?
-Бид Ерөнхий сайдтай татварын асуудал яриагүй. Ноолуурын бодлогыг яах вэ гэдгийг л ярьсан. Арилжааны банкууд аж үйлдвэрийн салбараа санхүүжүүлмээр байна. Гэтэл энэ мөнгийг нь Монголбанк өндөр хүү амлаад татаад авчихаж байна. 500-600 сая төгрөгийг татаад авчихлаа.

-Ямар учраас?
-Бодлогын хүүгээ өндөр зарлаад зээл болгож авч байна. Тэгж эдийн засгаа тогтворжуулах, төгрөгийг хатууруулах бодлого барьж байгаа байхгүй юу. Ингэхээр чинь арилжааны банкууд сөнөлөө. Банк сөнөхөөс гадна аж ахуйнууд сөнөлөө. Үүнийг болиоч ээ, тодорхой хэсгийг нь банкууддаа үлдээж, аж ахуйнуудаа санхүүжүүлээч ээ гэдэг ерөнхий асуудал ярьсан. Дээр нь энэ үйлдвэрүүдийг жаахан чанаржуулья. Худлаа нэг угаах, самнах нэртэй хятадын баахан үйлдвэрүүд. Хятадууд манай ажилчдын эрүүл ахуйн нөхцлийг хангахгүй, нийгмийн даатгал төлөхгүй байна. Маш бохир нөхцөлд ажил хийлгээд, хорыг нь гөвж үлдээчихээд алтыг нь аваад явдаг ажилтай болчихлоо.

-Манай ноолуурын салбарт жилдээ хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилт, зээл шаардагддаг юм?
-Жилдээ  7000 тонн ноолуур бэлтгэдэг, үүнийг нь 40 мянгаар үржүүлэхэд 280 тэрбум төгрөг шаардлагатай байна шүү дээ. Зөвхөн түүхий эд бэлтгэхэд. Энэ мөнгийг зөвхөн үйлдвэрлэгчид өгөөд байгаа мөнгө биш. Үйлдвэрлэгчид энэ мөнгийг аваад малчдад өгдөг, малчид нь хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгнө, гурил, будаагаа авна. Үүнийг нь тасалчихаж байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотод 160 мянган оюутан байна. Эдний 80 хувь нь хөдөө орон нутгаас ирсэн малчдын хүүхдүүд. Энэ хүүхдүүд сургуулиа төгсөөд  юу хийх юм. За яах вэ, үйлдвэрүүдээ хаачихья, санхүүжилтгүй болгоё, хятадуудад өгчихье. Тэгээд энэ 160 мянган хүн сургуулиа төгсөөд хаана ажиллах вэ. Ченж хийх юм уу, барааны зах дээр зогсох уу. Үндэсний үйлдвэрээ байхгүй болгочихоод бүгдийг нь УИХ-ын гишүүн, сайд дарга болгох уу.  Асуудал үүндээ байна.

Бидний эцэг эхчүүд бүгд л аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан. Нэг хэсэг нь оёдолчин, эсгүүрчин, нэг хэсэг нь засварчин, нөгөө хэсэг нь санхүүч, менежерийг нь хийж амьдарч байлаа. Гэтэл одоо бүх үйлдвэрээ устгасан. Арьс ширний үйлдвэр, ноосны үйлдвэр байхгүй боллоо. Одоо ноолуур сөнөх үү, хэвтэх үү гэдэг дээрээ ирчихээд байна. Сүүлийн 20 жил бид нар уул уурхай л ярьсан болохоос ноос ноолуур, хөнгөн үйлвэрийн салбарт улсаас нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэнгүй. Б.Жаргалсайхан 80 сая доллар оруулж ирж хоёр үйлдвэр барьсан, “Гоёо” Хятадын хөрөнгө оруулалтаар ганц үйлдвэр барьсан байх. Өөр үйлдвэр алга. Асуудал үүнд байгаа юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Түүнээс биш ноос, ноолуурын үнэдээ байгаа юм биш. Үнэ бол өсч, багасдаг зүйл. Ер нь энэ үйлдвэрүүдийг хөгжүүлэх үү, үгүй юу, хөгжүүлэх нь хэнд хэрэгтэй вэ гэдгийг бодох цаг болчихоод байна. Тавхан төгрөгийн зөрүү харж хамаг түүхий эдээ Хятад руу ачсаар байтал үндэсний үйлдэрүүд чинь байхгүй боллоо. Үйлдвэргүй болчиход яаж амьдрах юм. Нөгөө 1,5 саяар амьдрах уу, хүүхдийн мөнгөөрөө атга гурил авч идчихээд суугаад байх уу. Тийм учраас өнөөдөр малчдын тухай биш, үйлдвэрлэлийн тухай, ирээдүйн ашиг орлогын тухай ярих хэрэгтэй байна.   

-7000 тонн гэдэг жилдээ бэлтгэж байгаа ноолуурын хэмжээ юу, эсвэл дотоодын үйлдвэрүүдийн хэрэглээ юу?
-7000 орчим тонн ноолуур бэлтгээд 3000 орчим тонныг нь л дотооддоо хэрэглэж байгаа шүү дээ. Нүүрс нэг тонн нь 50 доллар, зэс 7000 доллар, тэгэхдээ 20-хон хувийн зэс шүү. 7000-ын 20 хувиар бодохоор 1400 ам.доллар. Гэтэл нэг тонн самнасан ноолуур хэд гээч, 80 мянган ам.доллар. Бүтээгдэхүүн болохоороороо 300 мянган доллар. Гэтэл зэсийг хайлуулбал 1000 доллар, нүүрсийг боловсруулбал 200 доллар л хүрнэ. Аль нь ашигтай байна. Гэтэл нүүрс, зэс стратегийн ач холбогдолтой, ноолуур болохоор стратегийн биш юм гэнэ. Ноолуур бол нөхөн сэргээгдэнэ. Ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийдэг хамгийн орчин үеийн үйлдвэр байгуулахад энэ салбарт 80 мянган хүн ажилтай болно. Өнөөдөр Оюутолгой дээр 3000 хүн ажлын байртай боллоо гэж сүржигнээд байна. Гэтэл ноолуурын салбарт 8000 хүн ажиллаж байна. Энэ үйлдвэрүүд түүхий эдгүй болчихвол энэ 8000 хүн ажилгүй болно. Тэнд харин хүрз барьсан 3000 уурхайчин гарах нь л дээ.  

-Ерөнхий сайд ямар хариу өгсөн бэ?
-Засгийн газар дээрээ ярья, дэмжихийг бодьё л гэж байна. Ноос, ноолуурын холбооныхон, зургаан үйлдвэрийн төлөөлөл орсон.

-БНН-аар сонин юу байна, өнгөрсөн намар ҮШН-тай нэгдэх гэж байна гэж нэг хэсэг шуугиад л чимээгүй болчихсон?

-Нэгдээд байсан юм алга даа. Одоо нэгдээд яах юм, ямар сонгуульд орох, төр удирдах гэж байгаа биш. Улс төрийн үйл ажиллагаанд оролцоод байгаа юм алга.

-Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн, жагсаал цуглаан гэх мэтийн цаад санхүүжүүлэгчээр М.Энхсайхан дарга та хоёр хардагдаад байгаа юм биш үү?
-М.Энхсайханыг хардсан байх, намайг ч арай хардаагүй байх аа. Ер нь бол ардчилсан үзэлтэй хүний хувьд зөв л гэж бодож байна. Сонгуулиар өгнө гээд амласан л юм бол одоо нэхэж байгаа нь буруу биш шүү дээ. Тэгвэл яах гэж амласан юм, юуг нь гайхаад байгаа юм. Түүнийг нь нэхээд жагсаал цуглаан хийсний төлөө сүржигнээд байх хэрэггүй шүү дээ. Айгаад л, тэд нарыгаа оролдоод, хавчаад, элдвээр муу хэлээд л. Энэ улсууд зөв л юм ярьж байна. Ард түмний амьдрал хэцүү байна, амласнаа биелүүлээч л гэж байна. Үүнд юунд нь эгдүүцээд, хэн хохирчих гээд байгаа юм. Дараачийн сонгуулиар ингэж амандаа орсныг амлахаа л болино биз дээ.

-Тэгээд өгөх нь зөв болж байна уу?
-Яаж өгөх юм, өгвөл энэ улс орон чинь сүйрнэ биз дээ.

-Өгнө л гээд байгаа?
-Дандаа л тэгдэг шүү дээ. Сонгуулиар ч өгнө л гэсэн, өчигдөр ч, уржигдар ч өгнө л гэж байсан. Одоо ч өгнө, маргааш ч өгнө л гэж хэлнэ. Үгүй гэж хэлж чадахгүй юм чинь. Өгнө гээд 1,5 сая төгрөгийн гэрчилгээ тараачихсан. Өгөхгүй бол түүгээр нь шүүхэд өгөөд баллана биз дээ. Гэхдээ би битгий өгөөсэй гэж бодож байна. Яагаад гэвэл тийм мөнгө байлаа ч, зээл аваад тараалаа ч гэсэн энэ улс санхүүгийн хувьд бүрэн дампуурна. Хоёрдугаарт энэ бэлэнчлэх сэтгэлгээг цаашдаа улам гааруулна. Манайхан ч гэсэн ингэж бэлэнчилж амьдардгаа болих хэрэгтэй. МАХН ч гэсэн ард түмэндээ “өгөхгүй ээ”  гээд үнэнийг хэлэх хэрэгтэй, ард түмэн ч нэхэхээ болих хэрэгтэй. Ичдэг байх хэрэгтэй шүү дээ, юу хийж бүтээсэндээ зүгээр суугаад, мөнгө нэхээд байгаа юм. Түүний оронд харин энэ олон ядарсан, бэлэвсэн эхчүүдэд хүүхдийн мөнгийг нь өгөх хэрэгтэй.

-Бэлэн мөнгө тараахгүй ээ, орон сууцны төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээнд нь өгнө гэх мэтчилэн гарцууд хайж байна л даа. Ингэлээ гээд эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагаврыг хязгаарлаж чадах уу?
-Чадахгүй. Тийм учраас бүгдээрээ зүгээр л төр засгийг, намуудыг рекэтлэдгээ нийтээрээ, ухамсраараа болих хэрэгтэй. Түүнийхээ оронд ажлын байр нэх. Бидэнд өндөр цалинтай ажлын байр өг, боловсролтой болгож өг гэж. Тэгвэл арай амьдралд ойртох байх. Гэхдээ нэгэнтээ ийм байдалд орчихсон юм чинь хоёр талаасаа ярих хэрэгтэй л дээ. Намууд, олон нийтийн байгууллагууд зөвшилцөх хэрэгтэй. Одоо ч бай, ирээдүйд ч бай уул уурхайгаас орж ирж байгаа ашгийг улс орны хөгжилд зарах хэрэгтэй. Хамгийн тэргүүний технологитой үйлдвэрүүд, “ноу хау”-г оруулж ирэх ёстой. Түүнээс биш хоол болгоод иддэг, архи болгоод уудаг байх юм бол улс орон сөнөнө. Дээр нь энэ 1,5 саяар барьцаалаад гадаадынхан манай Монголын том том орд газар, төслүүдийг хямдхан авчих гэж байна. Үүнийг бодох хэрэгтэй.

-Сүүлийн үед олигархиудыг устгах, өмчийг нь ард түмэнд хувааж өгөх тухай, байгалийн баялаг бол ард түмний өмч гэсэн бүх зүйлийг тэгшитгэх үзэл газар аваад байна. Уг нь манайх чинь хуультай улс. Үндэсний хөрөнгөтнүүд үүн дээр ямар бодолтой байдаг юм?
-Сүүлийн 20 жил улс төрд явсан, хувиараа ямар нэг аж ахуй, бизнес эрхлээгүй улстөрчдийн хөрөнгийг дахин шалгаж нягтлаад, орлогоосоо давсан хөрөнгө хуримтлуулсан бол түүнийг нь хураах хэрэгтэй. Харин аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа явуулж мөнгө олсон компанийн захирлууд, эздийг бүгдийг нь дарга, сайд болгох хэрэгтэй. Тэгж байж улс хөгжинө. Тэгэхгүйгээр юу ч үгүй хоосон хүмүүс дарга болж хагартлаа баяжаад, тэдний муу муухайг үндэсний хөрөнгөтнүүд, бизнесмэнүүд рүү түлхэх гэвэл бүтэхгүй. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Өнөөдөр Америк, Японыг үндэснийх нь хөрөнгөтнүүд л авч яваа. Түүнээс биш хоосон хүмүүс, хөл нүцгэн пролетариуд биш.

-Одоо харин тэр мөнгөтэй хүмүүсийг чинь үзэн ядах сэтгэлгээ хавтгайраад байх шиг?
-Тэгвэл малчдыг ч гэсэн үзэн ядах хэрэгтэй. Малчид жил болгон 500 тэрбум төгрөгийн ашиг орлого олж байна. Ноос, ноолуур, арьс шир, махаа борлуулаад. Одоо үхрийн мах зах дээр кг нь 5000 төгрөг байна шүү дээ. Үйлдвэр ажиллуулж, өчнөөн хүн цалинжуулж, тэтгэвэр, тэтгэмжийг нь төлж махаа идэж байгаа хүмүүсийг яагаад үзэн ядах ёстой юм.

-Иргэд амлалтыг нь нэхээд, төр засаг өгөх гээд улайраад байгаа энэ үед үндэсний хөрөнгөтнүүд, бизнесмэнүүд үгээ хэлэх хэрэгтэй биш үү. Наадах чинь дампуурал гэж?
-Энэ бол эрх барьж байгаа хоёр намын хийсэн ажил. Сүүлийн 20 жилд 5-6 удаагийн сонгууль явуулахдаа өчнөөн их юм амласан, нэгийг нь ч биелүүлээгүй. Тийм учраас одоо сонгууль болоод уулзалт ярилцлага, ухуулга сурталчилгаа хийх гэхээр ирдэг хүн байхгүй. Юм тараана гэвэл гүйгээд ирдэг. Эх сурвалж нь энэ хоёр нам улс төрийнхөө ажлыг муу дүнтэй хийж ирснийх. Одоо тэгээд сүүлд нь хөгжлийн ганцхан гарц тавьж байна шүү дээ. Байгалийнхаа хамаг баялгийг гадаадынханд хямдхан шиг өгчих, өгсөн мөнгийг нь хувааж идэх. Тийм л юм яриад сууж байна. Энэ бол завхрал. Тийм учраас иргэд өөрсдөө үүн дээр ухамсартай хандаж, энэ хоёр намын амласан сая, 1,5 сая төгрөгөөс нийтээрээ татгалзах хэрэгтэй. тэгэхгүй бол биднийг бүгдийг маань сүйрэлд аваачна. Сүйрэлд аваачихаас гадна тусгаар тогтнолоо алдана.

-Үүн дээр бизнесмэнүүд ч гэсэн дуугарах хэрэгтэй биш үү?
-Харин тэгээд би дуугарч л байна шүү дээ. Одоо бас дээр нь хашгирах уу. Бусад нь яагаад дуугарахгүй байгаа юм. Ер нь цаашдаа бүх хүн хөдөлмөрлөж амьдрах ёстой, өөр ямар ч арга байхгүй. Одоо жишээ нь зуд болж байна л гэнэ. Жил болгон өвөл болдог, цас ордог. Өвөлд яагаад бэлтгэж болдоггүй юм.Тарвага, зурам, хулгана хүртэл өвөлд бэлтгээд хөеөгөө цуглуулдаг байхад хүн яагаад бэлтгэхээ больчихов. Нийслэлд байгаа энэ 160 мянган оюутан яагаад хавар намрын ажилд явдаггүй, өвс, хадланд авдаггүй юм. Өөрсдийнх нь л аав ээжид өгөх гэж байгаа биз дээ. Энэ оюутнуудыг ажилтай болгох, хадланд явуулах хэрэгтэй. Тэгвэл мал идэх өвстэй байна. Түүнээс биш зуд боллоо гээд малчдад оймс, гутал, лаа, шүдэнз, үзэг энэ тэр бэлэглээд нэмэргүй. Мал нь өвсгүй байхад хүнд нь бэлэг өгөөд яах юм. Өлсөөд үхэх гэж байгаа малд нэмнээгээр яах юм. Даараад биш, өлсөөд үхэж байна шүү дээ.

-Энэ өвөлжингөө Улаанбаатарт тусламжийн аян өрнүүлсэн. “Буян” компани оролцсон уу?
-Үгүй, бид нар бол өгөхгүй. Манайд өвс байхгүй. Бид ноолуураа үнийг нь төлөөд авснаас зүгээр аваагүй. Харин улстөрчийн хувьд хэлэхэд оюутнуудыг хавар намрын ажил, улс орны бүтээн байгуулалтад оролцуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр энэ цөөхөн хүн ам яаж амьдрах юм. Талаар нэг тарчихсан малд ганц малчин хадлан авна гэвэл бүтэхгүй. Тийм учраас оюутнууд намар хадланд явах хэрэгтэй. Хадланд яваагүй хүүхдүүдийг хичээлд нь оруулдаггүй байх хэрэгтэй. Тэр хэдэн малын ашиг шимээр, аав ээжийнхээ ачаар сурч байгаа биз дээ. Ялангуяа хөдөөний оюутнуудыг хамгийн түрүүнд хавар, намрын ажилд явуулах хэрэгтэй. Тэгвэл өвөл нь дахиад зуд ярихгүй. Дарга нар нь нэг их сүрхий царайлж, том дээл өмсч, аралтай бүс бүсэлчихсэн “Тарган тавтай өвөлжиж байна уу, мал сүрэг мэнд үү” гэсэн шиг худлаа яриад сууж байхын оронд. Хамаг мал нь үхчихээд байхад, тавлаж байгаа юм шиг.

-Та өөрөө тэгж явсан уу?
-Би явахгүй гэж бодож байгаа. Би очоод юугаа өгөх юм, өмсч яваа пальтогоо тайлж өгөх үү. Тэнд ямар миний ганц ишиг байгаа юу. Би мөнгийг нь төлөөд ноолуурыг нь авч байгаа. Харин оюутнууд бүгдийг үнэгүй авч ашиглаж байгаа. Тиймээс тэд л очих хэрэгтэй. Хуучин тийм байсан шүү дээ. Социализмд чинь бас авууштай сайхан юмнууд бий. Өнөөдөр бидний хүүхдүүд Англи, Америк, Европод сурч байна. Өглөө нь хичээлдээ яваад орой нь ажил хийж л амьдарч байгаа биз дээ. Гэтэл манай оюутнууд юу хийж байна., аав ээжийгээ рекэтлэж, тонон дээрэмдчихээд  телевиз үзээд, баар хэсээд, гоёж гангалаад л явж байгаа шүү дээ.

-Саяхан улс төрийн намуудын, сонгуулийн санхүүжилтийн зөвлөгөөн болоход та очсон харагдсан. Сонгуулийн тогтолцооны асуудал ярьсан уу?

-Намуудын санхүүжилтийг ил болгоё л гэж ярьж байна лээ. Хэрэгжихгүй шүү дээ, бүтэхгүй. Ер нь манайд ямар ч хууль гараад хэрэгжихгүй. Яагаад гэвэл хуулийг хэрэгжүүлдэг, хуулийн дагуу амьдардаг хүмүүжил нь манайд байхгүй. Дэлхийн хоёрдугаар дайны үед Оросын цэрэг Берлинд орж ирсэн. Орос цэрэг герман цэргийг буудах гээд хөөж байхад нөгөөх нь зүлэг тойроод гуйж байсан гэж байгаа юм. Яагаад гэвэл тэр хүний төрөлхөөсөө авсан хүмүүжил нь “чи энэ зүлгэн дээр гишгэж болохгүй” гэдэг байхгүй юу. Өөрийг нь алах гээд байхад хүртэл шүү дээ. Хөгжилтэй оронд хууль гэдэг зүйл хүмүүсийнх нь амьдралын салшгүй хэсэг байдаг. Гэтэл манайд хэрэгжүүлэхгүй мөртлөө баахан л хууль үйлдвэрлээд байдаг. Уншдаг ч үгүй. Манай иргэд эрхээ хагас дутуу мэднэ, үүргээ бол огт мэдэхгүй.

-Сонгуулийн хуулийн өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байгаа вэ, эрх биш БНН ирэх 2012 онд сонгуульд орно биз дээ?
-Сонгуулийн хуулийг өөрчлөхөөсөө өмнө сонгуульд нэр дэвшигчийн эрх, үүргийг өндөр болго оо л гэж  хэлсэн. Сонгуулийн ерөнхий хороонд эрх гэж юм огт байх ёсгүй, зөвхөн сонгуулийг зохион байгуулах л үүрэгтэй. Харин сонгуульд нэр дэвшиж байгаа хүн бол эрхтэй байх ёстой. Саналын хуудсыг хамт тоололцдог, ямар нэг булхай гарах юм бол нэр дэвшигч өргөдөл бичингүүт дахиад тоолдог байх ёстой. Гэтэл одоо ямар байна. Хэсгийн хороонд ажиллаж байгаа хүний нэг нь МАХН-ынх, нөгөө нь Ардчилсан намынх. Нөгөө хоёр хүн чинь Доржид өгсөн саналыг улаан цайм “Дулмаад” гээд л тоолоод тавьдаг. Ийм байхад сонгуульд мөнгө зараад ч яах юм, сурталчилгаа хийгээд ч яах юм. Хэрэггүй шүү дээ. Түрүү түрүүчийн сонгуулиудын гол булхай энэ л байсан.

-Сонгуулийн тогтолцоон дээр та ямар бодолтой байна?
-Яах вэ, пропорциональ системийг ярьж л байна. Уг нь пропорциональ систем нь зөв. Гэхдээ энэ нь манайд бол ардчиллыг нухчин дарах зэвсэг болж магадгүй. Төр барьж байгаа нам нь булхай наймаагаа хийчихээд “манай нам олонхийн санал авлаа” гээд л зарлачихна. Тэгээд гүйцээ. Жижиг намуудаа парламентад оруулахгүйн тулд хамгийн өндөр босго тавина шүү дээ.

-Таван хувийн санал авсан нам парламентад суудалтай болдог байхад хангалттай юу?
-Яаж хангалттай байх юм, энэ жижиг оронд чинь. Гурван хувиас дээш санал авсан намыг оруулдаг байх ёстой. Орос тэгж алдсан байхгүй юу. Пропорционал системээр сонгуулиа явуулаад, жижиг намууддаа 10 хувийн босго тавиад бүгдийг нь арчсан. Одоо Орост ардчилал байхгүй. Манайх ч гэсэн яг үүн рүү явж байна. Бид Ардчилсан нийгмийн бүх сайн сайхан зүйлийг авч, бүтээлчээр амьдралд хэрэгжүүлж чадаж байна уу. Үгүй. Асуудал үүндээ байгаа юм. Одоо сэтгүүлчид жишээ нь хамгийн түрүүнд явж байна шүү дээ. Чөлөөт хэвлэл гэдгийг хэн нэгнээс мөнгө аваад захиалгатайгаар бусдыг гүжирдэж гүтгэдэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг хэрэгслээ болгочихсон. Нөгөө хэсэг нь болохоор үнэнийг бичлээ гэхэд хэвлэл мэдээллийн байгууллагыг нь элдвээр дарамталж доромжилдог. Ардчилсан нийгэмд тийм байдаггүй. Бусдыг гүжирдэж гүтгэх нь ч хуулиар хариуцлага хүлээдэг. Үнэн зүйлийг бичсэнийх нь төлөө элдэв дарамт, доромжлол үзүүлэх юм бол бас хариуцлага хүлээлгэдэг. Ингэж байж нийгэмд чөлөөт ардчилсан хэвлэл мэдээлэл бий болдог. Манайд бол ардчилсан нийгмийн аль муу муухай нь л түрүүлж орж ирээд байна. Үндэснийхээ хөрөнгөтнүүд, ажил олгогчдыг үргэлж элдвээр муу хэлдэг. Тэгж болохгүй. Улсын нийт төсвийн 70 хувь нь тэдний нуруун дээр явж байхад шүү дээ. Эсвэл буцаад хувийн өмчийг нийгэмчилж, социализм, коммунизм руугаа ороод, дарга нар бүгдийг шийддэг болох хэрэгтэй.

-Одоо харин тийшээ чинь л яваад байгаа юм биш үү?

-Явбал явахаас биш дээ. Тэгээд хэр зэрэг сайхан амьдрахыг нь харж л байя. Өнгөрсөн зуунд бид тэр нийгэмд чинь байгаад, сайхан амьдарч чадаагүй л биз дээ. Тэгвэл мань мэт нь нүүнэ дээ. Америк руу юм уу, эсвэл Англи руу. Тэгэхгүй бол хамгийн түрүүнд муу Жагааг буудна биз дээ. Долдугаар сарын 1-нд “Хүний эрх зөрчлөө” гэж хэлсний маань төлөө шоронд хорьчихож байгаа юм чинь.

-80 сая ам.долларын үйлдвэртэй, энэ хэрийн өмчтэй хүн Америкт очоод аль түвшинд амьдрах бол?
-Дундаж түвшинд л амьдарна даа. 2-3 үйлдвэртэй, 3-4 машинтай, нэг аятайхан эдлэн газар, хоёр аятайхан орон сууцтай. Хэн ч намайг ад үзэхгүй. Тэнд хүмүүс хөрөнгөтнүүдээ хүндэлдэг юм. Би лав Билл Гейтс, Фордыг муу хэлж байхыг нь үзээгүй.

-Үнэхээр төрийн эрх мэдэл, оролцоогүйгээр хөрөнгө хураасан бизнесмэнүүд манайд хэр олон байдаг бол. Та тоог нь гаргаж үзсэн үү?
-Зөндөө олон бизнесмэнүүд байна. Жишээ нь энэ С.Батболд байна. Дампуурчихсан байсан Чингисийг нь аваад өөд нь татаад босгочихсон л байна, хэн ч аваад явчихаагүй л байгаа биз дээ. Дараа нь Тавантолгойн ордыг нь ВНВ billiton  худалдаад авчихсан байхад нь тэрнээс буцаагаад авчихсан л байна. Хэрвээ энэ орд ВНВ billiton-д байсан бол бидэнд өгнө гэж бодож байна уу, үгүй шүү дээ. Лицензийг нь гаднынхан авчихсан Оюутолгой дээр хэлэлцээр хийхэд ямар хэцүү байна. Ураны ордуудыг бас л гаднынхан авчихсан, ямар хэцүү байна. Монгол хүн авчихсан байсан учраас л хөөрхий муу С.Батболдыг дээрэлхэж, загнаж, элдвээр доромжилж байгаад л төр хураагаад авчихаа биз дээ. Оронд нь Ухаахудаг гэж нэг жижиг орд л өгсөн байх. Ийм бизнесмэнүүд зөндөө олон бий. Муу нь бол 10-20 хувь л байх. Насаараа даргын ажил хийчихсэн, албан тушаалаа амьдрах хэрэгсэл болгочихсон.


Ер нь одоо Тавантолгойг ордыг гадаадынханд ганц тэрбум доллараар өгөөд яах юм, тэнд чинь 600 тэрбум долларын нүүрс байна. Үндэснийхээ компаниудад итгээд өгөх хэрэгтэй шүү дээ. Хамгийн наад зах нь энэ төсвийнхээ орлогыг хар. Энэ улс орны хамгийн хүнд хэцүүг хэн үүрч байна, хувийн хэвшлийнхэн л үүрч байгаа. Оросууд жишээ нь бидэнд нефть, байгалийн хийнийхээ ордуудыг өгөх үү, үгүй шүү дээ. Хятадууд “Petrochina”,”Airchaina”, “Chinatelecom”-ийнхаа хувийг өгөх үү. Үгүй шүү дээ. Гэтэл одоо манай бүх орд Хятадуудын гарт орчихсон байна. Цайрт минерал, Тамсагийн нефтийн орд байна. Америкийн “Соко”-д нефтийнхээ хайгуулыг итгээд өгсөн чинь хятадуудад зарчихсан. Жоншны компанийг хятадууд авсан, ураныг канадууд авсан. Зэсийн хамгийн том ордыг бас л канадын нөхөр авчихлаа. Үүрэн телефоны сүлжээгээ хүртэл солонгосуудад өгчихсөн. Гэтэл манай үүрэн телефоны компани байна уу байна. Ажиллуулж чадаж байна уу, чадаж байна. Тийм учраас үргэлж ингэж гадаадынхныг шүтдэгээ болих хэрэгтэй.                   

Б.СЭМҮҮН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.